Тусгай үүргийн нислэгүүд цуцлагдаж, гадаадад гацсан 3800 иргэнээ яах вэ

2020-11-20
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Монгол Улс дотоодод халдвараа хумихын тулд арваннэгдүгээр сарын 12-ноос эхлэн бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж, хөл хорио тогтоосон. Дотоодод хөдөлгөөн хязгаарласнаас гадна гадаад улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгүүдийг тодорхойгүй хугацаагаар түр зогсоогоод байна. Засгийн газрын гэнэтийн шийдвэрийн улмаас олон сар хүлээсний эцэст чартер нислэгт багтаж амььдрах байр, ажлаасаа гарсан. Онгоцны зардал, тусгаарлах байрны төлбөрөө төлсөн иргэд хүнд нөхцөл байдалтай байна. Харин гадаадад гацсан иргэдийг хэрхэх талаар  ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Хилийн чанадаас эх орондоо буцах хүсэлтээ гаргасан 3800 гаруй иргэн байна. Үүний 3000 нь Солонгос улсаас, 250 нь европын холбооны улсаас үлдсэн нь бусад улсаас байгаа. Нислэг цуцалсантай холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан тийз худалдаж авсан болон өөр улсын авиа компаниар дамжиж ирэхээр зорчиж яваад тухайн улсынх нь  онгоцны буудал дээр гацсан иргэдийн судалгааг нэгтгэж байгаа. Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Үүнийг цааш хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох яам ажиллаж байгаа” хэмээн хариулсан ч өнөөдөр тодорхой шийд гараагүй хэвээр байна. Гадаадад гацсан иргэд гарц хайхыг хүсч манай сонинд хандсаар байна. Тэдний заримынх нь байр суурийг хүргэе.

 

Ц.Одонтуяа: Засгийн газар нислэг цуцалснаас болж бид гудамжинд гарлаа

 

Б.ДОЛЖИНЖАВ

Манай улс дотооддоо халдвар тархсан гэсэн шалтгаанаар  арваннэгдүгээр сард товлосон тусгай үүргийн  бүх нислэгээ цуцалсан.  Энэ нь гадаадад гацсан иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар энэ сарын 19-ний Франкфуртийн нислэгээр ирэх байсан иргэн Ц.Одонтуяатай ярилцлаа.

 

-Та энэ сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх байсан. Гэвч Засгийн газрын шийдвэрээр нислэгийг цуцалсан. Ингэснээр та бүхэнд ямар хохирол учирсан бэ?

-Сардаа ганц удаа нисдэг Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор Европын 28 улсаас 250 гаруй хүн эх орондоо ирэх байлаа. Нислэгт багтахын тулд бидний ихэнх нь өөрсдийн амьдарч байсан улсаасаа багадаа сая төгрөгний өртөг бүхий цуцлах боломжгүй хатуу нөхцөлтэй билет захиалан Франкфуртад ирсэн. Мөн  энэ сарын 18-нд амьдарч байсан байраа хүлээлгэж өгөхөөр тохирсон байсан юм. Гэтэл нислэгийг цуцалчихлаа. Цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоож, айлууд зочин хүлээж авахаа больсон, зочид буудлууд хаалгаа барьсан тул бид хонох газаргүй болчихлоо.  Тусгай үүргийн нислэгт өндөр настан, бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, эмчилгээ хийлгэж байсан хүмүүс, сургууль нь хаагдсан оюутнууд, визний хугацаа хэтэрсэн гэсэн эх орондоо буцахаас өөр гарцгүй болсон иргэд багтсан. Монголд хийдэггүй эмчилгээнд хамрагдаад буцах тасалбар бичүүлсэн иргэд энд олон сар гацсан тул эмнэлгийн төлбөрөө төлөх боломжгүй болсон. Оюутнуудын хичээл нь   цахимд шилжсэнтэй холбогдуулан оюутны байранд байрлах боломжгүй. Хөл хорио тогтоосон учир цагийн ажил олдохгүй. Мөн Монголд аав ээждээ бага насны хүүхдүүдээ түр хугацаагаар орхиод ирсэн хүн олон байна.  Ач зээгээ харж буй өвөө эмээ нар даралт нь ихэсч, бүтэн нойртой хонож чадахгүйд хүрлээ. Гадаадад ажиллаж ар гэрээ тэжээдэг иргэдийн ажил цар тахлаас болж зогсож гэрийнхэндээ мөнгө явуулах нь битгий хэл, өөрсдөө гудманд гарах гэж байна. Төлөвлөгөөт нислэг байсан тул бүгд эртнээс төлөвлөн байраа хүлээлгэж өгөх өдрөө товлож, түр хийж байсан ажлаасаа гарч билет болон бусад зүйлээ бэлдсэн тул бидний зүгээс аргалах ямар ч боломжгүй нөхцөлд хүрлээ. 

-Нэг иргэний нислэгийн төлбөр таван сая болсон гэж сонслоо. Тасалбарыг тань буцаах талаар МИАТ-аас ямар нэгэн хариу өгсөн үү?

 -МИАТ компанийн зүгээс нэгэнт  шилжүүлчихсэн билетийн төлбөрийг  богино хугацаанд буцаан олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Транзит нислэгийн хувьд билет буцаах ямар ч боломжгүй. Нэг хүний төлбөр таван сая 652 мянга, хоёр хүнийх 10 сая 130 мянга 400 төгрөг болсон. Үүнийг задалвал,  МИАТ-ийн тийз хоёр сая 787200, тусгаарлагдах байрны төлбөр нэг сая 60 мянга, Швед, Германд амьдарч байсан иргэд коронавирусын шинжилгээ хийлгэхэд нэг хүн 630 мянгыг төлсөн. Бусад орон ч мөн адил дүнтэй. Үүн дээр транзит нислэгний 588 мянган төгрөг нэмэгдэнэ. Буцах хүсэлтээ өгч, хүлээж байх хугацаандаа зардлаа олох гэж олдсон ажлыг хийж өдийг хүрлээ. Ингээд бид төлөвлөгөөт нислэгтээ багтаж өөрсдийн зүгээс шаардагдах бүх төлбөр тооцоо болон асуудлуудаа зохицуулан 19-ний нислэгт бэлэн байдалтай хүлээж байв. Гэвч Засгийн газар болон УОК-ын зүгээс гаргасан гэнэтийн шийдвэр  биднийг гудманд гарч, хөсөг хаягдахад хүргэлээ. Бид өөр өөрсдийн байгаа улсын Элчин сайдын яам руу хүсэлт явуулсан  ч одоогоор ямар нэгэн хариу ирүүлээгүй байна.

-Монгол Улсад дотооддоо халдвар тархсан үед гадаадаас иргэдээ авчрах  нь илүү эрсдэлтэй гэж Засгийн газар үзэж байна?

-Бид COVID-19-ийн шинжилгээ өгөөд халдвар илрээгүй учир эх орондоо очих гэж байсан. Мөн Монголдоо очоод 21 хоног тусгаарлах байранд, 14 хоног гэртээ өөрсдийгөө тусгаарлана. COVID-19-ийн шинж тэмдэг тухайн хүн халдвар авснаас хойш 5-6 хоногийн дотор, ихдээ 14 хоногийн дотор илэрдэг гэж ДЭМБ үзсэн. Одоогоор дэлхийн аль ч улсад 21 хоногийн дотор илрээгүй  халдвар бүртгэгдээгүй.   Гэхдээ 21 хоногт илрэхгүй бол гэрийн тусгаарлалтын 14 хоногт заавал илэрнэ. Тэгэхээр бид гадуур халдвар тараах үндэслэл байхгүй. Алтанбулагийн боомтоор  орж ирсэн жолооч халдвар тараасан ч тусгаарлагдах байрны халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас тухайн хүн халдвар авсан талаар хэвлэлүүд мэдээлж байна. Гадаадаас ирж байгаа иргэд очоод шууд тусгаарлагдаж байгаа учир тусгаарлалтын байр нь халдвар хамгааллын шаардлага хангаж байвал асуудал үүсэхгүй гэж бодож  байна. Монгол Улс арван сарын турш дотооддоо халдвар алдаагүй. Хэрэв  дотооддоо тархвал ямар арга хэмжээ авах хангалттай бэлтгэл хийж амжсан байх гэж найдаж байгаа. Энэ нислэг төлөвлөгдсөн байсан тул тусгаарлах байр ч бэлэн байх ёстой.

-Та бүхний амьдарч байсан Европын 28 орон гадаадад гацсан иргэддээ хэрхэн анхаарсан бэ?

-Бусад улс орнууд татаж авах шаардлагатай иргэдээ тухайн үед нь бүгдийг нь эх оронд нь авчирчихсан. Хилээ хаагаагүй тул иргэд 14 хоног тусгаарлагдаж байгаад гэртээ  очиж байгаа. Хорио цээрийн дэглэмээ чангаруулсан ч амьдрал нь  хэвийн үргэлжилж байна. Монголоос өөр гадаадад гацсан иргэдээ хөсөр хаясан улс байхгүй.

-Герман улс тархалтыг намжаахад хэрхэн анхаарч байна. Саяхан дахин хөл хорио тогтоосон байхаа?

-Германд энэ сарыг дуустал хөнгөн хэлбэрийн хөл хорио тогтоосон. Энэ хорионы дагуу дэлгүүр, зоогийн газар, сургуулиуд үйл ажиллагаа явуулна. Аялал жуулчлалын зорилготой хүмүүсийг буудалд буулгахгүй. Дээд тал нь 10 хүн уулзана, олон нийтийн газар 1.5 метр зай барих, 22:00 цагаас хойш архи худалдаалахгүй, зоогийн газарт зөвхөн авч явахаар хоол захиална гэсэн журам үйлчилж байна.Гадаадаас Германд ирж байгаа хүмүүс шинжилгээ өгөхгүйгээр гэртээ 10 хоног тусгаарлагдах, эсвэл шинжилгээ өгөөд хариу гартал 4-5 хоног гэртээ тусгаарлагдах гэсэн хоёр сонголттой. Үүнийг зөрчсөн тохиолдолд 25 мянган еврогийн торгуультай. Өвчний шинж тэмдэг илэрвэл өөрийгөө тусгаарлаж гадагшаа гарахгүй байх ёстой.  Мөн маскаа зүүж, гараа сайн угаах арга хэмжээ авч байна.

-Засгийн газар нь цар тахлын үед иргэдээ орлоготой байлгахад хэрхэн анхаарч байгаа вэ?

-COVID-19-ийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон 50 хүртэлх ажилтантай компанид алдагдсан орлогын 75 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэхээ зарласан. Иргэдээ туйлдахаас сэргийлж мөнгө, тэтгэмж олгож, жижиг дунд бизнес эрхлэгчдээ хамгаалан тусламж дэмжлэг үзүүлж байгаа. Гэвч бүх тусламж дэмжлэг нь өөрийн улсын иргэд болон байнгын оршин суух зөвшөөрөлтэй хүмүүст хамаатай. Түр хугацаанд ирсэн хүмүүс, оюутан, виз нь дууссан болон урилгаар ирсэн хүмүүст хамаагүй. Тиймээс гадаадад гацсан, бүх мөнгөө шавхаад тасалбараа бичүүлчихсэн иргэд  чинь  хонох газаргүй, гудманд гарчихаад байна шүү, Засгийн газрын гишүүд ээ. 

 

Зөвхөн замын зардалд 7.2 сая төгрөг зарцуулсан

 

С.УЯНГА

Улаанбаатар Сөүлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэхээр онгоцны тийз, тусгаарлалтын мөнгөө төлсөн ч УОК-ын шийдвэр гэнэт гадаад иргэдээ татан авах ажлыг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор Сөүлд гацчихаад байгаа иргэдийн төлөөлөл Л.Мөнхзултай холбогдлоо.

 

-Манай улс дотоодод халдвар тархаж тусгай үүргийн нислэгүүдийг гэнэт зогсоолоо. Та бүхний нөхцөл байдал ямар байна вэ?

-Сөүл Улаанбаатарын арваннэгдүгээр сарын 12-ний нислэгээр Монгол руу буцах гэж байсан ч гэнэт шийдвэр гарч цуцалсан. Эх орон руугаа буцах бүх бэлтгэлээ хангаж эндэх ажлаа зохицуулаад байрлаж байсан байрнаасаа гарч, ажлаа хүлээлгэж өгсөн. Одоо орох оронгүй очих газаргүй үнэхээр хүнд байдалтай байна. Хэдийгээр эх оронд минь нөхцөл байдал хэцүү, халдварын тархалт нэмэгдэж буйг ойлгож байгаа ч ганцхан хоногийн дотор шийдвэр гаргаж биднийг ингэж хугацаагүйгээр хойшлуулснаар үгээр илэрхийлэмгүй их хохирол амсч байна. Арваннэгдүгээр сарын 12-ны нислэгт хамрагдсан хүмүүс дунд жирэмсэн эх болон хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүмүүс олон байна.

Тав болон долоон сартай эх хүн, Монголд ар гэрт нь ажил явдал гараад хүүхдүүд дээрээ яаралтай очих зэрэг хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай хүмүүс олон байна. Амаргүй цаг үед ард иргэдээ хүний нутагт орхиж давхар битгий хохироогоосой. Яаралтай татаж авах арга олооосой гэж хүсч байна. Бид эх орондоо очоод хөл хориогоо чанга сахиж, иргэний үүргээ хариуцлагатай биелүүлнэ.

-Элчин сайдын яамтайгаа хэр харилцаатай байна вэ. Ямар хариу өгч байна?

-Эх орондоо очино гээд байгаа бүхнээ шавхаад онгоцны тийз, тусгаарлалтын мөнгөө тушаасан. Цаашид тэсэх санхүү байхгүй. Өдөр болгон Элчин сайдын яам орж өргөдөл өгч байгаа ч одоогийн байдлаар шийдтэй хариу өгөхгүй байна.

Нэг өдрийн өмнө гаргасан шийдвэрээс бол сэтгэл санаа, бие махбодын маш их хохирол амсч байна. 12-ний нислэгээр явах хүмүүсийн 70 хувь нь нэгдэж хүний нутагт учраа олохгүй сандралдаж Элчин сайдын яамнаас хариу хүлээж сууна.

-Одоо хаана байрлаж байна. Хүнс хоолны тусламж хэр байгаа вэ?

-Бид өргөдлөө өгчихөөд удаан хугацааны турш тэвчээртэй хүлээсэн шүү дээ. Байр, ажлаа хүлээлгэж өгсөн болохоор найзындаа түр байрлаж байгаа. Дахиад хөлслөх байр хайя гэхээд барьцааны мөнгөгүй.

Миний хувьд бага насны хүүхэдтэй жирэмсэн. Дан ганц нөхрийн цалингаар энд дахиад барьцаа мөнгө хийж байранд орно гэдэг үнэхээр асуудалтай.Манай гэр бүл эх орондоо очихын тулд зөвхөн замын зардалд гэхэд 7.2 сая төгрөг зарцуулсан.Бүх зүйлээ төлөвлөж хүлээж байхад шууд ингээд тодорхой бус хугацаагаар хойшлуулахаар үнэхээр хүнд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.20 БААСАН № 223 (6448)

 

Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

3 цаг 2 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

3 цаг 12 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улс

3 цаг 17 мин
Б.Дэлгэрсайхан: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Хот, тосгоны эрхзүйн байдлын

3 цаг 22 мин
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

3 цаг 32 мин
Р.Энхтайван: Экологийн коридор байгуулахаар судалгаа хийж байна

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайвантай ярилцлаа.

3 цаг 37 мин
50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Хоттой малаа авч үлдэхийн тулд халаасан дахь хамгаа барсан малчид “Ноолуурын үнэ өсөөсэй”

3 цаг 42 мин
Урсула фон дер Ляйений өвөө СС-ийн генерал байгаагүй

Европын комиссын даргын өвөө, эмээ нь нацистууд, Адольф Гитлерийг д

17 цаг 52 мин