Н.Ганхуяг: Найруулагч маань анхнаасаа тайз биш хувцсаараа тоглох шийдлийг сонгосон

2020-09-23
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Б.ОЮУНЗУЛ

 

УДЭТ-ын Уран сайхны удирдагч, Урлаг судлалын ухааны доктор, профессор, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягтай ярилцлаа.

 

-Та СУИС-д олон жил багшилж, тайз дэлгэцийн урлагт нэрээ гаргасан олон шавь бэлтгэсэн хүн. УДЭТ-тай амьдрал, хувь заяагаа хэзээнээс холбов доо?

-Миний уран бүтээлийн өдөлж дэвжсэн үүр бол УДЭТ гэж хэлж болно. Би Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгсөөд энэ театрт жүжигчнээр анх орсон. Жүжигчнээр ажиллахын зэрэгцээ Б.Мөнхдорж багш, Г.Доржсамбуу найруулагчийн туслахаар хэдэн жүжигт ажилласан. Залуудаа юм юмаар оролдсон саваагүй хүн явлаа. Нэг талдаа өөрийгөө эрж явсан юм болов уу гэж одоо боддог юм. Шүлэг оролдоно. Шинээр гарсан жүжиг, кино болгонд шүүмж бичнэ. Бичсэн шүүмжүүд цензур дааж, шүүлтүүрийг даваад хэвлэгдээд байсан. Тэр үед төвийн 4-5 сонин байсан. Их л урамшиж баярлаж байсан. Эрдэмтэн зохиолч Э.Оюун багш их дэмжиж, хамгаалдаг байсан. Ахмад жүжигчдийн уран бүтээлийн цэнгүүний сценари бичнэ. Шинээр тавьсан жүжигт дууны шүлэг бичнэ. Их л завгүй хүн явсан байдаг. Б.Мөнхдорж багш маань зөвлөөд миний бичих сонирхлыг дэмжиж, намайг гадаадад найруулагчаар суралцахыг санал болгосон. Тэгээд 1985 онд Беларусьт найруулагчийн сургуульд яваад 1990 онд төгсөж ирээд СУИС-д багшаар орсон. 1990 онд СУИС байгуулагдсан. Өнөө жил сургуулийн маань 30 жилийн ой тохиож байна. Хэдийгээр СУИС-д багшилж байсан ч театраасаа холдоогүй. УДЭТ-ын үе үеийн удирдлагууд, найруулагчид намайг дэмжиж байсан. Анхны жүжгийн зохиол “Амин булаг”-аа 1989 онд бага тайзнаа тавьсан. Мөн дипломын ажил болох ардын үлгэрээс сэдэвлэсэн “Бүсэн түгдэн хүү” жүжгээ 1990 онд энэ театртаа тавьж байсан. Би СУИС-д багшилж, уран бүтээл хийхийн зэрэгцээ эрдэм судлалын ажилд чадлаараа зүтгэж ирсэн дээ. УДЭТ-ын үүсэл хөгжил, түүхэн туршлагат тулгуурлан “Монголын орчин цагийн театрын урлагт найруулах, жүжиглэх ур зүй төлөвшсөн нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Уран сайхны зөвлөлийн гишүүнээр олон жил ажиллаж театрынхаа төлөө санаа бодлоо харамгүй илэрхийлж явсаны хувьд Уран сайхны удирдагчаар ажиллаач гэж урьсан болов уу гэж боддог.

-Таны  УДЭТ-ын  тайзнаа найруулсан жүжгүүдээс Германы сонгодог зохиолч Ф.Шиллерийн “Хар санаа ба хайр сэтгэл”-ийг тод санаж байна. Дууны шүлгийг нь та өөрөө бичсэн бил үү. Хит болсон дуу шүү?

-Би яруу найрагч биш. Харин тэр дууны шүлгээрээ “Пентатоник” наадмын шагнал хүртсэн. “Хар санаа ба хайр сэтгэл” маань 2005 онд үзэгчдэд хүрсэн. Энэ жүжиг маань тайзнаас буулгүй олон жил тоглосон доо. Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Д.Мэндбаяр, П.Цэрэндагва, С.Сарантуяа, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Фердинанд Луиза хоёрт миний шавь Н.Наранбаатар, У.Уранчимэг нар тоглосон. Би УДЭТ-т долоон жүжиг найруулж тавьсан. Хамгийн гол нь бүтээл чанартай, мэргэжлийн байх ёстой. Мөн хүн үздэг жүжиг хийе гэдэг зарчмыг барьдаг байсан. Театрыг эдийн засгийн хувьд аль ч жүжиг минь шаталтанд оруулж байгаагүй. ”Энхтуул буюу дурлалын паян”, ”Гол дүрийн амрагууд” бол цэвэр инээдмийн жүжиг байсан. Үзэгчид сайхан хүлээж авсан.

-Та өөрийн зохиолоор хэд хэдэн кино найруулж байсан. Өөрөө зохиол бичээд дэлгэцийн болон тайзны бүтээл дээр ажиллахад хүндрэл гарах уу. Эсвэл бүр давуу талтай юу?

-Би дэлгэцийн хальсны гэж нэрлэдэг таван кино хийсэн хүн. Сайн бас сөрөг ч тал бий. Сайн тал нь найруулагчийн мэргэжилтэй болохоор өөрөө зохиолоо бичиж байхдаа найруулга, дүрслэлээ хараад боддог талтай. Тайз болон дэлгэцэнд буух байдлыг нь зохиолоо бичихдээ урьдчилан төлөвлөж хардаг гэсэн үг. Энэ бол давуу тал. Гэхдээ  өөр хүн найруулсан бол яаж хийх байсан бол гэж боддог. Миний бодоогүйг бодож, илүү хийх байсан болов уу. Энэ бол сөрөг тал нь. Киног засч болдоггүйгээрээ нэг хэцүү. Зарим киногоо хараад ингэхгүй яав даа гэхээр зүйл гарч ирдэг.Театрын бүтээл бол алдаагаа засаад, тоглолтоос тоглолтод сайжраад явдаг талтай.

-Өөрөө зохиолоо бичдэг найруулагч нар тийм олон биш. Та зохиолынхоо сэдэв санааг хаанаас олдог вэ?

-Амьдралаас л авдаг. Би цэвэр хөдөөний хүн. Монгол ахуйд төрж, амьдарсан. Би жүжигчний сургалтад монгол ахуйг оруулж ирсэн. Монгол үндэсний хувцас өмссөнөөр монгол хүн болчихгүй. Сэтгэл, сэтгэхүй хоёроороо монгол байх ёстой. Монгол араншин, монгол соёл, зан заншил, уламжлалыг манай УДЭТ бүтээлээрээ төдийгүй жүжигчид нь биеэрээ үлгэрлэх ёстой гэж үздэг. Монгол хэлээ дээдлэх, зөв найруулж хэрэглэхийн дуурайллыг манай театр харуулах ёстой.

-Театрын шинэ уран бүтээл хорио цээрийн дэглэмээс болоод хойшилсон. Энэ оны эхээр “Анна Каренина” жүжгээ тавихаар төлөвлөсөн байх аа. Энэ хугацаанд та юу амжуулав?

-Миний хувьд СУИС-д тэргүүлэх профессороор ажиллаж, багшлахынхаа хажуугаар шавь нарынхаа жүжиг, кинонд зөвлөх хийгээд сүүлийн жилүүдэд өөр уран бүтээл хийх зав гарахгүй байгаа. Цаасны ажил хорио цээрийн үеийн гол ажил байлаа. Миний хувийн ажил гэж юу байх вэ. СУИС, театрын ажил юм даа. Ирэх жил манай театрын 90 жилийн ой болно. Энэ бол зөвхөн нэг театрын ой бус Монголд орчин цагийн театрын урлаг үүсч хөгжсөний 90 жилийн ой юм. Ойдоо зориулж гурван ном гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхнийх нь “Түүхэн он дарааллын бичиг” нэртэй. Манай театраас санаачлан жүжгийн зохиолын санг баялаг болгох, шинэ залуу жүжгийн зохиолчдыг дэмжих зорилгоор уралдаан зарлаж дүгнэсэн. Уралдаанд шалгарсан, тайзнаа тавиагүй сайн зохиолуудаас нь шигшиж ”Монгол жүжгийн зохиолын түүвэр” ном гаргана. Жүжиг, киноны зохиолын хэл их ядуурч байна. Гудамжны хар ярианы хэл хүч түрэн орж ирсэн. Хэрэв жүжгийн зохиол утга зохиолын нэгэн төрөл зайлшгүй л юм бол утга яруу, уран найрлагатай, монгол эх хэлээ дээдэлсэн монгол дүртэй, оюуны гэгээрэлд дуудсан жүжгийн зохиолуудаар номоо бүрдүүлнэ гэсэн үг. Манай театр ахмад үеийнхээ гавьяаг мөнхжүүлэх, тэдний бүтээл туурвилыг судалж, сурталчлах тал дээр анхаарч, олон талт арга хэмжээ явуулдаг. Үүний нэг нь 2005 оноос хойш уламжлал болгосон “Ахмад үеийн арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал юм. Энэ олон хуралд тавьсан илтгэлүүдийг боловсруулж нэг ном хэвлүүлнэ. Харин хувьдаа УДЭТ-ын 90, СУИС байгуулагдсаны 30 жилд зориулж “Монголын театрын нэвтэрхий толь” номоо гаргана. Энэ номонд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй театр чуулгууд, хувийн театр продакшнууд, олон нийтийн байгууллагуудын түүхэн товчоон, бүтээлүүдийн тайлбар жагсаалт, 2000 шахам театрын уран бүтээлч, ажилтнуудын танилцуулга орж байгаа. Би 14 бүрэн хэмжээний жүжгийн зохиол бичсэн юм байна. “Мөрөөдлийн театр”-ын шавь нар маань ивээн тэтгэж “Жүжгүүд” номоо энэ хавар гаргасан. Хорио цээрийн дэглэмийн сиймхийгээр “Говийн зэрэглээн дунд. Чөтгөрийн тэмдэглэл” номоо кино бүтээгдсэний 40 жилийн ойд зориулан бичиж хэвлүүлсэн. Өөрийн гурван номын ард гарсан. Одоо театрын гурван ном хүлээж байна.

-Оросын их зохиолч Лев Толстойн “Анна Каренина”-г Монголд анх удаа найруулан тавьж байна. Яагаад заавал “Анна Каренина”-г сонгов? 

-Манай театрын урын сангийн 30-40 хувийг дэлхийн сонгодог бүтээл эзэлдэг. Театр байгуулагдаад 90 жил болоход сонгодог жүжиг уламжлал болон тавигдаж байгаа. Анх Н.Гоголийн “Байцаагч түшмэл”-ээс эхлээд Лопе де Вега, К.Гольдони, Ж.Мольер, У.Шекспир,Ф.Шиллер, Б.Брехт, Г.Ибсен, А.Островский, А.Чехов, М.Горький, М.Шолохов, В.Гюго, Ж.Сартр, Ю.О Нил, Т.Уильямс, Ж.Ануй гэсэн дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлийг бүгдийг нь тавьсан. Хоёр жилийн өмнө Лев Толстойн 190 жилийн ойд зориулж “Адууны түүх” зохиолыг найруулагч Б.Баатар жүжиг болгож тавьсан. Өмнө нь түүний зохиолоор манай улсад ямар нэгэн жүжиг тавьж байгаагүй. Тиймээс Лев Толстойн бүтээлүүд манай театрын урын санд байх ёстой юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Өнөө жил Л.Толстойн нас барсны 190 жилийн ой тохиож байгаа. Тэр дундаа “Анна Каренина”-г сонгох нь цагаа олсон, нийгмийн сэтгэл зүйн тохироо бүрдсэн гэж манай ерөнхий найруулагч Н.Наранбаатар соргогоор олж харсан. Энэ жүжгийг тайзнаа амилуулах бэлтгэл ажил гурван жилийн өмнөөс эхэлсэн. Орчуулагч Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгож бичсэн. Театрын утга зохиолын эрхлэгч Д.Мэндсайхан үүргийнхээ дагуу зохиолын задаргаа, ширээний уншлага дээр тогтмол сууж, эрчимтэй ажилласан. Найруулагчийн саналыг ч сайн мэдэрсэн. Нэмэлт сценүүдийг бичсэн.

Өнгөрсөн онд бид эрчимтэй сургуулилт хийсэн. Төлөвлөгөө ёсоор энэ оны гуравдугаар сарын 8-нд нээлтээ хийх байсан ч хорио цээрийн дэглэмээс болоод хойшилсон. Манай хамт олон хөл хориог тавихгүй бол цахимаар ч гэсэн нээлтээ хийнэ гэсэн зорилготой ажилласан. Харин сая энэ дэглэм зөөлөрч театрын үйл ажиллагаа хэвэндээ орж ирэх сард үзэгчиддээ хүргэхээр боллоо. Мэдээж сонгодог бүтээл болохоор далайцтай, олны хэсэг ихтэй, цаг хугацааны алслалт, орон зайг хамарсан учраас манай театрын бүх уран бүтээлч болон жүжигчид оролцоно. Театрын дэргэд жүжигчний студи гэж байдаг. Урлагийн их, дээд сургууль төгсөгчдөөсөө сонгон шалгаруулж аваад хоёр жилийн хугацаанд сургалт уран бүтээлийг хослуулан сургаад эцэст нь шалгалт авч театрынхаа үндсэн жүжигчнээр ажиллуулах эсэхийг шийддэг. Саяхан сонгон шалгаруулалт хийж 10 жүжигчнийг уран бүтээлдээ оролцуулж байна. Мөн СУИС-ийн жүжигчний ахлах болон төгсөх курсын оюутнууд ч оролцож байгаа. Тайзан дээр 60 гаруй жүжигчин гарна гэсэн үг. Арын албаныхан, инженер, техникийн ажилтнууд гэсэн нүсэр том баг ажиллаж байгаа.

-Хүн бүрийн мэддэг романыг жүжиг болгоход хүндрэлтэй зүйл гарч байгаа байх. Зохиол жүжиг хоёр хэр ялгаатай вэ?

-Үргэлжилсэн үгийн зохиолыг тайзны хэлбэрт оруулна гэдэг хүнд ажил. Лев Толстой жүжгийн зохиол бичдэг байсан. Тэрээр “Харанхуйн эрхшээл”, ”Гэгээрлийн үр”, ”Амьд хүүр” жүжгийн зохиолыг бичсэн. Гэхдээ энэ зохиолоо уншихад зориулж бичсэн. Лев Толстой өөрөө гэр бүлийн харилцааг харуулсан хөнгөн хэлбэрийн зохиол бичих гэж энэ зохиолоо эхлүүлсэн гэдэг. 1863-1869 онд “Дайн ба энх” зохиолоо бичээд сэтгэл санаа болон сэтгэхүйн хүнд дарамтад орсон. Тэр сэтгэл санааны гүн хямралаасаа гарахын тулд гэр бүлийн сэдэвтэй энэ романаа бичиж эхэлсэн.Толстой романыхаа эхний хувилбарыг 50 өдөр бичээд дөрвөн жилийн турш /1873-1877/ засч сайжруулж бичсэн гэдэг. Эхэндээ зохиолч маань нөхрөө араар нь тавьсан хөнгөн явдалт Аннаг жигшиж бичсэн. Гэтэл энэ нь яваандаа нийгмийн олон анги давхаргыг хамарсан драм болж хувираад гэр бүлийн гурвалаас гадна хэд хэдэн гэр бүлийн амьдрал нэмэгдэн өөр хоорондоо холбогдож, хамрах цар хүрээ, орчин, цаг хугацааны хувьд том бүтээл болж хувирсан. Аннагийн өөр хүнд дурласан нь хэний буруу юм гэдэг асуултыг Толстой өөртөө тавьж Анна Толстойн өмнө буруугүй болж, тэр жигшиж байсан дүрээ өмөөрч эр нөхөр, эргэн тойрны хүмүүст бурууг тохсон. Хайрлаж дурласан нь эргээд өөрт нь ял болж буй санаа Наранбаатар найруулагчийг өвчлүүлсэн. Уран бүтээлээр өвчлөх гэдэг бас найруулагч хүний ял байдаг. Хэдий чинээ гүн өвчилнө тэр хэрээр бүтээл сайн болдог. Н.Наранбаатарын найруулсан бүх жүжиг үзэгчдийг татдаг. Нэг үгээр хэлбэл, нийгмийн сэтгэл зүй, оюун санааг гярхай мэдэрдгийнх. Дээрээс нь мэргэжлийн шинж чанар, ур чадварын харьцааг алдалгүй барьж чаддаг нь түүний онцлог.

-Н.Наранбаатар найруулагчийн “Анна Каренина” ямар байх бол гэсэн хүлээлт их байна?

-Найруулагч бүр өөрийнхөөрөө харна. Мэдээж театр болгон хөгжлийн туршлага, уламжлалаа дагаад өөрийн арга барилд оруулдаг. Төрөл жанрын хувьд ч гэсэн өөр байдаг. Өнгөрсөн өвөл манай театрын баг судалгааны ажлаар Москвад очсон. Мөн Тула мужид байх Л.Толстойн эдлэн газраар зочилж түүний гишгэсэн мөрөөр алхана гэдэг онгод хийморь бадраах нь мэдээж. Москвагийн хөгжимт жүжгийн театрт “Анна Каренина”-г үзсэн. Тэд жүжгээ дуулалт жүжгийн хэлбэрээр тавьсан байсан. Тайзны шийдэл, найруулга гавиагүй ч дуучдын чадвар мундаг санагдсан. Харин манай жүжгийн хувьд биеийн үйлдэл, бүжиг, хөдөлгөөнөөр илэрхийлсэн. Нэг сарын турш унших сэтгэл зүйн сонгодог романаар хэдхэн цагийн дотор үздэг жүжиг хийнэ гэдэг их хэцүү. Сургуулилт жигдрэх үедээ 5-6 цаг болж байсан жүжгийг хасч танасаар гурван цаг болгоно гэдэг бүр хэцүү. Дээр хэлсэнчлэн үзэгчдийн анхаарлыг алдахгүй барьж, жүжгийн амьдралд татаад оруулж чадаж байвал гурван цаг юу ч биш. 30 мин болсон мэт өнгөрөх вий. Хэд хоногийн өмнө театрын Уран сайхны зөвлөлөөр жүжгээ батлуулсан. Гишүүд эерэг, өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан. Монгол сэтгэхүйгээр бүтсэн монгол жүжиг болжээ гэж олон хүн хэлсэн. Өөр соёл иргэншилтэй Орос гүрний, орос хүмүүсийн нэгэн зууны тэртээх амьдрал монгол жүжиг болж бууна гэдэг баярламаар. Нөгөө талдаа түгшмээр. Ямартай ч Монголын амьдрал дунд, бидний дунд Лев Толстой урт сахлаа илэн ясархаг шанаагаа тулаад жийтгар харцаараа ширтээд “амьдаараа” суух нь гэдэгт бахархах сэтгэл төрж байна.

-Тайзны засалт, жүжигчний хувцаслалтын талаар сонирхуулаач?

-Жүжгийн утга санаа тээсэн найруулагчийн шийдэл, зураачийн хамтын ажиллагааг харуулсан байдлаар нэгхэн деталиар илэрхийлж болохоор тайзаа хийсэн. Тайзны талбайг жүжигчид дүүргэхээс бус тавилга эдлэл жүжигт зориулсан тайз дүүргэхгүй. Питер Брукийн “Хоосон орон зай” энд тоглож байгаа. Жүжигчид өөрсдөө тайз болж дүрээ бүтээнэ.  Харин хувцаслалтын хувьд үзсэн хүн гайхаж бишрэхээр байгаа. Тайзны орчин, хувцасны өнгийг хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлээр ялгаруулж, гэрлийн сүлэлт тунаралтыг өвөрмөцөөр харуулахыг зорьсон. Найруулагч маань анхнаасаа тайз биш хувцсаараа тоглох шийдлийг сонгосон. Театрын ерөнхий зураач Т.Ганхуягийн шийдэл онцгой байсныг хэлэх ёстой. Жүжигчин болон хувцас нь өөрөө тайз болно гэж хэлж болно. Энэ нь найруулагч, зураач хоёрын санаа нийлж нэг зүг харсан гэсэн үг.

-Энэ жүжгээр нийгэмд ямар санааг хүргэхийг зорьсон бэ? 

-Хүн бүр гэр бүлийн амьдралыг туулдаг. Гэр бүлийн амьдрал улс орныг тодорхойлдог. Гэр бүлээс улс эхэлнэ гэдэг биз дээ. Тэгэхээр гэр бүл онцгой үүрэгтэй гэдгийг жүжгийн дэвсгэр болгох мөртлөө “Хүнийг хүн өөрөө бус хүн та, эргэн тойрны хүмүүс хөнөөдөг юм” гэсэн санаа. Мэдээж үзэгчид өөрийнхөөрөө хүлээж авна. Сонгодог сор бүтээлийг яаж ч харж болдог. Ямраар ч уншиж болдгийн жишээг “Анна Каренина” харуулна бас хариулт өгнө гэдэгт итгэж байна. Энэ жүжигт хайр сэтгэлийн асуудал онцгой нь мэдээж. Хайр сэтгэл гэдэг хоёр хүний өмч биш, нэг хүний өмч бүр биш. Нийтийн өмч, нийгмийн баялаг юм биш үү. Хариултаа Аннагаас аваарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.23 ЛХАГВА № 184 (6409)

 

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

2 цаг 48 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

6 цаг 35 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

6 цаг 50 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

6 цаг 57 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

7 цаг 7 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

11 цаг 14 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

11 цаг 14 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

11 цаг 44 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

13 цаг 5 мин