Иргэдийн мэдэх эрхийн төлөө сэтгүүлч эрсдэлтэй зам туулдаг

2020-08-13
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

“Үнэний төлөө үзгээ барьж тэмцсэн би сэтгүүлч” гэж  мэргэжлээрээ бахархах сайхан. Иргэдийн мэдэх эрхийн төлөө тэмцээд хохирч үлдэх бас  харамсалтай.

Ээдрээт  энэ замыг туулахдаа эрсэдсэн эрэн сурвалжлагчид сэтгүүлзүйн түүхэнд олон бий.  Монголын сэтгүүлзүйн салбарт ч  цаг бусаар одсон  бидний үзэг нэгтэн  цөөнгүй. Өнөө хэр нь амь эрсэдсэн  шалтгааныг нь олж тогтоогүй  асуултын тэмдэгтэй аймшигт хэрэг ч байсаар.

Бусдын зөрчигдсөн эрхийн төлөө гүйдэг атлаа өөрсдөө хохирч  үлдсэн ч тэглээ гэж зарлаад байдаггүй. Чимээгүй даруухан үзгээ  бариад урагшаа зүтгэдэг ийм л сэтгүүлчдийн сэтгэл дээр сэтгүүлзүйн салбар минь тогтож иржээ. Цаг наргүй энэ л ажилдаа сэтгэлээсээ хандаж, ар гэр, үр хүүхдээ тааруухан анхаарсан нь ч байх. Бахархах зүйл биш ч гэлээ, өөрийн амьдралаас жишээлэхэд гэр хорооллын харанхуй мухарт байдаг гэрээсээ  үүрээр гарч шөнөөр харьдаг. Хүүхдүүд  маань суурь өвчлөл ихтэй, сурлагадаа тааруу болсон хатуухан даваа бидний үеийнхэнд тохиолдож байв. Сэтгүүлчийн  багахан цалингаар амьдралаа авч явах гэж зүтгэсэн өдрүүдийн  төлөөсийг энд  бичвэл  дуусахгүй.  Гэхдээ хүссэн мэргэжлээ эзэмшин  дуртай ажлаа хийж яваа сэтгүүлчийн сэтгэл гуниггүй бөгөөд  яруухан байдаг нь  даанч сайхан.

Сэтгүүлч гэж  хэн сэн билээ, бидний амьдрал ямар билээ хэмээн өөр рүүгээ өнгөцхөн ч болтугай өнгийж харах ийм нэгэн боломж  саяхан  олдов. Энэ бол Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, аялал жуулчлалын  “Мазаалай Номадик тур” компанитай  хамтран энэ сарын 6-9-нд Хөвсгөл нуурын эрэг “Байгаль Үүд” жуулчны баазад    зохион байгуулсан хоёр дахь удаагийн зуны  аялал-сургалт байв. Багахан  оршлоо үүгээр  өндөрлөж, бусдыг үл нуршин “Сэтгүүлчийн аюулгүй байдал” сэдэвт  40 гаруй сэтгүүлч оролцсон зуны аялал-сургалтын  онцлох мэдээллүүдээс  хуваалцъя. Нөгөөтэйгүүр  уншигчид  болон  сэтгүүлчдийн  дундах сэтгэлийн гүүрнээ  нэгэн гишгүүр нэмэхийг хүснэ.

 

СЭТГҮҮЛЧДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЛДАГДАЖ БАЙНА

 

Сургалтын гол илтгэлийг “Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв”-ийн сургагч багш А.Амартүвшин “Сэтгүүлчдийн аюулгүй байдал, хамгаалалт” сэдвээр  хэлэлцүүлсэн юм. Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб интернэшнл” төвөөс өнгөрсөн онд гаргасан “Сэтгүүлчийн аюулгүй байдлын түвшин тодорхойлох судалгаагаар сэтгүүлчдийн аюулгүй байдал алдагдсан”  гэсэн дүгнэлтэд хүрсэн.  Тус судалгаанд хэвлэл мэдээллийн байгууллагын 300 сэтгүүлч хамрагджээ. Тоо баримтаас дурдвал өнөөдөр   10 сэтгүүлчийн долоо нь төрийн байгууллагаас мэдээлэл авч чадахгүй эрх нь зөрчигдөж,   бичсэн нийтлэл, олон нийтэд түгээсэн мэдээллээсээ болж  гурван сэтгүүлч тутмын хоёр нь ямар нэг хэлбэрийн сүрдүүлэг, дарамт, заналхийлэлд өртөж байна. Мөн  таван сэтгүүлч тутмын нэгийг түлхэх, цохих зэргээр биед нь хөнгөн болон хүнд гэмтэл учруулсан тохиолдол бүртгэгджээ.

Сэтгүүлчдийн аюулгүй байдал хангалттай түвшинд биш байгаа бөгөөд ажил олгогчийн зүгээс ч тодорхой дэмжлэг байдаггүй. Түүнчлэн ажил олгогч байгууллага ажилтантайгаа хөдөлмөрийн гэрээ хийхдээ “Сэтгүүлчийн аюулгүй байдал”-ыг хангаж ажиллахтай холбогдуулан аюулгүй байдал зөрчигдөхөөс хэрхэн сэргийлэх, зөрчигдсөн тохиолдолд хэрхэн ажиллах тухай нарийн тодорхой тусгах хэрэгтэй. Цаашлаад хэвлэл мэдээллийн байгууллага ажилтнууддаа зориулсан аюулгүй байдлын баримт бичгийг бий болгож, даган мөрдөх зөвлөмжийг , “Глоб интернэшнл”  ТББ гаргаж байв.

Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид аюулгүй байдал нь зөрчигдсөн тохиолдолд тухай бүрт нь зохих байгууллагуудад нь мэдэгдэж байх, ингэснээр энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, даван туулах нөхцийг бүрдүүлнэ гэж судлаачид үзэж буй юм. Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв”-ийн сургагч багш А.Амартүвшин хэлэхдээ “Сэтгүүлчдийн аюулгүй байдал хангагдаагүй, тэд хамгаалагдаагүй бол үзэл бодол, мэдээлэл солилцох олон нийтийн талбарын хувьд хэвлэл мэдээллийн мэргэжлийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ”  гэдгийг  энэ үеэр онцоллоо. Ийнхүү сэтгүүлчдийн аюулгүй байдал, нийгмийн хамгаалал алдагдсан нь олон нийтийн мэдээлэл олж авах эрх зөрчигдөж байгаагийн илрэл юм. Өөр нэг асуудал нь сэтгүүлчид ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан  гэмт хэргийн газар, аюул гамшгийн халуун цэг дээр цагдаа, онцгой байдлын аврагч, хамгаалагч, эмч нартай зэрэг шахам очиж мэдээ сурвалжлага бэлддэг. Цагдаа, онцгой байдлын аврагчид сэтгэлзүйчтэй байдаг бол сэтгүүлзүйн салбарыханд байдаггүй.  Ганцхан жишээ дурдахад өнөөдөр  дэлхийг хамарсан цар тахлын  онцгой дэглэмтэй  үед сэтгүүлчид  сэтгэл зүйн дарамтад хамгийн их өртөж байгааг судлаачид хэлж байна. Хэвлэл, мэдээллийн салбарынхан ЭМЯ-ны мэдээллийг өдөр бүр олон нийтэд түгээж байгаа. Ингэхдээ хувь хүн талаас  сэтгэл зүйн дарамт, айдаст автаж байгааг  олон улсын зөвлөмжид ч бас онцгойлон  дурджээ. Олон улсын практикт ажил үүргээ гүйцэтгэж яваад  амь насаа алдсан сэтгүүлчдийг хамгийн сүүлд ямар сэдвээр нийтлэл, нэвтрүүлэг бэлдсэнийг онцгойлон авч үзэж мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Тэгвэл Монголын сэтгүүлзүйн салбарт тод мөрөө үлдээсэн, нэрт сэтгүүлч Л.Болормаа агсныг хамгийн сүүлд ямар нийтлэл бичсэн талаар судалж, шалгах ажиллагааг хууль хяналтын байгууллагууд хийсэн эсэх нь бүрхэг үлдсэн. Хэвлэл, мэдээллийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход энэ талаас асуудал хөндөж, тодорхой заалт оруулах нь зүйтэй гэдэгт нийслэлийн сэтгүүлчид нэгдсэн байр суурьтай байгаа илэрхийллээ.

Сургалтын үеэр яригдсан сэдэв, сэтгүүлчдийн байр суурийг нэгтгэж бодлого боловсруулах үүднээс  Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны зүгээс  цаашид сэдэв хөндсөн хэлэлцүүлгүүд хийхээр төлөвлөгөөндөө тусгана гэдгээ илэрхийллээ.

 

“ДАЛАЙ ЭЭЖ”-ИЙН  ДАВАЛГАА  ДОР...

 

Нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан 1990-ээд онд  Монгол Улсын ус, ой мод, бэлчээрийн нөөцийн ихэнх хувь, цэвэр усны 70 хувийг бүрдүүлдэг  Хөвсгөл нутагт  малчин иргэдийн амьдрах ахуй, үндэсний аюулгүй байдал алдагдахад хүрснийг сэрэмжлүүлж “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлээрээ  нийгэмд шүгэл үлээж байв. Өнөөдөр сэтгүүлчид үнэний эрэлчин хийгээд   байгаль хамгаалагчийн үүргийг давхар гүйцэтгэж явна. Өнгөрсөн жил МСНЭ, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, хэвлэл, мэдээллийн байгууллага, редакциуд оны шилдэг бүтээлээ тодруулсан байдлаас харахад хариуцлагатай уул уурхай, байгаль дэлхийгээ хамгаалах чиглэлээр асуудал дэвшүүлж эрэн сурвалжилсан  нийтлэл, нэвтрүүлгүүд зонхилж  байсан билээ. Энэ өнцгөөс харвал  Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, аялал, жуулчлалын   “Мазаалай Номадик тур” компани   хамтран өнгөрсөн жилийн аялал-сургалтаа Байгал далайд, энэ жилийнхийг Хөвсгөл нуурт хийсэн нь нэгийг бодогдуулж хоёрыг сануулж буй мэт.

Өнөөдөр  Далай ээжийн сав газар, Цагаан эрэг, Жанхайн даваа орчмын газарт  дотоодын аялал жуулчлал хөгжүүлж  буй тухайд цөөн үг хэлхэхэд энэ чиглэлээр ажиллаж буй  компани, аж ахуй нэгж, хувь хүн тэнд нэлээд  олон болжээ.

Бид Цагаан эрэг дэх “Байгаль-Үүд” жуулчны баазад гурав хоног  саатан тухалсан юм. Энэ  баазын захирал Хөвсгөл дэх аялал жуулчлал эрхлэгчдийн холбооны тэргүүн Я.Отгонбаяр  хэмээх эмэгтэй аялал, жуулчлал эрхлээд зогсохгүй байгаль хамгаалал, хүний хөгжил, харилцааны урлаг, англи хэл  гээд тал бүрийн мэдлэгтэй, амрагчдыг зөв энергиэр хөглөж  мэдээлэл солилцож байдаг нь биднийг талархалыг хүлээсэн юм. Жуулчны бааз нь тохь тухтай, тухайн газартаа жишиг болох орчныг бүрдүүлсэн нь “эргээд ирэх юм шүү” гэсэн сэтгэлээр хэн бүхнийг  хөглөж байлаа. Аялал, жуулчлал дагасан олон асуудал тэнд байдаг. Удахгүй хэлэлцүүлэг хийхээр бэлтгэж байгааг тэрээр бидэнд дуулгасан юм.

Цагаан эрэг орчмын жуулчны баазуудаас дээш  даваа өөд өгсөөд нутгийн иргэдийн гар урлалын бүтээгдэхүүн, цаатан түмний онцлогийг харуулсан бүтээлүүдийг дэлгэсэн, тэрүүхэндээ гэрэл зураг авахуулах өвөрмөц орчин бүрдүүлсэн худалдааны цэг байх юм билээ. Байгалийн чулуу, цааны эврээр урласан  ээмэг, зүүлт,  аяга, түлхүүрийн оосор,  арьс, ширэн цүнх, ноос, ноолууран бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс гээд байхгүй зүйл бараг л  үгүй. Харин бэлэн мөнгө авч очихгүй бол битүү модон дунд гар утасны сүлжээ барихгүй, карт унших АТМ байхгүй. Гэхдээ төв рүү орж сүлжээтэй газраас мөнгөө шилжүүлчихээрэй гээд итгээд бараагаа өгөөд явуулдаг итгэл  дүүрэн, түүнийгээ дагаад ажил үйлс нь өөдөө дээшээ байдаг тайгын хүн зон нь сайхан сэтгэлтэй ажээ.

Хөвсгөл нуурт очсон аялагч, жуулчид усан аяллыг  ганц  “Сүхбаатар” хөлгөөр төсөөлдөг  үе  ард хоцорчээ. Эрэг дагуу жуулчдад зориулсан жижиг завь, усан онгоцнууд цөөнгүй. Хүслийн хад руу очиж хүслээ шивнэх,  байгалийн сайхныг тольдох гэсэн хэнд ч усан зам нээлттэй юм билээ. Далай ээжид анх удаа очсон сэтгүүлчийн хувьд Хүслийн хадыг нь зорьж очоод иргэдийн  мэдэх эрхийн төлөө   эрсдэлтэй зам туулдаг сэтгүүлдчийнхээ аюулгүй байдлыг бат цайз мэт  болгоосой  хэмээн шивнэчихээд ирлээ. Сэтгүүлзүйн салбар минь үзэг агссан  цэргүүдийнхээ хүслийг сонссон биз ээ. Ингэж  найдахад үнэний манаанд  мөнхөд  зогсч ирсэн  сэтгүүлч бидний сэтгэлийн чагтага чанга байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.13  ПҮРЭВ № 155 (6380)

 

Иргэн
Иргэдийн мэдэх эрх гэдгийг сэтгүүлч нар бусдыг буруутгаж, шүүмжилж, нэг үгээр хэлбэл хүн муулах гэдэг ёс зүйн жудаггүй араншинтайгаа андуураад байх юм. Хүнд олигтойхон шиг яг оносон асуулт тавьж чадахгүй, бас ихэнх нь асуултандаа тохирох хариулт ч авч чаддаггүй л харагддаг. Монголын сэтгүүлчид хөгжиж чадахгүй байна уу, эсвэл хөгжиж байгаа нь ийм удаан юм уу. Ардчилал гэгч бий болоод 30 жил болчихож. Энэ хугацаанд сэтгүүлчийн тоо хэт ихсэж, харин мэдээллийн хэдэн сайтынх нь мэдээнүүд яг адилхан. Тухайн мэдээнд өгсөн өөрийн гэсэн өнгөтэй дүгнэлт ч байхгүй, ялгарах юм ч байхгүй. Зарим нь бүр шууд хуулаад тавьчихдаг байх. Сэтгүүлчид та нар өөрсдийгөө сэтгүүлч биш, мэдээлэл авч байгаа уншигч, та нарын мэдээнээс соён гэгээрэх шаардлагатай ард түмэн гэдэг талаас нь хараад үз дээ. Соёлын яам энэ мэдээлэх эрхтэй газруудын ёс зүйг анхааралдаа авбал таарна.
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

4 цаг 3 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

4 цаг 26 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

4 цаг 26 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

4 цаг 27 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

5 цаг 39 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

6 цаг 13 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

6 цаг 35 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

6 цаг 56 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

7 цаг 13 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

7 цаг 29 мин