Д.Баярхүү: Цагаач гаралтай  эмэгтэй дэд ерөнхийлөгч болсон нь АНУ бол боломж гэдгийг баталлаа

2020-11-24
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 3-д болж, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялсан. Үүнтэй холбогдуулан олон улсын харилцааны судлаач–профессор  Дашдоржийн Баярхүүтэй ярилцлаа.

 

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж, Жо Байден олонхийн санал авсан ч Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, шүүхээр маргаан үүсгээд явж байна.  Трампын зарга эцсийн үр дүнд нөлөөлөх болов уу?

-АНУ-ын түүхэнд энэ удаагийн сонгууль онцлогтой болж өнгөрлөө. Ерөнхийлөгч Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, зарим муж улсын тойргийн олон сая хүний саналыг гараар дахин тоолуулж байна. Дор хаяж гурван муж улсын сонгуулийн саналыг дахин тоолуулбал өөрт нь ялалт ирнэ гэсэн итгэлтэй байх шиг. Ингэж олон мужид дахин тоолуулж байгаа нь урьд өмнө тохиож байгаагүйгээрээ онцлог юм. Жоржиа мужийн саналыг гараар дахин тоолсон ч Жо Байден Трампаас илүү олон санал авсныг баасан гаригт мэдээллээ. Энэ байдлаараа Байден ялах магадлалтай. Харин Жо Байдены ялалтыг Трамп хэзээ хүлээн зөвшөөрөх нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа үндсэн асуудал болох нь байна. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх хэд хэдэн шалтгаан Трампад бий. Юуны өмнө Трамп ялалтдаа дэндүү итгэлтэй байсан нь сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй байдалд хүргэчихлээ. Учир нь  ялагдвал яах вэ гэсэн сэтгэл зүйн бэлтгэлгүйгээр сонгуульд оролцсон. Түүний багийнхан  ч ялагдвал яах вэ гэсэн хувилбарын талаар хэлэлцээгүй байтал сонгуулийн дүн Байденд ашигтай гарсан нь тэднийг гарцгүй байдалд орчуулчихлаа. Тиймээс Трампын багийнхан хоорондоо зөрчилдөж эхэлж, зарим нь Байдены засаг захиргаанд ажиллахад бэлэн ч гэж байх шиг. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд итгэл сэтгэлээ зориулж байсан сенатын гишүүд, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн танхимын гишүүд хүртэл Трампыг ялагдлаа хүлээн зөвшөөрчих гэж шахах тийм байдал руу орж болно. Сонгуулийн дүн Дээд шүүх дээр хараахан очоогүй байна. Дээд шүүх хэрхэн шийдэхийг мэдэхгүй. Гэхдээ төлөөлөн сонгогчийн буюу электоратын санал 270-аас давчихсан тохиолдолд ялдаг. АНУ-ын хэвлэл мэдээллийн гол суваг Америкийн дуу хоолой буюу www.voanews.com сайтаас үзвэл Жо Байден 306, Трамп 232 гэсэн тоо бичээтэй байна. Тэгэхлээр Байден гарцаагүй ялах байх. Харин нэгдүгээр сарын 20-нд  Байден тангараг өргөөд Ерөнхийлөгчийнхөө ажилд орох боломжийг Трамп бүрдүүлж өгөх нь үү, үгүй юү гэдэг нь хамгийн төвөгтэй асуудал юм.

-Өмнө нь 2000 онд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ийм маргаан үүсч байсан санагдана?

-АНУ-ын 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тухайн үед эрх барьж байсан Ардчилсан намаас Дэд ерөнхийлөгч Альберт Гор, өмнө нь Ерөнхийлөгч байсан Жорж Бушийн хүү хоёрдугаар Буш нар өрсөлдсөн. Гэвч маргаан дэгдэж Дээд шүүхээр хэлэлцэж Буш саналын багахан зөрүүгээр Ерөнхийлөгч болж байсан даа. Тэгэхдээ Флоридад дахин тооллого явуулж, тэр нь арванхоёрдугаар сарын 12 хүртэл үргэлжилсэн. Тэр тооллогыг Дээд шүүх 5:4 саналаар зогсоосон тогтоол баталсан. Тэгснээ Буш 271, Гор 266 саналтай болж, маргааш нь тэр дүнг Гор хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийж, он гараад 2001 оны нэгдүгээр сарын 6-нд Конгрессын нэгдсэн чуулганаар сонгуулийн дүнг баталж байж дараа нь Жорж Уокер Буш тангараг өргөж байсныг уншигчид эргэж санах болов уу. 2000 оны маргаантай сонгуулиас хойш 20 жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой маргаан сая дэгдлээ.

-Сенатын танхимд Бүгд найрамдах намынхан харьцангуй олонхи байна. Энэ нь Байденыг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд саад болох уу?

-АНУ Сенатын танхимын гишүүдийнхээ гуравны нэгийг шинэчилдэг зарчмаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 35 сенатчийг шинээр сонгосон. Сонгуулийн дүн гарахад  гишүүдийн харьцаа 48:48 болж тэнцсэн байсан. Харин ойрын үед Сенатад Бүгд найрамдахчууд 2-3 суудлаар илүү буюу харьцангуй олонхи болж мэднэ. Ганц нэг дээр дахин сонгууль явуулах тов ч зарласан байна лээ. Гэхдээ үнэмлэхүй, хэт олонхи болж чадахгүй. Байденд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд саад болно гэх байхгүй. Сенат гэдэг чинь Конгрессын нэг танхим, нөгөө нь буюу Төлөөлөгчдийн танхимд нь өнгөрсөн сонгуулиар Ардчилсан нам нь 233, Бүгд найрамдах нам нь 197 суудалтай, нэг бие даагч, бас сул дөрвөн суудал үлдсэн гэх мэдээ байна. Тэгэхлээр Байден улс төрд барьц алдана гэж бодолтгүй.

-Шинэ Ерөнхийлөгч тахлын эсрэг ямар арга хэмжээ авах бол гэж дэлхий нийт чих тавьж байна. Жо Байден ч энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж, халдвартай тэмцэх ажлын хэсэг байгуулснаа хүртэл зарлалаа?

-“COVID-19-тэй тэмцэх Ерөнхий командлагч  бидэнд хэрэгтэй” байна гэж  Жо Байден ярьсан даа. Энэ Ерөнхий командлагч нь Байден өөрөө юм.  Тиймдээ ч COVID-19-ийг нэгдүгээр зэргийн дайснаа гэж үзээд, үүнтэй тэмцэх  улс төрчид, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан. Ерөнхийлөгчийнхөө үүрэгт ажлыг аваад маргааш нь цар тахалтай тэмцэх том довтолгоог эхлүүлнэ гэж ярьж байна билээ. Энэ алхам нь дан ганц АНУ биш дэлхий дахинд эерэг уур амьсгалыг авчирна. Учир нь  коронавирустэй тэмцэх бол дэлхий дахины нэгдүгээр асуудал юм.

-АНУ-ын туршиж буй COVID-19-ийн эсрэг хоёр ч вакцин 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлснийг зарласан.  Тиймээс дэлхий нийт АНУ-ыг  хамгийн эхэнд вакциныг гаргачих болов уу хэмээн хүлээж байна?

-COVID-19-ээр нас барсан хүний тоо  АНУ-д нэг саяын дөрөвний нэг буюу 250 мянгыг давсан байна.  Тиймээс тархалтыг намжааж, халдварыг яаралтай дарж авах хэрэгтэй. Мөн вакцины туршилтаа дуусгаж, аюулгүй нь батлагдвал  үйлдвэрлэж, амьдралд нэвтрүүлэх нь чухал байна. Хэрэв АНУ-ын бүтээж байгаа вакцины эцсийн үр дүн сайн гарч, олноор үйлдвэрлэж эхэлвэл энэ  аюулт өвчнөөс дэлхийг аварна. Вирусыг дарж авна гэдэг нь шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргааны хувьд дан ганц эрүүл мэндийн биш, нийгэм-улс төр, оюун санаа-сэтгэхүйн хүрээний том амжилт болно. Тиймээс цар тахалтай тэмцэх бол Байдены Ерөнхийлөгч болоод хамгийн эхэнд хийх чухал ажил нь юм. “Трампын бодлогын нийгэмд дарамт болж, АНУ-ыг хагардуулж байна. Тиймээс би АНУ-ыг нэгтгэж, нэг хүч болгоно”  гэж Байден ярьсан. Тэрээр Ерөнхийлөгч болоод дараагаар нь ДЭМБ дахь АНУ-ын гишүүнчлэлийг сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын  хэлэлцээрт эргэн нэгдэх зэрэг алхмуудыг хийж хэрэгжүүлэх болов уу.  Гэхдээ нэгдүгээр сарын 20-нд Байден тангарах өргөх хүртэлх хоёр  сарын хугацаанд Трамп халдварын эсрэг ямар ч лут арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг бид мэдэхгүй. Тэрээр халдвартай тэмцсээр л байгаа шүү дээ. Хэргээр дэвэргээд байгаа юм биш.

-Дэлхийн нөлөө бүхий олон орны удирдагч, Хятад улсын Дарга хүртэл Байденд баяр хүргэсэн. Харин ОХУ яагаад одоог хүртэл Байдены ялалтыг хүлээн зөвшөөрч, баяр хүргэхгүй байна вэ?

-ОХУ Байдены ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж байхгүй. Энэ бол АНУ-ын ард түмний сонголт. Сонгуулийн дүн бүр мөсөн эцэслэгдэх хэрэгтэй. Трамп хүлээн зөвшөөрөхгүй байна гэж Орост үзэж байна. Энэ нь асуудалд ул суурьтай хандаж байгаагийн илрэл болохоос улс төрийн ямар нэгэн сэдэл зорилго байхгүй. Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрсний дараа Путин баяр хүргэж таарна. Манай улсын Ерөнхийлөгч баяр хүргээгүй байгаа нь сонгуулийн дүн зарлахыг хүлээж байгаа хэрэг шүү дээ.

-АНУ-ын сонгуулийг хамгийн шударга, ардчилсан сонгууль болсон гэж нийтээрээ үздэг. Мөн Өмнөд Азиас гаралтай өнгөт арьстан эмэгтэй дэд ерөнхийлөгч болсноороо онцлогтой байлаа?

-АНУ-ын сонгууль үнэмлэхүй шударга, үнэмлэхүй ил тод гэж хэн ч хэлээгүй. Маргаан гараад дахин тооллого явуулж байна. Харин АНУ ардчилалтай, хүн ам нь ардчилалдаа үнэнч гэдгийг харуулахын тулд дахин тооллого явуулж байгаа хэрэг. Сонгуулийн эцсийн дүн ямар ч гарсан Америк нь даян дэлхийд ардчилал, хүний эрхийг хамгаалсан, ардчилалдаа үнэнч улс хэвээрээ л үлдэнэ. Аав нь ямайка, ээж нь энэтхэг хоёр цагаачийн дундаас төрсөн Камала Харрис Дэд ерөнхийлөгч болсон нь ямар их боломж АНУ-д байдгийг харууллаа.  Өнгөт арьстан, гадаад үндэстний төлөөлөл АНУ-ын ардчиллын шалгуураар сонгогдоод гараад ирсэн нь үндэс-угсаа, арьсны өнгө үл хамааран дэвшиж дээшлэх асар их боломж АНУ-д байдгийн тод илрэл нь шүү дээ. Цөөнхи үндэстэн, өнгөт арьстан, шашинтны цөөнхийн хүн амыг Камала Харрис өөртөө татсан, саналыг нь өгүүлсэн. Тиймдээ ч Байден Дэд ерөнхийлөгчөөрөө зөв хүнийг шилж сонгосон.  Энэ 2020 он АНУ-д хар ба өнгөт арьстнууд, нийгмийн дунд доод давхаргын төлөөллүүд жагсаал цуглаан хийж, цагдаатай мөргөлдөн, бас корона цар тахал АНУ-ыг нэрвэсэн донсолгоот жил боллоо. Иймд Америкийн нийгмийг нэгтгэнэ гэсэн уриатай Байден ялалт байгуулсан болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.24 МЯГМАР № 225 (6450)

 

Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

3 цаг 12 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

3 цаг 37 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

3 цаг 55 мин
Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

4 цаг 0 мин
Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

4 цаг 12 мин
Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

8 цаг 4 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

9 цаг 6 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

9 цаг 26 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

14 цаг 2 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

14 цаг 12 мин