• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Б.Амартайван: Хэн нэгний зовлонгоор шоу хийж, хэзээ ч олонд танигдахгүй гэж боддог

2020-08-28 07:55

Б.ОЮУНЗУЛ

 

Сүүлийн үед залуусын дунд подкаст сонсох түүгээр дамжуулан мэдээ мэдээлэл болон өөрсдийн мэдлэг боловсролыг дээшлүүлдэг болсон. Тэгвэл энэ удаагийн зочноор подкастыг “VideoCast”  болгон үзэгчддэг хүргэж эхлээд байгаа Б.Амартайванг онцолсон юм.

 

 -Та бидэнд өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байцгаана уу. Уншигчиддаа өдрийн мэнд хүргэе. Намайг Б.Амартайван гэдэг. Усны инженер мэргэжилтэй. БНСУ-ын Sungkyunkwan Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Одоогоор МУИС-д докторантаар суралцаж байгаа. “U Cosmetics Mongolia” компанийн гүйцэтгэх захирал.

-Таныг подкаст хийдэг гэж сонссон хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-Анх 2003-2008 онд Дархан хотод радиод ажилладаг байсан. Ээлжийн хөтлөгчөөс эхлээд найруулагч болтлоо ажилласан. Түүнээс хойш цахим орчинд БАНЖИГ, GoGo гэх зэрэг порталуудад блог хөтлөдөг байлаа. Блогчдын үед өрсөлдөөн ихтэй, түүнийхээ загварыг өөрсдөө HTML хэлнээс хөрвүүлэн, нэг ёсондоо гангалдаг, түүгээрээ их өрсөлддөг байсан. Би тэднээс ялгарахын тулд өөрт байгаа  ярих авъяасаа хөгжүүлж  “Ярьдаг блог” гэж анх үүсгэсэн юм. Өөрөөр хэлбэл, хоолойгоо бичиж, радиогийн түвшинд янзлаад түүнийгээ 4shared сайтад байршуулан түүнийгээ шууд сонсохоор болгож нийтэлдэг байсан. Хүмүүс бичиж байхад би ярьдаг байсан гэсэн үг. Тухайн үед буюу 2009-2010 онд подкаст гэсэн ойлголт байдаггүй байсан ч одоо бодоход энэ нь подкастын үндэс суурь байсан болов уу гэж боддог. “Амараа ахын подкаст”-ын тухайд бол ердөө хоёр дугаар гарсан шинэ ажилбар. Олон жил дотроо бодсон зүйлээ одоо ил гаргаж байна.

-Радиогийн хөтлөгчөөр хэр удаан ажилласан бэ? 

-2003-2008 онд Дархан хотын “Бидний долгион 104.5” радиод ажилласан. Манай гэр бүлийн бизнес байсан. Тэнд анх ээлжинд гардаг хөтлөгчөөс авахуулаад сүүлд реклам уншдаг, нэвтрүүлэг бэлддэг найруулагч болох хүртлээ ажиллаад бид бизнесээ зогсоосон. Тэр үед радиогийн алтан үе байсан. Манай радиогоос нэг хэсэг хит болоод байсан “Бундын тамга” гэж радио драм бэлддэг залуус, одоо АНУ-ын Харвардын Их сургуульд суралцаж байгаа, сүүлд Их Монгол радио 99.7-ийн томоохон албан тушаалд очсон Анжела буюу Цацрал, Ардчилсан намын хэвлэлийн албанд байсан санагдаж байна, Ч.Батзул гэж олон залуус ажлынхаа гарааг манай радиогоос эхлэж байсан түүхтэй. Тэр залуусыг анх манай радиогийн хамт олон хөтлөлт гэж юу байдгаас эхлээд анхны “А” үсгийг нь зааж байсан гэхээр их сайхан санагддаг.

-Блог бичих, подкаст хийх хоёрын хоорондын ялгаа яагаад подкаст хийхээр болсон бэ?

-Блог үйлчилгээ үзүүлдэг хоёр платформ маань хоёулаа энэ үйлчилгээгээ хаагаад удаж байна. Banjig сайт маань бүр устаад алга болсон. Түүнтэй зэрэгцээд Hi5, Facebook гэх мэт цахим сүлжээнүүд Монголд нэвтэрч эхлээд зах зээлийн өрсөлдөөний журмаар шахагдсан. Эдгээр сайтууд хандах хандалтгүй болж эхэлсэн. Харин подкаст, радио хоёрын тухайд адил төстэй талууд бий. Радио сонсоход хөтлөгчийн буюу найруулагчийн сонгосон сонголтоор сонсох бол, подкаст сонсоход та өөрөө сонголтоо хийх боломжтой. Маш олон төрлийн апп-ууд гарж ирж байна. Миний хийгээд байгаа зүйл бол подкаст гэхээсээ илүүтэй VideoCast маягийн зүйл. Өөрөөр хэлбэл хүн сонсохоос гадна үзэж болохоор. Телевизийн ярилцлага маягийн. Тэгэхээр ялгаа гэвэл блог бол нийтлэл бичих талбар.Подкаст бол радиотой төстэй сонсох орон зай. Харин VideoCast бол үзэх боломж бүхий контент юм. Яагаад энэ зүйлийг хийх болсон гэхээр нэгдүгээрт энэ миний урьд өмнө хийж байсан туршлагатай салбар. Хоёрдугаарт надад хүмүүстэй ярилцах маш сонирхолтой санагддаг. Тиймээс би энэ салбарт хөл тавьсан. 

-Анхны бүтээлийг нь хүмүүс хэрхэн хүлээн авсан бэ?

-Анхны подкаст наймдугаар сарын 15-нд цацагдсан. Ердөө арваад хоногийн өмнө. Одоогоор 17 мянга гаруй хүнд хүрсэн байна. Эхний дугаарын зочноор найруулагч Л.Таванбаяр орсон. Монгол киноны тухай ярилцсан. Ярилцаж байхдаа “Хуучны монгол киноны 70 хувь нь хангалтгүй буюу нохойн баас” гээд хэлчихсэн юм. Монгол киноны хөгжил, түүний тухай, кино шүүмжийн тухай сайхан ярилцлага болсон. Харамсалтай нь анхны дугаарын гарчиг маань олон хүмүүсээс шүүмлэл хүртэхэд хүргэсэн. Доторхи агуулгыг нь үзэлгүй гарчигнаас нь дүгнээд нилээн хараалын үгээр булуулсан гэж хэлж болно. Гэхдээ муулсан ч гэсэн би их баяртай байгаа. Зорилго маань биелж байна. Харин хоёр дахь зочноор найруулагч Р.Тулга буюу видео урлагийхны хэлдгээр халзан Тука ах маань оролцсон. On’n Off, Lemon студийг үүсгэн байгуулагчдын нэг, МҮОНТ-ийн найруулагчаас эхлээд анхны хувийн телевизүүдийг Монголд байгуулалцаж явсан нэр хүндтэй найруулагч оролцсон. Бас их сонирхолтой ярилцлага болсон.

-Сүүлийн үед нилээн олон хүмүүс блог болон подкаст хийдэг болсон байна. Таны бодлоор энэ зөв үү?

-Яагаад болохгүй гэж, чадаж л байвал хийж л байх хэрэгтэй гэж боддог. Яваандаа тэд сонсогчийн тоо, контентийн чанар агуулгаасаа болоод шигшигдэнэ. Энэ бол зах зээлийн хууль гэж боддог. Нэг хэсэг байр болгон хип хоп хамтлагтай байсан шиг шуурах хандлага гарч ирж байна. Би хүртэл дүйвээнээр нь нэг юм нээчихээд л үзэж байна. Өрсөлдөөн их байх тусам контентийн чанар сайжирна. Тэр хэрээрээ үзэгчид сонголт ихтэй болно. Хүн болгон хуулийн хүрээнд дуртай зүйлээ ярьж байг. Ярих нь таны эрх, сонсох сонсохгүй нь бусдын эрх юм. Зочдын тухайд гэвэл. Миний подкаст видкастын слоган нь “Нүүр номын нүнжигтэй эрхмүүд” нэртэй юм. Тийм болохоор зочдоо нүүр номыг идэвхитэй ашигладаг, нөлөө бүхий хэрэглэгчдийг урьж оруулж байна. Гэхдээ нүүр номыг идэвхитэй ашиглана гэдэг маань могойны зураг хуваалцдаг, байрны зурагны доор аз аз бурзай бурзай гэж бичдэг биш нийгэмд хөнгөн мааз, ёгтлол маягаар эерэг хандлагыг ухуулдаг хүмүүс гэсэн үг. Нийгэмд Тэднээс асуух юм сан гэж хүмүүсийн хүсдэг зүйлийг төлөөлөн асууж, тэдэнтэй адил хөнгөндөө хөнгөн, хүнддээ хүнд байдлаар тэдний үзэл бодлыг хүмүүст түгээхийг хичээж байна. Дараагийн долоо хоногт гарах дугаартаа жүжигчин, найруулагч У.Пүрэвжавыг оруулах гээд урилга илгээчихсэн байгаа. Миний хуурай ах сайхан дугаар болох байх гэж итгэж байгаа.

-Та ямар подкаст сонсдог вэ. Хүмүүс сонин байх болов уу?  

-Би подкаст гэхээсээ илүү радио сонсдог. Бусдын подкастыг сонсчихвол магадгүй санаандгүйгээр хайрцаглагдчих вий гэдэг болгоомжлол надад байдаг. Ер нь “MglRadio”-гийн зохиогчийн эрхтэйгээр хүргэдэг Baabar.mn сайтын нийтлэлүүдийг сонсох дуртай. Сүүлд түүхч, доктор Д.Өлзийбаатар гуайн Монголчууд цахим түүх сонсдог номыг сонсож байна. Ер нь миний хийгээд байгаа зүйлийг дан ганц подкаст гэхээсээ илүүтэйгээр үзэж бас болдгоороо “Talk show” гэвэл арай дөхүү юм уу гэж бодсон. Хийсэн хоёр нэвтрүүлгээ яг утгаар нь подкаст болгох гээд, өөрөөр хэлбэр сонсоход зориулсан болгох ажлаа бас эхэлчихсэн л байгаа. Тэгэхээр подкаст гэж хэлж болох ч юм уу.. За ямар ч байсан нэг холион бантан болох нь болно.

-Цаашдаа өөрийн хийж байгаа ажлаа яаж хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна? 

-Цаашдийн төлөвлөгөө гэвэл илүү олон хүнд хүргэх тал дээр анхаарж ажиллана. Контентоо дан ганц ярилцлагын хэлбэрээр биш, бас өөр булан маягийн зүйлтэй болгоё гэж бодож байна. Боломж бололцоо нь олддог бол нэг эмэгтэй хөтлөгчтэй хамт хөтлөх санаа байгаа. Эхний ээлжинд найз нөхөд танилын хүрээгээ түшиглээд ямар ч байсан бэлэн гурван дугаар байна. Зургаа, долоо дахь дугаараасаа миний хийж буй ажил маань хүнд таалагдаж эхэлвэл илүү өргөн сэдвийг хамарсан прожектуудыг эхлүүлнэ. Эр хүний дотор юу гэдэг билээ дээ. Гэхдээ баримтлах гол зарчим маань хэзээ ч хэн нэгний нус нулимс, зовлонгоор шоу хийж, түүгээр мөнгө олж, олонд танигдахгүй юм шүү гэж боддог. Тэрхүү зарчмаа хатуу баримталж ажиллана. Энэ “Амараа ахын подкаст” гэж байгаа нь One Man Project буюу нэг хүний төсөл юм. Нэгэнт зориглоод нээснийх, амжилтанд хүргэмээр байна. Хүмүүс миний муухан ч гэсэн контентийг үзээсэй гэж хүсэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.28 БААСАН № 166 (6391)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ