Ч.Насантогтох: Хичээл зүтгэлтэй хүнээс л сайн уран бүтээл төрнө

2020-11-20
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Б.ТУУЛ

Энэ удаагийнхаа “Өөр зочин”-д СУИС-ийн хүндэт профессор, “Зууны манлай” “Соёл Эрдэнэ” хамтлагийн гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Насантогтохыг урьж, ярилцлаа. 

 

-СУИС-ийн Орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхимийнхэн саяхан цуглаж, сонирхолтой уулзалт зохион байгуулсан гэж сонссон.  Энэ мэдээллээр хоёулаа ярилцлагаа эхэлье?

-СУИС-ийн 30 жилийн ойг угтаад, манай Орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхим хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбатыг урьж, уулзалт ярилцлага зохион байгуулсан юм. 

Энэ арга хэмжээнд манай тэнхимийн хамт олон, багш, оюутнууд маш идэвхтэй оролцсон,  сонирхолтой сайхан арга хэмжээ болсон. Энэ үеэр уулзалт ярилцлагаас гадна оюутнуудын маань мастер класс, урлагийн тоглолт болсон. Ямартай ч хөл хорионоос өмнө амжаад энэ арга хэмжээг зохион байгуулсандаа баяртай байна. Хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбатыг урьж оролцуулсан нь бас учиртай. Нэгдүгээрт, манай сургуулийн авьяаслаг төгсөгчдийн нэг. Продюсер Б.Чинбат 2013 онд манай сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. Хоёрдугаарт, уран бүтээлч хүн гэдэг ямар ч цаг үед өмнөө тавьсан зорилгынхоо төлөө юуг ч даван туулах сэтгэлийн хаттай, зорилготой, тэвчээртэй байж, сурч мэдсэн зүйлийнхээ төлөө аливаа зүйлийн ард гарч чаддаг байх ёстой гэдгийг харуулж чадсан уран бүтээлч. Тиймээс одоо суралцаж буй оюутнууд, төгсөгчдөд түүний хэлэх үг нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаахад хэрэг болно гэж бодож, урьсан. Энэ арга хэмжээнд Б.Чинбаа маань эхнэр А.Сарнайгийн хамт хүрэлцэн ирж, уран бүтээлээсээ толилуулж, чин сэтгэлийн сайхан яриа дэлгэж оролцсон.

-Цар тахал, хөл хорио гээд цаг үеийн байдлаас шалтгаалаад, танай сургуулийн ой угтсан олон арга хэмжээ хойшлоход хүрчээ?

-Бид СУИС-ийнхаа 30 жилийн ойг угтаад маш олон ажлуудыг төлөвлөсөн байлаа. Харамсалтай нь, цаг үеийн байдлаас шалтгаалаад бүгд хойшилсон. Тухайлбал, бид хэдхэн хоногийн өмнө СУИС-ийн бүх тэнхим, багш оюутнууд оролцсон, дотоод төслийнхөө хүрээнд “Монгол романс дэлхийд” гэсэн сэдэвтэй томоохон тоглолтыг хийх гэж байлаа.  Энэ тоглолт бас хойшилсон. Энэ тоглолтод “Хурд” хамтлагийн  гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр, хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш Г.Түвшинтөр нарын хамтран бичсэн романс гээд багш нарын маань олон сайхан бүтээлүүд тоглогдох байлаа. Мөн “Босоо гурвалжин” болон өөр олон уран бүтээлийн үзэсгэлэн, бүжгэн жүжиг, гала тоглолтууд, хойшлогдсон. Хөтөлбөрөө гаргаад, бэлтгэл ажлуудаа нугалаад, бүгд бэлэн болж байлаа. Бидний хувьд, СУИС-ийн 30 жилийнхээ ойг арваннэгдүгээр сарын 21-28-ны хооронд албан ёсоор тэмдэглэхээр төлөвлөж байсан. Харамсалтай нь, цаг үеийн байдлаас шалтгаалаад бүгд хойшилсон.

-“Киви” хамтлагийн дуучин Ука бас танай сургуулийн оюутан гэсэн байх аа. Ойд зориулсан тоглолттой гэж байсан бас хойшлогдсон уу?

-Дуучин Ука мөн манай сургуулийн төгсөгч. Энэ жил магистрын ангид бас элссэн. Сургуулийнхаа ойд зориулаад тоглолтоо хийх гэж байсан, энэ тоглолт бас хойшлогдсон. Энэ мэтчилэн олон арга хэмжээ хойшлогдсон доо. Тухайлбал, манай Сонгодог урлагийн тэнхимийн төгсөгчид УДБЭТ-т өөрсдийн тоглолтоо толилуулах гэж байсан. Энэ тоглолт бас цуцлагдсан.

-Одоо хичээл сургалт болоод бүх ажлууд цахимаар явж байна уу?

-Хөл хорионы дэглэмтэй холбогдуулаад бүх ажил цахимжсан. Манай сургуулийн хувьд, өнгөрсөн жилээс цахим сургалт явуулах динамик платформыг ашиглаж эхэлсэн. СУИС-ийн хувьд цахим систем харьцангүй зүгширсэн гэж ойлгож болно. Тиймээс хичээл сургалтын үйл ажиллагаа гадаад, дотоод, хол ойр гэлтгүй багш, оюутнууддаа хүрээд, цахимаар хичээлүүд хэвийн явагдаж байна. Мөн манай сургуулийн хувьд, “Бид сайн сайханд дагуулна” гэсэн уриан дор, нийгэмд сайн сайхан зүйлсийг уриалах зорилготой челенжийг эхлүүлсэн байдаг. Энэ бүхэнд оюутнууд маань маш идэвхтэй оролцож, нийгэмд бас үр дүнгээ өгч байгаа. Бидний хувьд,  цаг үеийн байдалтайгаа уялдуулаад, өнгөрсөн есдүгээр сараас эхлээд хичээлүүдээ шахаад, бэлтгэлтэй байсан. Шалгалтын даалгавраа эрт өгөх, оюутнуудынхаа нарийвчилсан судалгаануудыг авах гээд нэлээд шахуу явж байсан. Цахим систем, интернэтийн хурд зэргийг сургуулийн захиргаанаас хангалттай зохицуулж өгсөн болохоор хотын төвд, холын хөдөөд ч гэсэн багш, оюутнууд маань  хичээл хийх нөхцөл боломжоор бүрэн хангагдсан байна. Дотуур байрныхаа оюутнуудыг хоол хүнс, ариун цэврийн хэрэглэл, хэрэгтэй зүйлсээр нь хангаад өгч байна. Оюутнуудынхаа зургийг хараад, бие биенийхээ төлөө гэсэн сэтгэлээр хандаж байгааг нь хараад сэтгэл их догдолж байлаа.

-Одоо манай нийгэмд “Дэм дэмэндээ байх”, “Нийт нь нэгнийхээ төлөө байх” гэсэн сэтгэл их хэрэгтэй байна. Рок поп урлагийнхан саяхан “Chinbaa & Friends” гээд сайхан тоглолтод нэгдсэн. Та очиж амжсан уу?

-Би энэ тоглолтод очих хүсэл их байлаа. Харамсалтай нь, тэр үед хүндэтгэх шалтгаан гараад очиж амжаагүй. Урлагийнхан, хамтлаг дуучид маань халуун сэтгэлээр нэгдсэн, сайхан тоглолт болсон гэж сонсоод, сэтгэл их өндөр хүлээж авч байлаа. Энэ тоглолтод очиж амжаагүй учраас төгсөгчдийнхөө төлөөлөл болгож, продюсер Б.Чинбааг мастер класс, 30 жилийн ой угтсан арга хэмжээндээ урьсандаа баяртай байгаа. Сүүлийн үед харж байхад, урлаг гэлтгүй аль ч салбарт манай залуус хөнгөн хялбар аргаар амжилтанд хүрэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй болсон байна. Аливаа зүйлд махарч хичээж, хүнд хэцүүг даван туулж, ихийг хийж бүтээх, сурч мэдэх гэсэн хүчин чармайлт муутай болсон юм шиг харагддаг. Мөн бусдаас үг сонсох, сурч судлах нь ховор болсон байна. Бидний үед өөр байлаа. Мэдсэн сурсан зүйлээрээ амжилтанд хүрч, бусдад яаж танигдаж, хүн хичээж сурч хөгжиж болдгийг олон сайхан уран бүтээлчид минь ажил амьдралаараа харуулсаар ирсэн байдаг. Б.Чинбаагийн хувьд ч энэ бүхний үлгэр дуурайллыг өөрөө төдийгүй гэр бүлээрээ харуулж чадсан учраас эхнэр, нөхөр хоёр зовлонг яаж хамтдаа даван туулж болдогийг, бие биенийхээ төлөө амиа ч хайрлахгүй яаж тэмцэж болдогийг харуулж чадсан, мундаг гэр бүл. Энэ бүхнээрээ оюутан залууст, багш нарт маань олон зүйлийг бодогдуулж чадсан.

-Энэ арга хэмжээний үеэр таныг Чинбаа, Сарнай хоёрт сонирхолтой сюрприз барьсан гэж сонссон. Тэр юу байсан бэ?

-Одоогоос 27 жилийн өмнө дөө, 1993 онд Б.Чинбааг Хөгжим бүжгийн коллежийн зургадугаар ангид сурч байхад би түүний аавтай буюу Монгол Улсын гавьяат жүжигчин, хуучир хөгжмийн нэрт мастер С.Батмөнхтэй  1930-40-өөд оны үеийн дууг яг тэр төрөл жанраар нь дуулж, тэмцээнд оролцоод түрүүлж байсан юм. Тэгээд энэ бүтээлээ Монголын радиогийн алтан сан хөмрөгт хадгалуулж, бичүүлж байсан.  Б.Чинбаа маань үүнийг огт мэддэггүй юм билээ. Энэ бүтээл маань одоог хүртэл радиогийн алтан фондод хадгалаастай, хааяа эгшиглэж байдаг учраас энэ бичлэгээ радиогийн алтан фондноос гуйж, CD дээр бичүүлээд сургуулийнхаа уулзалтын дараа СУИС-ийн багш нарынхаа номын дээжтэй хамт түүнд бэлэглэсэн юм. Энэ бэлгийг маань маш сайхан хүлээж авсан. Б.Чинбаа маань аавыгаа мундаг уран бүтээлч байсан гэдгийг нь мэддэг боловч  аавынхаа тоглосон бүтээлүүд, бичлэгийг хайгаад олдоггүй байсан гэж ярьж байсан. Тийм болохоор энэ бичлэг түүнд хамгийн үнэтэй бэлэгнүүдийн нэг боллоо гээд баярын нулимстай хүлээж авсан.  Энэ бол миний олон жил бодож байсан зүйл байсан. Тухайн үед аав минь тэр дууг надад зааж өгч, тэмцээнд оролцох санал тавьж, С.Батмөнх гуйтай хамтарч тоглохыг зөвлөж байлаа. Миний аав бас хөгжмийн зохиолч, уран бүтээлч хүн. Аав минь Улсын ардын дуу бүжгийн чуулга, одоогийн Үндэсний дуу бүжгийн чуулгад их хуур хөгжим тоглодог. Алтан үеийнхэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан, мундаг уран бүтээлч байлаа. Тийм болохоор тэр бичлэгийг олон жил бодож явж байгаад, сая олж өгсөн хэрэг.

-Таны хувьд, Монголд рок-поп хөгжмийн урлагийн суурийг тавьж байсан “Соёл эрдэнэ” хамтлагт олон жил дуучнаар ажиллаж байсан, мэргэжлийн уран бүтээлч. Өнөөдөр СУИС-ийн Орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхимийг хариуцан ажиллаж байна. Ер нь өнөө цагийн эстрад урлаг хэр хөгжиж байна, дүгнээд хэлбэл?

-Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг шиг олон зүйл өөрчлөгдөж байна даа. Монголд анх эстрад урлаг хөгжиж эхэлж байхад социализмын үед  хүлээж авахад бэрх, гудамжны урлаг мэтээр ойлгож байлаа. Харин тухайн үеийн төр засгаас соёл урлагийг бодлогоор хөгжүүлэх, дэмжих ажлуудыг маш сайн хийдэг байлаа.  Энэ нь ч нийгэмд сайнаар нөлөөлсөн. Хэдийгээр нэг намын системтэй гэж шүүмжилдэг ч дууны үг ая, утга агуулга гээд бүтээл төрөхөөс эхлээд бүх зүйл нарийн дэгтэй, шаардлага шалгууртай байдаг байлаа. Дууны үг болоод хөгжийн ая, хөг эгшгээ хүртэл нарийн нотолж шалгуулдаг, батлуулдаг байсан.  Энэ нь сайн бүтээл гарах, сайн уран бүтээлч төрөхөд маш их нөлөөлсөн болов уу гэж боддог. Тэр ч утгаараа одоо хүртэл дуулагдсаар, эгшиглэсээр байгаа уран бүтээл цөөнгүй байна. Миний хувьд, мэргэжлээрээ улсад 35 жил ажиллаж байна, үүний 22 жилд багшилж байна. Энэ хугацаанд мөн уран бүтээлээ орхилгүй, бүтээж туурвисаар л явна. 1986 онд гадаадад урлагийн мэргэжлээр гурван сургууль төгсөж ирээд, түүнээсээ хойш улсад тасралтгүй ажиллаж байна. Мэдээж, цаг үе өөрчлөгдөж, хөгжиж, даяаршиж байна. Аливаа зүйл хөгжлийнхөө циклээр урагшлах ёстой. Гэхдээ манай залуу уран бүтээлчид эдгээр уран бүтээлийг өөрийнхөө стил жанраар эвдэж дуулах гэхээс илүүтэй анх ямар хамтлаг, дуучин бүтээж байв. Шүлэг болоод аялгуу хөг зэргийнх нь үүх түүхийг нь нарийн мэддэг, судалдаг байгаасай. Үнэ цэнийг нь битгий алдагдуулаасай гэж боддог.

- Одоо манай урлагийн салбарынхан Соёлын яамтай боллоо. Энэ салбарт ямар ажлуудыг хийгээсэй гэж боддог вэ?

-Бие даасан Соёлын яамтай болно гэдэг сайшаалтай хэрэг. Соёл урлагийн салбарт олон зүйл зөв гольдирлоороо явах байх гэж найдаж байна. Мэдээж, хийж хэрэгжүүлээсэй гэж бодсон зүйл их бий. Тиймээс цаашид мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачидтайгаа хамтарч ажиллаасай. Санал бодлыг нь өргөн хүрээтэй сонсож, илүү даацтай ажлуудыг хийж хэрэгжүүлээсэй гэж бодож байна.

-Манай рок поп урлагийн хуучны дуунуудаас ч тэр, баруунд түгэн дэлгэрсэн дуунуудаас одоо болтол сонсоод уйддаггүй дуунууд байдаг. Харин одоо ингэтлээ их сэтгэлд хоногшсон дуунууд төрөхгүй байх шиг. Үүнийг та юутай холбоотой вэ?

-Орчин үед хөгжмийн урлагийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл их хөгжиж байна. Дууны өнгө аясыг дураараа өөрчилж болдог болсон. Хөнгөн хялбар аргаар уран бүтээл туурвих сонирхолтой залуус ч олон болсон байна. Таарсан шүлгэндээ, дуртай аялгуугаа хийгээд дуулдаг боллоо. Үг аялгуу, утга найруулга, агуулга зэрэгт анхаарахаа больжээ. Энэ нь урлагийн үнэлэмж, уран бүтээлийн үнэ цэнийг алдагдуулахад сөргөөр нөлөөлж байна уу гэж хардаг. Тиймээс чанар чансаатай уран бүтээл хийхэд аль аль талдаа анхаармаар санагддаг. Хэдэн жилийн өмнө бид “Пентатоник” наадам зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулж, уран бүтээл, хамтлаг дуучид маань чансаатай уран бүтээлүүдээ сойдог байлаа. Энэ нь урлаг болоод уран бүтээлчдийг их чанаржуулдаг байлаа. Харин сүүлийн үед ерөнхийдөө зогсонго байдалтай болжээ. Зарим хувийн телевизүүдийн энтертаймент нэвтрүүлэг, реалити шоу зэргээс өөр арга хэмжээ харагдахаа больсон байна. Урлагийн үнэ цэнэ хаа, хаанаа үнэгүйдээд байна уу гэж бодогддог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.20 БААСАН № 223 (6448)

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

1 цаг 2 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

1 цаг 2 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

1 цаг 32 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

2 цаг 53 мин
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

3 цаг 18 мин
С.Бямбацогт: “Эрдэнэс Монгол”-оо Монголын бүх замыг эзэмшиж, яах гээд байгаа юм?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуули

3 цаг 23 мин
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг амиа алдсанаас хойш 26 жил өнгөрч байна. Д

3 цаг 28 мин
С.Зоригийг хөнөөснөөс хойш 26 жил,  С.Зоригийг яагаад хөнөөснийг “ярьсан” сүүлийн 23 өдөр...

​​​​​​​УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг

3 цаг 33 мин
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Манай УИХ яг арван жилийн өмнө, 2014 оны долдугаар сарын 1-нд нэгэн тогтоолыг баталж байв.

3 цаг 38 мин