Р.Тамираа: Үндэсний онцлогтой монгол волейбол гэж байх ёстой

2020-10-02
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Энэ удаагийн “Өөр зочин” буландаа “Ноён” клубын ерөнхий дасгалжуулагч Р.Тамирааг урилаа.

 

-“Ноён” клуб анх байгуулагдаж байсан талаар дурсвал?

-Манай клуб 1997 онд байгуулагдсан байдаг юм. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга асан Д.Эрдэнэбат гишүүн, гавьяат дасгалжуулагч  Д.Халзан багшийн санаачилгаар  байгуулсан спорт клуб. Мөн хүүхэд, залуучуудыг спортоор хичээллүүлэх, бие хүн болгож төлөвшүүлэх үндсэн зорилготой.

Харин би энэ клубд Хэнтий аймагт 1997 онд аравдугаар ангиа төгсөөд “МУБИС”-ын Биеийн тамирын сургуульд оюутан болсноор элсч байсан юм.

-Тэгэхээр клуб байгуулагдсан, их сургуулийн оюутан болсон үетэй чинь давхцжээ?

-Тийм. Энэ нь том хувь завшаан байсан. Мөн энэ хүмүүстэй учраад клубын тамирчнаар тоглож эхэлсэн юм. Түүнээс хойш клубын тамирчнаас багийн  туслах дасгалжуулагч, ахлах дасгалжуулагч, менежерээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай клуб байгуулагдаад  23 жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд хийж бүтээсэн ажил ч их бий. Тэр дундаас хамгийн гол зүйл нь хүүхдүүдийг спортоор дамжуулан бие хүн болгож төлөвшүүлэх нь их чухал.

-Хүүхдийг спортоор яаж бие хүн болгож төлөвшүүлэх вэ?

-Одоо өөрийгөө, хүн хүнээ мэдэхгүй болчихсон технологийн цаг үе ирээд байна. Мөн нийгмийн хөгжлөө дагаад  хүний хөгжил нь хоцрогдоод байна. Энд бие хүний хөгжил, бие бялдрын хөгжил хоцрогдоод байна. Тиймээс сүүлийн жилүүдэд энэ тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Мөн волейбол гэдэг үндсэн ухагдахуунаас гадна хүмүүжил, төлөвшил, бие бялдрын боловсрол гэсэн чухал юмнууд яваад байна. Одоо бол эцэг эхчүүд тамирчин бэлдээд өг гэхээсээ илүү энэ хүүхдийг ойлгохоо болилоо. Та хүмүүжүүлж, төлөвшүүлээд өгөөч. Гар утаснаасаа салахаа болилоо гэдэг. Харин дараагийн өөр нэг асуудал нь жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдалд орчихлоо. Тураагаад өгөөч гэж ханддаг болоод байна.   Гэхдээ бидний амьдарч байгаа нийгэм биднээс хамаарахгүйгээр ийм зүйл рүү явж байна.

-Мэдээж хүүхдүүдийн сонирхлыг харгалзахаас гадна  шалгуур тавьж авна биз дээ?

-Манай клубын хувьд анх байгуулагдаад дээд зэрэглэлийн түвшин, дээд лигт, тамирчин бэлдэх зорилготой байсан.  Харин дараа нь волейболыг хөгжүүлэхийн тулд сууриас нь бэлдэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож мэдсэн.Тухайлбал, суурь гэхээр хүүхдийн хөгжлийн тухай ярих хэрэгтэй болж ирсэн. Тэгээд бид багийн удирдлага, дасгалжуулагчийн түвшинд үндэсний дээд зэрэглэлийн багуудыг  бэлдэхээ 2005 оноос хойш ерөнхийдөө больсон. Хэнтий аймаг, Багануур дүүрэг, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн сургууль дээр төрөлжсөн сургалттай анги, бүлгэмийг орон нутгийн  удирдлага, сургуулийн захиргаа болон  эцэг эхчүүдтэй хамтран нээж ажиллуулсан. Бид хүүхдүүдийг багаас нь төрөлжсөн сургалттай ангидаа бэлдэж эхлээд тав дахь төгсөлтөө хийсэн. Гол  зорилго нь хүүхдэд багаас нь спорт, бие бялдрын боловсрол олгохыг зорьж байна. Үүгээрээ дамжуулаад хүүхэд өөртөө итгэх үнэмшлийг олж авна. Хийж чаддаг зүйлтэй хүүхэд харц дээгүүр, өөртөө итгэлтэй болно  гэсэн үг юм. Энэ талаас нь буюу хүнийг төлөвшүүлэх тал руу нь илүү анхаарч тоглож сурахаасаа өмнө хүнтэй мэндэлж, уучлалт гуйж сур, би гэсэн  сэтгэлгээнээс бид гэсэн сэтгэлгээтэй бол гэж хэлдэг. Энэ талын боловсролтой болсноор багаараа волейбол тоглодог болно.

-Тамирчнаа яаж сонгодог вэ?

-Мэдээж  тамирчин бэлдэхийн тулд өндөр, бие бялдрын хөгжил сайтай, сэтгэн бодох хурд, хөдөлгөөний эвсэл гэсэн ур чадварыг нь харгалзан үзэж төрөлжсөн ангиудаасаа хүүхдүүдээ сонгож авдаг. Харин одоо эцэг эхчүүд нь хүүхдээ тамирчин болгохоор дагуулаад ирж байна. Ийм эрэлт хэрэгцээ ихтэй байгаа одоогийн нөхцөлд бид сонгож авах  боломжгүй болоод байна. Энэ нь бидэнд одоо тулгараад байгаа нэг асуудал юм. Өөр нэг зүйл нь  орчин үед хүүхдийг өөрийнхөөр нь байлгах  их чухал. Учир нь хүүхэд чинь хязгааргүй бодож сэтгэдэг. Харин бид ийм байх ёстой гэж заагаад  сэтгэлгээг нь хязгаарлаад нэг түвшинд аваачаад байна. Тэрнээс биш хүүхдүүд чинь агуу сэтгэнэ шүү дээ. Хүүхэд сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаггүй ч бодож, сэтгэх, хийх чадамж  асар өндөр. Бид  гэр бүлийг нь орлож чадахгүй. Гэхдээ хоёр дахь гэр бүл чинь болж чадна гэдгийг ойлгуулснаар  хүүхдийн аливаа зүйлд хандах хандлага нь өөрчлөгддөг. Мөн хүүхэд  сэтгэлээсээ хандаж бидэнд бүх зүйлээ ярьдаг болно. Бид түүнийг нь хуваалцсанаар гэр бүлийн зарчим руу илүү түлхүү дөхүүлэхийг хичээдэг.

-Хүүхдүүдийг багаас нь сургана гэлээ. Тэгэхээр хэдэн насны хүүхдүүд хамрагдах боломжтой вэ?

-Монголын волейболын тамирчдын насны тухай ярихад хамгийн бага нь 12 настай хүүхэд тоглодог минигийн улсын аварга шалгаруулах тэмцээн гэж байдаг. Сая Спортын төв ордонд болсон  идэрчүүдийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд манай клубын 18 настай хүүхдүүд тоглож аварга боллоо.  6-7 жилийн туршлагатай хүүхдүүд дээд түвшинд тоглож байна. Гэхдээ энэ насыг бид илүү багасгах ёстой. Олон улсын түвшинд академикийн хэлбэрт шилжсэнээр  хүүхдүүдийг зургаан наснаас нь хичээллүүлдэг. Манайд 12 наснаас нь хичээллүүлдэг. Зургаан жил, зургаан насны зөрүү байгаа биз. Тоглолтын үеэр гараад байгаа жижиг алдаанууд чинь суурь нь оройтсон, туршлага багатай хүүхдүүд чинь сэтгэл хөдлөлөө  удирдаж чаддаггүйтэй холбоотой. Тиймээс “Ноён” клубынхаа дэргэд  улирлын хөгжлийг тодорхой шатанд ахиулахын тулд “Монголын хүүхдийн волейболын академи” гэж байгуулсан юм. Академи нь сургалт явуулах, тэмцээн зохиох, үндэсний хэмжээнд энэ бүхнийг зангидаад явах боломжтой байгууллага. Ингэснээр Монголын  сургалтын цөм хөтөлбөрийг гаргаж ирнэ гэсэн үг. Багш нарт 12-18 насны хүүхдийг  волейбол тоглож сургах хөтөлбөр байна. Харин 8-12 насны хүүхдийг сургах хөтөлбөр байхгүй. Миний бодлоор сүүлийн үед хийж байгаа  гол ажил нь бага насны хүүхдийг спортод хэрхэн дуртай болгох.Ямар  бэлтгэл сургуулилтаар суурь боловсролыг олгох вэ гэдэг асуудал юм. Гэхдээ хүүхдүүдийг  зургаан наснаас нь биш ч найман наснаас нь тохирсон тэмцээн уралдаан, сургалтын арга зүйтэй болгох нь миний ойрын зорилго.

-Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжийн талаар хэлж болох уу?

-Бусад орны спорт өөрийн гэсэн үндэсний  хэв маяг, онцлогтой байдаг. Түүнтэй адилхан монгол волейбол гэж  байх ёстой. Үүнийг хөгжүүлэхийн тулд ямар систем хэрэгтэй талаар ярих шаардлагатай. Харин орчин үеийн зарим хүүхдийн биеэ авч яваа байдал, бие бялдрын чадавхи, оюуны хүчин чадал ч тэр үнэхээр мундаг болсон. Хамгийн гол  нь үүн дээр бид ямар системээр ажиллах ёстой  вэ гэдгийг гаргаж ирэх шаардлагатай болоод байна. Ерөнхий боловсролын сургуулиудад энэ спортыг хөгжүүлье гэсэн сэтгэлтэй, дуртай  багш нар хүүхдүүд цуглуулж биеийн тамирын зааландаа өглөө, орой зав чөлөө, боломжоороо бэлтгэл хийж байна.Тиймээс системтэй хөгжүүлэх шаардлагатай болоод байна гэж харж байгаа. Үүнийг яаж  боловсронгуй болгох вэ гэхээр  ЕБС-уудад  клубын системийг бий болгоод Боловсролын тухай хуульд нь заагаад өгчихвөл илүү боловсронгуй болно. Мөн технологи хөгжсөн энэ үед хүүхдийг хичээлээс гадуурх заавал хамрагдах сургалтад хамруулбал сонирхлоороо хүссэн спортоо сонгоод явах боломжтой. Ингэснээр клубын системийг хөгжүүлэх  тал нь илүү сайн явна гэж харж байна. Системтэй ажилласнаар ямар амжилтад хүрч болдгийг идэрчүүдийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн манай багийн хүүхдүүд харууллаа. Мөн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Үүнийг бид амжилт гэж харж байна.

-Ойрын хугацаанд болох тэмцээн  бий юу. Хэр бэлтгэлтэй байна даа?

- Хэд хоногийн дараа Завхан аймагт болох өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн рүү явна. Мөн сарын дараа   залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн,“Үндэсний лиг” байна. Үүний дараа бусад тэмцээнд үе шаттайгаар бэлдэж оролцоно. Мэдээж  хүүхдүүдэд бие бялдар, нас, туршлагын зөрүү бий. Гэхдээ  өмнө нь энэ багт байсан туршлагатай тамирчдыг авчраад  тоглоход манай тамирчид дээд зэрэглэлийн уралдаан тэмцээнд бүрэн тоглох боломжтой гэж харж байна.

-Цаашдын зорилго тань ?

-Бидний хамгийн том зорилго спортоор дамжуулан хүүхдийг  төлөвшүүлж нийгэмд хэрэгтэй зөв хүн болгож хүмүүжүүлж, хувь хүнд нь нөлөөлөхийг зорьж байна. Дараагийн зорилго нь тамирчин бэлдэх юм.  Учир нь хүүхдүүд хүн болох ёстой. Тэд аав ээж болж амьдралыг авч явна. Ихэнх хүүхэд дасгалжуулагч,багш болохгүй. Би “Хүүхдүүддээ надад хүн хэрэгтэй. Надад тамирчин, алтан медаль хэрэггүй шүү” гэж хэлдэг. Харин  цаг барьж, дүрмээ дагахыг л шаарддаг.     Мөн волейболын тоглолтын хэв маягаа өөрчилж шинэ түвшинд аваачихыг хүсч байна. Тухайлбал, бид өсвөрийн багт урд талын бүсээс торон дээрээс тоглодог. Олон улсын түвшинд арын бүсээс хүчтэй, хурдан довтолгоо хийж тоглодог болсон байна. Тийм тоглолтуудыг хэв маягтаа оруулж тоглохгүй бол болохгүй  байгаа юм. Түүнээс гадна волейболд амьдралаа зориулсан тамирчин, багш нараа яаж дэмжих, урамшуулах тал дээр бодож санаж байгаа зүйлээ хэрэгжүүлэхийг зорьж байна.  Манай клубт эмэгтэй баг байхгүй учраас ойрын хугацаанд эмэгтэй багтай болохыг  бодож байгаа. Мөн “Ноён” клуб  хэрэгжүүлэхийг хүссэн зорилгынхоо 50 хувьд хүрсэн гэж үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.2 БААСАН № 191 (6416)

60 хувийн өгөөжид ямар төлбөр, татвар оруулахыг хуулийн төсөлд тусгаж, яаралтай горимоор хэлэлцэнэ

60 хувийн өгөөжид ямар төлбөр, татвар оруулахыг хуулийн төсөлд тусгаж, яаралтай горимоор хэлэлцэнэ

16 мин
Б.Батцэцэг: Эх оронч гэдэг чанга хашгирах биш, улсаа илүү том аюулаас хол байлгаж, нэр төрийг нь унагахгүй авч явахыг хэлдэг

Б.Батцэцэг: Эх оронч гэдэг чанга хашгирах биш, улсаа илүү том аюулаас хол байлгаж, нэр төрийг нь унагахгүй авч явахыг хэлдэг

1 цаг 20 мин
Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг

Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг

3 цаг 45 мин
Б.Батцэцэг: Зөвхөн хоёр хөрш гэлтгүй олон орны сайд нартай шууд харилцах боломжтой болсон, энэ давуу талыг би Монгол Улсын гадаад харилцааны томоохон капитал гэж боддог

Б.Батцэцэг: Зөвхөн хоёр хөрш гэлтгүй олон орны сайд нартай шууд харилцах боломжтой болсон, энэ давуу талыг би Монгол Улсын гадаад харилцааны томоохон капитал гэж боддог

4 цаг 1 мин
16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шүүх хурал 09.00 цагаас эхэлнэ

16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шүүх хурал 09.00 цагаас эхэлнэ

4 цаг 55 мин
Б.Батцэцэг: Монголын улс төрд өрнөж байгаа үзэгдлийг би зүгээр нэг удирдлагын, зохион байгуулалтын доголдол, фракцын зөрчил биш ёс суртахууны сорилт гэж харж байна

Б.Батцэцэг: Монголын улс төрд өрнөж байгаа үзэгдлийг би зүгээр нэг удирдлагын, зохион байгуулалтын доголдол, эсвэл фракцын зөрчил биш ёс суртахууны сорилт гэж бодож байна

5 цаг 24 мин
Ормузын хоолой дэлхийн зах зээлийн хамгийн том эрсдэл хэвээр байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Ирантай холбоотой нөхцөл байдл

9 цаг 26 мин
Ж.Эпштейний хэрэг парламентын түвшинд яригдаж, шалгах ажлын хэсэг байгуулав

Өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

9 цаг 26 мин
О.Цогтгэрэл УИХ дахь Бүлгийн даргаа өгөлгүй “зугтжээ”

АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш УИХ дахь АН-ын бүлгий

9 цаг 26 мин
Эрчим хүчний салбарыг чөлөөлөх долоон шийдвэр

Эрчим хүчний салбарыг чөлөөлөх долоон шийдвэр

Өчигдөр 13 цаг 05 мин