Коронавирусын эсрэг хуулийн хэрэгжилтийг Их хурлаас нэхэх ёстой

2020-11-20
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож хэлэлцэв.

Хатуу хөл хорионд орсон ард түмэн тэр чигээрээ л чуулганыг анхаарлаа.

УИХ-ын гишүүд Засгийн газар, Онцгой комиссынхоныг оролцуулж байгаад АХА тэмцээн шиг юм ярьцгаав.

Цахимаар болж буй хуралдаанд чуулганы танхимд цөөхөн хэд, өрөөнөөсөө ганц нэг, гэрээсээ нэлээн хэд, гудамжнаас зарим нэг гишүүн оролцож байна. Өмнөх цахим чуулган шиг бандааштайгаа босч гүйсэн гишүүн харагдсангүй.

Харин коронавирусын сэдвээр улстөржиж, попорч, бас хувийн асуудлаа шийдүүлж байгаа гишүүд байлаа.

Ер нь бол яг энэ цаг үед ийм чуулган огт хэрэггүй байв. Хамгийн гол нь дээр хэлсэнчлэн АХА гэдэг асуулт хариултын нэвтрүүлэг мэт чуулганд оролцож байгаа гишүүд нийтээрээ нэг зүйлийг мартсан байна.

УИХ-ын 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн чуулганаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Хуулийг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний хүртэл үйлчлэх, шаардлагатай бол дахин зургаан сараар сунгах боломжтойгоор баталжээ.

Энэ хуулийн зорилт нь коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж буй юм.

Дөрвөн бүлэг, 19 зүйл бүхий энэ богино хугацаатай урт нэртэй хуулийг санаж ярьж байгаа гишүүн өчигдөр байсангүй гэхэд болно.

Хэдийгээр энэ УИХ-ын нэлээд гишүүн нь шинээр орж очсон боловч хуучин гишүүд нь тэднээс илүү жин дарна. Тэгээд уг хуулийг баталсан УИХ-ын дарга Г.Занданшатар одоо дарга хэвээрээ байгаа юм.

Уг нь энэ хуулийг ягштал мөрдөөд явсан бол өнөөдрийн ийм нөхцөл байдал үүсэх байсан уу, халдварыг дотооддоо алдах уу гэдэг эргэлзээтэй. Үгүй л болов уу.

Гишүүдийн мартчихсан энэ хуулийн хоёр том зөрчил өнөөдрийн нөхцөлд хүргэсэн ч байж мэднэ.

Зөвхөн Улсын онцгой комисс, тэнд ажлаа хийж яваа хэдэн эмч, сувиллынхан, бас хэнэггүйтэж яваад халдвар тараасан гээд байгаа тээврийн жолоочоос өмнө Монгол төрийн эрхийг барих дээд байгууллага УИХ бас назгайрсан.

Хуулийн 3.2-т “...УИХ-ын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэсэн заалт бий.

Өнгөрсөн УИХ-д олонхи байсан одоогийн эрх баригчид энэ заалтад УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулиар хүмүүсийг бичлэн цуглуулж болно гэдгийг нээлттэй үлдээсэн байдаг. Өнгөрсөн сонгуулиудаар яалаа даа, энд тэндгүй тэврэлдсэн уулзалт, арга хэмжээнүүд болсон.

Энэ яахав, болоод өнгөрсөн гэж бодоход сонгуулиудаас бусад хуулийн дагуу биечилсэн арга хэмжээг зохион байгуулаад байсныг хэн, юу гэж тайлбарлах вэ. Сонгуулиудаар назгайрч, залгуулаад тэр чигтээ нийтээрээ назгайрч, сүүлдээ хошин шогийн тоглолт, нийтийн дууны концерт хүртэл олон мянган хүн цуглуулж хяналтгүй болж байсан. Гор нь гарсан. Гэтэл энэ хуулийн үйлчлэл дууссанаас хойш буюу дор хаяж 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш л ийм тоглолт, уулзалтуудын эрх нь нээгдэж буй юм.

Мөн дээрх зүйл заалтад албан тушаалтныг сонгон шалгаруулж болохгүй гэсэн. Сонгон шалгаруулж болохгүй гэдэг чинь өмнөхийг нь солихгүй гэсэн үг.

Тэгтэл юу болов оо?!

УИХ-ын сонгуулийн дараа төрийн алба тэр чигтээ хөдөлсөн. Ялангуяа өмнө ажиллаж байсан удирдах албан тушаалтнууд өчиггүй халагдаж, чөлөөлөгдсөн. Доошоо ч албан тушаалтнуудыг олноор нь өөрчилсөн. Сая бас Орон нутгийн сонгуулийн дараа шат шатандаа халаа сэлгээ хийгээд баллаж өгч байна.

Үүнийг дагаад сонгон шалгаруулалт бас явж байна гэсэн үг. Хамгийн гол нь хуулийн энэ зүйл заалттай холбогдож болох томоохон шүүмжийг учир мэдэх хүмүүс хэлээд эхэлсэн.

Коронавирусын хор хөнөөлийн эсрэг анхнаас нь ажил хариуцаж явсан гол албан тушаалтнуудаа сонгуулийн үр дүнтэй “уялдуулан” сольсон нь том алдаа болжээ.  Ядаж Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, тэгээд тэр үед түүний удирдлагад ажиллаж байсан Онцгой комиссын гишүүд хэвээр байсан бол өнөөдөр иймдээ тулаа ч уу, үгүй ч үү.  МАН-ынхан сонгуулийн дараа нэг их өөрчлөгдөөгүй. УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гээд албан тушаалдаа хэвээрээ үлдээд явж л байна. Гэтэл онцгой нөхцөлийг анхнаас нь удирдаж явсан Улсын онцгой комиссоо бараг тэр чигээр нь сольчихсон. Хуулийн 3.2 дахь заалт “будаа” болж байгаа юм.

Үүнээс гадна УИХ-ын гишүүдэд маш их хамаатай зүйл заалт бол 6.2 юм. Түүнд “...УИХ энэ хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий түр хороог УИХ-ын бүх Байнгын хорооны болон УИХ дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулна” гэжээ. Мөн 6.3-ын 6.3.1-т “...Энэ хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэх”, 6.3.2-т “...Бусад Байнгын хороогоор энэ хуулийн биелэлтийг хэлэлцүүлэх санал гаргах” гэж заасан байна.

УИХ үүнд маш хайнга хандсан. 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд энэ хуулийг баталчихаад бараг хоёр долоо хоногийн дараа Түр хороог нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж сонгосон.

Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны 2020 оны тавдугаар сарын 12-нд хуралдаанаар “Түр хороо байгуулах тухай” Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн байдаг. Ингээд тус Түр хороонд Т.Аюурсайханаар ахлуулсан Х.Болорчулуун, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Х.Нямбаатар, Ж.Ганбаатар, О.Баасанхүү, Л.Болд нар багтаасан байгаа юм.

Энэ хороо 6.3.1-т зааснаар хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж байсан эсэх нь тодорхойгүй. Мэдээлэл байдаггүй.  Энэ Түр хорооны бүрэн эрх 2020 оны сонгуулиар буюу зургадугаар сарын 24-нд дуусчихаж байгаа юм. Гэтэл дараагийнх нь байдаггүй.  2020 оны УИХ-ын сонгуулиас бүтэн дөрвөн сарын дараа буюу аравдугаар сарын 20-нд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, сөрөөг нөлөөг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Ингээд чуулганаар оруулаад  Б.Баттөмөрөөр ахлуулж, Х.Болорчулуун, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Б.Бейсен, С.Ганбаатар, Т.Доржханд, Н.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсан. Тэгээд л таг чиг. Нөгөөдүүл нь өчигдрийн чуулган дээр хөндлөн хөндлөн юм яриад л сууж байх жишээтэй.

Түүнчлэн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дагаж мөрдөх журам нь Дээд шүүхээс гарч ирсэн эсэх нь ч тодорхойгүй байна. Саяхныг болтол тэр журам нь гараагүй л байсан.

Ийм л байна. Ийм л учраас хуулиа “мартчихаад” худлаа шоудсан гишүүдээс өнөөдөр биш ч хариуцлага нэхэх ёстой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.20 БААСАН № 223 (6448)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

12 цаг 25 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

20 цаг 52 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

21 цаг 7 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

21 цаг 7 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин