Малын эрүүл мэндээр мөнгө угаахуй

2020-11-22
Нийтэлсэн: Админ
 21 мин унших

Цэвэр нутагтай, эрүүл сүрэгтэй байсан малчин – үйлдвэрлэгч   

Цэвэр нутаг, эрүүл мал сүрэг малчны олон жилийн цаггүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн, түүний үнэт бүтээл билээ. Амьтан үржүүлэгч – эзэмшигч, байгалийн нөөц ашиглагч, өөрийн болон бусдын хүнс, хувцас, орон сууц, багаж, тоног хэрэгсэл үйлдвэрлэгчийн хувьд малчин хуулийн этгээд бөгөөд эрх зүйд түүнийг амьтан эзэмшигч гэдэг.   

Амьтан эзэмшигч мал сүргээ эрүүл, амар амгалан байлгах үүрэгтэй, монгол малчин энэ үүргээ сайн биелүүлдэг. Манай улсын олонхи хот айл буюу таваас дөрөв нь зорилтот зах зээлийн шаардлага хангасан, байгалийн зэрлэг бэлчээрт хагас зэрлэг байдалд эрх чөлөөтэй өсч бойжсон, бүртгэлтэй, өвчлөөгүй, эм хэрэглээгүй, вакцин хэрэглээгүй, төрсөнөөрөө эрүүл байгаа амьтдын ногоон сүрэгтэй байлаа.   

Амьтан эзэмшигч нутгаа буюу хот, бэлчээр, ус, агаараа цэвэр байлгах үүрэгтэй, монгол малчин энэ үүргээ бас сайн биелүүлдэг. Олонхи хот айл буюу арваас ес нь зорилтот зах зээлийн шаардлага хангасан, байгалийн унаган төрхөө хадгалсан, бууцжаагүй, талхлагдаагүй, цөлжөөгүй, хордоогүй, бохирдоогүй зэрлэг ногоон бэлчээртэй байлаа.  Олонхи малчин хот айл цэвэр нутагт бойжуулсан эрүүл сүргийн зэрлэг буюу ногоон бүтээгдэхүүн хэрэглэж, зах зээлд нийлүүлж байлаа.  

Эдүгээ олон зуун жилийн түүх, туршлагатай монгол мал аж ахуйн уламжлалт гадаад зах зээл хаалттай байна. Дотоодын хэрэглэгч гадаадын хэрэглэгчийн нэгэн адил, хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн ердийн уламжлалт шаардлагаа тавибал дотоод зах зээл хаагдахад бэлэн байна. Ихэнх нутаг цэвэр, зэрлэг төрхөө  алдаж, бууцжиж, талхлагдаж, цөлжиж, хордож, бохирдож байна. Мал сүрэг эрүүл, хагас зэрлэг төрхөө алдаж, өвчилж, эм, вакцинд бузартаж байна. Мал аж ахуйд илүүдлийн хямрал болж, бэлчээр хомсдож, мал, бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ унаж байна.

   Энэ бол 2000 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлж буй төр засгийн малын эрүүл мэндээр мөнгө угаах бодлогын үр дагавар юм. 

Малын эрүүл мэндээр мөнгө угаагч сайд   

Төрийн малын эрүүл мэндийн алба олон зуун жилийн түүх, туршлагатай бөгөөд Засгийн газрын гишүүн - сайд үндэсний хэмжээнд,  аймаг, сум, багийн Засаг дарга дэвсгэр нутагтаа хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн нутгийнхаа гоо үзэсгэлэнт, ариун цэвэр, үржил шимт байдал, мал сүргийнхээ эрүүл мэнд, амар амгалан байдлыг хянах, шалгах, тохируулах, зохицуулах, үнэлэх,   батлагаажуулах, малчин – үйлдвэрлэгчийг дэмжих үүрэгтэй, үүний төлөө хариуцлага хүлээдэг.

Засгийн газрын хариуцсан сайд, аймаг, сумын Засаг дарга мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах талаар муу шийдвэр гаргаж байна. Муу шийдвэр гаргаж байгаа дээд түшмэл буюу сайд, даргыг суудлаа олохгүй байна гэдэг.

2001 онд шинэчлэн найруулсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль” – ийг тунгаан үзвэл “Малын чанар, эрүүл мэндээр мөнгө угаах хууль” гэж уншигдана. Эдүгээ энэ хуулийн оронд зүтгүүлж, хууль тогтоогчдыг царайчилж буй хоёр хуулийн төслийн гол зарчим нь малын өвчин барьцаалсан малын эмчид вакцин, вакцин тарьсаны хөлс өгөх юм бол малын ашиг шим барьцаалсан мал зүйчид ээмэг, ээмэг зүүсний хөлс өгөх ёстой, суманд малын эмчид цалин өгч байгаа бол багт мал зүйчид цалин өгөх явдал гэнэ, мал аж ахуйн салбарын хуулиар зохицуулах асуудал ердөө энэ л юм байна.

 2010 онд батлагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг сайтар судлаваас “Монгол малын чанар, эрүүл мэндийг барьцаалан мөнгө угаах замаар малын эмийн дамчин, мал зүйч, малын эмч хэмээх мэргэжил, ажлын байр барьцаалагчдыг тэжээх хөтөлбөр” гэж уншигдана.

Малын эрүүл мэнд, ашиг шимийг эрхэлсэн сайдын гол хамсаатан – вакцины, ивомекийн, креолины, “ариутгалын бодисын” дамчин төр засгийн малын эрүүл мэндийн бодлогыг тодорхойлж байна. Эмийн дамчны дөртэй, ээмэгтэй сайд дотоод, гадаадын мөнгө угаагчийн шахааны эм, вакцины ахлах нярав, малын эрүүл мэндийн “мэргэжлийн” агентлагийн дарга угаах мөнгөний гүйдэг нярав төдий ажилтай.

Түшмэл, эрдэмтэн хоёроос бодлого тодорхойлогчийн авч буй мэдээлэл нь монголын бүх малчин айлын мал сүрэг өвчтэй, хотонд нь байгаа бүх амьтан өвчтэй, тэднийг эрүүлжүүлэх хэрэгтэй, бүх малд бүх өвчин тусах нигууртай, тэднийг хамгаалах хэрэгтэй, мал сүргийг эрүүлжүүлэх, хамгаалах ганцхан арга байна, энэ нь бүх мал сүргийг хоморголон эмжүүлэх явдал, бүх малыг бүх вакцинаар жилдээ хэд хэдэн удаа тарих хэрэгтэй, бүх малд жилд гурваас доошгүй удаа ивомек тарих хэрэгтэй, бүх хот айлын хашаа хороо, хот бууц, ус, бэлчээрийг жил бүр “ариутгах” хэрэгтэй, мал сүргийг эмжүүлэх зардлыг татвар төлөгчөөс авах хэрэгтэй, шахааны вакцин, эм, “ариутгалын бодисын” үнийг, мал эмжүүлсэн хөлсийг малчнаас нэхвэл сайд – эмийн дамчны хамслын мөнгө угаалга баригдана, дампуурна.

 УИХ-ын гишүүд, сайдын хэлдэг үг нь “эрүүл мал сүргээ эрүүлжүүлнэ, өвчлөх эрсдэлд өртөөгүй, өртөхгүй малаа вакцинжуулна, мал сүргээ хоморголон эмжүүлнэ, малдаа вакцин тариулсан, ивомек тариулсан, “туулга уулгасан”, хотоо “ариутгасан” малчинд “сайн малчин” цол олгоно, банкны хүү багатай зээл өгнө, малын махыг нь Хятад, Орост зарж өгнө, малаа креолинаар угаавал арьс шир, ноос  ноолуурын урамшуулал өгнө” гэнэ, манай “эрдэмтэн”, “мэргэжлийн” агентлагийн түшмэлийн бодлого тодорхойлогч нартаа өгч буй төлбөртэй зөвлөгөө нэг иймэрхүү.

Муу шийдвэрийг хэрэгжүүлэх гэж мунгинаж буй түшмэлийг гүйдлээ олохгүй байна гэдэг. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр вакцин, эм шахаач луйварчины гар хөл төдий салбадай төрийн албанд шургалж түшмэлийн дүр эсгэнэ. Түшмэл сайдаа, даргаа хуурч байна, тэднийг буруу, худал, хагас дутуу мэдээллээр хангадаг. Малчны хэрэгцээ, хэрэглэгчийн шаардлагыг илэрхийлсэн, хот айлаас, дэлгүүрийн лангуунаас цуглуулсан мэдээлэл түшмэлд байхгүй, зөвхөн малын эрүүл мэндийг барьцаалсан вакцин, эмийн дамчны шуналыг илэрхийлсэн мэдээллээр шийдвэр гаргагчийг хангаж байна.

Төрийн албанд эмчийн хийх ажил байдаггүй, түшмэлийн ажил л байна. Түшмэл өөрийгөө эмч гэж боддог, ахлах түшмэл нь ”Монгол улсын малын ерөнхий эмч” гэж өөрийгөө өргөмжлөнө, “Монгол улсын ерөнхий сайд” гэдэгтэй ойр бодогддог юм болов уу даа. Хийдэг ажил нь шахааны эмийн тоо бүртгэгч, нярав, түгээгч төдий, аймаг, сумын мал эмнэлгийн алба нь шахааны эм, вакциныг далд оруулж, мөнгө угаагчийн ул мөрийг баллагчийн ажил хийж байна. Түшмэлийн үндсэн ажил болох хууль тогтоогч, шийдвэр гаргагчийг цагаа олсон сайн мэдээллээр хангах, шийдвэрийн эх зохиох, батласан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хянах, үнэлэх ажил огт хийгдэхгүй байна.

Сайд, аймгийн Засаг дарга хоёр амьтны бүх өвчинд хошуу дүрэх хэрэггүй. Монгол орны хувьд амьтны  хил зөрчдөг буюу гоц халдварт 6 (шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан, гахайн мялзан, шувууны томуу, ньюкаслын өвчин), амьтан – хүний нийтлэг халдварт 5 (бруцеллёз, сүрьеэ, ям, боом, галзуу), нийт 11 өвчний хяналтыг хэрэгжүүлэхэд юуны өмнө оролцох шаардлагатай. Эргүү, хамуу, сахуу, цахлай, шөвөг яр, сохор догол мэт бусад өвчнийг сум, багийн Засаг дарга, малчид өөрсдөө хянаж, зохицуулж чадна.

Малын гоц халдварт өвчин дэгдэх бүрийд яам, агентлагийн байраар мөнгө угаагч – эмийн дамчин таахалзаж, сайд, түшмэлийг гөлөлзүүлэн Засгийн газрын мөнгө угаах шийдвэрийг гаргуулж байна.

Мөнгө угаагчид ээмэглүүсэн сайд нэг хот айлын хэдэн үхэр шүлхийрсний төлөө хэдэн сумын, цаашлаад хэдэн аймгийн мал сүргийг хоморголон вакцинжуулж, амьтны гоц халдварт өвчний үүсгэгчийг оршуулах бус, нутагшуулах шийдвэр гаргадаг. Хоморголсон вакцинжуулалт нь дархлаажсан сүрэгт шүлхий, цэцэг, мялзан өвчний вирусыг нуух, хадгалах, үржүүлэх, нутагшуулах, тараах арга, энэ бол хорлон сүйтгэх гэмт хэрэг.

Бог малын мялзан гэдэг гадаад өвчний тахал анх удаа оношлогдож, мал нь өвчлөөгүй, өвчлөхгүй байх магадлалтай хэдэн мянган хот айлын хэдэн сая малыг вакцинжуулсаны үр дүнд олон аймгийн нутагт нуугдаж, тарж, үржиж, нутагшиж буй уг өвчний үүсгэгч вирусын халдлагад монгол малчны ивээлд хоргодож үлдсэн цөөхөн бөхөн өртөж, эмийн дамчдын мөнгө угаалгын золиос болж дууслаа.

Сайд саяхан Орос улстай хамтарч малаа эрүүлжүүлнэ, тус улсаас хониныхоо тоотой тэнцүү хэмжээний цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин хямдхан авч, бүх хонио тарьж, цэцэг өвчнийг хяналтандаа бүрэн орууллаа гэж мэдэгдэв. Сайдын энэхүү мэдэгдэл Оросын вакцин  шахаачтай хамтарч малын эрүүл мэндээр мөнгө угаах ажлаа өргөжүүлнэ, хонины цэцэг өвчнийг нутагшуулах ажлаа шуурхайлж, одоогоор хонь нь цэцэгтээгүй, нутаг нь бузартаагүй байгаа баг, сум, аймгуудад цэцгийн вирусыг тараана гэж сонсогдож байна. Вакцинжуулах нь олон сүргийн олон сая малын дотор буй өвчний үүсгэгч вирус, нянгийн ул мөрийг баллаж, хянах боломжгүй болгож байгаа гэмт үйлдэл, юун цэцгийн вирусыг хянах, түүнийг өөрөөсөө нууж буй арга. Вирус, нянг хянахын тулд мал сүргийг дархлаажуулахаас аль болох зайлсхийдэг. Зайлшгүй нөхцөлд аль болох бага хэмжээний нутагт цөөхөн хот айлын цөөхөн малыг вакцинжуулж, энэхүү дархлаажуулсан сүргийг тусгаарлаж, даруйхан хэрэглэж, алга болгодог.

Мэргэжлийн албаны буюу “ерөнхий эмчийн” ур чадварын шалгуур нь шүлхий, цэцэг, мялзан өвчний тахлыг эрт оношлож (1), нэг хот айлын хэмжээний бага голомтонд хөл хорьж (2), голомтын бүх малыг устгаж (3), малын хот, уст цэгийг халдваргүйтгэх (4) уламжлалт дөрвөн ажиллагааг тогтсон дэгийн дагуу шуурхай хэрэгжүүлж, вакцин хэрэглэхгүйгээр, эсвэл маш бага хэрэглэж, хамгийн бага зардлаар, хил зөрчдөг халдварт өвчний тахлыг дарах явдал, хөгжсөн орнуудын амьтны эрүүл мэндийн албад вакцин хэрэглээгүйгээрээ өрсөлдөж байна, вакцин хэрэглэдэггүй орны зах зээл илүү чөлөөтэй байна, монгол оронд ийм боломж бүр илүү байна. Жилээс жилд тахал оношлох хугацаа оройтож, голомт томорч, олон мал устгаж, том талбайг халдваргүйтгэж байна, энэ нь хэдэн зууны турш малчны хэрэгжүүлж дадсан уламжлалт дөрвөн ажиллагаандаа бага анхаарч, вакцинжуулалтыг тахин шүтэх болсоны үр дагавар болой.  

Бруцеллёз, боом зэрэг нийтлэг халдварт өвчний тухайд бүх малыг хоморголон вакцинжуулах шийдвэр сүүлийн 7 жил хэрэгжиж байна. Тухайн сүрэг өвчтэй, эрүүл эсэхийг шалгалгүй (1), өвчтөн, өвчний үүсгэгч тээгч, үүсгэгчийн ул мөр хадгалагчийг илрүүлж, ялгалгүй (2), эрсдэлийн үнэлгээ хийлгүй (3) үндэсний хэмжээнд үхэр, сарлаг, хонь, ямааг хоморголон бруцеллёзын вакцинаар тарьчихлаа. Нэг хот айлын сүрэгт байгаа ганц хоёрхон өвчилсөн, үүсгэгч тээгч, ул мөр хадгалагч малаар айлган сүрдүүлж эрүүл сүрэгтэй байсан есөн хот айлын мал сүргийг вакцинжуулж, эрүүл мэнд, нэр төрийг нь хорлон сүйтгэлээ. Энэ нь үндэсний хэмжээнд бруцеллёзын нянг дархлаатай сүрэгт нууж, хадгалж, үржүүлж, тарааж, нутагшуулж буй гэмт хэрэг юм.

Баг, сумын Засаг дарга мал сүргийн эрүүл мэндийг хянах ажлаа хийхгүй байна, жил бүр нэг суманд очих ёстой 70 – 80 сая төгрөгийг сайдын хамсаатан – эмийн дамчин замаас нь идчихээд байна. Баг, сумын Засаг даргад боломж олговол, үндэсний хэмжээнд мал сүргийн эрүүл мэндийг хянаж чадна. Бас үйлчилгээний малын эмч Засаг даргын өмнүүр орж, ажлаа хийхэд нь саад болж байна. Баг, суманд хэрэгжүүлэх малын эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагаа маш тодорхой, цомхон. Шүлхий, цэцэг, мялзан зэрэг хил зөрчдөг халдварт өвчнөөс нутгаа хамгаалах хэрэгтэй, үүний тулд малын шилжилт, хөдөлгөөнийг хянана, хорио цээрийн дэглэм сахиулна. Гол ажил нь бруцеллёз, галзуугийн хяналт л байна. Бруцеллёзын хувьд, багийн 40 – 50, сумын 200 – 250 хот айлаас хэнийх нь эрүүл сүрэгтэйг ялган тодорхойлно, бүх хот айлын 90 гаруй хувь нь эрүүл сүрэгтэй. Эрүүл сүргийг хавьтлаас хамгаална, эрсдэл ихтэй бол дархлаажуулна. Мал нь өвчтэй хот айлын сүргийг цэвэршүүлнэ, үүнийг эрүүлжүүлэх гэнэ, бүх хот айлын 10 шахам хувь буюу нэг багт 4 – 5, нэг суманд 20 – 25 хот айлын бүх малыг шалгана, өвчилсөн, өвчний үүсгэгч агуулсан, үүсгэгчийн ул мөртэй амьтдыг эрүүл сүргээс тусгаарлаж, устгана. Ийм төслийг малчны оролцоотой боловсруулж хэрэгжүүлэхийг хэвшил болгох боломж байна. Галзуу өвчний хувьд сумын хөдөө аж ахуй, байгаль орчин, эрүүл мэндийн албад хамтран зэрлэг амьтдын эрүүл мэндийг хянах төслийг иргэдийн оролцоотой боловсруулж хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Эдүгээ ийм төсөл хэрэгжүүлэх бүү хэл тухайн баг, суманд малын ямар өвчнөөс сэргийлэх хичнээн тун вакцин ирсэнийг, түүнийг малд хэрхэн хэрэглэснийг Засаг дарга нь мэдэхгүй байна.

Нутгийн жирийн халдварт өвчнүүд – боом, дотрын халдварт хордлого, цусан халдвар, иж балнад, сохор догол, шөвөг яр, дуут хавдар, сахуу өвчнөөр халхавчлан жил бүр сая сая малын тоо вакцинжуулж, малчны хуурамч гарын үсгийн жагсаалтаар мөнгө угааж байна. Зууд ганц хоёр өртөлттэй өвчний хувьд өвчилсөн нэг амьтны хажууд байгаа өвчлөөгүй, өвчлөхгүй ерэн есөн амьтан, мянгад, арван мянгад ганц хоёр өртөлттэй өвчний хувьд 999, бүр 9999 амьтан эмэнд бузартаж байна, үүнийг мэргэжлийн ажиллагаа гэхгүй, хорлон сүйтгэл гэдэг. Тэмээ, адуу гайгүй, хамгийн үйлтэй мал нь үхэр, жилдээ 6 – 7 удаа, насандаа 60 – 70 удаа, хонь, ямаа жилдээ 4 – 5 удаа, насандаа 30 – 40 удаа эмэнд бузартаж байна. Энэ их вакцин, ивомекийн бузар амьтны хөлс, амьсгалаар агаарт, баас, шээсээр агаар, хөрс, усанд тархаж байна.

“Ариутгалын бодис” гээчээр олон жил мөнгө угааж, малын хот бууц, хашаа хороо, уст цэгийг “ариутгаж”, цэвэр байсан хот, бэлчээр, усыг нь бузарлан хорлож байна.

Хот айл бүрийн мал сүрэгт арьсны болон дотрын шимэгчид бүгдээрээ бий. Сүргийн олонхи мал тухайн шимэгчгүй, цөөнх мал жирийн буюу шинж тэмдэггүй халдвартай байдаг. Цөөн шимэгчийн хувьд эмнэлзүйн болон хэт халдвар зуун амьтан тутамд ганц хоёр, ихэнх шимэгчийн хувьд мянгад ганц хоёр таардаг. Арьсны болон дотрын шимэгчийн асуудалд Засгийн газар, Засаг дарга оролцох шаардлага огт байхгүй, малчид өөрсдөө хариуцсаар ирсэн. Эм шахаач – “эрдэмтэн” – мөнгө угаагчийн шуналд хөтлөгдөж, мал сүргийг сумаар нь, аймгаар нь, үндэсний хэмжээнд ивомек, креолинд живүүлж, малаар дамжуулан бэлчээр, ус, агаар, хүнсийг бузарлав. Бид бүгдээрээ, малчид өөрсдөө ивомектэй мах идэж, ивомектэй сүү, креолинтэй ус ууж байна.

Төрийн амьтны эрүүл мэндийн бодлогын шалгуур нь мал аж ахуйн зах зээлийн чөлөөт байдал юм. Манай мал аж ахуйн бүтээгдэхүүний гадаад зах зээл хаалттай, дотоод зах зээл хаагдахад бэлэн байгаа нь малын эрүүл мэндээр мөнгө угаагч сайд мал сүргийн эрүүл мэндийг доройтуулж, мал сүрэг, хот, бэлчээр, ус, агаарыг эмжүүлэн бузарлаж буйн үр дагавар болой. Улс, аймаг, сумын түвшинд сайд, дарга, түшмэлийн малын эрүүл мэндээр мөнгө угаах, хорлон сүйтгэх үйл ажиллагааг нэн даруй зогсоох хэрэгтэй байна.

Мөнгө угаалгын үзүүр цохидог малын эмч   

 Нэг хулгайчийн хулуусан зүйлийг өөр нэг хулгайч замаас нь хусчихыг үзүүр цохих гэнэ, ийм үзүүр цохигчийг дээр үед “сайн эр” гэдэг байж, орчин үед “рекэтчин” гэдэг болжээ. Малын эрүүл мэндээр мөнгө угаагчийн үзүүр цохиж, ул мөрийг нь баллаж өгөх үүргийг практикийн буюу хувиараа үйлчилгээ эрхэлдэг малын эмч сайн биелүүлж байна. Социализмын үед “үхсэнд нь акт бичдэг, үсэнд нь тариа хийдэг малын эмч” гэдэг байлаа, одоо “малын эрүүл мэндээр мөнгө угаагчийн үзүүр цохигч, мөр баллагч малын эмч” гэх болжээ.

1990 оноос өмнө үндэсний хэмжээнд мал сүргийг хоморголон эмтэй, вакцинтай  хутгаж байсныг багасгаснаас эдүгээ мал өвчилж байна гэх улиглал үргэлжилсээр байна. Тэр үед шүлхий, цэцэг, мялзангийн вакцин хэрэглэдэггүй байлаа, “угаалга”, “туулгалт”, “боловсруулалт” нь эдгээр өвчинд хамаагүй. Мал эмнэлгийн үйлчилгээний салбарыг хувьчилсанаар “цалинтай малчнаас” айдаг байсан шүлхий, цэцэг, мялзангийн вирус, бруцеллёзын нян хувиараа үйлчилгээ эрхэлдэг малын эмчийг элэг бариад байгаа юм байна, төсвөөс цалин авдаг тэжээвэр “эмчээс” вирус айх юм байх.

Амьтны анагаах ухааны практикийн эмч бол малчин – үйлдвэрлэгчийн туслагч нь, үйлчлэгч нь, амьтны засварчин, сүргийн цэвэрлэгч билээ. Амьтны засвар, сүргийн цэвэрлэгээ нь оношилгоо, эмчилгээ, тохируулгаас бүрдэнэ. Жинхэнэ амьтан засдаг, сүрэг цэвэрлэдэг малын эмч маш ховор, аймагт ганц хоёрхон байна, зарим аймагт байхгүй, энэ бол вакцинаар, ивомекээр саванддаг мөнгө угаалгын үр дагавар, мэргэжлийн практикаас зугатагчийг цалингаар тэжээсний үр дагавар болой. Социализмын үед малчны хэрэгцээнээс, малын эмчийн хүчин чадлаас олон дахин давсан тарих, шинжлэх, “угаах”, “туулгах”, эмжүүлэх малын тоог Хөдөө аж ахуйн яамнаас тулгадаг байлаа. Нэг суманд нийт малын тоог дөрөв дахин нугалсан олон зуун мянган малыг мэргэжлийн зохих түвшинд эмжүүлж дийлэхгүй  учраас тулгааны эмийн хагасыг нь малд хийдэг, хагаст нь тоо таридаг, шинжилдэг, “угаадаг”, “туулгадаг”, эмжүүлдэг болов. Малын эмч хорогдсон мал бүрийг үзэж, задлан шинжлэж, өвчнөөр үхсэн бол малчинд акт бичиж өгөх үүрэгтэй байв. Алдсан, чоно идсэн, зудад турж, осгож үхсэн, нууцаар худалдсан, алж идсэн бүх малд өвчнөөр үхсэн гэж акт бичих шахаанд орно, аргагүйдэж малын тоонд акт бичдэг байлаа.

Эдүгээ яамнаас өгсөн тоог биш, малчны хүсэлтээр биш, малын эмч өөрөө шахсан тоогоо тарина, эмжүүлнэ, сумын малыг хэд нугалах тооны малд вакцин тарих “шахаалга” өгнө, тийм хэрэгцээ малчинд байхгүй, хүчин чадал өөрт нь байхгүй. Малын эмчийн тарьсан тоог малчин мэдэхгүй, баг, сумын Засаг дарга мэдэхгүй, үүнийг “мөнгө угаалгын босоо тогтолцоо” гэнэ. Тэрээр малчныг, баг, сумын Засаг даргыг хуурч,  айлган сүрдүүлж чадахгүй, харин сайдыг, аймгийн Засаг даргыг “зайнаас” айлган сүрдүүлж, залилан мэхлэж, татвар төлөгчдөөс хулгайлж чадаж байна. Малын эмчийн энэхүү гэмт үйлдэл малчны мал сүргийг бохирлож, нутаг бэлчээрийг бузарлаж, зах зээлд нь хориг тээг болж байна. Дээр нь мал, бүтээгдэхүүн, түүхий эдээ зарахын тулд “малын эмчийн бичиг” авдагт малчид залхаж, дургүйцэж, яаж салах аргаа олохгүй байна. Амьтны анагаах ухааны практикт амьтны эмч ажилладаг бол манай практикт түшмэл “ажиллаад” байна, амьтны засвар, үйлчилгээ, сүргийн цэвэрлэгээ хийдэггүй, чаддаггүй “малын эмч” хэний хэдэн малыг ямар вакцинаар, ивомекээр тарихыг, хэний малыг хэнд зарж болохыг шийддэг, одоо сайдаасаа цалин авах юм байна.

Малчин – үйлдвэрлэгч хэрэглэгчийнхээ шаардлагыг мэдэхгүй, хэрэглэгчийн шаардлага малчинд хүрэхгүй байна. Энэхүү шаардлага буюу захиалгыг түшмэл, малын эмч хоёр замд нь барьцаалж, малчинд гуйвуулж дамжуулж байна, “таныг малдаа вакцин тариул, ивомек тариул, “туулга” уулга, креолинд дүр, хотоо “ариутга”, тэгвэл мах, сүү, арьс шир, ноос ноолуурыг тань авна гэж байна” хэмээн “хэлмэрчлэнэ”.   

Малын эмчийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, ухамсар, хариуцлага, үйлчилгээний гоо зүйн талаар ярих юмгүй болжээ. Мал шүлхийрээсэй, цэцэгтээсэй гэж хүсч буйгаа албан ёсоор зарладаг, мал шүлхийрэхэд, цэцэгтэхэд баярласнаа илэрхийлдэг, мал шүлхийрэхгүй байна, цэцэгтэхгүй байна гэж гоншигонодог “малын эмч” олширч байна.

Малын эмчийн мэргэжлийн гарааны чадварыг олон улсын жишгээр бүү хэл хөндлөнгөөс хөнгөхөөн шалгахад тэнцэх эмч нэн ховор, дийлэнх олонх нь малын эмчийн дипломыг худалдаж, гуйж, хулгайлж авсан мэргэжил барьцаалагчид байна. Малын тоо вакцинжуулдаг, эм дамладаг, “малын эмчийн бичиг” шийтгэхээс өөр ажилгүй практикийн мал эмнэлгийн үйл ажиллагааг эрс шинэчлэх цаг болжээ.

Малаа хамгаалах эрхгүй малчин 

1990-ээд оны эхээр “Малыг малчдад” гэдэг уриа хэрэгжиж байлаа. Тэр үед малыг хувьчлахгүй, нэгдэл, сангийн аж ахуйг тараахгүй, тэжээгчээ алдахгүй байх сонирхол хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйн дарга, малын эмч, мал зүйч нарт байсан. Энэхүү ашиг сонирхлыг илэрхийлсэн “мал сүрэг төрийн хамгаалалтанд байна” гэдэг заалтыг Үндсэн хуулинд шургуулав. Ингэснээр малчин малаа хамгаалах эрхгүй болов, чонын амнаас ямаагаа салгаж болохгүй, адуугаа манаж болохгүй, малаа эмчлүүлээд эмийн үнэ, эмчийн үйлчилгээний хөлс төлж болохгүй, тэгвэл төрийн мал хамгаалах эрхэнд халдсан, төрд тэрсэлсэн гэмт хэрэгтэн болно.  

Одоо “Малаа хамгаалах, тоолох, бүртгэх, эрүүл, амар амгалан байлгах, нутгаа зохистой ашиглах, цэвэр байлгах, хэрэглэгчтэйгээ нүүр тулж наймаа хийх эрхийг малчдад” гэдэг уриаг хэрэгжүүлэх цаг болжээ. Малчны малаа хамгаалах эрхийг нь хассан Үндсэн хуулийн заалтыг авч хаяж, уучлал гуйх хэрэгтэй. Малчин малаа өөрсдөө тоолохыг хүсч байна, түшмэлээр малаа тоолуулж, мөрдөн байцаагчид мэдүүлэг өгч байгаа юм шиг байдалд ордгоосоо ичиж байна, малын тоогоо зориуд худал хэлж адарч байна. Малчин малаа өөрөө бүртгэж, тэмдэглэж, бусдын малаас ялгасаар ирсэн, бүх мал нь им, тамгатай, гарал үүсэл нь тодорхой билээ. Малдаа түшмэлээр ээмэг зүүлгэж, хүний мал хулгайлчихаад үйлдэл дээрээ баригдаж, улайж байгаа юм шиг байдалд ордогоосоо ичиж байна, зүүсэн ээмгийг авч хаяж байна. Малчин малаа эрүүл, амар амгалан, нутгийнхаа агаар, ус, бэлчээрийг ариун цэвэр байлгасаар ирсэн, одоо ч хариуцаж чадна. Малчин хэрэгцээт үйлчилгээгээ сонгох, захиалах, хийлгэх, хэрэглэсэн үйлчилгээнийхээ хөлсийг төлөх эрхээ хасуулж, мянгат малчин төлбөрийн чадваргүй эмзэг бүлэгт багтсандаа ичиж байна, мөнгө угаагчийн шахааны хуурамч, дууриамал эм, вакцинаар мал сүргээ, нутгаа бузарлуулахаас дургүйцэж байна. Малын тоо, гарын үсгийг нь ашиглаж үзүүр цохидог, зарах малаас нь татвар авдаг малын эмч хэмээгчийг өрөвдөхдөө “эмээ үлдээчих, би хийчихье, би малаа тариулсан нь үнэн, ивомек авсан нь үнэн гээд гарын үсэг өгье” гэж аргалж байна.

Түшмэл, малын эмч хоёр малчны өмнүүр ордогоо зогсоож, малчинд эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх, хариуцлагаа ухамсарлах боломж олгох хэрэгтэй байна.   

Амьтны эрүүл мэндийн салбарын эрс шинэчлэл хэрэгтэй

Амьтны эрүүл мэндийн салбарын бодлогын, эрх зүйн, бүтэц, зохион байгуулалтын, хүний нөөцийн удирдлагын эрс шинэчлэл хэрэгтэй байна. Хууль тогтоомжинд малчин, түшмэл, малын эмчийн эрх, үүрэг, хариуцлагыг ялгаж, зааглаж, онож тодорхойлох хэрэгтэй байна.  

Малчин цэвэр нутагтай, эрүүл, амар амгалан мал сүрэгтэй, гадаад, дотоод өргөн зах зээлтэй байх эрхээ эдлэж, үүргээ биелүүлж, хариуцлага хүлээхийг, хэрэглэгчтэйгээ нүүр тулж хамтран ажиллахыг, төрийн мэргэн түшмэлтэй дугуй ширээнд сууж ажлаа хэлэлцэхийг, алтан гартай амьтны эмчийг хотондоо, бэлчээртээ урьж үйлчлүүлэхийг хүсч байна.

Хэрэглэгч, үйлдвэрлэгч хоёр цэвэр нутаг, амьтны эрүүл мэнд, амар амгалан, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, мал аж ахуйн зах зээлийн чөлөөт байдлын талаар цагаа олсон сайн шийдвэр гаргаж, шуурхай хэрэгжүүлдэг, үр дагаврыг нь эргэж хардаг хариуцлагатай сайдтай хамтарч ажиллахыг хүсч байна.

Хариуцлагатай сайд салбарын үнэн, зөв, бүрэн, цагаа олсон мэдээлэлтэй, сайн шийдвэрийн эх зохиогч, чадварлаг зохион байгуулагч, шударга хянагч, шинжээч, үнэлэгч – мэргэн түшмэлийг хайж, олж, уралдуулж, шалгаруулж уридаг, “сайн шувуу модоо олж суудаг, сайн түшмэл эзнээ олж үйлчилдэг” эртний уламжлалт зарчмыг баримталж ажиллахыг шаардаж байна.

Засгийн газрын болон аймаг, сумын түвшинд амьтны эрүүл мэндийн албанд эрхэлсэн сайд, Засаг даргын шууд харьяанд, хөдөө аж ахуй, байгаль орчин, нийтийн эрүүл мэнд, хил хамгаалалт, онцгой байдал, цагдаа, тагнуул зэрэг албадтай нэг зиндаанд мөр зэрэгцэн хамтарч ажиллах боломж олгомоор байна.

Олон үйлчлүүлэгч нь байнга орж гарч байдаг, жинхэнэ амьтны засварын газартай болж, малчны хот, бэлчээр, боловсруулах үйлдвэр, дэлгүүрийн лангуунд байнга уригдаж, залагдаж байдаг нэр хүндтэй засалч, зөвлөгч байх боломжийг практикийн малын эмчид олгомоор байна, тэдэнд сайдаас  цалин авдаг тэжээвэр өрсөлдөгч хэрэггүй.

Шүлхий гадаад – экзотик өвчин байлаа, одоо монгол нутгийн – эндемик өвчин боллоо, хонины цэцэг гадаад – экзотик өвчин байлаа, одоо монгол нутгийн – эндемик өвчин боллоо, бруцеллёз гадаад – экзотик өвчин байлаа, одоо монгол нутгийн эндемик өвчин боллоо, бог малын мялзан гадаад – экзотик өвчин байлаа, одоо монгол нутгийн – эндемик өвчин болж, монгол нутгийн унаган амьтан монгол бөхөнг хөнөөж байна, энэ бүхнийг хэн хариуцах вэ?

Доктор О.УЛАМБАЯР

2017.1.31

АРХАНГАЙ АЙМАГ, ЦАХИР СУМ

 

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

13 цаг 19 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

13 цаг 46 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

13 цаг 49 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

13 цаг 52 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

13 цаг 56 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

14 цаг 13 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

20 цаг 21 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

20 цаг 26 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

20 цаг 32 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

20 цаг 42 мин