• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Ястан, үндэстний талаарх Монгол Улсын эрх зүйн зохицуулалт, төрийн үйл ажиллагааны практикийг хянан үзэх тухай зөвлөмж

2020-11-22 09:00

Урадын Э. Булаг

(Их Британийн Кэмбрижийн их сургууль)

 

 

Англи хэлнээс орчуулсан:

Э.Туулайхүү (МУИС, Хууль зүйн сургууль)

Ш.Туяа (МУИС, Шинжлэх ухааны сургууль)

 

 

Энд толилуулан буй зөвлөмжийн төслийг Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль болон Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төв хамтран 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан түр Эксперт бүлгийн хурлаар анх хэлэлцүүлсэн билээ. Түүнээс хойш үр ашигтай санал, шүүмжлэлийг тусгах замаар зөвлөмжийн төслийг засан сайжруулсан. Ийнхүү хуралдсан Эксперт бүлэг нь албан ёсны бус шинжтэй болохын хувьд зөвлөмж нь тухайн Эксперт бүлгийн оролцогчид гарын үсэг зуран эцэслэсэн мэтээр тайлбарлагдахгүй. Урадын Э. Булаг миний бие зөвлөмжид буй (бичсэн) зүйлсийг бүрэн хариуцна.

 

 

  1. Удиртгал

 

Зөвлөмж нь энэ сонинд хэвлэгдсэн “Монгол дахь ястаны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудалнэртэй эрдэм шинжилгээний ѳгүүллийн хамтаар Монгол Улсын улс төрийн биет цогцолбор (нийт ард иргэд [the body politic of Mongolia]), тэдний ирээдүйд санаа зовнидог хэн бүхэнд ястан, үндэсний эв нэгдлийн асуудлыг цогцоор нь эргэн харах зайлшгүй шаардлага энэ цаг үед буйг сануулахад нэмэр болно хэмээн найдаж байна. Учир нь ястны асуудал нь хэрхэн үндэсний ижилсэлийг улсын дотоод дахь бүлгүүд, хөрш орнууд, цаашлаад олон улсын хамтын нийгэмлэгийн үүднээс тодорхойлох асуудлыг хөнддөг. Энэ асуудалд өгөх хариултаа сайжруулах нь үндэсний төдийгүй дэлхийн улс төрийн төвд угсаатан, үндэсний үзлийг ихээхэн халуун маргаантайгаар тавьж буй шинэ эринд нэн тэргүүний асуудал болж байна.

 

Монгол Улсын бүх иргэд үндэсний ижилслээрээ бахархан, Монгол Улс хувьсамтгай дэлхий ертөнцөд өөрийн хөл дээрээ бат зогсож чадах итгэлтэй орон болж, илүү сайн нийгмийг бүтээн босгоход нь дэмжлэг үзүүлэх хүсэл зориг өвөрлөн Зөвлөмжийг боловсруулсан болно. Зөвлөмж нь Монгол Улс, түүний эрх баригчдад тулган шаардах зорилго агуулаагүй бөгөөд үүний оронд хожим Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомж дахь угсаатны талаарх эрх зүйн зохицуулалтаа эргэн харахдаа Зөвлөмжийг иш татаасай хэмээн хүсч байна. Энэ үзэл санааны үндсэн дээр Зөвлөмжийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах УИХ-ын ажлын хэсэг, холбогдох Засгийн газрын агентлаг, яам, иргэний нийгмийн байгууллага, сонирхогч иргэдэд өргөн барина.

 

Монгол Улстай нутаг дэвсгэр зэрэгцэн орших БНХАУ-д олон тооны Монгол үндэстэн амьдардаг, хил залгаа ОХУ-ын Өмнөд Сибирьт Буриад Монголчууд оршин суудаг, мөн ОХУ болон Төв Азийн улсуудад зарим Монгол бүлэг байдгийн хувьд Монгол Улсын угсаатны асуудал нь үндэстэн дамнасан шинжтэй. Зөвлөмж нь Монгол Улсын дотоод нөхцөл байдалд хамаарах хэдий ч өөрийн (дотоод дахь) асуудлаа цэгцлэх нь Монгол Улсыг хоёр хүчирхэг хөрш оронтойгоо харилцаагаа сайжруулж, тэдгээрийн улам бүр хувьсан өөрчлөгдөж буй дотоод угсаатны улс төр (ethnopolitics)-д хүлэгдэхээс сэргийлнэ. Тогтвортой, олон улсын хэмжээнд хүндлэл хүлээсэн Монгол Улс нь дэлхийн Монголчуудыг өөрсдийн оршин буй оронтойгоо төдийгүй өвөг дээдсийн нутагтайгаа илүү холбогдоход туслах нь мөн дамжиггүй биз ээ.

 

Монгол Улсын хувьд угсаатны хоёр (2) асуудал байдгийн нэг нь Монгол бүлгүүдийн хоорондын харилцаанд хамаарах бол нөгөө нь [тэдгээр] Монгол бүлэг болон Монгол Улсын хууль ёсны иргэд болох Казакууд зэрэг Монгол бус бүлгийн хоорондын харилцаанд хамаарна. Эдгээр 2 асуудлыг ихэнх тохиолдолд өөр хооронд нь ялган үздэггүйн нэг жишээ нь бүртгэлийн маягтад буй Халх, Казак, Буриад, Барга зэргийн аль нь болохыг асууж буй “яс үндэс” гэх асуулт юм. Яс, үндэс нь ялгаатай ангилал (category) болно. Тодруулбал яс нь “ястан” (ethnic group)-ийг илэрхийлэх бол үндэс нь “үндэстэн” (nationality)-д илүү хамааралтай. Иймд эдгээр нь ижил биш болно. Ялгаатай ангилал нь улс төрийн адилгүй шинжийг агуулдаг учраас ангиллын тодорхойгүй байдал, төөрөгдлөөс зайлсхийх нь зүйтэй. Зөвлөмж нь эдгээр ангиллыг орлохуйц нэр томъёог санал болгох замаар тодорхойгүй байдлыг тодорхой болгож, иргэний багтаамж (civic capacity), бүтцийн төвөгтэй байдал (structural sophistication)-аа тэлэхэд нь Монгол Улсад дэм болох зорилготой. Улс үндэстний эрх зүйн болон төрийн үйл ажиллагааны практикт өөрчлөлт хийх нь хялбар үйл явц биш гэдгийг ухамсарлан эхний ээлжинд авч болох алхмыг зөвлөж байна.

 

I. Зөвлөмжийн зорилго:

 

  1. Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомж дахь угсаатан, үндэстний талаарх эрх зүйн зохицуулалтыг эргэн харах;
  2. Тодорхой, нэгдсэн ангилал тогтоох замаар Монгол Улсын хууль тогтоомж, бодлого дахь угсаатан, үндэстнийг нэрлэн буй өөр өөр нэр томъёо (үндэс, үндэстэн, үндэстний цөөнх, угсаатан, угсаатны бүлэг, ястан, бага ястан, овогтон, туургатан, уугуул иргэд гэх мэт)-ны төөрөгдөл, тодорхойгүй байдлыг арилгах;
  3. Угсаатныг багтаахын зэрэгцээ түүний хил хязгаарыг тэлсэн төрийн иргэний багтаамжийг дэмжих;
  4. Соёлын олон янз байдлыг алдагдуулахгүйгээр үндэсний хэлхээ холбоог сайжруулах.

 

II. Зөвлөмж:

 

  1. Монгол Улсын Үндсэн хууль (1992)-д Монгол бүлгүүдийг ангиллын нэрээр (Халх, Дөрвөд, Буриад гэх зэргээр) ялгаагүйн хувьд дараах зүйлсийг зөвлөмжилж байна. Үүнд:

 

  1. Хууль зүйн болон албан ёсны бичлэгт Монгол бүлгүүдийг нэрлэхдээ үндэстэн, угсаатан, угсаатны бүлэг, ястан зэрэг ангиллын нэр томъёог хэрэглэхгүй байх;
  2. Ялгаатай Монгол бүлгүүдийн хоорондын ойлголцлыг өөр хооронд нь сөргүүлэх, эрэмбэ дарааллаар авч үзэх бус нэгдлийн доторх олон янз байдлын хувиар бие биедээ харилцан нөлөөлөх байдлаар дэмжин урамшуулах.

 

Улс төрийн болон эрх зүйн бичлэгт ард иргэдийг ямар ангилал, төрөлд хамааруулснаас шалтгаалан тэд түүгээр тодорхойлогддог. Үүнийг “ангиллын нэр/нэр томъёо” (category terms) гэх бөгөөд бид гол төлөв саармаг шинжтэй, бүр төдийлөн ач холбогдолтой биш хэмээн үзэж, түүндээ итгэдэг (угаас тийм гэж боддог). Гэвч бодит байдал дээр нэр томъёоны сонголт нь үл ойлголцол, эс хамаарагдал, зөрчилдөөн, бүр цаашлаад зүй ёсоор хандахгүй бол хүч хэрэглэх явдалд хүргэж болзошгүй байдаг. Үндэстэн, угсаатан, угсаатны бүлэг, ястан зэрэг ангиллын нэр томъёоны ихэнх нь Монгол бүлэг, ард иргэдийг тодорхойлох зорилгоор XX дугаар зуунд зөвхөн Монгол Улсад нэвтэрч, өнөө хэр хэрэглэгдэж байгаа бөгөөд уламжлалт нэрийг бараг ашиглахгүй байна. Иймээс эдгээр нь Монголын нийгэм дэх тухайн бүлэг, ард иргэдийн нөхцөл байдал, гүйцэтгэх үүргийг зохих ёсоор тодорхойлоход бүх тохиолдолд таардаггүй. Илүү асуудалтай нь эдгээр нэр томъёо нь нэг бүлгийг нөгөө бүлгээс давуу гэж үзэх далд санааг илэрхийлж болох ба энэ нь хэтдээ зөрчилдөөнд хүргэх талтай. Үүнээс гадна үндэстэн, угсаатан, угсаатны бүлэг, ястан зэрэг нэр томъёоны талаар тогтсон тодорхойлолт, түгэн дэлгэрсэн үзэл баримтлал байхгүй нь эндүүрэлд хүргэж болзошгүйн дээр цаашид улс төрийн болон эрх зүйн асуудалд хүргэж мэднэ. Өнөөдөр, тухайлбал Дархад үндэстэн, Дархад угсаатан, Дархад угсаатны бүлэг, Дархад ястан гэх мэтээр янз бүрээр нэрлэж буйг албан ёсны бичлэгээс харж болно. Монголчууд “буруу ярьж, зөв ойлгоно” хэмээн хэлэлцдэг ч ийм тодорхойгүй байдлыг арилгах/засах нь улс үндэстний дээд ашиг сонирхлын төлөө байх болов уу.

 

Дээрх байдал нь ялангуяа Буриад зэрэг үндэстэн дамнасан Монгол бүлгийн жишээн дээр илэрдэг. Буриад нь ОХУ-д “нация”-ийн статустай бөгөөд үүнийг Монгол хэлнээ гол төлөв “үндэстэн” хэмээн орчуулдаг. Монгол Улс дахь зарим Буриадууд өөрсдийгөө Буриад үндэстэн хэмээн нэрлэж байхыг сонссон нь лавтай. Энэ нь буруу ярьж зөв ойлгодог хэмээн зөвтгөгдөж болох бас нэгэн жишээ байж болох ч ийм “гэнэн цайлган” ангиллын алдаа нь бүр улсын хил хязгаар давсныг илтгэж байна.

 

Улс төрийн ийм бэрхшээлээс гарах нэг гарц нь Халх үндэстэн, Халх угсаатны бүлэг, Халх ястан гэхийн оронд Халх, Халхчууд/Халхууд зэргээр Монгол бүлгүүдийг зөвхөн ганц болон олон тооны нэрээр илэрхийлж ирсэн түүхэн уламжлалаа дагах явдал байж болох юм. Энэ уламжлалыг институцичлах нь нутгийн болон аман аялгууны олон янз байдлаас үл хамааран бүгд “Монгол үндэстэн” хэмээх нэг ангилалд хамаарна гэх ойлголтыг хөхүүлэн дэмжинэ. Ингэх нь Монгол Улсын Үндсэн хууль, Монголчуудын түүхэн практиктай нийцнэ.

 

Зөвлөмж нь Монгол үндэстэн доторх дэд бүлгүүдийн онцлогийг арилгах зорилгогүй бөгөөд харин эрх зүйн баримт бичигт Монгол бүлгүүдийг албан байдлаар дэд хэсгүүдэд хуваан, ангилалд оруулж буй практикийг халахыг санал болгож байна. Бодит байдал дээр Монгол бүлэг бүрийг ижил хүндэтгэн дээдлэвэл зохих Монгол соёлын өвийн салшгүй нэг хэсэг болсон нутгийн болон аман аялгууны онцлогийг өөртөө тээж яваа гэдгийг Монгол Улс хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах шаардлагатай. Төрийн зүгээс олон янзын Монгол бүлгүүдийн соёлыг Монголчуудын нийтлэг өв байдлаар судлах, хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих нь зүйтэй. Нутгийн болон аман аялгууны олон янз байдлыг “нийтлэг Монгол соёл”-ыг баяжуулан цогцлоож ирсэн гол бүрэлдэхүүн хэсэг хэмээн үзүүштэй.

 

  1. Үндсэн хуульд заасан “үндэстний цөөнх”-ийг хүлээн зөвшөөрөх, Монгол төрийн иргэний багтаамж (civic capacity)-ийг тэлэх хэрэгцээ, шаардлагад тулгуурлан дараах зүйлсийг зөвлөмжилж байна. Үүнд:

 

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн ерөнхий зарчимтай нийцүүлэн “үндэстний цөөнх (national minorities) гэхийг “цөөнх угсаатан (ethnic minorities) болгон өөрчлөлт оруулах. Угсаатан (ethnic group), цөөнх угсаатан (ethnic minority) гэх нэр томъёог хэвшүүлэх.
  2. Монгол Улсын эрх тэгш иргэд болох “цөөнх угсаатан”-ы соёлын хөгжил, хоёр хэлний боловсролд үзүүлэх төрийн дэмжлэгийг нэмэгдүүлэх замаар Монгол төрийн иргэний багтаамж (civic capacity)-ийг сайжруулах. Энэ нь Үндсэн хууль дахь нэг (нэгдмэл) үндэстний тухай зарчмыг сулруулах бус бэхжүүлнэ.

 

Монгол Улс дахь “үндэстний цөөнх” -ийн тухай ойлголт нь олон улсын түвшинд уг ойлголтыг хэрэглэдгээс ялгаатай. Олон улсад энэ нэр томъёо нь гол төлөв төрийн түвшинд улс төрийн төлөөлөлтэй, орон нутгийн түвшинд нутаг дэвсгэрийн бие даасан байдал (territorial autonomy)-тай байх эрх олгогддог угсаатан-үндэстний аспектыг илэрхийлдэг. Харин Монгол Улсын Үндсэн хууль дахь “үндэстний цөөнх”-ийн тодорхойлолт нь тэд эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрх бүхий хэлний хувьд ялгаатай бүлгүүд (“өөр хэл бүхий үндэстний цөөнх”) гэх агуулгатай (Үндсэн хууль, 1 дүгээр бүлэг, 8 дугаар зүйл). Энэ тодорхойлолтын дагуу өөрөөр тайлбарлавал Монгол Улсад “үндэстний цөөнх” хэмээн нэрлэгдэж буй бүлэг нь тус улсад нутаг дэвсгэрийн бие даасан байдал, улсын хууль тогтоох байгууллагад улс төрийн төлөөлөлтэй байх эрх эдлэхгүй.

 

Хэлний хувьд ялгаатай үндэстний цөөнхийн тухай үзэл санаа нь Монгол улс дахь Казакуудын нөхцөл байдалтай холбоотойгоор гарч ирсэн. Казакууд XIX дүгээр зууны сүүл үед Монгол Улсад цагаачлан ирсэн харьцангуй сүүлийн үеийн бүлэг бөгөөд тэдэнд зориулан 1940 онд Ховд аймгаас тодорхой газар нутгийг салган Баян-Өлгий аймгийг байгуулсан. Өөрөөр хэлбэл Казакууд нь Монгол Улсын уугуул гэхээсээ илүү Монгол Улсад цагаачлан ирсэн бүлэг юм. Гэхдээ шинээр тусгаар тогтносон Казакстан Улстай холбоотойгоор Монгол Улс дахь Казакуудын үндэсний үзэл, үндэстэн дамнасан үндэсний үзэл (transnationalism) нь тухайн аймаг (Баян-Өлгий)-т Монгол бүлгүүдтэй үл ойлголцол, үндэсний хэмжээнд зовинол үүсгэж эхэлсэн.

 

Энэ нь ихээхэн эмзэг асуудал хэдий ч үүнийг тоогоогүй мэт хэвээр байх нь тус болохгүй. Зөвлөмжид санал болгож буй нэг арга зам нь ангиллын асуудлыг эргэн харах явдал юм. Үндсэн хуульдаа Монгол Улс нь өөрийгөө “олон үндэстний улс” хэмээн тодорхойлоогүй харин “үндэсний эв нэгдэл”-ийг илүүтэй эрхэмлэдэг нэг үндэстний улс болох тухай онцолсны хувьд “үндэстний цөөнх” хэмээх нэр томъёог авсан нь анхнаасаа алдаа болсон. Ангиллын алдааны ердийн нэг жишээ нь энэ бөгөөд Үндсэн хууль, холбогдох бусад баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах нь төөрөгдлийг багасгахад дөхөм үзүүлнэ.

Үндэстний цөөнх” (national minority) хэмээх ангиллын нэрийг “цөөнх угсаатан” (ethnic minority) болгон өөрчлөх нь Монгол Улс дахь ангиллын эрэмбэ дараалал, нэр томъёог тодорхой болгоно. Үүний үр дүнд үндэстэн (Монгол үндэстэн бүхэлдээ), угсаатан (Монгол, Казак, Тува зэрэг) гэх ангилал тогтоно. Монгол үндэстэн (Mongolian nation/nationality), түүний дараагаар Монгол, Казак, Тува зэрэг угсаатан (ethnic groups) гэж байж болох юм. Казак, Туваг Монгол Улс дахь “цөөнх угсаатан” (ethnic minority) хэмээн үзэх нь зүйтэй.

 

Угсаатны цөөнхийн оронд цөөнх угсаатан (ethnic minority) гэх нэр томъёог хэвшүүлэх нь зохистой хэмээн үзэж байна. Эдгээр 2 нэр томъёо нь ижил төстэй мэт харагдавч үнэндээ нарийн ялгаатай. Казак, Туваг зарим эрх зүйн болон албан ёсны баримт бичгүүдэд нэрлэж буйн адилаар угсаатны цөөнх гэж үзвэл логикийн хувьд Монгол угсаатны цөөнх эсхүл Монгол улсаас гадуур үүсэл гарвалтай Казак угсаатны цөөнх, Тува угсаатны цөөнх хэмээн ойлгогдож болох ба энэ нь улмаар Монгол Улс дахь Казак, Тува цөөнхөд зориулсан тусдаа эх үндэстэн байж болох тухай агуулгыг илэрхийлнэ.

 

  1. Үндсэн хууль болон иргэний бүртгэл, хүн амын тооллогын практикийн хооронд оршин буй ялгааг тэмдэглэж, дараах зүйлсийг зөвлөмжилж байна. Үүнд:

 

  1. Яс үндэс” (англи хэлнээ “(nationality)” хэмээн орчуулагддаг) гэх асуултыг бүртгэлийн маягтаас хасах эсхүл өөрчлөх;
  2. Үндэсний тооллогын маягтад аливаа бүлгийг таних шаардлагатай бол “яс үндэс(nationality) гэхийн оронд “угсаатан (ethnicity) гэх нэр томъёог хэрэглэх асуудлыг харгалзан үзэх.

 

Эдгээр өөрчлөлтийг санал болгож буй үндэслэл нь төөрөгдөлд оруулсан, Үндсэн хууль болон бусад эрх зүйн баримт бичгээр хүлээсэн хүний эрхийг хамгаалах үүрэг амлалттай зөрчилдөж болзошгүй байдлаас сэргийлэхтэй холбоотой. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд хэнийг ч “яс, үндэс” (үндэс, угсаа)-ээр ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан учраас ямар яс, үндэст хамаарахаа тодорхойлон бичихийг янз бүрийн маягт дээр асуух нь Үндсэн хуулийг зөрчсөн агуулгатай байж болохыг үгүйсгэхгүй.

 

Хүн амынхаа бүрэлдэхүүний талаар ерөнхий ойлголт олж авахын тулд төрөл бүрийн мэдээлэл цуглуулах хэрэгцээ, шаардлага төрд бий. Гэхдээ “яс үндэс” гэх нэр томъёо нь үеэ өнгөрөөсөн бөгөөд Үндсэн хуулийн бус юм. Энэ нэр томъёоны гарал үүсэл нь социализмын эхэн үед улс төрийн кампанит ажил байдлаар Монгол улсад “ястан”, “үндэстэн” гэх нэршлийг танилцуулж байх үеэс эхлэлтэй. Тухайн үед социализмыг байгуулах үйл явцын амжилтын нэг хэмжүүр нь аливаа ангилалд хамаарагсдын тоо “бууран үгүй болох”-ыг харах зорилгоор төрөөс бүртгэлийн маягтад яс үндсийг асуудаг байсан явдал юм. 1992 онд Монгол Улс өөрийгөө ардчилсан улс гэж зарлан тунхагласнаар дээрх практик, зорилт нь хоцрогдсон шинжтэй болсон.

 

Яс үндэс гэх нэр томъёоны хэрэглээ нь, тухайлбал Халх, Дөрвөд, Буриад зэрэг дэд Монгол бүлгүүдэд тус бүртээ ястан (ethnic group), үндэстэн (nationality) гэсэн сэтгэгдэл төрүүлдгийн хувьд Монгол Улс дахь Монголчууд хамтдаа угсаатан-үндэстний бүлгийг бүрдүүлнэ гэх одоогийн төрийн суурь үзэл санаатай нийцэхгүй байна. Улмаар Монгол бүлгүүдийн дотор тусдаа “ястны”, бүр “үндэстний” ижилслийг институцичлахыг дэмжиж буй нь Монголчуудын нийтлэг уламжлал, хэлхээ холбоог сулруулах сөрөг үр дагавартай.

 

Халхыг үндэстний олонхыг бүрдүүлж буй Монгол бүлэг, Казакыг Үндсэн хуулийн дагуух “үндэстний цөөнх” (үндэстний цөөнх гэх нь ангиллын алдаа болох талаар өмнө дурдсан) хэмээн томъёолох байдлаар өөр өөр ангилалд хамааруулдаг ч дээрх ангиллын төөрөгдөл нь эдгээрийг улсын бүртгэлд нэг ангилалд оруулахад хүргэдэг. Энэ мэт шалтгааны улмаас Монгол Улсад үндэстэн (nation/nationality), үндэстний цөөнх (national minority) гэхийн оронд угсаатан (ethnic group), цөөнх угсаатан (ethnic minority) гэх нь илүү зохимжтой байна.

 

Ястан, үндэстнээр бүлгүүдийг ялган заах практик нь шаардлагагүй төдийгүй түүхэн бус шинжтэй. Энэ нь саяхнаас үүсэлтэй бөгөөд Монголын уламжлал биш болно. 1206 онд Чингис хаан Монгол Улсыг байгуулсны дараа хийсэн эхний зүйлсийн нэг нь аравт, зуут, мянгат, түмтийн тоон зарчмаар хүн амаа зохион байгуулсан явдал юм. Энэ нь овгийн болон угсаатны зарчимд суурилж байгаагүйг илтгэх бөгөөд иргэний зарчим, практикт үндэслэсэн зохион байгуулалт болно. Монгол үндэстнийг XIX дугаар зуунд мэндэлснийг илтгэх уг төрийн иргэний практикыг бий болгосных нь төлөө Чингис хаанд талархууштай. Монголчуудын энэ өв соёлыг хүй нэгдлийн үеийн зохион байгуулалтад тулгуурласан орчин үеийн угсаатны үзэл суртлын нөлөөгөөр орхиж боломгүй.

 

Ийнхүү зөвлөж буйн цаад санаа нь Монгол Улсын хувьд “Монгол” гэх ангиллыг хоёр түвшинд авч үзэхэд хүргэнэ. Төрийн түвшинд “Монгол” гэдэг нь үндэстэн-улс (nation-state)-ийн нэр бол угсаатны түвшинд энэ нь Халх, Буриад, Дөрвөд гэх мэтийг хамарсан бүлгийн нэр болно. Монгол нь Монгол Улс дахь үндэстний олонхыг бүрдүүлэгч бүлэг юм. Казак, Тува зэрэг Монгол Улсын хууль ёсны иргэд боловч угсаатны хувьд Монгол биш бүлэг бас бий.

 

Үүний улмаас “яс үндэс” гэхийн оронд угсаатан (ethnic group/ethnicity) гэх ангиллыг санал болгож байна. Энэ нэр томъёо нь “этнос” хэмээх Зөвлөлтийн ухагдахууныг орчуулан хэрэглэснээс уг гарвалтай боловч аажмаар хувьсал өөрчлөлтийн замыг туулан, “ethnic group” (угсаатан) гэх утгатай болсон. Бүртгэлийн маягт, үндэсний тооллогын асуулга зэрэгт “яс үндэс” –ийн оронд угсаатан гэх ангиллыг хэвшүүлэх нь зүйтэй бөгөөд ингэхдээ Монгол, Казак болон угсаатны хувьд Монгол биш хэмээн төрөөс хүлээн зөвшөөрсөн бусад бүлэг (Тува, Хятад, Орос зэрэг)-ийн аль нь болохыг тэмдэглэхэд нь зориулан иргэдэд зааварчилгаа өгөх хэрэгтэй. Халх, Буриад, Дөрвөд зэрэг Монгол дэд бүлэг нь Монгол угсаатан гэх нэг ангиллаар бичигдэх тул тусдаа угсаатан гэх статусыг илэрхийлэхгүй. Тиймээс Монгол дэд бүлэгт хамаарагсдыг Монгол хэмээн тэмдэглэх нь зүйтэй.

 

  1. Монгол Улс, түүний угсаатны болон үндэстний ойлголтын талаар дотоодод төдийгүй олон улсад түгээмэл тархсан ангиллын төөрөгдөл, алдаатай төлөөлөл (mis-representation)-ийг анхааралдаа авч дараах зүйлсийг яаралтай засахыг зөвлөмжилж байна. Үүнд:

 

  1. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, төрийн бодлого, зохицуулалтыг тодорхой байдлаар иш татах замаар Монгол Улсын угсаатан, үндэстний асуудлыг ойлгох заавар бүхий баримт бичиг боловсруулан гаргах шаардлагатай. Энэ зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн дэргэд тусгай дэд бүлэг байгуулах нь зүйтэй.
  2. Ангиллын гол нэр томъёоны тайлбар толийг бэлтгэн Засгийн газрын цахим хуудсанд байршуулах хэрэгтэй. Тайлбар толь нь үндэстний цөөнх гэдэгт Монгол улсад Үндсэн хуулиар цөөнх угсаатныг ойлгодог гэх мэт мэдээллийг агуулсан байж болно. Мөн уугуул гэдэгт ихэнхдээ цаа буга маллан амьдардаг Цаатан иргэдийг ойлгодог боловч Сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсын ерөнхийлөгч Монгол Улсын уугуул иргэн байх ёстой гэж заасныг хэрхэн ойлгох вэ? гэх асуулт гардаг. Аль ч тохиолдолд орчуулган дээр адилхан “уугуул” (indigenous) хэмээн буулган хэрэглэж байгаа боловч эхнийх нь эртний бүдүүлэг үеийн шинжээ хадгалан буйтай холбоотой бол удаах нь ирээдүй хойчийн төлөө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн Монгол Улсад оршин суудаг эсэхийг нотлох гэснээс үүдэлтэй эх оронч ижилслийг онцолж буй хэрэг юм. Мөн үндэсний гэх нь иргэн-улс (civic nation)-д, үндэстний гэх нь угсаатан-улс (ethnic nation)-д хамаарна гэх мэтээр тайлбарлаж болно.
  3. Монгол Улс дахь угсаатан, үндэстнийг шинээр системчилсэн ангиллын нэг мөр тодорхой, тусгай орчуулгыг бий болгох нь зүйтэй.
  4. АНУ болон ИБУИНВУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамд нь Монгол Улсын хүн амын бүрэлдэхүүний талаар ялгаатай мэдээлэл түгээж буй зэргийг анхааралдаа аван Монгол Улсын угсаатны төлөөллийг олон улсын хэмжээнд нэг мөр болгоход чиглэсэн системтэй судалгааг эхлүүлэх нь зохистой.
  5. Ангиллын нэр томъёог албан ёсоор тогтоосны дараа тэдгээр шинэ нэр томъёог хэрхэн хэрэглэх талаар сургуулийн сурах бичигт тусгах хэрэгтэй. Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгэм, иргэний боловсрол, газарзүй зэрэг хичээлийн сурах бичигт Монгол Улс дахь угсаатан, үндэстний тухай тусгай бүлэг оруулвал зохино. Энэ зорилгоор ажлын хэсэг байгуулах нь тохиромжтой.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2020.11.11 ДАВАА № 218 (6443)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ