Б.Бүргэд-Очир: Нурууны өвчинд судасны хатуурал, нарийсал нөлөөлдөг

2020-11-12
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Б.ТУУЛ

 

“Олон улсын дүрс оношилгооны өдөр”-ийг угтан анагаах ухааны  салбарт олон арван шавь төрүүлсэн, ажил мэргэжилдээ гаршсан,  “Долмалин” эмнэлгийн Дүрс оношилгооны их эмч Б.Бүргэд-Очирыг урьж, ярилцлаа.

 

-Та эрүүл мэндийн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ. Рентген, дүрс оношилгоо, компьютерт томограф гэсэн оношилгоо бүхий энэ мэргэжлийн онцлог, давуу талыг сонирхуулаач гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

-Би 1971 онд Анагаахын Ухааны Дээд сургуулийг төгсөж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын эмнэлгээс ажлын гараагаа эхэлсэн. Түүнээс хойш 40 гаруй жил халаад өмсөж, зураг уншиж байна. Улсын томоохон эмнэлгүүдэд рентген, компьютер томографын чиглэлээр дагнан ажиллаж байсан. Хавдар судлалын үндэсний төвийн дүрс оношилгооны кабинетыг  анх үүсгэн байгуулалцаж байлаа. Намайг төгсөж байх үед техник, тоног төхөөрөмж өнөөдрийнх шиг байсангүй. Харанхуй өрөөнд зургаа угаадаг байлаа. Харин өнөөдөр дижитал системд шилжээд сайхан болж байна. Энэ хөгжлийг дагаад мэргэшсэн эмч нараа төр засгаас дэмжээд чадавхжуулах юм бол дүрс оношилгооны салбарт их ахиц гарна гэж боддог. Өнөөдөр монголын урдаа барьдаг чадварлаг дүрс оношилгооны эмч нар бүгд миний шавь нар байдаг. Эдгээр хүмүүс маань мөн дараагийн үеэ бэлтгэж байгаа байх. Рентген, дүрс оношилгооны эмчийн хувьд онош нь тогтоогдохгүй байсан өвчнийг оношилж чадсандаа, хорт хавдар гэх мэт хүнд өвчнийг эрт үед нь илрүүлж чадсандаа л баяртай байдаг даа. Эмч хүн ажилдаа дуртай байх, хүнд өвчтөн эдгэрсэн байгааг харах үед л ажил мэргэжлээрээ бахархдаг юм.  

- Танай эмнэлгийг иргэд “Нурууны эмнэлэг” гэдгээр нь илүү сайн мэддэг. Анх ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?

-Манай эмнэлэг 2009 онд байгуулагдсан. Уламжлалт, дотор, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр байгуулагдаад, дараа нь рентген оношилгоо, лабораторийн шинжилгээгээр үйл ажиллагаагаа өргөжүүлээд,  одоо таван чиглэлээр үзлэг, оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Анх манайх уламжлалт эмчилгээ хийхээс гадна нурууны өвдөлт, зовуурь ихтэй хүмүүст тусламж, үйлчилгээг түлхүү үзүүлдэг байсан. Энэ үеэс л нурууны өвчтэй хүмүүс их хандаж эмчлүүлдэг болсон. Тийм болохоор хүмүүс одоо “Долмалин” эмнэлэг гэхээр “Нурууны эмнэлэг үү” гэж их асуудаг болсон доо. 

-Үе мөчний өвчин, нурууны өвчин дотроо олон янз байдаг. Эдгээрийг үүсгэж байгаа гол шалтгаан нь юу байна вэ?

-Үе мөчний өвчин хожуу илэрдэг, нуугдмал шинж чанартай өвчин. Ийм зовуурьтай эмнэлэгт хандаж буй хүмүүсийн анхдагч шалтгаан нь дийлэнхдээ хоолойн үрэвсэл, хоолойн ангина, гүйлсэн булчирхайн үрэвсэл, шүд цоорох өвчин, амны хөндийн өвчлөл, ханиад томуугаа дутуу эмчилснээс үүдэж, үе мөчний өвчтэй болсон байдаг. Мөн цаашлаад бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл, зүрхний хавхлагын хавсарсан эмгэгүүдээр хүндэрдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр өвчний нянгууд зөвхөн үе мөчийг бус бусад олон эрхтэн системийг гэмтээн өвчлүүлдэг учраас анхдагч голомт болох амны хөндийн өвчнөөс сайтар сэргийлж, өвчилсөн үедээ бүрэн эрүүлжүүлэх шаардлагатай. Эмчийн зөвлөгөө зааврын дагуу нарийн шинжилгээнүүдийг хийлгэж, сайн эмчлүүлэх нь чухал.

-Нурууны өвчин дотроо олон янз юм байна. Танай эмнэлэгт гол төлөв ямар шалтгаантай хүмүүс их ирж байна вэ. Насны хувьд, ялгаатай зүйл ажиглагдаж байна уу?

-Нурууны өвчин зовуурь насны хувьд янз бүр байна. Залуучуудын хувьд, хүнд юм буруу өргөх, бэртэж гэмтэх, аваар осолд орсноос үүдэлтэй холбоосны хугарал зэргээс шалтгаалсан дискний гулсалт их байна. Харин ахмад настай хүмүүсийн хувьд, ясны сийрэгжилт, ясны бат бөх чанар муудсанаас болж, нурууны хугарал гэмтлүүд давамгайлж байна. Мөн ерөнхий биеийн судасны хатуурал, нарийсал, бөглөрөл зэргээс шалтгаалан нурууны нугалам, диск рүү орж байгаа цусан хангамж муудсанаас болж, шохойжилт үүсэх, дискний уян хатан чанар муудах, нөхөн төлжилт нь удааширч хатуурах зэрэг өвчлөл давамгайлж байна.

- Нурууны өвчинд амьдралын хэв маяг хэр нөлөөлж байна?

-Зарим үйлчлүүлэгчдээс харж байхад, эдгээр өвчлөл нь насжилт гэхээс илүүтэй эмийн буруу хэрэглээтэй холбоотой байна. Тухайлбал, цус шингэлэх зорилгоор судас хатууруулах эм их ууж байна. Жишээ нь, хэт удаан хугацаагаар, эмчийн хяналтгүй, Аспирин уух, кальци уух зэрэг нь нурууны нугалам руу тэжээл өгөх үүрэгтэй хялгасан судсыг хатууруулж, цусан хангамжийг муутгаж байна. Үүнээс болж нуруу хугарах, гэмтэх өвчин их байна. Халуурсан, ханиалгасан үедээ манайхан өвчин намдаах эм, халуун бууруулах эмийг дураараа хэрэглэдэг. Түүнээсээ болоод архаг үрэвсэлтэй хүмүүст өвчлөл нь нуугдмал болж хүндрэх хийгээд нурууны өвчин элбэг тохиолдож байна. Мөн бага насны хүүхдүүдэд нурууны мурийлт их байна. Энэ нь ихэвчлэн тэгш хэмийн алдагдлаас болж байна. Буруу суух, нэг талдаа дандаа цүнхээ үүрч явах зэргээс болж тэгш хэмийн алдагдал үүсдэг. Нөгөөтэйгүүр, газтай ундаа, фосфорын хүчил агуулсан ундаа их уусантай холбоотой амны хөндийн өвчлөл, шүдний өвчнөөс улбаатай олон төрлийн өвчлөл үүсгэхээс гадна үе мөч, нурууны өвчин үүсгэх шалтгаан болж байна.

-Суугаа ажилтай хүмүүс, жолооч нар их ирж эмчлүүлж байгаа харагдах юм?

-Нурууны зөв галбир бол хотгор гүдгэртэй байдаг. Тиймээс жолооны ард суухдаа бүсэлхий хавиараа нуруугаа хотойлгох маягтай сууж өгөх хэрэгтэй. Бүсэлхийн хотгор гэдэг нь автомашины нумтай л адил зүйл. Нуруу хэчнээн зөв байрлалтай байх тусмаа биеийн болон ажлын ачаалал зөв даах чадвартай байдаг. Тиймээс замын түгжрэлд хөдөлгөөнгүй удаан хугацаагаар сууснаас болж нурууны цусан хангамж мууддаг. Мөн суудлын ард гэдийж бөхийж янз бүр сууснаас болж нурууны гажилт суулт үүсэж байдаг. Манайхан жилд нэг удаа автомашинаа үзлэг оношилгоонд оруулж, тэнхлэг тохиргоогоо шалгуулдаг хэр нь өөрийнхөө хүзүү, нуруу, аарцгийнхаа зургийг ганц удаа ч болов авхуулчихдаггүй, хэнэггүй улс. Зүй нь аливаа өвчнийг бага дээр нь оношлох эмчлэх хэрэгтэй.

-Ер нь нурууны өвчнийг бариа заслаар эмчлэх боломжтой юу. Энэ эмчилгээ тохирох, тохирохгүй гэж байх уу?

-Тухайн хүний бие архаг хууч өвчингүй, яс үе нь харьцангуй эрүүл хүн бол нурууны бага зэргийн суулт, мурийлт бариа заслын эмчилгээний үр дүнд сайжирна. Харин өөр бусад өвчин эмгэгийн шалтгаантай, түүнээсээ болоод нуруу нь өвдсөн хүн бол нэмэлт шинжилгээ, ялган оношилгоо шаардлагатай. Жишээ нь, манай улс сүрьеэгийн өвчлөлөөр дэлхийд дээгүүрт ордог. Сүрьеэ өвчин ганц уушгинд бус ясанд сөргөөр нөлөөлдөг. Сүрьеэгийн халдвар ясанд байгааг мэдэхгүй бариа заслын эмчилгээ хийлгэвэл аюултай байдал үүснэ. Тиймээс энэ бүхнийг гаднаас нь хараад оношлох, мэдэх боломжгүй учраас заавал мэргэжлийн эмчид хандаж, рентген зураг авхуулах зэргээр оношоо зөв тогтоох хэрэгтэй.

-Рентген зураг, дүрс оношилгооны шинжилгээнээс бүх зүйл тодорхой харагдах уу. Өөр ямар шинжилгээ өгөх вэ?

-Зарим хүн өвдөж байгаа хэсэг газрынхаа зургийг авхуулахад болно гэж ойлгодог. Гэтэл өвдөөгүй өөр газарт өвчнийх нь шинж тэмдэг тодроод, голомт нь өөр газар байж байх эрсдэлтэй. Тиймээс аль болох эрсдэлээ зөв тооцоолж үзүүлж, оношоо зөв тодруулах хэрэгтэй. Мөн рентген зургаас гадна нурууны зөөлөн эд, үений үрэвсэл үүсгээд байдаг тэр өвчнийг цусны шинжилгээгээр давхар оношлох нь чухал. Ясны чанарын шинжилгээ, ясны сийрэгжилтийн шинжилгээг давхар өгөх хэрэгтэй. Энэ бүх цогц шинжилгээний ард оношоо зөв тодруулж чадвал эрсдэл гарахаас сэргийлж чадна. Эмч нарын зүгээс харж байхад иргэдийн маань эдийн засгийн боломж тааруухан байдаг учраас энэ бүх шинжилгээ, оношилгоонд хамрагдаж чадахгүй, сургаар таамгаар эмчлэх гэж оролдох нь их байна.  Жишээ нь, манай эмнэлэгт хүзүү өвдөөд байна гэж хандаж байсан хүн хөхний хорт хавдар тусаад, тэр нь хүзүү рүүгээ үсэрхийлсэн байсан. Үе мөч, түнх нуруу өвдөж байна гээд хандаж байсан хүн түрүү булчирхайн хавдар нурууныхаа ясанд үсэрхийлсэн байсан тохиолдлыг байдаг тул эмч нар маань нэмэлт шинжилгээ өгөхийг зөвлөдөг юмаа. Эрсдэл үүсвэл илүү их зардал гарах, цаашлаад амь насаа алдах аюултай учраас эхнээсээ мэргэжлийн эмчид хандаад, шинжилгээ оношилгоондоо хамрагдах нь чухал юм.

- Танай эмнэлгийн хувьд, нурууны өвчнийг цогцоор нь эмчилдэг гээд иргэд ам сайтай байдаг. Эмчилгээ, оношилгооны аргуудаасаа товчхон танилцуулаач?

-Бидний хувьд, манай эмнэлэгт хандсан иргэдийг эхлээд шинжилгээ, оношилгоонд хамруулахыг чухалчилдаг. Зарим хүмүүс шууд л эмчилгээндээ ороод явъя гэдэг. Зарим нь дургүйцээд гараад явах нь ч байдаг. Хүн бүрийн шинжилгээ, оношилгоо харилцан адилгүй гарах нь ч бий. Ер нь бол нурууны өвчин ясны бат бөх шинж чанараас ихээхэн хамаардаг учраас бид үндсэн таван үзүүлэлтээр шинжилгээ хийж, оношоо тодруулдаг. Тухайн хүн эмчид үзүүлсний дараа ясны сийрэгжилтийн шинжилгээг хэт авиан оношилгооны аппаратаар оношилдог. Мөн ясны чанар муутгах, ясны сийрэгжилт үүсгэхэд нөлөөлөх Д витамины дутагдлыг цусанд нь оношилж байна. Гуравт нь, үе мөчний үрэвсэл нь нянгийн гаралтай байна уу, дархлааны шалтгаант байна уу, бодисын солилцооны алдагдлаас шалтгаалсан байна уу, үе мөчний өвчин далд хэлбэрийн үрэвсэлтэй байна уу гэдгийг нь нарийвчилсан үзүүлэлтээр гаргадаг. Дотор эрхтний шалтгаант өвчлөлөөс үүдэлтэй эсэхийг тодруулахаарө ЭХО оношилгоонд хамруулдаг. Эдгээрээс хамгийн гол шинжилгээ бол нурууны рентген оношилгоо юм.

-Эмчилгээний арга барил нь оношоосоо шалтгаалаад өөр байх уу?

- Тухайн хүний өвчний онош, нурууны өвчний үе шат зэргээс шалтгаалан эмийн эмчилгээ, эмчилгээний арга барил өөр өөр байдаг. Тухайлбал, эмийн эмчилгээний хувьд, нурууны дискний суулттай хүмүүст нурууны диск нөхөн төлжүүлэх эмчилгээг хийдэг. Нурууны диск сууна гэдэг нь нөхөн төлжих чадвар, уян хатан чадвараа алдсан байна гэсэн үг. Нурууны дискний судасжилт болон цусны урсгалыг сайжруулах, бие махбодод байх шим тэжээлийг судсаар өгөх замыг нь нээж өгөх эм, тариа дуслыг хийдэг. Мөн хоол ундны шингээлтийг сайжруулах зорилгоор ходоодны эмчилгээг хавсарч хийдэг. Ингэснээр ууц нурууны хэсгийн өвдөлт зовуурь намжих давуу талтай. Мөн бөөрний үйл ажиллагаа, эмгэг өөрчлөлтүүд нурууны өвчинд шууд хамаардаг учраас энэ чиглэлийн эмчилгээнүүдийг мөн давхар хийнэ. Түүнчлэн бамбай булчирхайн өвчнийг оношлоод, түүнд нь таарсан уламжлалт эмчилгээг хийж байна. Нурууны нугалам, дискний жийргэвч маань нурууны нугаламд байрлаж жижиг хялгасан судсаар тэжээгдэж байдаг. Тийм болохоор бид тэнд судасны хатуурал бөглөрөл байна уу гэдгийг цусан дахь өөх тосны хэрэглээ, хатуурлын зэрэг зэргийг тохирох шинжилгээнүүдээр тодорхойлдог.

Нурууны нугалмын суулттай хүмүүст бариа, татлага эмчилгээг хавсарч хийж байна. Нурууны мурийлт хазайлт, тэгш хэм нь алдагдсан хүмүүст бариа засал, нурууны дискний цусан хангамжийг сайжруулах, өвдөлт намдаах шарлага эмчилгээг хийж байна. Мөн нурууны зөөлөн эд, цусан хангамж, хялгасан судсыг сэргээх зорилго бүхий өндөр давтамжтай “HiTop” долгион эмчилгээг Монголд анх удаа нэвтрүүлээд байгаа. Энэ эмчилгээ нь булчин болон мэдрэлийн эсийг сэргээж, эсийн бодисын солилцоонд шууд нөлөөлдөг бөгөөд бүсэлхий нурууны өвдөлтийн синдром, хүзүүний нугалмын өвдөлтийн синдром, мөр гарын өвдөлтийн синдром зэрэг олон төрлийн синдромтой хүмүүст зарим эмчилгээний аргаар намдаах боломжгүй өвдөлт намдаах чухал ач холбогдолтой байдаг.

-Та бүхнийг эрүүл мэндийн  салбарт, хүн ам руу чиглэсэн  идэвх санаачилгатай ажлыг их хийдэг гэж сонссон. Шинээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа сонирхуулаач?

-Бидний зүгээс эрүүл мэндийн салбарт, хүн амынхаа эрүүл мэндэд зориулж хийсэн багагүй ажлууд бий. Үүнээс дурдвал, нурууны дискний цусан хангамжийг сайжруулах, судасны нарийсал, хатуурал, бөглөрлийн эсрэг судасны эмчилгээний шинэ аргыг Монголдоо нэвтрүүлсэн. Энэ эмчилгээ 2013 онд ЭМЯ-ны эмийн эмчилгээнд албан ёсоор бүртгэгдэж, 2017 онд Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан. Энэ эмийг Монгол Улсынхаа эрүүл мэндийн салбарт эмчилгээнд нэвтрүүлсэн нь бидний томоохон ололт амжилтын нэг юм. Гэхдээ энэ нь хууль дүрмийнхээ дагуу эмчилгээнд бид анх удаа нэвтрүүлж байгаа боловч уламжлалт эмчилгээ, ардын ухаанаас аваад үзэхэд, эрт дээр үед Монголын ард түмэн 3000 мянган жилийн тэртээ эмчилгээнд хэрэглэж байсан түүхтэй юм. Эртний хэллэгээрээ “Гагнуур өвс” хэмээн нэрлэгддэг ургамлын гаралтай эмийг монголчууд яс хугарах, мах  тасрах, бүх төрлийн үрэвсэл, гэмтэл бэртлийн өвчинд хэрэглэж ирсэн байна. Одоо орчин үеийн эмийн хэлбэрт зөөлөн капсул, тариа хэлбэртэйгээр “Луотай” нэртэйгээр үйлдвэрлэгдэж байгаа. Тус эмчилгээ маань зүрх судасны өвчин, даралт ихсэх өвчинд үр дүнтэй байгаа нь практикт ажиглагдаж байна.  

-Уламжлалт, европ эмчилгээг хослуулан хэрэглэх гээд их ярьдаг. Харин танай эмнэлэг биеийн ерөнхий тэгш хэм засах, судасны цусан хангамж сайжруулах тухай их ярих юм. Үүний учрыг тайлбарлаач?

- Одоо манай дийлэнх эмнэлгүүд нуруу өвдсөн үед булчин суллах эмчилгээг өргөн хэрэглэдэг. Энэ эмчилгээний арга нь богино хугацаанд хийгдэх эмчилгээ юм. Учир нь нурууны булчин бол байнга чанга байх тусмаа нурууг хамгаалдаг, биеийн тэгш хэмийг хангаж байж, эмчилгээний үр дүн өндөр гарч байдаг. Зарим хүмүүс нурууны хүнд хагалгаанд ороод гараад ирсэн ч бусад үенд мурийлт, хазайлт өгөөд байдаг. Энэ нь нөгөө л нурууны тэгш хэмтэй холбоотой. Ерөнхий биеийн тэгш хэм алдагдсан байхад бид доор нь мянга хадаж бөхлөөд нэмэргүй. Тиймээс бид биеийн ерөнхий тэгш хэмийг засах эмчилгээг гол зарчим болгож ажилладаг юм. Энэ эмчилгээний аргаар бид цөөнгүй хүнийг эдгэж эрүүлжүүлэхэд хувь нэмрээ оруулж, үр дүнг нь үзэж байна. Дэлхийн тэгш хэм алдагдвал байгалийн гамшиг, газар хөдлөлт, цунами болдог. Байшин барилгын тэгш хэм алдагдвал нурдаг. Машины тэгш хэм алдагдвал аваар осол гардаг, эвдрэл хэмхрэл үүсдэг. Хүний тэгш хэм алдагдвал нурууны өвчин үүсдэг. Нурууны өвчнөөс 32 хос мэдрэлийн судасны цусны үйл ажиллагаанд өөрчлөлт ордог. Дотор бүх эрхтэн өвчилдөг. Тийм болохоор нуруу бол бүх биеийн эрүүл мэндийн ноён нуруу гэсэн гол зарчмыг баримталж эмчилгээ үйлчилгээгээ явуулдаг даа. Бид таны хэлдгээр, нурууны тэгш хэмийн алдагдлыг засах, судсыг цэвэрлэж, цусан хангамжийг сайжруулах энэ хоёр эмчилгээгээрээ аль болох олон хүнд туслахыг хичээн ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.12 ПҮРЭВ № 219 (6444)

 

Зочин
Хаана байдаг эмнэлэг вэ. Хаяг утасны дугаар байна уу?
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

4 цаг 11 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

5 цаг 11 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

5 цаг 13 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

5 цаг 17 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

5 цаг 48 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

6 цаг 53 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

10 цаг 2 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

12 цаг 50 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

12 цаг 55 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

13 цаг 0 мин