• Зууны мэдээ сонин онлайн захиалга

П.Энхцэцэг: Уламжлалт мэдлэгт суурилсан боловсролын инновацийг хөгжүүлье

2020-09-01 07:20

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

 “Тогтвортой хөгжил, боловсрол” хүрээлэнгийн захирал, боловсрол судлаач П.Энхцэцэгийг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.

 

-Боловсролын систем уналтад орлоо гэдгийг манай улс бүх  шатандаа  хүлээн зөвшөөрсөн. Гэвч шинэ хичээлийн жилийн эхэнд дурдаад өнгөрөхөөс биш бодлогоор анхаарсан нь үгүй. Судлаачид  үүнийг хэрхэн оношилж, ямар дүн тавьж байдаг юм бол?

-Энэ асуудал эрдэмтэн, судлаачийн анхаарлын төвд байсаар ирсэн. Үе үеийн Засгийн газар хүүхдийн цэцэрлэг, сургуульд хамрагдах бололцоог нь чадлаараа дэмжиж, байшин барилгыг нь барьж өгдөг. Гэтэл боловсролын  чанар, үр өгөөжид ахиц гарахгүй байна. 

Монгол Улсад 1990 онд нийгмийн шилжилт хийгдсэн. Гэтэл боловсролын шинэчлэлийн тухай 1998 оноос  ярьсан. Үүнээс хойш найман жил учраа олох гэж будилсан ч албан боловсролын системээ  нураачихалгүй авч явсан. Гэвч өмнө нь баримталж байсан үзэл санаа бүгд буруутгагдаж,  шинээр зүг чиг гаргаж явах ёстой ч түүнийгээ  олж чадаагүй. Олон удаа гадны хөтөлбөр оруулж ирж хэрэгжүүлж туршсан. Мастер төлөвлөгөөнүүд боловсруулж  нэвтрүүлсэн. Үүнээс  манай боловсролын систем өөрийн  шинж чанараа олох гэж тэмүүлж байгаа тал харагдаж байна. Гэхдээ аливаа зүйлийн систем, системт чанараа алдах гэдэг асуудал байсаар. Системт чанараа алдана гэдэг эмх цэгцгүй болно гэсэн үг. Дээр нь боловсролын систем үр өгөөжгүй байна. Үүний цаад шалтгааныг илрүүлэхийн төлөө  манай хүрээлэнгийн судлаачдын баг   ажиллаж байна. Манай  хамт олон 1998, 2000 оны эхнээс судалгааны ажил эхлүүлсэн. Боловсролын систем гажуудсаныг дээр доргүй ярьдаг ч засах, өөрчлөх, барьж аваад хэрэгжүүлэх арга замыг яаж олох вэ гэдэгт анхаарал хандуулсан. Эхний шатанд бид “Айлаас эрэхээр авдраа уудал” гэгчээр өөрсөд рүүгээ өнгийж  үзсэн, гарц шийдэл хайсан. Дэлхийн шилдэг хөтөлбөрүүдийг өрнө, дорнод  хувааж  судалсан. Үүний дүнд боловсрол гэдэг дан ганц сургах үйл явц биш. Сургана гэж нэг талыг барих нь  өөрөө сургалтын чанарт нөлөөлж чадахгүй байна. Сургана, хүмүүжүүлнэ, хөгжүүлнэ гэдэг тус тусдаа нарийн асуудал. Ингэхдээ өөрийн гэсэн онолтой, шинжлэх ухааны суурь судалгаатай явагдаж байдаг. Үүнийгээ манайх 1990-ээд оны завсрын үед орхигдуулсан. Манайд хөтөлбөрийн шинэчлэл, туршилт хийж байсан удаа үгүй. Дандаа сургалтын хөтөлбөрүүдийг гол болгоод байсан. Хүмүүжлийн хөтөлбөрүүд нь орхигдчихсон. Үүнээс болж системийн эмх цэгцгүй байдал бий болсон. Иймд  боловсрол эзэмшүүлэх сургалтыг  чанартай болгох ёстой. Хүмүүжлийн тусгай хөтөлбөрүүд боловсруулж, түүнийгээ албан боловсролынхоо тогтолцооны үе шат болгонд тохируулан хэрэгжүүлэх шаардлагатай. Манай боловсролын салбар  хүмүүжлийн хөтөлбөрийг шинээр боловсруулж туршихгүй байна.

Монголын нөхцөлд сургалтын,  хүмүүжлийн гэсэн хоёр хөтөлбөр хосолсон системийг хэрэгжүүлснээр  бидний үр хүүхэд, ирээдүй хойчийг  маань сайн сайханд хүргэж чадна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Хүмүүжлийн хөтөлбөрийг бид айлаас авч болохгүй. Нэг айл нөгөөгөөсөө  “Миний хүүхдийг хүмүүжүүлээд өгөөч” гэж гүйж очихгүй шүү дээ. Тэр айл ч гэсэн “Би танай хүүхдийг хүмүүжүүлж өгнө” гэж ирэхгүй. Тэгэхээр бид үндэснийхээ  түүх, өв соёл, үнэт зүйлийг судалж, түүнийгээ боловсролын практикт хэрэгжүүлэх  агуулгаар  томъёолж,  тусгай хөтөлбөрүүд боловсруулах хэрэгтэй. Энэ бол манай судалгааны багийнхан, эрдэмтэн судлаачдын маань  олон жилийн судалгаагаар  гаргаж ирсэн дүгнэлт. Тэгэхээр өнөөдрийг хүртэл 100 жилийн түүхтэй албан боловсролын систем дотор хүмүүжлийн тогтолцоог дахин шинэчилж,  системт чанарыг нь дахин сэргээхэд дэмжлэг үзүүлэхээр “Тогтвортой хөгжлийн бодлого, боловсрол”  хүрээлэнг байгуулан ажиллаж байгаа бидний зорилго маань үүнд чиглэж байгаа юм.  

-“Тогтвортой хөгжлийн бодлого, боловсрол, дэлхийн иргэнийг бэлдэх” гэж улс орон болгон ярьдаг. Суурь нь мэдээж  тухайн үндэстэн  ямар байх,  зөв хүн болж төлөвшихөөс эхлэх болов уу?

-Дэлхий нийтээрээ уриалан зорьж байгаа “Тогтвортой хөгжлийн зорилго” хэмээх хөгжлийн шинэ загвар манай улсад ч  хэрэгжиж байна. Түүнд үндэслэж  хөгжлийн тулгуур баримт бичгүүдийг боловсруулдаг. Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх хамгийн зөв арга зам нь боловсрол юм. Энэ нь боловсролын системээр дамжуулан тогтвортой хөгжлийн боловсролтой  иргэнийг  бэлдэх шаардлага тулгарч байна гэсэн үг юм. Монгол Улс   “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” баримт бичгийг боловсруулж, тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг албан боловсролынхоо систем рүү интеграцчлах зөвлөмжүүдийг аваад явж байна. Тогтвортой хөгжлийн зорилт нь дэлхийн иргэнийг бэлдэхэд чиглэдэг. Дэлхийгээ хайрладаг, бидний оршин амьдрах орон зай гэдгийг мэдэрдэг хөгжлийн өндөр түвшинд хүрсэн хүнийг дэлхийн иргэн гэж томъёолдог.Тэгвэл манай өвгөд дээдсээс уламжилж ирсэн  түүх, соёл, уламжлалт ухаан, зан заншилд  байгаль дэлхийтэйгээ хэрхэн зохицож амьдрах вэ гэдгийг   таньсан маш эртний мэдлэг уламжлагдаж ирсэн. Бид үүнийгээ сэргээж шинэ  ноу-хау боловсруулах боломжтой. Монгол хүн “”Манай хүүхдийг  хүмүүжүүлээд өгөөч” гэж айлаас гуйдаггүй, өөрсдөө л хүмүүжүүлж ирсэн уламжлалт  ухаантай. Айл ч бас өөрсдийн хүүхдийг өсгөж хүмүүжүүлж ирсэн өөрийн гэсэн арга барилтай. Үүгээр би юу хэлж байна вэ гэвэл, сургалтын хөтөлбөрийг гаднаас авчихаж болох ч хүмүүжлийн хөтөлбөрийг авч болдоггүй гэдгийг хэлж байгаа юм. Үүний тулд бид авдраа ухах ёстой. Авдраа  ухах судалгаа руу манай багийнхан сүүлийн 5-6 жил ажилласан.

Үүний  дүнд хүнээр хүн хийх технологийг боловсруулах бүрэн боломжтой гэж үзсэн. Хүний боловсролыг хэрэгжүүлэх гэж байгаа бол тэр нь  хүний тухай мэдлэгт суурилах ёстой. Энэ чиглэлд  сэтгэл судлалын шинжлэх ухаан, хүн судлал гээд олон салбар хөгжсөн ч  бид өвгөдийнхөө  мэдлэгтэй орчин цагийн шинжлэх ухааны ололт, нээлт, олон ургальч үзлийг нийцүүлж, монгол хүний онцлогт тохирсон  технологи боловсруулах боломж байна. Авдраа ухсан судалгааны дүгнэлтүүд түрүүчээсээ гарснаар бид   хүмүүжлийн хөтөлбөр бэлдэх  гарын авлага, материалтай болсон. Монголын нэртэй эрдэмтэн, судлаачид, улс орныхоо ирээдүй, хойч үед сэтгэлээ чилээж буй сэхээтнүүд, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй хамт, тэдний  урам зориг,  сэтгэлийн дэмжлэгтэйгээр бид хүмүүжлийн хөтөлбөр боловсруулах ажлыг эхлүүлсэн. Үүнийг хаа хаанаа ойлголцож, боловсролын системдээ суулгаж  өгөх шаардлага өнөөгийн бидэнд  тулгарч байна.

-Хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд өөрийгөө сайн таньсан байх хэрэгтэй гэж ойлголоо. Монголчууд өөрийгөө хэр судалж таньсан ард түмэн бэ?

-Хүний хөгжлийг  тухайн цаг үеийн нийгмийн үндэс, өвөрмөц онцлогтой нь уялдуулж судалдаг. Бид тэртээ XIII зууны үед  Их Эзэн Чингис хааны байгуулсан Их  Монгол Улсын үеэс өнөө хүртэл  дөрвөн нийгмийн байгууламжид шилжсэн байдаг. Энэ болгонд хүний хөгжил өөрчлөгдөж ирсэн. Тэгэхээр та зөв асуулт хөндлөө, өнөөдөр бид  өөрийнхөө мөн чанарыг ойлгох тухай асуудлыг   ярьж байна.  Хүн мөн чанараа олох ёстой. Үүний төлөө хүүхэд ахуй цагаас нь чиглүүлэх хэрэгтэй. Учир нь мөн чанараа олохын тулд хүн тодорхой хямралын үеийг туулдаг. Тэр үеийг нь зөв чиглүүлж өгөх  ёстой юм. Хүмүүжлийн хөтөлбөр гэж яриад байгаагийн маань гол агуулга нь мөн чанараа олох гэж тэмүүлж байгаа хүүхдийн хямралын үеийг зөв чиглүүлэхэд оршино. Хэрэв  хямралынх тэр  үед анхааралгүй хандвал  мөн чанарын төөрөгдөл бий болно. Төөрөгдсөн хүн мөн чанар руу дахиж хөл тавьж чаддаггүй. Яагаад гэвэл төвөгтэй, хэцүү гэсэн ойлголттой болчихдог. Хямралынх нь үеийг зөв чиглүүлээд өгчихвөл   хүн өөрөө мөн чанараа олдог. Олохын  дэнсэн дээр хүмүүжлийн буруу сурталд д автвал  мөн чанарын хуулбар байдал бий болдог. Тухайлбал, ээж аав, эргэн тойрныхоо  хүмүүсээс  “Чи бол тийм, ийм хүн” гэж тодорхойлогдсон байдлаар өөрийгөө “загварт” оруулчихдаг гэмтэй.  Хямралын үе  өсвөр насанд  эцэг эхээсээ зөрж зөрүүдлэх, түүнээс үүдээд өөрт нь таалагдахгүй байдал үүсэх, тэр сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх зэрэг   зан төлвөөр нь  илэрч байдаг. Энэ үед нь  чи ийм л байх  ёстой,  мундаг эмч болох ёстой, удмынхаа багш мэргэжлийг өвлө гэхчлэн тулгаж болохгүй.  Өөрөөр хэлбэл, мөн чанараа олохоор өөрийгөө хайж,  тэмүүлж,  хямарч яваа хүүхэд болгон дээр эцэг эх,  багш нарын зүгээс  бодлоготой хандах ёстой юм. Мөн чанараа олсон хүүхэд дотоод хямрал зөрчилгүй байж,  өөрийн авьяасыг илрүүлж,  энэ хорвоод юу хийж яаж амьдрах ёстойгоо ойлгосон аз жаргалтай иргэн болж төлөвшинө. Бүх хүн ингэж аз жаргалтай иргэн болж зөв төлөвшсөнөөр нийгэм маань амгалан тайван, өндөр ухамсар сэтгэлгээтэй болно. Хүний нийгэм ингэж байгуулагдах ёстой. Гэтэл бид хүүхдийнхээ хямралын үеийг зөв ойлгож, анхаарч чиглүүлдэггүйгээс алдаж байна. Өнөөдрийн нийгэм бидний хийсэн  алдаа, боловсролын системийн маань гажуудлын үр дүн юм. Тэгэхээр боловсролын систем  хүмүүжлийн хөтөлбөртэй, түүнийг нь заадаг багштай, хүүхдийг мөн чанараа олж хүн болж төлөвшихөд нь зарцуулдаг цагийн  хуваарьтай байх ёстой. Үүнийг бид цогц систем гэж нэрлээд байгаа юм. Энэ хэсэг нь байхгүй болчихоор манай боловсролын систем өрөөсгөл буюу доголон систем болчихоод байна.

-Бид 1990-ээд оноос  шинэ нийгэмдээ  зохицуулаад авч явах ёстой байсан боловсролын системээ  эвджээ.  Уналтаас гадна, хэрэв бага ч гэсэн дэвшил байсан  тэр нь юу байв?  

-Социализмын үе захиргаадалтын системд суурилж байсан. Ер нь бол 1921 онд Ардын хувьсгал ялж, Ардын засаг, Ардын гэгээрлийн яам, ардын сургуулиуд байгуулагдсанаар  албан боловсролын систем үүссэн. Үүнээс өмнө сурах нь сурч, гэртээ  шавь сургалтаар бичиг үсэг  үзэх нь үзэж, сурч мэдэх нь  сайн дурын үндсэнд  байсан. Гэхдээ монгол хүн  байгалийнхаа  хэмнэлээр малаа дагаж нүүдэллэн амьдарч  ухамсар сэтгэлгээ нь маш өндөр түвшинд төлөвшиж байсан. Мэдээж тэр үед буддын шашны, Манжийн дарангуйллын  гэхчлэн тухайн нийгмийнх нь нөлөө байсаар өнөөдрийг хүртэл хөгжиж, төлөвшсөөр ирсэн. Албан боловсролын 100 жилийн түүхийг авч үзвэл сургалт нь байсан, түүний зэрэгцээ хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь ч давхар явж байсан. Гэхдээ хүмүүжүүлэх үйл ажиллагааны үзэл онолууд нь өөр. Социализм нийт иргэдийнхээ ухамсарыг хувьчлаад авчихсан байсан. Хүний ухамсар өөрийгөө чиглүүлдэг маш хүчтэй зүйл. Гэтэл тэрийг төр нь хувьчлаад авчихаар эргээд  бүгдийг хянадаг. Тухайн хүн төрийнхөө чиглүүлсэн, заасан зүг рүү мухар, сохроор дагаж яваад өөрийн гэсэн сэтгэл мэдрэмжээ гээж байна гэсэн үг. Үүгээр “Хөдөлмөр хүнийг бий болгодог”  гээд аливаа ажлыг хийвэл дуусгадаг хөдөлмөрч ажиллах хүчнийг бий болгож байсан. Гэхдээ тэнд ажилсаг, хөдөлмөрч, эх орноо гэсэн, бусдын сайн сайхны төлөө ажиллах ёстой, зүтгэх ёстой, худал хэлж хулгай хийж болохгүй, социализмыг бүрэн төгс ялалтад хүргэх ёстой гэсэн албан шаардлагуудыг төлөвшүүлсэн  байдаг. Энэ нь  тухайн хүн  өөрийн мөн чанарыг  танихад саадтай зүйл. Мөн чанар бол хүн өөрийгөө ухаж, сэтгэлээ чагнаж, бэрхшээлийг өөрийнхөөрөө  туулж, түүнийгээ тодорхой хэмжээнд илэрхийлж,  эцэст нь төлөвших  төвөгтэй ч гэлээ  соён гэгээрлийн, хүмүүжлийн   зам мөр. Социализмын үед тэр нь хаалттай байсан ч давуу тал нь ажилсаг, хөдөлмөрч төлөвшил бий болсон шүү. Аливаа юмыг туйлширч дүгнэж болдоггүй.

1990 онд ардчилсан хувьсгал ялахад капиталист чиг баримжаатай нийгэмд бид хөл тавьсан. Хүний эрхийн хүрээнд асуудлууд тавигдсан. Өмнөх социалист үзэл санаанд тулгуурласан зүйлүүдийг задалсан. Тэгсэн атлаа зорьж байгаа нийгмийнхээ хэрэгцээ шаардлагыг  бүрэн гүйцэд ойлгоогүй учраас тэр талын асуудал бүгд  орхигдсон. Нөгөө хүчээр сургадаг хүмүүжил ч байхгүй болж  нийгэм задгайрсан. Хүн байхын мөн чанарын асуудал нь шинэчлэгдэж, илүү дэвшилтэт үзэл онолд тулгуурлан  үргэлжлээд явах  байсан нь  30 жилээр орхигдсон. Тиймээс  дээр доргүй боловсролын систем болохоо байлаа гэцгээх  болж өнөөгийн хаос байдал үүссэн. Үүнийгээ бас бүрэн дүүрэн  дүгнэж цэгнэж  чадахгүй явсаар өнөөдрийг хүрч  ирлээ.

-Сөрөг үр дагаврыг нь дүгнэвэл?

 -Энэ байдлаас болж  нийгэмд сэтгэцийн эмгэгтэй хүн олширч, сэтгэлзүйчид цаг наргүй ажиллаж байна. Сэтгэцийн эмгэг юунаас үүдэж бий болдог вэ гэдгийг авч үзвэл урьдчилан сэргийлэх боломж бас бий. Хүнийг с этгэцийн эмгэг өөрчлөлтөд ортол нь хүндрүүлэхгүй байх, түүнээс сэргийлэх  боломжтой. Үүнийг бүхэл бүтэн том систем дотроо багаас нь суулга гэдгийг л бид яриад байгаа юм. Сэтгэл гэж юу вэ, сэтгэл хөдлөл гэж юуг хэлэх вэ, түүнийг удирдах, чиглүүлэх гэж юу вэ гээд өөрийгөө танин мэдэх үйл явцыг бүр багаас нь зааж төлөвшүүлэх хэрэгтэй. Ингэж өөрийгөө удирддаг, хянадаг болгож хүүхдийг чиглүүлэх ёстой.

- Манайхан  Кембрижийн боловсрол эзэмшүүлнэ,  гаднаас  хөтөлбөр оруулж ирнэ гэх юм. Саяхнаас  УИХ-ын ганц хоёр гишүүн “Үндэсний хөтөлбөр хэрэгтэй”  гэж дуугарсан ч амин сүнс нь юу байх тухайд бас л  ойлголтгүй байх шиг. Таны ярьж байгаа боловсролын салбар дахь  сургалтын, хүмүүжлийн гэсэн хос хөтөлбөрийн онол нь юу вэ?

-Бид шинэ дэвшилтэт онолд тулгуурлан хүн байх мөн чанарын асуудлыг багаас нь таниулдаг хөтөлбөртэй болгоё гэж байгаа юм. Сургууль болгонд хөтөлбөр хэрэгжих орчныг бүрдүүлж өгье. Түүнийг нь хэрэгжүүлдэг багш нарыг бэлдэе. Ингэснээр  хос морьтой боловсролын тогтолцоог бүрдүүлье гэж зорьж байгаа юм. Мэдээж ямар онолд тулгуурлах вэ гэдэг нь өөрөө маш нарийн асуудал. Энэ онол, томъёог Монголын түүх судлаачид, угсаатны зүйн судлаачдын өндөр түвшинд судалсан судалгаанд тулгуурлаж гаргасан. Харин даруйхан  эргэлтэд оруулах хэрэгтэй юм. Тэгэхгүй бол эрдэмтэн судлаачдын олон жил  судалж гаргаж ирсэн судалгаа практикт хэрэгжихгүй байна.  Практик амьдралд ямар судалгааг хэрэгжүүлж байна гээд үзэхээр  юу ч байхгүй, ямар ч онолгүй  өөрсдийнхөөрөө мунгинуулаад байж байх жишээтэй. Тэнд ямар ч үр дүн, өгөөж алга.  Ийм алдаа манай нийгэмд, зарим саобарт  газар авчээ. Тиймээс  боловсролын салбар дахь  энэ алдааг залруулахын төлөө  бид зорьж ажиллана. Тогтвортой хөгжлийн зорилтын тухайд ЮНЕСКО-гийн зорилтод хүргэхэд монголчуудын оруулах хувь нэмэр бий. Бид өөрсдөө оюун  ухаангүй, гаднаас хүний юмыг хуулж оруулж ирээд байдаг улс орон биш. Тэртээ XIII зуунд  дэлхийн том  Эзэнт гүрнийг байгуулсан өөрийн гэсэн философитой агуу үндэстэнд  эргээд агуу болох түүхэн аксиом байдаг. Түүнийгээ энэ цаг үед хэрхэн хувиргаж  боловсролын практикт, ялангуяа үр хүүхэд, ирээдүй хойчоо бэлдэхэд  яаж хэрэгжүүлэх вэ гэдэг чухал. Онолчид нь онол яриад, практик талбарт  ямар ч онолгүй хүмүүс байгаад зөрөлдөж  төөрөлдөөд байж болохгүй.

-Дэлхий нийт хүний хөгжлийн зорилтыг дэвшүүлж байна. Гэтэл эсрэгээрээ эрин үе маань хурдтай цахимжиж, техник, технологийн шийдлүүдийг ашиглах боллоо?

- Хүний хөгжлийн салбар  маш чухал. Хүн өөрийгөө олж, мөн чанараа таньсан  цагт эдийн засагт  ч  хэмнэлттэй. Энэ олон цагдаагийн газар, хүн хүч, шоронгийн зардал хэмнэгдэнэ. Өөрийгөө хянадаг, удирддаг хүн хэзээ ч бусдаар хянуулж, цагдуулж,  удирдуулах шаардлагагүй. Өөрийгөө олсон хүн яавал аз жаргалтай амьдрах вэ гэдэг  арга ухаанаа олчихсон, түүнийхээ төлөө мэдлэг боловсролоо дээшлүүлж, бүтээлчээр ажиллаж амьдардаг. Ингэж бүтээлч хүн, бүтээлч нийгэм бий болно.  Гэтэл өнөөдөр бүх албан газрууд хяналтын камер тавьж байна. Ингэснээр хүмүүс өөрсдийгөө хянаж, зөв удирдан чиглүүлэгч ухамсараа бүрэн алдсаны шинж тэмдэг. Камер байхгүй л бол бурууг үйлдчих гээд байдаг болсон нь бидний ухамсар тэгтлээ доройтсоныг харуулж байна. Ухамсар бол бидний байгалиас заяасан төрөлх  камер юм даа. Үүнийг одоо цагт цахимаар орлуулах дээрээ тулсан байна. Бид ухамсараа ажиллуулбал эдийн засгийн хувьд ч тэр олон камерт зарцуулах мөнгө, түүнийг үйлдвэрлэх хүчний зардал, байгалийн түүхий эд гээд олон зүйлийг хэмнэнэ шүү дээ.

- Өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-нд монгол хэлний хичээлийг хөтөлбөрөөс хассан нь жагсаал, тэмцэлд хүргэж байна. Гэтэл бид тусгаар тогтносон улс атлаа  төрөлх монгол хэлнийхээ болон уран зохиолын хичээлийн сургалтын  цагийг багасгаж талцаж хагаралдаж  байсан нь саяхан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хичээлийн цагийг  ихэсгэх, багасгах нь  асуудал биш. Хамгийн гол нь тэр хичээлийн агуулга ямар байгаа нь чухал. Бид тусгаар тогтносон улс үндэстэн,  өөрсдийн хэл сэтгэлгээний дархлааг тогтоох ёстой. Түүнийг  тухайн хүүхдийг бага байхаас тогтоох ёстой байдаг. Хүүхдийг   0-13 нас  хүртэл  хэл, сэтгэлгээний дархлааг  тогтоохын тулд    монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлүүд маш ач холбогдолтой. Тэгэхээр хичээлийн агуулгад сэдвийн боловсруулалт, зохист дараалал, дээр нь нас, хөгжлийн үе шатны онцлогийг харгалзах ёстой. Үнэхээр тэр агуулга нь өөрөө тэр сэтгэлгээний дархлааг тогтоож өгч чадаж байна уу, үгүй юу гэдгийг бүр эхнээс нь үнэлсэн тийм л хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. Энэ хичээлүүдийн цагийг багасгах боломжгүй. Ялангуяа 0-13 настай хүүхдүүдийн хувьд үндсэн хичээл нь байх ёстой. Энэ хичээлээр маш олон зүйлийг үзэж, судалж байж бид монгол хүн шүү, агуу түүхтэй ард түмэн шүү, монгол гэдэг энэ улс үндэстний үргэлжлэл байгаа юм  гэдгийг ойлгуулах тэр агуулга бүрэн хэмжээнд тусгагдсан байх ёстой. Монгол хүн монгол хэл, сэтгэлгээнийхээ дархлааг тогтоогоод, түүх, өв соёлтойгоо танилцсаны дараагаар дэлхийн сонгодог соёлуудтай танилцах хэрэгцээ үүсдэг. Бид соёлтой юм байна, бусад улс үндэстэн ч гэсэн өвөрмөц соёлтой юм байна, тиймээс энхтайвнаар зэрэгцэн орших ёстой юм байна гэдэг үзлийг төлөвшүүлэх ёстой юм. Эхэнд нь өөрсдийн үндэсний өв соёлыг таниулахгүйгээр шууд харь соёл руу оруулчихвал өөрсдийгөө үгүйсгэх, өвгөд дээдсээ үгүйсгэх, улс үндэстнийхээ агуу  түүх соёлоор бахархах сэтгэлгээгүй, гадагшаа зорьсон, монгол хүн болж төрсөндөө гутрах шахуу гадагшаа тэмүүлэлтэй хүмүүс бий болоод байна. Гадаад орчинд ч гэсэн өөрсдийнхөө түүх, соёлыг дээдэлдэг, бусад улс үндэстний соёлыг хүндэтгэн хүлээж авдаг, харилцан тэгш эрхтэй байх бололцоо бий,  ялангуяа монгол хүний хувьд. Түүх, соёлоо үгүйсгэж,  орхиж ирсэн хүмүүсийн хувьд одоо сэргээх гэж оролдож байна. Бид түүх соёлоо судлахын зэрэгцээ бүртгэлжүүлж, баримтжуулж  үлдээх хэрэгтэй. Түүнээс гадна хэрэглээнд оруулах ёстой. Үүний тулд бид дахин шинэ соёлуудыг бүтээж байх ёстой. Тэр хөгжингүй, бүтээлч байдлыг  бид бий болгох ёстой. Түүнээс өмнөхөө бүртгээд суугаад байж таарахгүй. Бүртгэснээ хэрэглэнэ, хэрэглэснээ эргэлтэд оруулж дахин шинэ соёлыг бүтээх уялдаатайгаар  урагшлах ёстой. Хүний тухай эртний мэдлэгээ сэргээж, үндэсний  агуулгатай боловсролын инновацийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Түүнээс гадна хэрэглээнд оруулах ёстой. Ирээдүй хойчийн эздийг төлөвшүүлж  бий болгоход  өнгөрсөн түүх соёлоороо нөлөөлөх ёстой. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.1 МЯГМАР № 168 (6393)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Sonirhogch
1998 onoos ehluulsen ajil ym bn Tegeed ene 22 jiliin hugatsaand chuham ymar ur dund hurcsen mun tus salbart oruulsan huvi nemer uguuj n yu baisan n sonin bn Meregjliin yamtaigaa ymar uyldaa holbootoigoor uil ajillagaagaa yvuulj irsen er n ymar statustai baiguullaga ym bol
Номингэрэл
Маш цэгцтэй бүрэн хэмжээний ойлголтууд авахаар ярилцлага байна. Дараа дараачдаа энэ чиглэлийн булан гаргаж энэ мэдлэгтэй гарц гаргалгаатай хүнээс олон мэдээллийг цувралаар хүргэвэл их юм хэлж өгөх судлаач байна. Ийм чухал хүний ярилцлагыг хүргэсэн танай хамт олонд баяр хүргэе. FB т шэйр хийж болохгүй байгаа тул засаад өгнө үү
иргэн Наранцэцэг
Боловсролын шинэчлэлийг хэрхэн хийх гарц гаргалгаа дүгнэлтээ гаргачихсан хамт олон байна шдээ. Төр Засаг энэ мэдлэгтэй чадвартай эрдэмтэн судлаачдынхаа ажлыг олон нийтэд түгээж хэрэгжүүлэх талаар илүү анхаарч ажиллавал ирээдүй гэрэлтэй харагдаж бна. Ийм судлаачид манайд ховор учраас хэлсэн ярьсныг нь уухайлан дэмжиж улс эх орноо хөгжүүлэх хэрэгтэй. Бяарлалаа

Холбоотой мэдээ