Ү.Халиун: Нийслэлээ хөгжүүлэхэд үүрэг, хариуцлагын хувьчлал хиймээр байна

2020-09-23
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

“Данан Трейд” компанийн захирал Ү.Халиунтай ярилцлаа. Тэрээр Калифорнийн Нортриджийн их сургуулийг системт үйл ажиллагааны удирдлагын чиглэлээр  төгссөн. Системт үйл ажиллагааны удирдлагыг баг хамт олон, байгууллага, улс, хотод хэрхэн шинжлэх ухаанчаар нэвтрүүлэх, үр дүнд хүрэх арга замын талаар сонирхолтой эргэцүүлэл, судалгаа хийдэг түүнтэй Улаанбаатар хотын хөгжлийн талаар ярилцлаа.

 

- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

 - Баярлалаа. Намайг Ү.Халиун гэдэг. Хотын унаган хүүхэд, Чингэлтэй дүүргийн I хороонд төрж өссөн. Миний хувьд  аав ээжийн минь төрсөн нутаг, бас миний унасан газар Туул голын  эрэг, дөрвөн   хайрханы минь бэл юм. Тэгэхээр  өсч төрсөн Улаанбаатар хотоо өдрөөс өдөрт хөгжиж, өнгө зүс орж байгаасай гэж бодож явдаг нийслэлийн энгийн нэгэн иргэн дээ.

- Хотын унаган иргэний хувьд танд нийслэлийн сайн, муу аливаа асуудлууд анзаарагддаг байх?

 - Улаанбаатар хот  хэн бүхний нүдэн дээр  өргөжин хүрээгээ тэлж, дэлхийн хот гэсэн статуст орох нөхцөл нь бүрдсэн ч агаар, ус, хөрсний бохирдол, авто замын түгжрэл болон зогсоолын асуудал, хүн амын нягтшил, гэр хороолол, шилжилт хөдөлгөөн, нийтийн тээвэр, хог, ногоон байгууламж, цахилгаан, дулааны хүрэлцээ зэрэг   асуудал санаа зовоож, шийдэл хүлээсээр байна.

-Мэргэжлийн хүний нүдээр одоогийн Улаанбаатарын хот  төлөвлөлтийг дүгнэвэл?

-Хэдийгээр би ардчилсан хувьсгалтай зэрэгцэж шахуу төрсөн ч тухайн үеийн нийгэм эдийн засгийн байдлыг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу судалж, өөрийн гэсэн үнэлэлт, дүгнэлт  өгсөн. Тухайн үеийн төвлөрсөн төлөвлөгөөт системийн үед зөвхөн мөнгөн урсгал биш удирдлага ч мөн адил босоо тогтолцоотой байсан нь системийг хянах боломжтой байсан. Харин одоо бол хот гэх нэг том систем маань маш олон хүчин зүйлийн нөлөөлөлд байгаа учир бид координац хийж чадахгүй байна уу гэж хардаг.

 Хот төлөвлөлт гэдэг цаасан дээр төлөвлөгөө зохиохыг хэлдэггүй, харин бүхэл бүтэн системийн үүднээс хандаж тэрхүү системийг бүрдүүлж байгаа, харилцан уялдаа холбоо бүхий обьектуудын үйл ажиллагааг зэрэг хэвийн хангаж байх шийдлийг нь хот төлөвлөлт гэдэг. Бид хот төлөвлөлтдөө шинжлэх ухаанчаар хандах зайлшгүй шаардлагатай.

-Эдгээр асуудал хэзээнээс бий болж эхлэв, хэзээ шийдэгдэх вэ гэдэгт та юу хэлэх бол?

-Улаанбаатар хотод тулгарч буй асуудлууд шинэ   бас  хуучин ч биш. Энэ бүхэн цогцоор шийдэх асуудлуудаас үл хайхарсан болон орхигдуулсан хүчин зүйлс бий болох үеэс л гарч ирсэн. Бид алдаагаа анхаараагүй цагт асуудлууд нэмэгдсээр байх болно. Иймээс  шинэ бас  хуучин ч биш гэж байгаа юм. Дэлхийн бүх том хотод өөрсдийн гэсэн асуудал байсан.Тэдний давуу тал нь  асуудлуудаас суралцаж, хөгжөөд явсан. Ардчилсан нийгэмд удирдлага болоод мэдээллийн урсгал дээрээс доошоо, доороос дээшээ явдаг байх ёстой. Энэ зохион байгуулалт дээр сайн ажиллаад системийг бүрдүүлэгч обьект бүрийг зөв шийдэх хэрэгтэй байна.

- Хөрөнгө мөнгө, санхүүгийн асуудал бас бий байх?

- Мэдээж санхүүгийн урсгалаа зөв хуваарилах, хангалттай хөрөнгө оруулалттай байж гэмээ нь хөгжил явагдах ёстой. Гэвч нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлыг хариуцах эздийг нь одоо болтол зөв хуваарилаагүйгээс асуудал өөрөө улам бүр хуримтлагдан даамжирсаар байна. Алийг нь төр, алийг нь хувийн хэвшил, алийг нь өмчийн эзэд болсон иргэд өөрсдөө шийдэж, ямар үүрэгтэй оролцохыг нь зааглаагүй. Санхүүгийн эздийг зөв тогтоогоогүй учраас бидний өмнө тулгамдаж буй асуудал улам нэмэгдээд байна гэсэн үг. Хот төлөвлөлт гэдэг  газар зохион байгуулалт, эсвэл хотхон хорооллын асуудал биш. Харин салбар хоорондын уялдааг хангаж буй систем юм. Бид үүн дээр алдаад байна.

- Гадаадын улс орнууд ялангуяа таны сурч байсан хотод төлөвлөлтөө хэрхэн шийдэж байна вэ?

- Олон улсад хотын засаглал гэдэг ойлголт бий болоод удаж байна. Хотын засаглал гэдэг нь хүн амын  суурьшлын бүх шатанд барилгажилт, дэд бүтэц, байгаль орчин зэрэг бүхий л салбар нь улс төрийн төвшинд хүртлээ жигд оролцоотой хоорондоо хамтын ажиллагаатай байх тухай ойлголт юм. Дахин хэлэхэд системийн шинжлэх ухааны үүднээс хандаж байж л агаар болон хөрсний бохирдол, дуу чимээний бохирдол, түгжрэл, хог хаягдал, эдийн засгийн асуудлыг  нэг төвшний удирдлагаар  харж цогцоор нь шийдэх боломжтой. Миний сурч байсан Калифорни хотод  асуудлыг ингэж шийддэг.  Дэлхийн хамгийн их ногоон байгууламжтай 10 хотын нэг болж чадсан нь үүнтэй холбоотой.

-Улаанбаатар хот дангаараа Монголын ДНБ-ийн 64 хувийг үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, хотод эдийн засгийн  том нөөц байна. Энэ нөөцийг ашиглан хотын асуудлаа хэрхэн шийдэх боломжтой вэ?

- Асуудал бүрийг эзэнтэй болгох хэрэгтэй. Санхүүгийн урсгал бүр эзэнтэй байж, хөрөнгө оруулсан мянган төгрөг бүр энэ хотын төлөвлөлт, хөгжилд хувь нэмрээ оруулж байх ёстой. Хоёр  жилийн өмнө гурван тэрбум төгрөгөөр Чингисийн талбайг хамгаалах зориулалттай чулуу хийлгэж тавьсан. Гэтэл тэр  чулуу буюу  гурван  тэрбум төгрөг хотын хөгжилд ямар ч үр ашгаа өгсөнгүй. Улсаас зарцуулж буй нэг төгрөг бүр өөрийн өгөөжтэй байх ёстой. Гэр хороололд өөртөө хувийн сайхан байшин барьж байгаа хүн  хот төлөвлөлтөд хөрөнгө оруулж байна гэсэн үг. Эдгээр хөрөнгө оруулалтыг зөв залах хэрэгтэй. Талуудын оролцоог үүрэгжүүлэх нь үр дүнтэй. Нөгөө талаас нэг хашаанд хэдэн  00 ухах, тухайн хашаа ямар байдалтай байхыг  хэн ч хөндөж  ярихгүй байна. Одоо Улаанбаатарт 200 гаруй мянган яндан байна. Байршлыг авч үзвэл  хотын хойд хэсэгт байгаа. Гэтэл энэ чиглэлд сая хэлсэн гурван  тэрбумын хөрөнгө оруулалтыг хийсэн бол байдал  өөр болох  байсан.

- Тэгэхээр хотын иргэний соёлын тухай асуудал бас  яригдах нь ээ?

- Би Орос-Монголын хамтарсан III сургуулийг төгсөөд Монголдоо их сургуульд сурч байгаад АНУ-д очиж  суралцсан. Тэнд очоод их хотын иргэний соёл, их хотын өнгө үзэмж, миний оролцоо гэдэг зүйлийг улам бүр ухаарсан. Улаанбаатар хотын одоогийн байдлыг авч үзвэл  нэг хотын дотор хоёр хот байна. Энэ   том асуудал. Дээр нь системийн онолын хувьд орхигдуулж болохгүй бас нэг хүчин зүйл нь хотын иргэний хөгжил юм.Үүнийг бид сайтар  анзаарч ойлгох ёстой. Хоёр километрийн наана цаана бид хоёр  өөр ертөнцөд шахуу амьдраад байна шүү дээ. Хотын хөрөнгө оруулалт хаашаа явж байна вэ.  Зайсан руу  зам засаад, барилга бариад, тэрбумын үнээр зараад байдаг. Гэтэл хотын хойд талд “Дахин төлөвлөлт” гээд хувийн хэвшлийг оруулчихсан. Үүнд төрийн зохицуулалт, зохион байгуулалт байх ёстой. Амьжиргааны асуудлыг нь шийдээгүй хүнд соёлын тухай яриа болон хууль дүрэм огт хамаагүй шүү дээ.

 - Манайхан хууль, дүрэм хэрэгжүүлнэ гэж ярьдаг. Уг нь төр, иргэний хооронд хууль эрх зүйн орчныг мөрдүүлэх тухай асуудал баймаар?

 - Системээр нь зөв болгохгүй бол хууль дүрмийг хот мөрдүүлж амжихгүй болов уу. Төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн тэнцвэртэй жигд хүргэх вэ, хотод оруулж буй хөрөнгө оруулалтын өгөөжийг хамгийн их хүртэх ёстой хүмүүст нь хэрхэн хүргэх вэ гэдгийг  хот төлөвлөлтийн бодлогод зайлшгүй тусгах ёстой. Хотхон, хорооллыг улсын комисс шалгаж хүлээн авдаг атлаа гэр хорооллын байшин сууцанд ямар ч хяналт стандарт тавьдаггүй. Жишээ нь, орон сууцны иргэд усанд хэдэн төгрөг зарцуулж буйг гэр хорооллынхон  ус авахдаа ямар хугацаа зарцуулж байгаатай харьцуулж бодох хэрэгтэй. Энд үйлчилгээний тариф шударга байж чадаж байна уу.  Энэ мэт тэнцвэржүүлэх бодлогын талаар илүү сайн ярилцах ёстой санагддаг. Тэнцвэргүй нөхцөлд ижил тэгш хууль дүрмийн талаар ойлголт байж болохгүй.

 - Хүртээмжийг бий болгох, иргэдэд хүргэх, хуваарилах талаар ярьж байна. Систем талаас нь ажил үүргийн хуваарилалт дутуу дулимаг байна гэж та үзэж  байна уу?

- 1990-ээд оны эхээр Монголд төрийн өмчийн хувьчлал, дахин хуваарилалт явагдсан. Одоо бид үүрэг хариуцлагын хувьчлал хийх хэрэгтэй байна. Хот, орон нутгийн иргэд, хувийн хэвшил өөрсдийн гэсэн хөгжих зорилго, үүрэг, эдийн засгийн төлөвлөгөөтэй байх ёстой. Энэ нь хотын ерөнхий төлөвлөлт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн төлөвлөгөөтэй уялдах ёстой. Ингэж байж хоорондоо хамааралтай бөгөөд бие даасан систем үүсдэг. Бид ажлаа  хоорондоо жаахан уячих юм бол үүсээд байгаа асуудлыг шийдэж болно.

- Анхнаас нь  зөв шийдэхийн тулд  яах ёстой вэ?

 - Улаанбаатар хотын 2030 оны үндсэн чиглэлийн хүрээнд алсын стратеги,  дагуул, хаяа хот гэхчлэн  тодорхой тусгасан байдаг. Гэхдээ хамгийн эхлээд засаг захиргааны нэгжийг хуваарилах ёстой. Үүний дараа дагуул, хаяа хотыг дэмжих боломжтой. Өнөөдөр Био комбинат руу очоод үзэхэд социализмын үеийн хашаа, хайс хэвээрээ байгаа. Гэтэл бид төв рүүгээ л хөрөнгө оруулаад байдаг. Хөрөнгө оруулж буй газарт л хүмүүс төвлөрнө. Суурьшлын бүсээ замбараагүй болгосон бид өнөөдөр үйлдвэрийн бүсээ замбараагүй болгоод эхэллээ. Бидэнд том зорилго байсан уу гэвэл байсан. Гэхдээ бид зарчмаа барьж ажиллаж чадаагүй. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь төлөвлөлтөөсөө тусдаа явдаг. Улс төр дэндүү их оролцдог. Уг нь улстөрчид өөрсдөө төлөвлөгчид байх ёстой. Төлөвлөлт гэдэг бол зөвхөн хот төлөвлөлтийн асуудал ч  биш. Энэ бол тэр чигээрээ системийн төлөвлөлт юм. Өнөөдөр салбарын төлөвлөлтүүд уначихаад байна.

 - Улаанбаатар хотын төлөвлөлт дээр төсвийг яаж хуваарилдаг вэ. Улсын болоод  хотын төсөв тусдаа атлаа яагаад бие биеэс хамааралтай байдаг юм бол?

 -Одоо мөрдөгдөж буй хууль эрх зүйн асуудалтай шууд холбоотой. Улаанбаатар хотын төсөв, гаднаас орж ирж буй эх үүсвэр бүгд Сангийн яамнаас хамааралтай явдаг. Бусад хот өөрсдөө орлогын эх үүсвэртэй, бие даан бонд гаргаж мөнгө босгоод том бүтээн байгуулалтаа хийдэг. Манайд ийм эрх зүйн орчин байхгүй. Бид асуудлын шийдлийг зөвхөн хатуу дэд бүтэц буюу зам, байшингаар шийдчих гээд байдаг. Уг нь менежмент, бодлого, төлөвлөлт, зохицуулалт хэрэгтэй. Мөн бүх шатанд иргэдийн оролцоог сайн хангаж өгмөөр байна. Ингэж байж хүртээмжийн тухай ярина. Иргэд доороосоо асуудал, шийдэл ярьдаг системийн зохицуулалт бүх шатанд байхгүй, эсвэл их сул байгаа санагддаг.

- Удахгүй өвөл болох гэж байна, утааны тухайд та юу хэлэх бол?

- Би хот төлөвлөлтийн мэргэжлийн хүн биш. Гэхдээ системийн онолын хувьд асуудлыг хэрхэн харж байна вэ гэдэг талаас өөрийн  бодлыг л  хэлье.  Бидний эргэн тойронд байгаа бүх зүйл систем. Дан ганц зүйл гэж огт байхгүй. Холбоо хамааралгүй зүйл гэж  үгүй. Утааны хувьд хүмүүс нэг шийдэл яриад ганц өвлийн дотор утаагүй болчих юм яриад байдаг. Би хувьдаа тэгж боддоггүй. Утаа өөрөө ганцхан хүчин зүйлээс шалтгаалж буй асуудал биш шүү дээ. Ганцхан яндангаас болж байгаа бол ганц шөнийн дотор бүх янданг хураан авч болно. Гэтэл нэг яндан нэг өрх, нэг өрх нь цаашаа бага насны хүүхэд, ажилтай болон ажилгүй иргэд, тэтгэвэр болон халамжийн асуудал гээд   зөндөө асуудал хөвөрч байна. Богино хугацааны буюу өөрийгөө утаанаас хамгаалах, дунд хугацааны буюу байрны дулаалга, түлшээ сайжруулах, урт хугацааны буюу орон сууцжуулах гэх мэт олон арга хэмжээг зэрэг хийж байж үр дүнд хүрнэ.

 - Гарц гаргалгааг зөв хийвэл оновчтой  шийдэл гарах болов уу?

 - Хэрэв хүмүүсийн оюун санаанд энэ бүх зүйлийг суулган өөрчилж чадвал 10-15 жилийн хугацаанд бид өөрсдөө асуудлаа шийдэж чадна. Учир нь энэ ганцхан Монголд тохиолдож байгаа асуудал биш. Дэлхийн бүх том хот  ийм  замыг туулсан. Улаанбаатар залуу бас жижиг хот. Иймээс хөгжих боломж ирээдүйд зөндөө байгаа. Хамгийн гол нь иргэдийн өөрсдийнх нь оролцооноос бүх зүйл хамаарна. Учир нь хүн л хотыг бий болгодог. Иргэд энэ үүргээ бүрэн ойлгосон цагт бизнес, төрийн болон олон улсын байгууллагуудын хийж буй ажил хөрсөн  дээр бууж, үр дүнтэй болно. Гарцаа зөв тодорхойлж, талууд дундын шийдэл дээр тохирсон цагт  үр дүн нь хурдан гарна. Жишээ нь, байраа дулаалж чадахгүй байгаа хүмүүст энэ чиглэлээр сурч байгаа их сургуулийн оюутнууд очиж  зөвлөгөө өг. АНУ-д их, дээд сургуулиудын яг ийм систем ажилладаг. Энэ ажлыг хийхэд мэдээж зардал гарна. Зардлыг нь тусгай сангууд зохицуулдаг. Зах зээлд хэн илүү их үйлчилгээ үзүүлж байгаа нь илүү өгөөж хүртэх ёстой. Нэмж хэлэхэд, СӨХ зэрэг өмчтэй хүмүүс өмчөө захиран зарцуулах, тохижуулах үүргээ нөгөө талдаа хатуу хүлээх ёстой. Энд үүсч буй хуримтлалаа эргээд өөрсдөдөө зарцуул.  Бодлогоо маш тодорхой зарлаж, зах зээлийн зарчим руу орох ёстой. Эдгээр төслүүдээс орж ирэх ашгийг хэдэн жилийн турш гэр хороололд оруулах зарчмаа маш ойлгомжтой, тодорхой болгож төр өөрөө энэ бүх төслөө ерөнхийд нь зохицуулж удирдах хэрэгтэй. Зохион байгуулалт  сайтайгаар  ингэж хийж чадвал таван жилийн дотор тулгамдсан асуудлаа шийдэх боломжтой. Үүний тулд улс төрийн шийдвэр нь урьдчилж гарах ёстой гэж үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.23 ЛХАГВА № 184 (6409)

 

Энхамгалан.Г 1-р хороо
Дүүдээ зөвхөн амжилт урагшаа 1-р хороо дэмжинэээ
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

4 цаг 3 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

4 цаг 27 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

4 цаг 27 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

4 цаг 28 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

5 цаг 40 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

6 цаг 14 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

6 цаг 36 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

6 цаг 57 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

7 цаг 14 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

7 цаг 30 мин