• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Д.Хоролдамба: Хэлмэгдүүлэлт одоо ч байна

2020-09-22 07:15

Ч.ЗОТОЛ

 

Түүхийн ухааны доктор, судлаач Д.Хоролдамбатай ярилцлаа

 

-Таныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрыг жил гаруйхан хугацааны дотор үр дүнтэй удирдсан гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Хэрхэн ажиллаж байв?

-Архивын байгууллага хүн хүч, материаллаг бааз суурь, орон байр, нийгэмд эзлэх байр суурь, Олон улсын архивын байгууллагууд дахь нэр хүнд зэрэг аль ч талаараа бэхжиж, хөдөлмөрийн сайчуул төрөн гарч, ахиц дэвшил, амжилт бүтээлээр дүүрэн явж ирсэн. Энэ сайхан салбарын ажлыг ахиулж, өөд нь татахын төлөө миний бие хичээж зүтгэсэн.

Үр дүн сайн болсон гэж архивын салбарынхан, АЕГ-ын хамт олон, ОХУ-ын Архивын агентлагийн удирдлага, мэргэшсэн эрдэмтэн мэргэжилтнүүд үнэлсэн. Намайг төдийлөн дэмжиж ажиллаагүй, ямагт өө сэв эрж байсан  ХЗДХЯ-ны удирдлагууд хүртэл хүлээн зөвшөөрч, өндрөөр үнэлсэн. Зөвхөн 2017 оны арванхоёрдугаар сард хийсэн ажлуудаа ХЗДХЯ-нд тайлагнахад төлөвлөгөөт ажлын биелэлт, төлөвлөгөөт ажлаас гадна хийж гүйцэтгэсэн ажил гээд хоёр тайлан хүлээлгэн өгч байлаа.

-Таныг ХЗДХ-ийн экс сайд дарамталсаар байгаад ажилгүй болгосон гэж сонссон, энэ үнэн үү?

-Намайг “ажлаа өг!” гэж сайд Ц.Нямдорж дарамталж байгаад Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын XXIII  хуралдаанд оролцох томилолт өгч явуулсан...

-Тэгээд ар хударгаар гэдэг шиг юм болжээ?

-Тийм ээ. Засгийн газрын хуралдаанд намайг чөлөөлөх тогтоол оруулжээ. Ингээд л хууль бусаар чөлөөлсөн.

-Албан хаагчдаа үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж ажил амьдралгүй болгоно гэдэг чинь хэлмэгдүүлэлт мөн биз?

-Хүний эрхийн зөрчил, хэлмэгдүүлэлтийн нэг хэлбэр гэж үзэж болно. Тэр тогтоол нь ямар ч үндэслэлгүй болохоор Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Архивын ерөнхий газрын даргаас чөлөөлсөн Монгол Улсын Засгийн Газрын тогтоол хууль бус гэдгийг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн мэдсээр байж хэрэг маргааныг даамжруулсан. Олон шүүгчийн гар дамжуулан  сунжруулсан. Эндээс ажлын хариуцлага сул, шүүгчдийн ёс зүй тааруухан болсон нь харагдаж байгаа юм. Ер нь шүүхийн тухай багц хуулийг маш сайн боловсруулж гаргах шаардлага амьдралд бодитой байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хийдлийг арилгахгүй бол болохгүй нь. Хуулиудаа өөрчилж, боловсруулахгүй бол шүүхийн хүнд суртал хэвээр, шүүхийн ялзрал улам бүр амь бөхтэй оршиж, шударга ёс алдагдаж, хэлмэгдүүлэлт явагдсаар л байх болно.

-Та энэ талаар ямар нэгэн ярилцлага өнөө болтол өгөөгүй. Яагаад?

-Шүүх хэргийг шударгаар шийдэж өгнө гэж найдсан. Нөгөө талаар зав чөлөө багатай болохоор ярилцлага, мэдэгдэл өгөөгүй юм. Хэрэг маргааныг зориуд сунжруулсны уршгаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдөөд зогсохгүй Архив, албан хэрэг хөтлөлтийн томоохон салбарын маш эрчимтэй өрнөж байсан ажил удааширч, зарим төлөвлөгөөт ажил тасалдлаа. Архивын ерөнхий газрын даргаар архивт сууж олон бүтээл туурвисан, түүхч мэргэжилтэй, докторын зэрэгтэй эрдэмтэд удирдаж ирсэн уламжлал бүрэн таслагдсан. Мэргэжлийн бус хөндлөнгийн хүн даргалах болсны хор уршгаар тус салбарыг мэргэжлийн удирдлагаар хангах боломжгүй болсон. Энэ  нь тус салбарын  бодлого, үйл ажиллагааг хөгжүүлэн дээшлүүлэхэд  сөргөөр нөлөөлөх  учраас анхаарал хандуулах ёстой гэж үзэж байна.

-Ерөнхийлөгч шүүгч нарыг томилохдоо “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана шүү, иргэдийн эрхийг хамгаалж ажиллаарай” гээд захиад байдаг. Шүүгч нар захиасыг нь хэрэгсэж үздэггүй юм байх даа?

-Захиасын араас хариуцлага нэхэхгүй байгаагийн хор уршгаар Монголын зарим шүүгч хэтэрхий даварчээ. Асуудалд шударга ёсны байр сууриас, хуулийг дээдлэх зарчмын үүднээс хандахгүй бол төр захиргааны байгууллага нь хүнийг хэлмэгдүүлдэг шүүх нь  бас чирэгдүүлэн хэлмэгдүүлдэг байдал газар авчээ. Цаашид хүний эрхийн зөрчлийг дахин гаргуулахгүй байх талаар хаа хаанаа анхаарч, арга хэмжээ авах шаардлага тулгарч байна. 

-“Хуульгүй мэт аашилж л байгаа бол дарангуйлал тогтсоны шинж гэж ойлгоорой. Дарангуйлал хэлмэгдүүлэлтийг дагуулдаг. Дарангуйлал, хэлмэгдүүлэлт хоёр нэг зоосны хоёр тал” гэж та ТВ-ийн нэвтрүүлэгт оролцохдоо  ярьсан. Хэлмэгдүүлэлтийн ойр жишээ гэвэл та юуг онцлох вэ?

-Ардчилсан улсад улс төрийн хэлмэгдүүлэлт байж болохгүй. Энэ нь даамжирвал нийгмийг бужигнуулах шалтаг, шалгаан болон хувирч мэднэ. Тэгвэл улс нийгмийн тогтворгүй байдал дэвэрч, эмх замбараагүй байдалд хүргэнэ. Тэгэхийн цагт юу болохыг чөтгөр л мэдэх байх. Магадгүй, гадны тусгай албад жаахан мөнгө санхүү, зэвсгийн дэмжлэг үзүүлж, хоёр талцуулаад буу дуугаргаж эхэлвэл юу болох вэ. Сири, Венесуэл, Ливи, Украин гээд жишээ байна. Өөрсдөө төрийн террорын махны машинд орох цаг ирнэ гэж сэргийлэхгүй бол хэцүүдэж мэднэ гэдгийг суудлын бөглөөс, ширээний манаач нар сайн ухаарах хэрэгтэй.

-“Н.Энхбаярын хэрэг” гэгчээр Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт шинэ шатанд орсон гэж зарим судлаач хэлдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Улстөрчдийн ёс суртахуунгүйдлийг дагаад нийгэм хөл толгойгоо олохоо болилоо. Монголд орчин цагийн улс төрийн хэлмэгдүүлэлт даамжирч, аминч үзэл гаарлаа. Ийм эрүүл биш байдлыг таслан зогсоохгүйгээр манай улс орших уу, эс орших уу гэдэг дээр асуудал тавигдах болоод байна. Монголчууд эв нэгдлээ огоорох тусам хол ойроос гэтэн ирж олз, ашиг хайгчдын зөөлөн зууш болдог гэдгийг сүүлийн жилүүдэд монголчууд хангалттай үзлээ шүү дээ. Товчхондоо Монгол Улсыг хүчгүй, муу төртэй байхыг хүсэгчдийн зүсэн зүйлийн явуулгыг бид сөрөн тэсч, мөхөлтэй өрсөлдөх түүхэн эгзэгтэй цаг тулгараад байна. Сүүлийн 30 жилийн түүхээс ардчилал, эрх чөлөө, анархизм Монголд сайн юм авчрахгүйг ухаантнууд ухаж мэдсэн байх ёстой. АНУ-аас эхлээд барууны том улс, гүрнүүд хоёр нам ээлжилж засаглахыг чухалчилдаг. Монгол өөр улс, өөрийн гэсэн давтагдашгүй онцлогтой. Хоёр нам ээлжлэн уралцаад байвал баялагт маань эзэн суух гэж хомхойрсон харийн улсууд хожиж, хамаг монголчууд хохирсоор байх нь лавтай.

“Хоёр хаан сууваас хамаг улсаа барна. Хоёр наран гарваас худгийн ус барагдана” гэсэн өвгөдийн сургааль эндүүгүй. Харийнхныг хэт шүтээд байвал харц боол нь болно. Үзлийн боол бол адгийн боол гэдэг. Тиймээс Монгол төрийн бодлогын үндэс суурь нь Монголоо гэсэн үндэсний үзэл, эх оронч ухаанд суурилах ёстой. Дэлхий дээрх 2000 гаруй үндэстний ихэнхи нь устаж, эдүгээ 200 гаруйхан нь л тэсэж үлдсэн. Монголчууд олон улс, үндэстнийг хураан нэгтгэж, хэт их гүрнийг байгуулсан дэлхийн супер язгуур үндэстэн гэж гайхагддаг байсан. Одоо шинэ колоничлолын бодлогод сөхөрчихгүйхэн тэсэн гарч улс орноо хэрхэн босгохыг дэлхий харж байна. Үндэс язгуураа бодохгүй, эрх чөлөө гэгчид хэт дулдуйдвал улс үндэстэнд сөнөл мөхөлд өртөх аюулын харанга дэлддэг гэдгийг 1990 оноос хойш 30 жилийн амьдрал харуулав. Ганц жишээ хэлэхэд жил тутамд 30-40 мянган бүсгүй үр хөндүүлж, монгол хүний үр үндсийг таслах бодлого, явуулгын золиос болов.

-Дэлхийн 200 гаруй орны дийлэнх нь хориглодог байтал Монгол Улс наанадаж 1-1.2 сая хүнээ эхийнх нь хэвлийд хөнөөсөн нь эмзэглэм тоо баримт. Төр нь хүнээ хайрлахгүй ч байгаа юм шиг..!

-Хүүхэд, залуусыг эмх замбараагүй, цагийг хий дэмий өнгөрүүлдэг болгох, идэж уух, завхай зайдан, зуйгуул явдалд дасгах. Аялал зугаалга, дуу бүжиг, зугаа цэнгэл, мөрийтэй тоглоом, хар тамхинд оруулах. Сэтгэл санааны хувьд юуг ч хийж болно, тэр бол хүний эрх гэж итгүүлэх, нийгэм улс төр, шинжлэх ухааныг сонирхдоггүй болгох зэрэг явуулгыг бодлогоор хийдэг бололтой. Харийн гүрний бодлогын хаялга Монголд тун хорлонтой тусч байна. Хэрэв тухайн улс орны үндэсний бахархал, эх оронч үзлийг хүүхэд, залууст нь байхгүй болгож чадвал бид тэр улсыг эзэлсэнд тооцож болно. 1990 оноос зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, өмч хувьчлал нэрээр өвөг дээдсийн 70 жилийн турш бүтээн босгосон хэдэн зуун үйлдвэр, аж ахуйн газрууд,  материал, техникийн бааз, аж үйлдвэрийг бүрэн дампууруулан устгаж, монголчуудын гарыг мухарласан. Улсын хөрөнгөөр гадаад, дотоодод системтэй сурган бэлтгэсэн мэргэжилтэн, ажилтан албан хаагчдын бүхэл бүтэн нийгмийн давхрааг гэнэт ажил, амьдралгүй болгосныг монголчууд мартах учиргүй. Монголын төр сульдаж, шударга бус явдал гаарсны хор уршгаар, ард түмнээ бараг зөнд нь орхисноос болж Монголын ард түмний амьдрал хөөрхий боллоо. 

-Өнөөгийн  нөхцөл байдлыг хэрхэн танин мэдэж, бодит үнэлэлт, дүгнэлт өгөхөөс ирээдүй шалтгаална гэдэг. Та энэ тухай юу хэлэх вэ?

-Одоо тэгэх хэрэгцээ, шаардлага бүр нэмэгдэж байна. Хүн амын тоо нь 3 сая гаруйхан. Нэг сая нь нэн ядуу, нэг сая нь ядуу, нэг сая нь дундаж, үлдсэн цөөхөн нь баячууд, долларын саятан, тэрбумтан болсон. Дэлхий ертөнцийн дөрвөн тэрбум жилийн хугацаанд ухаж төнхөөгүй атар, онгоноороо ирсэн газар эхийн ариун хэвлийг сүүлийн 30-аадхан жилийн дотор ухаж төнхөж, хордууллаа. Нохой явдалт, гахай идэшт өлөн цөөврүүд либериализм, өмч хувьчлал, зах зээл гэж барууныхныг баахан хуулбарлаж, банк санхүүгийн луйвар, мөлжлөг хийсээр 30 жилийг өнгөрөөв. Дэлхийд ганц үлдсэн нүүдлийн сонгодог соёл иргэншлээ хяхан хавчиж байна. Дөрвөн уулын дунд монголчуудыг бөөгнөрүүлэн шавааралдуулах хорлонтой бодлогыг улам өөгшүүлж байгаа юм шиг шийдвэр гаргах түвшинд гарч ирсэн түшээд хэрэг дээрээ бодитой, далайцтай  арга хэмжээ авахгүй суусаар байна.

Яагаад ийм болов гэвэл “чоно дагасан монгол ноход”-ыг дур зоргоор нь тавьснаас тэр. Хөдөө нутгийг орхиж, эзгүйрүүлж байгаад ар хударгаар нь алт, эрдэнийг өдөр шөнөгүй ухаж төнхөөд Африк шиг болгоно. Алт эрдэнэсээ алдаад зогсохгүй газрын гүний ус шавхагдаж, гол ус, газар бэлчээр сүйдэж, нүүдлийн бие даасан сонгодог иргэншил мөхнө. Тэгвэл Монгол Улс үгүй болно.

-Нийгэмд бухимдах юм байлгүй л яахав, гэхдээ Монголынх арай дэндээд байх шиг?

- Хэмжээ, хязгаар гэж байдаг ч, байж болох хязгаараа давлаа шүү дээ. Эрх мэдлийг нь өгөөд байхад шударга ёс тогтоох талаар яагаад далайцтай ажил хийхгүй байгаа юм бэ. Эсхүл бид төөрөгдөөд олж мэдэхгүй байна уу.

-Төөрөгдөл гэснээс “Сэхээтний төөрөгдөл” гэсэн хэлмэгдүүлэлтийн талаар товчхон хэлж өгөөч. Тэр хэлмэгдүүлэлтийн нийгмийн хор уршиг талаас нь?

-“Сэхээтний төөрөгдөл”, “намч биш ажил явууллага”, “намын эсрэг бүлэг” гэх зэрэгт манай төр хэсэг сайхан сэхээтнээ буруутган хэлмэгдүүлсэн. Тэр нь улс орны хөгжил дэвшилд саад болж байсан хүнд суртал-социализмын захиран тушаах тогтолцоог эсэргүүцэж, улс орныхоо хөгжлийг түргэтгэх, ардчилал, шударга ёс тогтоохыг эрхэмлэн Монголын нийгмийн сайн сайхны төлөө 1956-1964 он хүртэл  найман жилийн турш үргэлжилсэн Ц.Лоохууз нарын сэхээтнүүдийн шударга тэмцэл байсан юм. Сэхээтнүүдээ хэлмэгдүүлнээр сэхээтний давхраа идэвхигүй, үлбэгэр болох замд орсон. Удирдлагын алдаа завхрал нь Монголын толгой сэхээтнүүдийн урмыг хугалсан. Яваандаа идэвхигүй, үлбэгэр байдал нийгэмд газар авч, тоталитар дэглэм нийгэмд ноёрхоход хүргэсэнд тэр хэлмэгдүүлэлтийн хор уршиг оршино. Энэ түүх өнөө цагт зүсээ хувилган сэргэж байгаа юм шиг санагдах боллоо. Өмнөд хөршийн нэг сайд ирэхэд өндөр төрийн минь тэргүүн тэргүүнээ гудайлгаж, алга хавсран залбирахыг үзлээ. Ерөнхий сайд бөхөлзөхийг ТВ-ээр хараад дургүй хүрлээ. Би буруу бодсон байх болтугай. Төрөө бэхжүүлж, хууль, шүүхийн салбарт реформ хийхгүй бол өнөөгийн энэ урагшгүй байдал нэг л биш байна.

-Зарим улстөрч Монголыг Азидаа ардчиллаар үлгэр жишээ болж байгаа тухай, Монголд эрх зүйт төрийн тогтцолцоо тогтсон, шүүх засаглал ажлаа хэвийн хийж байгаа гэж сурталчилдаг?

-Монголд хүний эрхийг дээдэлсэн  эрх зүйт төрийн тогтцолцоо тогтоод шүүх засаглал нь ажлаа хэвийн хийж байгаа гэдэг учир дутагдалтай.  Олон түмэн нь үүнд дасал болж, мунхарч суугаад бид гайхаж, залхаж байна.

-Та гарц гаргалгааг хэрхэн харж байна вэ? 

-Дотогшоо харж, дотоод мөн чанар, төрт ёс, “зүрхээ чагнаж, дотор хүнтэйгээ ярих” цаг болж. Уламжлал, шинэчлэлийг хослуулах хэрэгтэй. Ялангуяа харийн үзэл суртлаар хүүхэд, залуусаа сургаж, харьд л суралцсан бол юу сурч ирсэн нь хамаагүй болсон энэ цаг үед энэ мэт санаа бодол хэрэг болж магадгүй юм. Бид үе үеийн эх орончдын тэмцэл, өөрсдийн хүчин зүтгэлээр тусгаар тогтнолоо баталгаажуулж ирсэн. Тийм л жамтай. Бид эх орон, газар шороо, тусгаар тогтнолоо дээдэлж, хүнээ дээдэлсэн чийрэг улс болохыг л хүсч байгаа шүү дээ. Тиймийн учир ганц намын дарангуйлалд шүтэлгүй үндэсний эв нэгдлийг эрхэмлэн, харилцан ойлголцол, зөвшилцлийн зарчмаар эвийн хүчээ бэхэлж авъя. Хүчээ нэгтгэе гэдэг зөв. Одоо ажил болгох боломж нь хангалттай байна шүү дээ.  Дараагийн хэлэх зүйл бол монголчууд олон мянган жилийн турш бүтээн туурвисан төрт ёсны уламжлал, өөрийн гэсэн мэдлэг ухаан, соёл хүмүүжил, дэг журам, хууль эрх зүй, зан заншил, төрт ёсны арвин баялаг өв, соёлоо дээдлэх явдал юм.  Өтөг их соёлтой, оюун билгийн ард түмэн шүү дээ.

 Монгол хүний бие нь газарт, оюун нь тэнгэрт, санаа сэтгэл нь тэнгэр, газрын савслагад байдаг. Тийм  болохоор дэлхийн суут ухаантнууд зүй ёсоор үнэлж ирсэн. Нэг жишээ хэлэхэд Германы гүн ухаантан Георг В.Гегель “Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухаан бэлэглэсэн. Учир нь тэнд төр байсан юм” гэжээ. Төр шиг төрийг монголчууд байгуулж чаддаг ард түмэн.  Монголчуудын оюун санааг нэгтгэсэн хүчирхэг үзэл суртал, идеалоги дор нийгмийн сэтгэл зүйг нэгтгэж, соён гэгээрүүлэх нөр их ажлыг гүйцэтгэх нь зүйн хэрэг. Монголчууд бидний нэгэн зүгт итгэл үнэмшил болж, ард нийтээрээ нягтран тэмүүлсан туйлын хүсэл зорилго, “идеал” юу юм бэ гэдэг дээр ард түмнээ нягтруулж, үндэсний ухамсраа сэргээж авах хэрэгтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.22 МЯГМАР № 183 (6408)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ