О.Төрболд: Улс орнууд сэтгэл санааны хохирлын сан байгуулж, хуримтлал үүсгэдэг

2020-11-09
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

С.УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж,  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцан тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач О.Төрболдыг урилаа.

 

СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРОЛ ГЭДЭГ ОЙЛГОЛТ ОРХИГДСОН

Блиц

Овог нэр:  Очирбатын Төрболд

Боловсрол:

-2003-2013 он:Төв аймаг Баянхангай сум 12 жилийн дунд сургууль

-2013-2018 он: МУИС-Хууль зүйн сургууль-эрх зүй

Дипломын сэдэв:

Хууль тогтоох эрх мэдлийг шилжүүлэх Үндсэн хуулийн хориг ба хязгаар

Ажлын туршлага:

-2018- 2019 он:  Худалдаа хөгжлийн банк, Тусгай активын ажилтан

-2019 оноос: Хууль зүйн үндэсний хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан

-Манай улсын хувьд хууль эрхзүйн талаасаа сэтгэл санааны хохирол гэсэн тодорхойлолт, тооцох аргачлал байхгүй. Албан бусаар бол эд хөрөнгийн бус хохирлыг материаллаг бус буюу бие эрхтэн, сэтгэц, баяр баясгалангүй болох, мэс заслын улмаас үүссэн нерви зэргээр тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, одоогийн эрхзүйн практикт сэтгэл санааны хохирол гэдэг ойлголт орхигдсон. Уг нь сэтгэл санааны буюу амины эрх нь эд хөрөнгийн бус шинж чанартай баялгийн эрх юм.

Хууль тогтоомжоор хүлээн зөвшөөрч, зохицуулж, хамгаалж  буй баялаг бөгөөд хувь хүн, хуулийн этгээдээс салгаж үл болох эрх юм. Иргэний хуулийн тайлбарт  эд хөрөнгийн бус хохирол гэдэг нь материаллаг бус бүх хохирлыг хэлнэ. Тухайлбал, бие эрхтэний болон сэтгэцийн хохирол, цаашлаад амьдралын баяр баясгалан байхгүй болох, хийлгэх ёстой хүнд мэс заслын улмаас үүссэн нервийн ачаалал гэх мэт хамаарна хэмээн тодорхойлсон байна. Гэтэл Иргэний хууль, Эрүүгийн хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар эд хөрөнгийн хохирлыг бүрэн тооцож байгаа ч эдийн бус хохирол буюу сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож арилгахыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, манайд сэтгэл санааны хохирлыг тодорхойлсон тодорхойлолт байхгүй зөвхөн нэр төр, алдар хүнд хэмээн ойлгогдохоор хуульчилсан байгаа нь эрх зүйн зохицуулалт дутмаг байгааг илтгэж байна. Хэдийгээр хууль эрхзүйн орчин хангалтгүй ч  шүүхээс хохирлыг барагдуулахгүй гэсэн үг биш. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болохгүй” хэмээн заасан байдаг. Энэ утгаараа одоогийн практикаар шүүгч дотоод итгэл үнэмшлээрээ тухайн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг.

Гэм хор ба хохирол гэсэн нэр томьёо хоорондоо яг нийцдэггүй. Гэм хор нь нэлээд өргөн хүрээтэй ухагдахуун бөгөөд эд хөрөнгийн эрхийн ба эд хөрөнгийн бус гэж хуваагдана. Эд хөрөнгийн гэм хорын мөнгөн үнэлгээг хохирол гэж нэрлэнэ  гэж үздэг. Эдийн бус гэм хор гэдэгт эдийн бус баялаг, хувийн эрх нь зөрчигдсөн байдлыг ойлгож болно.  Эдийн бус баялагт амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, хувийн амьдралын халдашгүй байдал, хувийн болон гэр бүлийн нууц зэрэг орно. Эдийн бус хувийн эрх гэдэгт оршин суугаа газраа чөлөөтэй сонгох, зохиогчийн эрх, өөрийн нэрийг хэрэглэх эрх зэрэг орно. Эдгээр баялаг, эрхийг эдийн бус гэж тодорхойлох гол шалгуур бол түүнийг бусад этгээдэд дамжуулж болдоггүй, зөвхөн тухайн этгээдэд хамааралтай байдаг онцлогтой юм.

Олон улсад  эд хөрөнгийн хохирлоос гадна эдийн бус хохирол буюу амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаанд үүссэн сөрөг үр дагавар буюу өвдөлт, гутрал, ганцаардал гэх мэт мөнгөөр үнэлж болохгүй алдагдал. Эсвэл эдийн засгийн боломжоо алдсан зэрэгтэй холбоотой хохирлыг арилгуулах нь гэм хорын эрх зүйн хүрээнд зохицуулагддаг.  

Швед, Финланд улс 1974 онд гэм хорын хариуцлагын акт бий болгосон. АНУ-д 1982 онд Гэмт хэргийн үйлдлийн нэгдмэл хохирогчийн хуулиар сэтгэл санааны хохирол нөлөөллийн талаар нэгдмэл байх эрхийг баталгаажуулсан  байх жишээтэй. Гэтэл манай улс сэтгэл санааны хохирол гэдгээ ч нарийн тодорхойлж чадаагүй, нэгдсэн ойлголттой болж эрхзүйн орчин бүрдээгүй гэхээр олон улсаас хэр их хоцорсон нь харагдана. Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зөрчигдсөн эрхийг сэргээх, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактад иргэн хүн учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэйг заасан. Хүний эрхийн түгээмэл тунхаглал 1948 онд батлагдаж Монгол Улс нэгдэж орсноос хойш эрхзүйн орчин бий болох хангалттай хугацаа өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.

 

УЛС ОРНУУД “ХУВЬ ХҮНИЙ ХОХИРЛЫН ЗӨВЛӨХ КОМИСС”-ТОЙ 

 

-Бусад улсын практикаас харвал гэмт хэргийн улмаас хохирсон хүний санаа сэтгэл, бие эрхтний эдийн бус хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлж арилгах эрх зүйн зохицуулалтыг Иргэний хууль, Гэм хорын хариуцлагын тухай акт, Хөдөлмөрийн тухай хуулиудаар зохицуулж байна. Эдгээр зохицуулалтад нийтлэг байдлаар тодорхой төрлийн үйлдлийн сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлэн дээд болон доод хэмжээг тусгаж өгч тэр хүрээнд шүүх нотлох баримт, нөхцөл байдлыг үнэлэн нөхөн төлбөрийг ногдуулж байна. Мөн хохирогчийн хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүднээс Засгийн газар нь нөхөн төлбөр олгох сан байгуулж түүндээ хуримтлал бий болгож байгаа сайн жишиг бий. Сэтгэл санааны хохирлыг хүснэгтлэх байдлаар тооцох аргачлал, мөнгөн дүнг нь нарийн тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, сэтгэл санааны хохирол гэдэг эд хөрөнгийн хохирол болон эд хөрөнгийн бус хохирлоос үүссэн сэтгэл зүйд бий болсон зовлон шаналал гэж ойлгож болохоор байгаа юм. ОХУ-д эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэхэд Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай, Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хууль болон Эрделевскийн хүснэгтийг ашигладаг.  Шүүхээр шийдвэрлэсэн кейс харвал, ОХУ-д иргэн нэг хиймэл шүд хийлгэхээр очоод эмчийн буруугаас болж таван эрүүл шүдээ авахуулахад хүрсэн байгаа юм. Хохирогчид шүүхээс сэтгэл санааны хохирол болгон 5000 рублийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн.

Финланд, Шведэд Гэм хорын хариуцлагын акт байдаг. Түүнээсээ хохирлыг нөхөн төлүүлэх жишээтэй. Хувь хүний хохирлын зөвлөх комиссын зөвлөмжөөр бэлгийн мөлжлөг бол 10-30 мянган евро, халдашгүй байдлын эсрэг сэтгэл санааны хохирол учруулсан бол 200-500 евро, дотны хүн нас барснаас үүдэж сэтгэл санааны хохирол учирсан бол гэдгийг нарийвчлан зааж өгдөг. Хүүхдээ алдсан бол 2-11 мянган евро, эцэг эхээ алдсан бол 2-15, төрсөн ах дүү бол 2-8 мянган евро олгодог. Манайд бол оршуулгын зардалд сая төгрөг өгдөг. Өөрөөр хэлбэл, сэтгэл санааны хохирол гэдэг бол зовлон шаналлынх нь дарамтаас нь бага ч гэсэн чөлөөлж, багасгаж байгаа явдал.

2004 онд Финланд улсын Хууль зүйн яам “Гэм хорын хариуцлагын акт”-д заасан зовлон, шаналал ба материаллаг бус хохирлын хэмжээг тодорхойлох, боловсронгуй болгох “Хувь хүний хохирлын Зөвлөх комисс”-ыг байгуулсан. Зовлон, шаналал буюу сэтгэл санааны хохирол нь хүний үндсэн эрхийн зөрчилд хамаарах ба хуулиар хувь хүний эрх чөлөө, амгалан тайван байдал, алдар хүнд ба хувийн амьдрал, ялгаварлан гадуурхагдахгүй байх эрх зэргийг зөрчсөн эрүүгийн гэмт хэрэг. Мөн хувь хүний халдашгүй байдлыг зориудаар эсвэл хүндрүүлсэн хайхрамжгүй байдлаар зөрчсөн зэргийг авч үздэг байна. Эдгээр нь бодитой сэтгэл санааны хохирол бөгөөд эмпирик тодорхойлолт шаардлагагүй. Мөн АНУ, Япон зэрэг цөөнгүй улс орнууд сэтгэл санааны хохирол барагдуулах сантай. Япон улсын хуулиар хохирогч гурван жилийн дотор шүүхэд хандах эрхтэй бөгөөд нөхөн төлбөрийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байдаг. АНУ-ын нэг мужид хорт хавдрын оноштой хүнийг хагалгаанд оруулсан. Хагалгаа хийтэл нөгөө хүн хавдаргүй болж таарсан учраас онош тавьсан эмнэлгийг шүүхэд өгсөн байдаг. Шүүхээс сэтгэл санааны хохирол учирсан хэмээн үзэж эмнэлгээс 12.5 сая ам.долларын мөнгөн дүн олгуулсан байдаг. Энэ мэтээр бусад улс орнууд сэтгэл санааны хохирлыг нарийн тооцож нөхөн төлбөр олгож байгаа сайн жишиг бий.

 

НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭС БҮРДСЭН ХОХИРОЛ ҮНЭЛДЭГ ТУСГАЙ НЭГЖ АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

 

-Манай улсын хувьд сэтгэл санааны хохирлыг тооцож арилгах эрхзүйн орчин  байхгүй гэх  үндэслэлээр хэргийг шийдвэрлэхгүй орхиж болохгүй. Үндсэн хуульд бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гээд Үндсэн эрхийг зааж өгсөн байдаг. Энэ эрхээс үндэслээд бусад хуулиар сэтгэл санааны хохирлыг зохицуулж өгөх боломжтой. Суурь зохицуулалтаас үндэслээд дагалдах эрхийг хамгаална гэсэн үг. Нэн түрүүнд сэтгэл санааны хохирол гэж юу вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай. Иргэний хуульд хүний нэр төр, алдар хүнд бол сэтгэл санааны хохирол мөн  гэж заасан хэдий ч хэтэрхий явцуу утгаар орсон.

Сэтгэл санааны хохирлыг тооцдог болохын тулд бусад улс орны сайн жишээг харах хэрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэл санааны хохирлыг тооцож ажиллагаа явуулж тусгай байгууллагын дотор нэгж ажиллуулж болно. Бельги, Швед, Финланд улсын зөвлөмж шиг тодорхой тохиолдлоос хамаарч мөнгөн дүнгийн бага, дээд хэмээг тогтоож өгч болно. Мөнгөн дүнг хатуу гэхээс илүү сонгох боломжтой байдлаар журамлах хэрэгтэй.

Сэтгэл санааны хохирлыг үнэлэхдээ хуульч, сэтгэлзүйч, шинжээч зэрэг нарийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн тусгай нэгж байгуулж болно. Шинжээчийн дүгнэлтээр шүүх шийдвэрээ гаргах боломжтой байдлаар зохицуулж болно. Шүүхийн шинжилгээний байгууллагад сэтгэл санааны хохирлыг үнэлдэг нэгж ажиллуулснаар тооцох боломж бүрдэнэ. Иргэний болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд тусгахаас гадна бусад улс орон шиг гэм хорын хариуцлагын акт зэргээр бие даасан хуультай болоход ч буруудахгүй. Хөрөнгийн үнэлгээний хуульд зөвхөн материаллаг эд зүйл биш эдийн бус хохирлыг хэрхэн үнэлэх талаар тусгах боломжтой.

Сэтгэл санааны хохиролтой холбоотой шүүхээр шийдэгдсэн кейсүүд олон бий. Японы нэг иргэн сонины газар руу нийтлэл хэвлүүлэхээр явуулахад татгалзсан хариу өгдөг. Гэтэл тухайн иргэн сэтгэл санаа хямарлаа гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа юм.

Шүүх нэхэмжлэлийг хангаагүй ч гэсэн энэ бол тухайн улсын иргэдийн хандлага, эрхзүйн соёл ямар байгааг харуулж байгаа хэрэг. Гэтэл манай улсад нэгэн хэвлэлийн байгууллага уран илтгэгчийг хүмүүсийг төөрөгдүүлдэг, худал ярьдаг гэж мэдээлснээс болж нэр төр гутаж, сэтгэл санаад хохир учирлаа гэж шүүхэд өгч 150 сая төгрөг нэхэмжлэхэд шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Гэтэл ихэнх улс орнууд сэтгэл санааны хохирлыг иргэний хувийн эдийн бус эрх болон түүнтэй хамааралтай эдийн бус эрхийг зөрчсөнөөс үүсэх сэтгэлийн зовлон шаналал гэж тодорхойлдог. Энэ өнцгөөс харвал тухайн хүнд зовлон шаналал учирч, нэр төр сэвтсэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, сэтгэл санааны хохирлын талаар албан эх сурвалжуудад тусгаж эрх зүйн орчин, загварыг бий болгох шаардлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.9 ДАВАА № 216 (6441)

 

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

5 цаг 34 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

5 цаг 57 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

5 цаг 58 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

5 цаг 59 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

7 цаг 10 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

7 цаг 44 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

8 цаг 6 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

8 цаг 27 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

8 цаг 44 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

9 цаг 0 мин