Царай таних технологиор зургаан сая хүний зураг дээр туршилт хийжээ

2020-09-16
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

 

Улаанбаатарыг “Аюулгүй хот” болгохын тулд нийслэлд амьдарч буй 1.5 сая хүнийг царай таних технологиор мөрдөх “Нэг тархи” системийг нэвтрүүлэхээр яригдаж буй. Нийслэлийн 80 хувьд нүүр таних камер суурилуулснаар гэмт хэрэг хоёр дахин буурна. Ингэхдээ эхний ээлжинд 2000 камер суурилуулна хэмээн өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр технологийн компаниудын дунд тендер шалгаруулсан. Царай таних технологийг хэзээ хэрэгжүүлж эхлэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хүрээнд яригдаж байсан ч одоогоор түр зогсоосон. Хүний царай танихаар хувийн мэдээлэлтэй холбоотой гэж үзээд больсон юм шиг байна лээ” гэсэн мэдээллийг өгсөн юм. 

Нүүр таних технологи гэмт хэрэгтэй тэмцэх шийдэл гэхээс илүү хувийн нууц, хүний эрхэд халдах эрсдэлтэй гэдгийг мэдээллийн технологийн мэргэжилтнүүд сануулж байгаа. Хувийн мэдээлэл агуулсан их хэмжээний датаг аюулгүй хадгалах, хүний давхцахгүй өгөгдлийг ашиглахдаа зөвшөөрөл авахаас эхлээд асуултын тэмдэг олон бий. “Зууны мэдээ” сонин өмнөх дугаартаа “Царай таних технологи хүний эрх, хувийн нууцад халдах уу” сэдвийг хөндсөн бол энэ удаа бид нийслэлд царай таних технологийг хэрэгжүүлэхээр туршилт хийж буй Мэдээлэл технологийн паркаас сурвалжиллаа.

“S-Ray CEO” компани царай таних системийг дөрвөн жил гаруй хөгжүүлж компани дээрээ туршжээ. Харин өнгөрсөн хавраас эхлэн Мэдээлэл технологийн парк дээр туршилтаа үргэлжлүүлж буй юм. Том дэлгэц дээр орж, гарч байгаа хүмүүсийн дүрс бичигдэхээс гадна хажуугийн эгнээнд арваад хүний нэр, орж гарсан цаг, минутын бүртгэл харагдаж байв. Үүнийг “S-Ray CEO” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвдорж тайлбарлахдаа “Видео байнга бичигдэнэ. Тухайн хүнийг ольё гэхэд аль ч камерын бичлэг дээрээс олох боломжтой. Гэхдээ энд бол IT парк дотор ажиллаж байгаа компаниудын ирцийг бүртгэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд ашиглаж байна. Өдөрт хэдэн хүн үйлчлүүлж, ажилчид хаагуур юу хийж байна вэ гэдгийг хянаж компаниудтай хамтарч ажиллаж байна” гэсэн юм.

“S-Ray CEO” компанийн ашиглаж буй царай таних камер тасралтгүй бичиж буй видео дээрээс тухайн хүний нүүрний хэсгийн зургийг тасдаж аваад өгөгдлийн сан дотор давтагдашгүй ID үүсгээд оруулчихдаг гэнэ. Дараа нь гэмт хэрэг хийсэн зэргээр сэжиглэж тухайн хүнийг олох шаардлага гарвал төстэй зургийг өгөгдлийн сан руу оруулж хайснаар хаагуур орж гарсан, хамгийн сүүлд юу хийж байсныг нь богино хугацаанд мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, суурилуулсан газраар орж гарч буй хүмүүсийн дүрсийг байнгын бичнэ. Тэр дундаас хүссэн хүнийхээ шинж тэмдгийг оруулаад хаана юу хийсэн, хэнтэй уулзсаныг нь төвөггүй мэдэж болох юм. Бид царай таних программыг хэрэгжүүлэхээр туршилт хийж буй “S-Ray CEO” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвдоржтой уулзаж ярилцлаа.

 

Ц.Пүрэвдорж: Гадаадад сервер байршуулах нь хамгийн том аюул

 

-Царай таних техно­логийн туршилтын үр дүн хэр байна вэ. Мэдээж гадны технологийг судалсан байх?

-Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд бүгд царай таних технологийг ашиглаж гэмт хэрэгтэй тэмцэж Аюулгүй хотыг хөгжүүлж байна. Монгол Улс царай таних технологийг хүссэн хүсээгүй ашиглана. Угаас бидний хэрэглэж байгаа бүх гар утас царай таних технологийг ашиглаж байна. Энэ мэдээлэл хадгалахгүй байгаа гэдэгт итгэлтэй байна уу. Царай таних технологийг бид 4-5 жил хөгжүүлсэн. Энгийн IP камер дээрээс ажиллуулдаг. Тусгай камерын шаардлага байхгүй. Харин ард нь видео менежмент систем явдаг. Камерт бүх хүний царай бичигдэнэ. Тухайн хүнийг ольё гэхэд аль ч камерын бичлэг дээрээс олох боломжтой. Мөн машины дугаар танина. Дүрэм зөрчвөл торгуулна. Нэг талаараа гэмт хэрэгтэй тэмцэх, хоёрдугаарт үндэсний аюулгүй байдалтай холбоотой.

Бид гадны систем яаж ажиллаж байгааг судалсан. Ихэнх нь серверээ хятадад байршуулчихдаг. Монголчуудын царай, гадаад төрх Хятад руу гарна гэсэн үг. Энэ үүднээс Үндэсний аюулгүй байдал талаасаа царай таних технологийг Монголдоо авч үлдэхээр таван жил хөгжүүлж байна.

-Царай таних камер хүнийг байнга мөрдөж мөшгинө, тасралтгүй хянах юм байна. Хүний эрх, хувийн нууцыг хэрхэн хамгаалах вэ?

- Хүн болгоны харах өнцөг өөр. Одоо ч гэсэн гудамж, худалдааны төв, байгууллага гээд байнга л камер бичиж байгаа. Хайж олдог систем л байхгүй болохоос биш орж гарсан хүмүүсийн бичлэг үлдэж байгаа. Царай таних камер үүнээс ямар ч ялгаагүй. Харин хайж олох процессыг л хурдан болгож байгаа юм.

Царай таних системийг камерын ард ажиллуулах уу, үгүй юу гэдэг нь нийслэлийн асуудал. Шаардлагатай тохиолдолд ажиллуулж болно. Байршуулж эхэлбэл хууль тогтоомж хэрхэн үйлчлэхийг мэдэхгүй. Бидний зүгээс гадныхаас ялгаагүй системийг хөгжүүлж бэлэн болгосон гэсэн үг.  Царай таних технологийг ашигласнаар бага насны хүүхэд алга болоход хамгийн сүүлд хаана явж байсан, аль зүг рүү явсныг олох боломжтой. Тэр хүн хаана явж байгааг шууд харуулна. Түүнээс өдөр шөнөгүй хүнийг мөрдөж, мөшгих шаардлагагүй.

Японд бол наад захын бэлэн мөнгөний машин, кофе шопод гүйлгээ хийхэд царай таних технологи ашиглаж байна.

-Олон мянган хүний хувийн өгөгдлийг дата болгож хадгалах юм байна. Хүний хувийн нууцыг алдахгүй байх баталгаа бий юу?

-Тийм амар халдлагад өртөхгүй. Ямар ч гадны системээс дутахааргүй хамгийн сайн хамгаалалтыг хийнэ. Харин тэрхүү датаг улс бидэнд даатгах уу. Нийслэл өөрсдөө авч явах уу гэдэг тусдаа зүйл. Дотор байгаа датагаа гадагшаа алдана гэхээс илүү гадны газарт суурилуулахаас айх хэрэгтэй. Мэдээллийн аюулгүй байдал стандартын дагуу хангагдаад явж байгаа. Манайх бол мэдээллийн аюулгүй байдлаа дотооддоо бүрэн хангаж чадна. Хакердуулахаас илүү гадны систем аваад гадаадад сервер байршуулбал хамгийн том аюул. Бидний хөгжүүлсэн царай таних систем хакердуулахаас 99 хувь хамгаална. Дотоод сүлжээнд гаднаас халдахад маш хэцүү.

-Хүний нүүр царайг танихдаа андуурах тохиолдол гадны оронд гардаг юм билээ. Ойролцоо төрхтэй хү­мүү­сийг эндүүрч хэлмэг­дүүлэх эрсдэл бий юу?

-Зураг, өгөгдлийн чанар хэр сайн байгаагаас андуурах магадлал ямар байгаа нь хамаарна. Манай нүүр таних технологийн хувьд 99.8 хувиар таньж байна. Хүний цээж зургийг нь авчраад таниулахад хэр дүйцэж байгаа зэргээр ялгаанууд гарч ирнэ. Зураг, бичлэг бүдэг гарч өөр хүнийхтэй андуурагдсан байлаа гэхэд өөрийг нь авчраад зурагтай нь харьцуулахад болно. Компьютер ажлыг төгс хийдэг.

Манай царай таних систем интернэтэд байгаа нээлттэй эх үүсвэрээс зургаан сая хүний царайн дээр туршилт, машин сургалтаа хийсэн. Зургаан сая хүний олон талаас авсан зураг дээр туршилт хийсэн учраас хажуугаас авсан ч алдахгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.16 ЛХАГВА № 179 (6404)

 

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

6 цаг 11 мин
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

6 цаг 21 мин
Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

19 цаг 10 мин
Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэхээр боллоо

Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэхээр боллоо

21 цаг 25 мин
М.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

ИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилох асуудлыг шийдвэрлэлээ.  Өчигдрийн чуулганы хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Уг томилгоотой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч чуулган завсарлах дөхөж, хэлэлцэх асуудлуудаа шахаж байгаа тул АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн. 

23 цаг 33 мин
Ж.Өсөхбаяр: Марш тактикийн тэмцээний үеэр гарсан осолд хариуцлага алдсан найманд хүнд арга хэмжээ авсан

Төрийн цэргийн байгууллагуудын аварга шалгаруулах марш тактикийн ээлжит тэмцээн энэ оны зургаадугаар сарын 9-нд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болжээ. Тэмцээний үзүүлэх тоглолтын үеэр хугацаар цэргийн хоёр алба хаагч гэмтсэн осол гарсан байна. Энэ талаар өнөөдөр Зэвсэгт Хүчний Жанжин Штаб(ЗХЖШ)-аас мэдээлэл өгөв.​​​​​​

23 цаг 37 мин
Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Өчигдөр 06 цаг 00 мин
Хельмут Вебер: Монголын аялал жуулчлалд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол нэгдсэн концепц

Азийн аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаад

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар "Рио Тинто" групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Одоогоос 17 жилийн өмнө буюу 2009 онд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байдаг. Улмаар “

Уржигдар 06 цаг 00 мин