• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Хоёр настнаа ялгаварласан, хоёр өөр шийдвэрээ эргэж хараач!!!

2020-09-01 07:15

Б.ДОЛЖИНЖАВ

 

Өнөөдөр Эрдмийн баяр. Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг есдүгээр сарын 1. Гэвч дэлхий даяар аюулт коронавирус цар тахал дэгдсэний улмаас сургууль цэцэрлэгүүд баяраа хийхгүйгээр нээнэ. Гэхдээ сургууль цэцэрлэгтээ очиж, удаан уулзаагүй багш, найз нартайгаа уулзана гэдэг хүүхэд бүрт баяр хөөр бэлэглэж буй.

Боловсрол шинжлэх ухааны яамны наймдугаар сарын 31-ний мэдээгээр энэ жил улсын хэмжээнд 1449 цэцэрлэгт 232 мянга 435 суралцагч, ерөнхий боловсролын 820 сургуульд 640 мянга 449 хүүхэд суралцана гэжээ. Гэхдээ энэ тоонд хоёр настнууд хамаараагүй. Учир нь Боловсрол шинжлэх ухааны яамнаас хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа тавьж өвчлөлд өртөмтгий байдаг хоёр настай 77 мянган хүүхдийг эцэг эхийнх нь асрамж халамжинд өгөхөөр шийдвэрлэсэн. Ингэснээр 3-5 насны нийт хүүхдүүдийн 85.7 хувь өнөөдөр цэцэрлэгт хамрагдаж байна.

Яг үүнтэй зэрэгцэн УИХ-ын эмэгтэй гишүүд нэгдэн гэртээ үлдсэн хоёр настнуудыг асарч, эцэг эхчүүдэд нь ажил эрхлэх боломжийг олгох зорилгоор хүүхэд харах үйлчилгээний зардалд хоёр тэрбум төгрөг нэмж тусгахаар болсныг УИХ-ын пүрэв гаригийн чуулганаар зарласан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байна.

Учир нь хүүхэд цэцэрлэгт явахаар халдвар авах эрсдэлтэй, хүүхэд харах үйлчилгээний төвд хамрагдахаар ямар нэгэн өвчин тусахгүй гэсэн хэнд ч үл ойлгогдом шийдвэрийг гаргалаа.

Чухамдаа Боловсрол шинжлэх ухааны яам хэмээх төрийн нэгэн томоохон байгууллагынхаа гаргасан шийдвэрийг үр хүүхдүүдэд санаа зовних сэтгэлтэй гэдгээ илэрхийлэх гэсэн хэсэг эмэгтэй гишүүд гарч ирээд үгүйсгэчихэж байгаа юм.

Уг нь улсад нэг л толгой, нэг л бодлого, нэг л шийдвэр баймаарсан. Аав нь хүүхдүүдээ цэцэрлэгт явуулахаар өвдөнө гэртээ байлга гээд, ээж нь айлд аваачиж харуулахаар боллоо гэснээс ялгаа алга. Тэгээд нэгэнт л хоёр настнаа гэрт нь байлгахгүй юм бол айлд аваачиж байснаас цэцэрлэгт өгчих нь илүү найдвартай санагдана.  Ийм л зөрчилдөөнтэй шийдвэр гаргасан эрх баригч, удирдагчдын юу ярьж байсныг эргэн сануулъя.

 

Ижил үйлчилгээ үзүүлдэг хувийн байгууллагуудаа ялгаварлаж байна

 

Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар “Өнгөрсөн жил “Ковид-19” цар тахал гараагүй, зөвхөн улирлын томуу дэгдэх үед  хоёр настай хүүхдүүдийн 60-70 хувь нь  цэцэрлэгт ирэхгүй байсан.  Түүнчлэн  хоёр настай хүүхдүүд жилийн турш ханиад нь бүрэн эдгэрэхгүй, уушгины суурь өвчтэй болох  аюултайг Эрүүл мэндийн байгууллага анхааруулсан.  Хоёр болон гурван  настай хүүхдийн хооронд дархлаа, өвчин эсэргүүцэх чадварын хувьд асар их ялгаа байдаг. Бид таны хүүхдийн эрүүл мэндийг бодож ийм шийдвэр гаргасан гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнчлэн Хөдөлмөрийн хуулиар хүүхдээ гурван нас хүртэл халамжлах үүрэгтэй. Тиймээс байгууллагууд эцэг эхийн ажлын цагийг богиносгох, цахимаар ажиллах зэрэг боломжийг хэрэгжүүлэх хэрэгтэй.Бид өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгааг сайн анхаараарай” гэж ярьж байв.

Гэтэл наймдугаар сарын 27-ны өдөр эмэгтэй гишүүд санаачлан хоёр настай хүүхэд харах үйлчилгээний зардалд хоёр тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулж байгаагаа зарласан. Энэ  үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Энэ жилийн хувьд томуу өвчнөөс сэргийлэхийн тулд анги дүүргэлтээ багасгасан. Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байхаар  ээжүүд ажил эрхлэх боломжгүй болж орлого тасарна. Нэг бололцоог хааж байгаа бол нөгөө талаар сонголт өгөх ёстой учир хүүхэд харах үйлчилгээг санхүүжилтээр хангасан” гэсэн юм.

Дээрх хоёр мэдэгдлээс харахад л ямар жонхуу үүсгэсэн нь тодорхой. Уг нь төрийн бүх институт, яамд харилцан хамааралтай алс ирээдүйгээ бодсон нягт нямбай шийдвэр гаргах ёстой баймаар.

Гэвч БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн эмэгтэй гишүүдийн мэдэгдлийн дараахан хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд очиж ажиллав. Энэ үеэрээ “Хүүхэд харах төвүүд хэдийгээр боловсролын үйлчилгээ үзүүлдэггүй ч, бага насны хүүхдийг хамгаалах, эрүүл мэнд, хөгжлийг дэмжих, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж, эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлж байгаад нь талархаж байна. Шаардлагатай хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана” гэсэн юм.

Энэ төр засгийн гаргасан ойлгомжгүй шийдвэрүүд нэг ижил үйлчилгээ үзүүлдэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудаа ялгаварлаж буйгаа зарласан явдал болов. Учир нь улсын цэцэрлэг хүрэлцдэггүй юмаа гэхэд хоёр настнуудыг элсүүлэх сонирхолтой, боломж, бололцоотой хувийн цэцэрлэг олон бий. Гэтэл хоёр настнуудыг хамруулбал Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэдгээ мэдэгдэв. Тэгсэн атлаа мэргэжлийн бус байгууллага болох хүүхэд харах үйлчилгээний төвүүдийг ажиллуулахын тулд хувийн цэцэрлэгүүдээсээ хоёр настныг булаагаад өгчихөж байгаа юм.

Хэрэв хувийн хүүхэд харах үйлчилгээнд хоёр настай хүүхдүүдээ өгч болох л юм бол хувийн цэцэрлэгүүдэд бас авах эрхийг нь олгочихвол эцэг эхчүүдэд сонголттой болно. Хүн алинд нь хүүхдээ өгөхөө шийднэ. Нөгөө талаар адилхан л үйл ажиллагаа явуулдаг хувийн байгууллагууд энэ хүнд хэцүү цагт бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдэнэ.

Энэ тал дээр эцэг эхчүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.

 

Цэцэрлэгт явбал өвдөнө, хүүхэд харах төвд явбал өвдөхгүй хэрэг үү

 

Иргэн С.Тогтох: “Эмэгтэй гишүүдийн санаачилсан хүүхэд харах үйлчилгээ зөв. Гэхдээ хүүхдийг цэцэрлэгт явуулбал томуу тусаад хүүхэд харах үйлчилгээнд явуулахаар өвдөхгүй юм байх даа. Миний бодлоор хүүхэд харах үйлчилгээнд зориулах хоёр тэрбум төгрөгөөрөө цэцэрлэг барьсан бол оновчтой шийдвэр байх байлаа. Учир нь цэцэрлэг бол хүүхдийг сургаж хөгжүүлэх мэргэжлийн багш, сургалтын орчинтой байгууллага. Харин хүүхэд харах үйлчилгээг дурын нэгэн нь аль нэг байранд нээгээд ажиллуулчихдаг мэргэжлийн бус газар. Хүүхэд харах төвд хүүхдүүд цэцэрлэгт олж авдаг шиг мэдлэг чадварыг авч чадахгүй. Хүүхдээ хэн нэг нь харж болох боловч өнөөгийн эдийн засгийн хямралтай цаг үед нэг нь ажиллаад байрны түрээсээ ч төлж хүрэхгүй. Тэгэхээр гэрт нь цоожилж үлдээгээд ажлаа хийнэ. Ийм үед бид ажлаа тайван хийж чаддаггүй. Үргэлж гэрт үлдсэн хүүхэд маань бэртэж, гэмтчих вий гээд санаа зовоод сайн төвлөрч чадахгүй. Нөгөө талдаа ажил хийхээс өөр сонголт алга. Үнэндээ энэ төр засагт гомдолтой байдаг. Цэцэрлэгтээ хүүхдийг маань авчихбал амар тайван ажлаа хиймээр байна” гэлээ.

Иргэн О.Тунгалаг: “Би хоёр, дөрөв, 12 настай гурван хүүхэдтэй. Том хүүхэд маань сургуульд, дунд охин цэцэрлэгтээ явна. Харин бага маань гэртээ үлдэнэ. Саяхан гарсан шийдвэрээр хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болох боловч бид гурван хүүхдээ гурван өөр зүгт хүргэж өгөх шаардлагатай болчихлоо. Хэрэв цэцэрлэг хоёр настнуудыг авбал эгчтэй нь хамт зөөгөөд асар их цаг хугацаа хэмнэж байгаа юм. Гэтэл дунд охины цэцэрлэг хоёр настныг авахгүй гэсэн. Тэгэхээр Улаанбаатарын энэ их түгжрэл дунд гурван өөр зүгт хүүхдүүдээ хүргэж өгөөд ажилдаа яваад, эргэж ажлаа тараад гурвууланг нь өөр өөр газраас авах боломж үнэндээ байхгүй. Ээжүүддээ хөдөлмөр эрхлэх боломжийг нь олгоно гэж ийм шийдвэр гаргаж байгаа юм бол хувийн цэцэрлэгтээ энэ эрхийг нь өгч болохгүй юм уу. Хувийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ хоёрын чанар, орчин, халдвар авах эрсдэлийг нь бодвол цэцэрлэг нь аюул бага биз дээ. Миний хувьд энэ шийдвэрт үнэхээр их бухимдалтай байна. Цэцэрлэгт хоёр настныг авбал ойролцоох цэцэрлэгтээ ч болтугай хүүхдээ өгөөд нөхөр маань ажлаа хийнэ. Гэтэл ийм боломж үнэндээ алга. Ганцхан хүүхэдтэй айлд тохирсон шийдвэр гэж санагдаж байна” гэж ярилаа.

Иргэн П.Баатарсүх: “Манайх хоёр хүүхэдтэй. Бага хүү маань саяхан хоёр нас хүрсэн. Эхнэр хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд ажлаа хийнэ гээд их баяртай байлаа. Гэтэл  халдвараас сэргийлэх нэрийдлээр хоёр настнуудыг авахгүй гэсэн нь үнэхээр оновчгүй, бодлогогүй шийдвэр байв. Тэгснээ хүүхэд харах төвүүд хоёр настнуудыг авахаар болох юм. Үнэндээ энэ төр засгийн шийдвэрийн учрыг бид олохгүй байна. Гэрийн ойролцоо хүүхэд харах төв байдаг. Гэхдээ орчин нь үнэндээ шаардлага хангахгүй. Ямар эцэг эх хүүхдээ тэнд үлдээчихээд сэтгэл амар ажлаа хийж чадах юм бэ. Харин хувийн цэцэрлэгт нь ч болтугай өгсөн бол сургалтын чанар, үйлчилгээ, аюулгүй байдал, орчин нөхцөл нь шаардлага хангасан байдаг болохоор санаа зовох зүйлгүй. Миний бодлоор хүүхэд харах үйлчилгээ цэцэрлэгээс илүү хүүхэд өвчлөх, халдвар авах эрсдэл өндөр газар. Гэхдээ мэдээж сайн орчин, сайн багштай хүүхэд харах үйлчилгээний төвүүд байгаа боловч шаардлага хангахгүй нь илүү олон. Манайх хүүхдээ хүүхэд харах төвд өгснөөс гэрээр харсан нь дээр гэж шийдсэн” гэв.

Иргэн М.Жаргал: “Стандартын бус байранд, мэргэжлийн бус хүмүүст хүүхдээ даатгаснаас цэцэрлэгт явуулсан нь дээр. Энэ хоёр ижил үйлчилгээ үзүүлдэг байгууллага мэт боловч цэцэрлэг сургалтаар хамаагүй илүү. Эцэг эхчүүддээ дэмжлэг үзүүлсэн биш бүүр илүү гай тарьсан шийдвэр гэж харж байна. Хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн чимээнээр бараг орц болгонд хүүхэд харах үйлчилгээний төвүүд нээгдэнэ гэдэгт би лав эргэлзэхгүй байна. Гэтэл хоёр настнуудыг авах боломжтой хувийн цэцэрлэг олон байгаа. Би охиноо эгчийнх нь цэцэрлэгт өгнө гэж бодоод байтал хоёр настныг авбал зөвшөөрлийг нь цуцална гэсэн гээд аваагүй. Мэргэжлийн багш нартай, байгуулагдаад олон жил болсон цэцэрлэгийг хоёр настнуудыг битгий ав гэснээ хэдхэн сарын өмнө нэг байрны хонгилд байгуулагдсан хүүхэд харах үйлчилгээний төвд хоёр настнуудыг хүлээж авах бэлтгэлээ ханга гэдэг чинь юу гэсэн үг вэ. Эрүүл мэндийг нь бодож цэцэрлэгт авахгүй гэчихээд эргээд эрүүл мэндэд нь бүүр аюултай шийдвэр гаргачихлаа. Тэр хоёр тэрбумаараа чанартай сайн цэцэрлэг барьж болоогүй юм уу.Үнэндээ хэлэх үг алга.Энэ шийдвэр эцэг эхчүүдийг маш их бухимдуулж байна” гэсэн юм.

 

Хувийн цэцэрлэгт гурав хүртэлх насны 10 мянган хүүхэд хамрагдах боломжтой

 

Одоогоос таван жилийн өмнө хэсэг эмэгтэй гишүүд санаачлан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2015 онд батлагдаж, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Гэвч санхүүжилтийн асуудлаас шалтгаалан энэ оны нэгдүгээр сарын 1-нээс зогсоод байсан юм. Өнөөдрийн байдлаар нийслэлд 110 гаруй хүүхэд харах үйлчилгээний төв ажиллаж 3000 орчим хүүхэд авах хүчин чадалтай гэж МХЕГ мэдээлсэн. Хүүхэд харах үйлчилгээ нь гэрийн нөхцөлд, орон сууцанд байдаг тул нэг өрөөнд дээд тал нь 15 хүүхэд хамрагдана.

Энэ ажлыг 18-65 насны ямар ч ажил мэргэжилтэй хүн 14 хоног сургалтад суугаад эрхэлж болох эрх зүйн зохицуулалттай. Тэгвэл боловсролын байгууллагад бакалавраас дээш түвшний багшийн ур чадвар нарийн мэргэжилтэй хүн ажиллах эрх зүйн зохицуулалттай.

Тэгээд цэцэрлэгийг хааж, хүүхэд харах үйлчилгээг нээж байгаа нь цар тахлын үеийн шаардлагыг хангана гэж үзэж байна уу гэдэг асуулт гарна. Үүх түүхээс нь бодсон ч дөнгөж таван жил болж буй шинэхэн байгууллага олон жилийн түүхтэй мэргэжлийн байгууллагаас илүү байна гэж байхгүй нь лавтай. Үнэхээр хүүхдүүдээ бодож л байгаа бол энэ аюулт өвчний үед харин ч мэргэжлийн байгууллагадаа хоёр настнаа даатгах ёстой баймаар. Хамгийн чухал ажил дээрээ мэргэжлийн ажилтнаа халаад мэргэжлийн бус хүн авч байгаагаас ялгаа алга.

Хоёр настай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдахгүй болсноор ямар үр дагавар гараад байгаа юм бэ гэдгийг тооцоод баршгүй. Үнэхээр 80 мянга орчим эцэг эхийн ажил эрхлэлтийг дэмжих гэж байгаа бол боловсон хүчин, сургалтын чанар сайтай, олон хүүхдийн багтаамжтай хувийн цэцэрлэгүүддээ хоёр настнуудыг нь авах эрхийг нь өгөх хэрэгтэй. Гэтэл манай улсад өнөөдрийн байдлаар 500 гаруй хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд доод тал нь 10 мянга гаруй хоёр настай хүүхэд авах боломжтой гэдгээ илэрхийлжээ.

Хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажил хийх ээжүүдийн боломж хаагдаж байна. 2-оос дээш хүүхэдтэй хүмүүс нэгийг нь цэцэрлэгт, нэгийг нь хүүхэд харах үйлчилгээ рүү зөөх цаг барсан, замын бөглөрөл үүсгэсэн байдалд орж байна. Мөн хүүхдээ цэцэрлэгтээ өгөөд ажилладаг багш нарын ажиллах боломж үгүй болно. Ингэснээр тухайн цэцэрлэг ч боловсон хүчнээрээ дутах, цаашлаад тэр багшийн ангийн хүүхдүүд хохирч байна. Хүүхэд харах хүнгүйгээс болж хэн нэг нь ажлаасаа гарснаар тэр айлын орлого багасч, өр зээлэнд орно. Эсвэл хүүхдээ бага насны ах эгчид нь үлдээснээр ахуйн осол ч гарах эрсдэлтэй. Энэ бүхний ард бидний нүдэнд харагдахгүй эдийн засгийн сөрөг үр дагавар олон байна. Энэ хэцүү цаг үед ажлын байр, орлого нь тогтвортой байж иргэд даван туулна. Монгол залуучуудын орон, хөдөлмөрийн насны бүтээмжтэй айл өрхийг хүүхдийнх нь цэцэрлэгээр дамжуулан ажил орлогогүй болгож байна.

Энэ шийдвэр хэнд ашигтай юм бэ. Төр өмчийн хэлбэр харгалзахгүй тэгш хандах ёстой атал хувийн цэцэрлэгээс хоёр настныг хасаад хүүхэд харах үйлчилгээнд өгөхөөр болж байна. Гэхдээ тэр хуваарилсан хоёр тэрбум төгрөг нь ердөө л 3000 хүүхдийг хамруулах мөнгө. Үүнээс олон хүүхэд хамруулна гэвэл бараг байрны орц болгонд хүүхэд харах үйлчилгээ нээгдэх болно. Тэр дундаас ашиг хонжоо хайгсадаас болж хүүхдийн эрхийг зөрчиж, аюулгүй байдалд нь халдах вий гэж хардаж болох юм. Тиймээс хоёр настнаа ялгаварласан, хоёр өөр шийдвэрээ эргэж хараач хэмээн эрхэм төрийн түшээддээ сануулах байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.1 МЯГМАР № 168 (6393)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэмбэрэл
Цэцэрлэгт яслийн бүлэг ажиллуулах боломжтой байгаа цэцэрлэгүүдийн судалгааг гаргаж, удирдах дээд байгууллага шийдвэрээ дахин хянаж үзнэ үү. Мөн яслийн бүлэгт тавигдах шаардлагыг тодорхойлж, журмаар зохицуулна уу.

Холбоотой мэдээ