Б.Ганхуяг: Хилчин цэргүүдийн сэтгэл санааг дэмжих нь бидний үүрэг

2020-11-27
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Н.ДАЯН

 

Халуун хүйтнийг үл хайхран эх орныхоо торгон хилийн манаанд зогсдог хилчин цэргүүддээ урам өгч, жаргал зовлонг нь хуваалцан урлаг, соёлын арга хэмжээ явуулдаг Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын 80 жилийн ой саяхан болж өнгөрсөн. Жилийн дөрвөн улирал хамааралгүй хэдэн мянган км зам туулан явж улсын хилийн бүх застав, хязгаар нутагт суугаа хилчиддээ өөрсдийн уран бүтээлийг хүргэж, тэдэнд сэтгэлийн дэм өгдөг Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Б.Ганхуягтай ярилцлаа.

 

-Хоёулаа яриагаа Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга хэрхэн байгуулагдсанаас эхэлье?

-Монгол Улсын хилийн гадаад цагийн байдал хүнд, тогворгүйн улмаас Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгыг 1940 онд байгуулсан. Тухайн үеийн төр, засгийн удирдлагууд цэргүүдийн сэтгэл зүй, оюун санааг дэмжих урлаг, соёлын үйл ажиллагаа хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс Дотоод явдлын сайд, Улсын маршал, өрлөг жанжин Х.Чойбалсан шийдвэр гаргаж 1940 оны наймдугаар сард энэ чуулгыг байгуулсан түүхтэй. Илүү дэлгэрэнгүй яривал Богд уулын хормой дахь Түргэний гол дээр тал бүрээс цэрэг татлагат ирсэн залуусаас авьяаслаг 18 цэргийг шалгаруулж авсан. Ингээд хоёр офицертой хамт 20 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн бүлгийг бий болгож байсан.

Энэ талаар түүхийн эх сурвалж дээр МАХН-ын Төв хорооноос дотоодын болон хязгаарын цэргийн бие бүрэлдэхүүнд соёл, урлагаар үйлчлэх явдалд онцгойлон анхаарч уран сайхны үйл ажиллагаа явуулж, ухуулах болон олон нийтийн ажлыг явуулахын тулд хязгаарын газрын улс төрийн хэлтэст ансамбль байгуулахыг зөвшөөрсөн гэж тэмдэглэсэн байдаг. Түүхэн хугацаанд манай чуулга гурван удаа татан буугдсан. Улс орны цагийн байдал тайван байсан учраас 1953 онд анх удаа татан буулгаж Ардын армийн ансамбльтай нийлүүлсэн. Үүний дараа 1971 онд хилийн цэргийн байдал хүндэрч зайлшгүй шаардлагаар Нийгмийг аюулаас хамгаалахын сайдын шийдвэрээр 13 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн бүлгийг дахин байгуулсан.

1994 онд дахин татан буугдсан ч хилийн цэргийн “Хилчин” хамтлаг 2000 он хүртэл уран бүтээлээ туурвиж байсан. Энэ бол ардчиллын үе буюу улс орон тайван байсан цаг юм. Ингээд хамгийн сүүлд 2001 онд Засгийн газрын 126 дугаар тогтоолоор дахин байгуулагдаж өнөөдрийг хүртэл 140 гаруй мэргэжлийн, залуу уран бүтээлчидтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

-80 жилийн түүхтэй чуулга одоо ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Зарим хүн манай чуулгыг хэрэггүй гэж үзээд байдаг. Тийм биш. Телевиз, радио байтугай шувуу ч очдоггүй газар хилээ манаж байгаа цэргүүдийн сэтгэлийг засч, бүжиг наадам хийн, ухуулах нь бидний үүрэг. Тухайн цэргийн сэтгэл зүйг бэлтгэх нь хамгийн чухал. Ансамбль бол зөвхөн дуу дуулж, хөгжим тоглох биш төр, засаг, Хил хамгаалах ерөнхий газрын бодлогыг дамжуулах үүрэг давхар хүлээдэг.

Түүнчлэн хилчидтэй уулзаж ярилцан орчин нөхцөлтэй нь танилцаж, санаа бодлыг нь сонсож ярилцдаг. Улсын хилийг хамгаална гэдэг сургуулилт хийдэг газар биш. Яг өнөөдөр халуун зэвсэг бариад хил хамгаалж байгаа цэрэг дайсан орж ирвэл эх орноо хамгаална гэсэн бодолтой, үргэлж бэлэн байдалд, анхааралтай байдаг. Тиймээс хил дээр байгаа цэргийн сэтгэл зүйг өргөж, бэлтгэх нь чухал. Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга зайлшгүй шалтгаанаар бий болсноос биш бизнес хийнэ гэсэн зорилготой байгууллага биш. Зөвхөн хилчид гэлтгүйгээр хязгаар нутагт суугаа малчдад үнэгүй үйлчилдэг ганцхан байгууллага бол манай чуулга юм.

-Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчидтэй холбоотой сонирхолтой түүх юу байна вэ?

-1948 онд баруун хилийн буюу Мэргэн уулын тулгаралт гэж айхтар том байлдаан болсон. Энэ үед Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид тоглолтоор явж байгаад дайснуудтай тулгаран буу барин алдарт хилчидтэйгээ мөр зэрэгцэн, эх нутгаа дайснаас хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж явсан түүх бий. Тэр тулаанд орж байсан манай ахмад уран бүтээлч, 97 настай Гэлэгжамц гэдэг буурай одоо байдаг.

-Танай чуулгаас алдартай уран бүтээлчид олон төрсөн биз?

-Манай Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгаас олон алдартан төрж гарсан. 1940-өөд онд ажиллаж байсан уран бүтээлчдээс Ардын зураач А.Сэнгэцохио анх байгуулагдахад сонгогдсон 18 цэргийн дотор байсан. Мөн манай чуулгын гурав дахь даргаар Ардын жүжигчин С.Гэндэн гуай ажиллаж байсан түүхтэй. Үүний дээр Ардын уран зохиолч Д.Сэнгээ, Бөмбөгөр ногоон театрын алдарт дуучин гавьяат жүжигчин Д.Пүрэвсүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цоодол гуай байсан. Энэ хүмүүс ердийн хөсөг буюу тэмээ, морь, үхэр тэргээр 1000 гаруй км хил даган явж урлаг, соёлын арга хэмжээгээ үзүүлдэг байсан.

Хоёр дахь үе буюу 1971-1994 онд төрсөн алдартай уран бүтээлчид гэвэл гавьяат жүжигчин Д.Өлзийсайхан, Ц.Лхаадорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ш.Эрдэнэбат, хөгжмийн удирдаач Т.Эрдэнэ-Очир тэргүүтэй уран бүтээлчид бий. Сүүлийн үеийн уран бүтээлчдээс гавьяат жүжигчин, дуучин Ш.Цэрэндолгор, Э.Бүрнээбаяр нар байна.

-80 жилийн ойдоо зориулан ямар үйл ажиллагаа зохион байгуулсан бэ?

-Чуулгынхаа 80 жилийн ойд зориулан үе үеийн уран бүтээлийн дээжсээрээ ирсэн зочиддоо бэлэг барьсан. Мөн манай чуулга ойгоо тохиолдуулан баримтат кино гаргасан байгаа. Тоглолтын үеэр баримтат киногоо үзүүлэхэд үзэгчдийн сонирхлыг их татсан. Түүнчлэн олон удаа татан буугдсан ч бололцооныхоо хэрээр ахмад уран бүтээлчдийнхээ хэрэглэж байсан хөгжмийн зэмсэг, дурсгалын зүйлээр үзэсгэлэн гаргасан.

-Танай чуулгын цаашдын зорилго юу вэ?

-Цаашид манай хамт олон өндөр мэдлэг, чадвартай хүний нөөцөөр хангагдан, мэргэжлийн өндөр түвшинд уран бүтээлээ туурвиж, эрдмийн чуулга болох зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.27 БААСАН № 227 (6452)

 

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

2 цаг 22 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

2 цаг 32 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

2 цаг 37 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

2 цаг 44 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

10 цаг 53 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

10 цаг 53 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

10 цаг 53 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

23 цаг 53 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин