Уянгат дууны ая эгшигтэй олон бүтээлийн эзэн эрдэмтэн Л.Эрдэнэчимэг

2020-07-17
Нийтэлсэн: Админ
 23 мин унших

Д.Цэрэннадмид

Өмнөх үг буюу хөгжим судлаач Л.Эрдэнэчимэг гэж хэн бэ?

Олоон жилийн турш бичиг цаас нухсан ч алив бүхний учрыг ойлгож ядан төөрөлдөж яваа манийн хувьд шинжлэх ухааны доктор Л.Эрдэнэчимэгийн ярьсан бүхэн ахдаж байх шиг санагдсанаа нуугаад ч яахав. Түүний яриан дунд Японы Хайку шүлгийн мөр, Энэтхэгийн гүн ухааны сэжим, Төвдийн гүн сүжигт шүлэглэл зэргийн утга чанар бүрнээ мэдрэгдэж байсан нь эрдэмтэй хүн холч гэдэг үгийн үнэнг баталж байлаа.


Монголын дуу хөгжмийн уламжлал гэдэг юм түүний хувьд зүрхний нь лугшилт шиг л тасралтгүйгээр сэтгэл оюуныг нь хөглөж байдаг шиг.


Өнөөгийн эрдэмтэн Л.Эрдэнэчимэг бүр хар залуугаасаа цаг хормыг ер бишээр хуваарилж дуу хөгжимд суралцахдаа цэцгийн бал руу тэмүүлэх эрвээхэй адил шунаж номын нэг хуудаснаас нөгөө рүү нь, нөгөөгөөс цааш гүнзгийрүүлэн үзэж суралцаж иржээ. Тэгснээр Монголын дуу хөгжмийн их өвийг судлан хоёр ч удаа эрдмийн зэрэг хамгаалсан хүн юм. Тийн яваагаа өөрөө тайлбарлахдаа миний амьдралын утга учир дуу, хөгжим юм шүү гэж хэлж байна лээ.
Бас хагас зуун жил судлаачийн амаргүй ажилд шамдахдаа 30 гаруй ном бүтээжээ. Тэр олон номынх нь амт нь юу юм бэ гэвэл хуудас бүрээс нь ая эгшиг хангинаж гэгээрэл, ариусахуй хийгээд танин мэдэхүйн ертөнц тэр чигээрээ мэдрэгдэж Монголын уламжлалт гүн ухааны ид хав дуурсан байх юм.
Монголын дээхнэ үеийн эрдэмтэн мэргэд хутагт хувилгаадын бичиж үлдээсэн их өв Гүр дуу хэмээх сэдвийн ухаарч гэгээрэх тэр орон зай руу итгэлтэйгээр шунан орж энэ чиглэлээрээ өнөөгийн эрдэмтдийг эрдэмтэн бүсгүй Л.Эрдэнэчимэг аргагүй л өнгөлж яваа юм байна. Түүний зургаан боть ном болон олон арван бүтээлийг нь уншихад эерүү уянгалаг, танихуйяа асар олон утгатай, бясалгахуйяа бурхны хэлээр шидлэг ёстой л чихнээ чимэг болохуйц түүх шастир, үг хэллэгийг уншиж болно гэж эрдэмтэн мэргэд үнэлсэн байдаг ажээ.


Доктор Л.Эрдэнэчимэг бол бичиг эрдмийн удамтай нэгэн юм. Өвөө Л.Балдандорж нь нэг үеийн багш. П.Хорлоо, Б.Ширэндэв гээд том эрдэмтэд түүний шавь нь юм гэдэг.
Балдандорж багшийн хүү Б.Лувсанноров /Эрдэнэчимэгийн аав/ мөн хэл, уран зохиолын багш. Төр нийгмийн зүтгэлтэн, их эрдэмтэн Базарын Ширэндэв гуайн шавь. 
Тэгэхээр Л.Эрдэнэчимэг тийн шилмэл оюун ухаантнуудын удам, шавь нь  болж таарч байна. “Хөгжим бүхэн хөгтэй, хэлтэй байдаг шиг хүн бүр өөрийн хөг аялгуутай" гэж Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч С.Соронзонболд хэлсэн нь бий.


Тийм бол эрдэмтэн Л.Эрдэнэчимэг гэдэг энэ эмэгтэй бас нэг содон аялгуутай нэгэн байх нээ. Ингээд “Хүмүүн судар” булангийнхаа зочин түүнтэй ярилцъя.

-Өөрийн чинь намтарт хар багаасаа л хөгжимд сонирхсон нэгэн байсан тухай уншсан? 
-Тийм шүү. Манай аав Шинжлэх ухааны академид ажилладаг байлаа. Өвөө тэр хоёрын ном гэж ширээ сав дүүрэн байх. Би хэзээ нэгэн цагт ном сураад тэр бүхнийг уншихсан гэж бодох. Найман нас хүрээд нэгдүгээр арван жилийн сургуульд орлоо. Нэг шөнө би зүүдлэв. Би нэг хөгжим тоглоод л олон хүн үзэж алга ташаад л.
Энэ тухайгаа ижийдээ хэлж хөгжмийн сургуульд оруулж өгөхийг гуйдаг юм. Ижий маань би тийм сургууль мэдэхгүй нэгэнт энэ сургуульд орсон юм чинь тэр чигээрээ сур гэсэн чинь би уйлаад сүйд болсон. 
Удалгүй ижий Хөгжим бүжгийн сургууль байдгийг олж мэдэв. Тэгээд намайг аваачиж шалгуулсан чинь онцгой авьяастай хүүхдийн нэг гэгдэж тэр сургуульд шилжсэн. 
Энд нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Ижийгийн өвөө нь Хотгойдын Гэндэн гэж мундаг бөх байсан гэдэг. Ижийгийн ээж нь Паш гэж таван хэл мэддэг их эрдэмтэн хүн байсан юм билээ.


-За тэгээд ХБДС-ийн сурагч болж ...?
-Би хуучин сургуульдаа нэгдүгээр анги төгссөн чинь Хөгжим бүжгийн сургуульд дахиад нэгдүгээр ангиасаа суралцсан. Төгөлдөр хуурын ангид орос багштай байв.
Бас болоогүй ээ. Би хүссэндээ хүрлээ гэж бодсонгүй. Дүү Л.Оюунчимэгээ ятгаж аав ижийдээ хэлэлгүй хөгжим бүжгийн сургуульд шалгуулчихсан чинь  тэнцчихсэн. 
Дүүг Б.Зангад гуай гээд олон хүн хачин сайн сонсголтой юм гэж магтаад шанз хөгжмийн ангид оруулчихсан. 
Сонирхолтой нь нэг хичээлийн шинэ жил эхлэх хүртэл тэр тухай аав мэдээгүй. Сургууль дээр нь очсон  “Танай охин хувийн хэргээ аваад явчихсан” гэсэн юм билээ. 
Бид хоёр долдугаар ангид байхдаа бас нэг дүүгээ ХБС-д уруу татах шахсан. Ижий битгий гээгүйсэн бол Л.Чаминчимэг бас л бид хоёртой нэг сургуулийн  сурагч болох байлаа. 
-Та сурагч байхдаа дүүтэйгээ улсын филармонид дуулж байсан гэсэн байхаа?
-Бид хоёр Пионерийн ордны дугуйланд явна. Концертод их оролцоно оо. Хоёулаа хоршиж дуулна. Үүнийг маань Д.Ухнаа гуай анзаараад “Баянмонгол” чуулгын тоглолтод дуулуулдаг болсон.
Нэг жил нэлээд хэдэн тоглолтод оролцож бид хоёр 400 төгрөгийн цалин авч түүгээрээ гэртээ зурагт авч байсан даа. 


-Хөгжим бүжгийн сургуулиа төгсөөд ...?
-Л.Оюунчимэг дүү бид хоёр онц дүнтэй төгссөн. Бидний санаа цааш суралцах хүсэлтэй. Гэтэл нэг айлын хоёр хүүхэд гэснээс болж дүү маань ЗХУ-д сургуульд явав. 
Би габой гэдэг хөгжмөөр дагнаж төгсөөд улсын филармонийн симфони найралд  хөгжимчин болсон. 
Цаад бодол минь гадаадад суралцах. Чин хүсэл тийм. Хоёр жилийн дараа Москвагийн Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд элслээ л дээ.
Тэгэхэд дүү маань Алма-Ата хотын хөгжмийн сургуульд сурч байв. Би Москвад оюутан болохдоо алс нь судлаач болно гэсэн бодолтой байсан.


-Ер нь алив юманд шамдамхай, их өөрийнхөөрөө хүүхэд байжээ дээ?
-Тийм шүү. Ямар сайндаа ХБДС-д байхдаа багшийн өгсөн В.И.Лениний 32 ботийг уншиж товчлол хийх даалгаврыг ягштал биелүүлж байхав дээ. Миний дэвтрийг хүүхдүүд дамжуулаад л хуулдаг байсан юм. 
Ингэж уйгагүй хөдөлмөрлөж байж би онц авдаг байлаа. Гэтэл манай дүү Л.Оюунчимэг их л сайн амарч унтвал, маслотай талх бэлэн байвал л онц авна. Тэгэхээр дүү бид хоёрын тархи, ойлгоц хоёр өөр байж л дээ.


-Хойно оюутан байх үеийн сонин сайхан юм юу байна вэ?
-Төгсөх дөхсөн үед сургуульд Соёлын яамнаас нэг бичиг очсон. Уг бичигт  “Энэ хүүхэд судлаач болно гээд байгаа ч габой хөгжимд тун гарамгай юм. Иймд тэр хөгжмийн төрлөөр нь улам лавшруулан сургамаар байна”  гэжээ. 
Тэгэхээр нь би габой хөгжмийн хувьд би бүтэн хоёр жил симфони оркесторт  ажиллачихсан. Надад сурахад төвөг багатай. Иймд өөр чиглэлээр бас сурмаар байна. Тэр нь судлаач болох хүсэлтэй гэсэн хариу өргөдөл ЭСЯ-нд өгч байлаа. 
Оюутан байхад бас нэг сонин тохиолдол гарсан. Нэг удаа багш “Морин хуур гэдэг хөгжим нь феодализмын үеийн хоцрогдсон тодорхой хэлбэл буриадын хөгжим юм” гэдэг байгаа.
-Багш аа та энэ мэдээллийг хаанаас олж мэдэв гэж асуусан. Энцеклопедоос гэлээ. Лавлаад үзсэн чинь нээрээ тийм бичээс байлаа. Үүнийг би зөвшөөрөхгүй гэдгээ багшдаа хэлсэн. 
-Чи тэгвэл Монголчууд ямар ямар хөгжимтэй юм. Чи судлаад ир гэлээ.
Тэгэхэд би сэтгэл их огшиж хор шар ч хөдлөх шиг үнэн мөнийг эрж хайх сэтгэгдэл чанд суусан л даа. 
Тэгээд Ленинийн номын санд археологич Х.Пэрлээ гуайн номоос “Монголчууд дээр үед хөгжмийн ая дууг тэмдэглэх нооттой байсан" тухай олж мэдлээ. Бас гүр дууны бичлэг олдсон гэх мэдээлэл авав. 
Эндээс л миний судалгааны ажил,  эрэл эхэлсэн дээ. 


-Бас өөрөө Москвад сургуульд төгсгөх үедээ эрдмийн ажлын сэдвээ биччихсэн байсан гэдэг билүү?
-Би судлаач төрөл, габой хөгжим хоёроор давхар суралцаж сургуулиа төгсгөсөн л дөө. 
Энэ үедээ уртын дуугаар эрдмийн ажил хийж дессертац бичсэн. Энэ маань багш нарт сайшаагдаж  миний сурах хугацааг 1.6 сараар сунгаж эрдмийн зэргийг нь хамгаалуулъя гэсэн шийдэлд хүрсэн. 
Гэтэл Соёлын яамнаас намайг эхлээд сургуулиа төгсчих. Ирж байгаад дараагийн асуудлаа шийд гэсэн юм билээ. 


-За тэгэхээр сургуулиа төгсгөж. Ирээд хаана ажиллав даа?
-Хөгжим бүжгийн дунд сургуульд онолын багш болсон. 


-Хэл уран зохиолын хүрээлэнд бас ажилласан гэдэг биз?
-Тийм ээ. Хэл зохиолын хүрээлэнг анх байгуулагдахад шалгалт өгч тэнд очсон. Тэр үеэс л өнөө судлаач болох замдаа шуударсан шүү. Дорнын гүн ухааны сэдвээр бичиж эхэлсэн. Түүхийн судалгаанд их анхаарсан. Сонин сэтгүүлд бүтээлүүдээ хэвлүүлж байлаа.
“Ил товчоо” сонинд гэхэд олон сэдэв хэвлүүлж оны тэргүүн бичлэгийн шагналыг нь авч байв.
Морин хуурын түүхэн хөгжлийн талаар нэг өгүүлэл бичснийг Л.Түдэв гуай их сайшааж байж билээ. Гарчиг нь хүртэл их сонин. “Хүнүгийн газраас хурга төрдөг” гэж.
За тэгээд түүхч П.Сүхбаатар, Гандан хийдийн хамба лам Гаадан гуай, бурханч лам Пүрэвбат болон Гаадамба гуай гээд эрдмийн хүмүүс Дорждагва, Шархүүхэн, Н.Норовбанзад нарын дуучидтай их ойр байсан нь юмны наад, цаадахыг ойлгох, мэдэхгүйгээ олж авах үүд хаалга байсан.
Х.Сампилдэндэв гуайд хадаг барьж очиж шавь орж байлаа. Тэр хүн надад монгол хэлний онолын болоод зөндөө ном уншихыг зөвлөдөг байлаа.
Гаадан хамба “Чи Төвдийн гүн ухааны сүрхий мэдлэг олж авсан хүн байна. Үсээ хусуулаад ганданд ирж гэлэнмаа бол” гэж  байсан удаа бий.
Түүхч Цолоо гуай надад туулиуд сонсгон “ноотло” гэж байв.
Энэ бүхнээс эрдэмтэн хүмүүс юу үзэж уншиж судалдаг ажилладгийг мэдэж авсан. Эргэн тойрны уулзаж учирч байсан мундаг хүмүүс сайхан юм их ярина, хэлж өгнө. 
Энэ нь надад цаашид цөхрөлтгүйгээр сурах судлах чиг зам тууштай байх мөн чанарыг олгосон гэж боддог доо.
Би бас багаасаа хэл сурахыг их хичээсэн. Л.Оюунчимэг бид хоёр Пионерийн ордны “Интернациональ” танхимд орж хэл сурах эхлэлээ тавьсан.
Дүү ГХЯ-ны Ломбо гэдэг хүнээр солонгос хэл, би Дашзэгвэ гэдэг хүнээр Вьетнам хэл заалгаж байсан үе бий. 
-Тэгвэл бас өөрийг чинь телевизээр хөгжмийн нэвтрүүлэг хөтөлж байхыг харсан юм байна.
-Тийм ээ. Намайг хэл зохиолын хүрээлэнд байхад Ж.Бадраа багш дуудаж уулзаад. Телевизэд “Хөгжим өв сан” гэсэн нэг нэвтрүүлэг бий. Үүнийг сэргээж хөтөл. Би социалист уралдаанд авсан үүрэгтээ чамайг халамжлан хүмүүжүүлнэ гэсэн байгаа миний хий гэснийг чи хийх ёстой гээд л тулгасан. Зурагт орж Дагвадорж гэдэг хүнтэй уулзсанаар тэр нэвтрүүлгийн хөтлөгч болсон. Энэ нь надад судлах гол юмаа олоход  их дөхөм болсон.


-Гол юм гэж юу билээ хөө?
-Сүүлийн гуч гаруй жил судалж бараг л хувьчилж авсан юм шиг ажиллаж байгаа Гүр дууны сэдэв л дээ. Би дээр ярьсандаа Х.Пэрлээ гуайн номоос гүр дууны бичлэг олдсон гэснийг уншсан гэж. 
Тэгээд Баянхонгор аймагт томилолтоор явж байхдаа шатаах гэж байсан номууд дундаас Монгол оронд төрсөн нэгэн гэгээнтний уйгаржин бичгээр бичсэн гүр хөгжмийн гэсэн хуудас олж үзсэн. 
Ингээд Галуут суманд очиж Содном гэдэг лам хүнээр газарчлуулан гүр дууг мэдэх гэх Гэндэн гэдэг хүнтэй уулзсан юм. 
Нэмээд учирлан ярилцсаны дүнд тэр хүн надад гүр дуу дуулж өгсөн.
Чи энэ талаар судлах гэж байгаа юм бол надад байгаа гүр дууны судрыг авч болно. Гэхдээ одоо өгөхгүй гэв. Тэгээд 1992 онд уг судрыг надад өгсөн. Тэр судрыг гартаа авахаас өмнө би Гүмбэн хийдээс ирсэн Гэндэнжамц гэдэг ламыг урьж гэртээ суулган буддын гүн ухааны үндсийг заалгасан. Энэ маань тэр гүн ухаан тэр чигээрээ үг, аянд нь шингэсэн гүр дууг судлах түлхүүр болсон юм.


-Тэгэхээр тэр гүр дууны чинь бичгийг хэн зохиосон юм бэ?
-1701-1768 онд амьдарч байсан Номунханы анхдугаар дүр Хутагт Лувсанноровшэйрав гэдэг хүний бүтээл юм. Энэ хүн хуучнаар Сайнноён хан аймагт одоогийн Галуут сумын нутагт өөрийн сүм хийдтэй “Эрдэнэ ноён” цол хэргэмтэй нэгэн байжээ. Тэр хүн Манжийн Энх-Амгалан хаанаас шагнал хүртэж байсан их номтой хувилгаан хүн байж.
Энэ хүн гүр дуу гэдэгтээ монгол урт аялгуут дууны уртлаг хэмийн сэтгэлгээний онцлог, шашин номын гүн ухааны шүлэглэлийг хослуулан бас монгол бичгийн сонгодог жишээн дээр нэгэн өвөрмөц бясалгалын дууны төрөл зүйлийг бий болгосон. Энэ нь Монголын шашины соёл уламжлалд оруулсан томоохон хувь нэмэр гэж үздэг.
Гүр дуу нь буддын шашины номын гүн агуулга, үзэл санааг нэвт шингээснээрээ онцлог юм. 
Гэндэн гуай надад гүр дуу дуулж өгөхдөө энэ дууг дуулдаг өдөр бас дуулдаггүй өдөр гэж байсан тухай ярьсан юм.


-Гүр дууг Гэндэн гэдэг хүнээр дуулуулсан гэлээ. Чухам ямархуу дуу байх юм бэ?
-Энэ дууг ном хурж буй мэт намуун тайван удаан дуулаад дууныхаа оргил хэсэгт хүрэхээрээ чимээгүй болчихдог юм билээ. 
Энэ нь бясалган бодож буй хэрэг. Хэсэг чимээгүй байснаа “оо хо оо” хэмээн төгсгөдөг. Буддын гүн ухааныг гадарлахгүй, мэдэхгүй хүнд бол ойлгогдохгүй л дээ.  Харин нэгэн санааг олзуурхан хэлэхэд энэ дууг мэддэг, эзэмшсэн ердөө гуравхан хүн үлдсэн байхад би гол гогцоог нь барьж авсан хүн дээ.
-Өөрөө Ж.Бадраа гуайтай их ойр байж. Ер нь ямар зан чанартай хүн байв?
-Их далд санаатай, шударга хүн байсан юм. Хүнийг улаан нүүрэн дээр нь магтана гэж байхгүй дээ. Ёстой л зад шүүмжилнэ. Би нэг удаа эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаанд оролцож гүр дууны холбогдолтой илтгэл тавьсан юм. Тэгсэн Ж.Бадраа гуай:
-Энэ нөхөр чинь  юу юуны тухайд хүрээгүй байж ийм бичиж байдаг. Юу юм. Нохойн баас гээд авч өгдөг байгаа. 
Бусад багш болохоор чиний илтгэл үнэхээр сайн болсон гээд байдаг. Тэгсэн миний илтгэл гуравдугаар байрт оров. Аав миний хийсэн бүтээл, бичсэн илтгэл, өгүүллийг жинхэнэ зөв үнэлнэ. Энэ нь надад их таатай байдаг байлаа. 
Би гандан их явамхай. Тэндхийн дуу хөгжим гэж юу байдгийг мэдэх гэж. Гэтэл аав их буруутгана. 
-Чи Гандан явж болохгүй. Гуравдугаар газрынханд баригдана гэж зэмлэдэгсэн.


-Хэл зохиолын хүрээлэндээ л ажиллаад байсан үе биз дээ?
-Би 1992 онд анх эрдмийн цол хамгаалсан. Энэ үед намайг Засгийн газрын хуралдаанаар оруулаад Соёлын яаманд газрын дарга болгочихдог юм.  Ажиллалаа. Төрийн хэлний тухай, түүх дурсгалт зүйлийг хамгаалах тухай зэрэг дөрвөн ч хууль боловсруулалцаж батлуулсан даа. 
Тэгээд 2008 онд Индианы их сургуульд явсан. Тэндээсээ буцаж ирээд яамандаа хоёр жил ажиллаад 2015 онд тэтгэвэр гээч дээ суулаа. 
Гэтэл Хөх хотын их сургууль манайд багшлаач гэж урьсан. Тэгээд одоо хүртэл тэнд багшилж байна. Энэ бас завшаан болов. Тэнд чинь Монголын дээр үеийн ном зохиол ёстой нэг бүгд байх юм. Энэ нь надад судалгаагаа амжилттай үргэлжлүүлэх боломж олдсон гэж болно. 
Би өнгөрсөн хугацаанд судалгаа шинжилгээний 33 ном биччихэж. Бүгдийг нь хэвлүүлсэн. Япон, Орос, Солонгост зарим бүтээлээ хэвлүүлж амжлаа. 


-Тэдгээр ном бүтээ­лд чинь ямар сэдэв голлосон бэ?
-Монгол аман зохиол, хөгжилт зохиолын тухай бас монголчуудын ёс заншлын холбогдолтой бүтээлүүд гол нь бий.
Гүр дууны судалгаагаар зургаан боть ном гаргалаа. Монгол ёс заншлын гэдэгт овооны болон сар, нарны шүтлэг, онго тэнгэрийн шүтлэг гээд л.
Бас хурим найрын зан үйл, зарим ястны үүсэл хөгжил, Монголын овог аймгийн түүх гэсэн олон сэдэв багтдаг.
Тэр бүхэн хөгжимтэй холбоотой юм. Тэр дотор олон зүйлийн шүтлэг байх. Модных гэж үзэхэд 92 төрлийн модны шүтлэг байдаг. Монголчууд ямар модыг эрхэмд үзэж шүтдэг юм гэдгийг тайлбарласан. 
Айл гэрийн даллагын уутанд гэхэд 33 төрлийн модны эд багтдаг. Тэр дотор заг мод ямар утгатай ордог вэ гэвэл газрын гурваас илүү метрийн гүнд үндэстэй энэ мод бат бөхийн билгэдэл гэдэг.  Улаан сухай гэдэг модыг өөрөө ариутгах чанартайн учир монголчууд тогоо шанагаа угаахад хэрэглэдэг. 
Цээртэй мод ч гэж бий. Модыг энэ мэтээр зан үйлтэй холбож үздэг. 

Завсарлага буюу өргөл үг

Доктор Л.Эрдэнэчимэгийн ярианаас олон зүйлийг ухаарч болох юм. Хамгийн гол нь Монгол оюун ухааны тухай, ертөнц дэх ариусал, гэгээрлийн тухай ярихгүйгээр хүн төрөлхтний хөгжлийн ирээдүйг ч зөвөөр ойлгох, ирээдүйг үнэнээр нь төсөөлөх аргагүй билээ.
Өөрөөр хэлбэл, эдүгээгийн хээнцэр тансаг орд харш, машин тэрэг, онгоц, пуужин, цахим мэдээлэл аль нь ч ирээдүй баттай оршин тогтнохын баталгаа биш. Харин хүн төрөлхтний оюун ухаан, уламжлалт ёс заншил, зан үйл тэр бүхэн хөгжлийн хөтөч юм гэсэн бодол эрдэмтэн Л.Эрдэнэчимэгтэй ярьсны хойно олж мэдлээ. 
Богцонд багтахааргүй олон номын суваргын эзэн түүний ертөнцийг үзэх үзэл дэндүү аугаа  юм хэлэхэд тийм ч  цулгуй хоосон магтаал болохгүй биз ээ. “Би азтай хүн” гэж тэр хэлнэ лээ.  Ерөөс аз гэдэг юм аяндаа биш хүний ухааныг үнэлж сэтгэл даган ирдэг бурхны хишиг юм л даа.  
Л.Эрдэнэчимэгийн хувьд эрэл судалгаа хийхдээ Төвдийн гүн ухааны эрдмээс чадах чинээгээрээ хэлтлэн авсан хүний нэг. Тиймээс түүнийг бурханлиг ухааны эзэн гэвэл онох биз ээ.

-Аман зохиол, ёс заншил судалдаг эрдэмтэн хүнтэй уулзсаных  нэг сайхан домог хэлүүлмээр байна л даа?
-Чингисийн эр хоёр загалын туужийг мэднэ биз дээ.
-За даа, мэднэ гэхэд ч хэцүү. Сонсож л байсан даа уг нь.
-Энэ туужийн тухайд урд зүгийн судлаачид аман зохиолын талаас нь их судалсан юм билээ. 
Гэхдээ үзэл санааны талаас гол болгосон бий. Ардач чанартай л гэнэ, Хувьсгал хийхтэй холбоотой ч гэх шиг санааг илэрхийлжээ. Тэгвэл миний судалгааны гол агуулга бол монголчуудын ан авын соёлтой холбоотой гэж үзсэн. Хоёр загал эзэндээ гомдоод зугтахаар болсон. Бага загалын санаа байсан. Бид хоёр насаараа л бүх ан авын ажилд явлаа, зүтгэлээ.
Гэтэл яагаад биднийг нэг хэлээр нэг удаа магтдаггүй юм бэ.  Тэгээд бага загал зугатав. Гурван цавчир гэдэг газар хүртэл явав. Их загал нь хэлэв. “Би тэнгэр эцгээс заяасан эрмэг цагаагч гүүний унага биш үү. Тэнгэр эцгээс заяасан азарганы төл биш үү. Гэтэл бага загал чи хайртай ижлээ орхиод олноосоо зугатаж явна гэж юу вэ” гэж. Огтоос дэмжсэнгүйн учир бага загал явдагаараа явна гээд явчихсан. 
Дараа нь их загал хамаг үйлд ганцаараа зүтгэж их турж эцсэн байдаг. Гэтэл бага загал Гурван цавчирт өвсний сайхныг идэж, усны тунгалгийг уусаар язартлаа таргалжээ. 
Сүүлд нь их загал бага загалыгаа хайгаад явчихдаг. Тэгснээр хоёул олдохыг больсон. 
Чингис хаан Аригсуун хуурч, Оточ сувилахуйн хүнээс бүрдсэн элчийг явуулж тэднийг авчируулсан. Тэгээд хаан хэлжээ.
Ерөөс бага загалыг сэтэрлэе. Тэнгэр эзэнд өгье гэж. Энэнээс ба сэтрийн  таалал, сэтрийн шившлэг гээд монгол зан үйлийг гаргаж ирсэн. Мал сэтэрлэх зан үйл бол XIII зууны үед байжээ. 
Чингис хаан хоёр загалыг үнэлж хэлэхдээ их загалыг ард олны дунд бахархан магтан сайшааж түгээе. Тэр бол үнэхээрийн тууштай ажилсаг эзэндээ үнэнч тул магтахаас өөрцгүй. 
Тэгвэл бага загал бол эр зориг гаргаж алс хол явсан. Үүнийг үнэлэх ёстой гэжээ. Тухайн үед ардач чанартай зохиолд энэ бүхнийг бичсэн гэдэг бол гайхамшиг. Энэ талаар өмнө нь судлаачид гаргаж тавиагүй л байсан л даа.
Дорнод аймгийн Базарын Гатав гэдэг хүний 1934 онд бичсэн нэг тэмдэглэлийг би олж судалгаандаа ашигласан. 
-Хоёр загалыг чинь хэн нэгэн харвачихсан гэдэг биз дээ?
-За тийм ээ. Домогт Аш мэргэн, Андай мэргэн гэдэг хоёр анчин харвасан гэж гардаг. Чингис хаан  тэр хоёрыг яагаад миний хоёр загалыг харваж байгаа юм бэ гээд ял оноох учиртай.  
Гэтэл тэр хоёр     Хүж мөнгөн саадаг минь 
Хүний газар нөхөшгүй 
ээ
Хүүхэд бага нас минь
Ижий аавдаа олдошгүй 
ээ гэж дуулсан.
Тэгэхээр Чингис хаан ойлгоод “Миний хоёр загал эдгэрэх биз ээ. Харин та хоёр энэ дуугаа ард олондоо дуулж яваарай гээд тэдний амийг хэлтрүүлсэн гэдэг. 
Эндээс юу харагдав гэвэл домог ингээд бүтэн болж байна шүү дээ.  Ер нь энэ дуунуудад орсон хэллэг, зан үйл бүхнийг тайлбарлах юм бол их утга санаа гарч ирдэг. 
Чингисийн удмыг Бөртэ чоно, гоо маралаас үүссэн гээд л байдаг. Бараг л буганаас гарсан гэх шахдаг. Энэ бол эндүү ойлголт. Тэгэхээр дуунд Гурван марал одны тухай дуулагддаг. 
Тиймээс эртний зохиолыг нэг удаа судлаад орхих биш улам нягталж бат нот судлах ёстой гэж би боддог доо. Судлах бүрт л шинэ сонин юм гарч ирдэг. Түүний учрыг олохсон гэхээс судлаач бараг зорилгоороо “өвчилдөг” гэж болно.
-Өөрөө эрдмийн ажилд их эрт орсон хүн гэдэг биз. 
-Чайковскийн нэрэм­жит хөгжмийн дээд сургуулийг төгсөх үедээ л зэрэг хамгаалах бэлтгэлээ хангачихсан байсан. Сэдэв нь уртын дуу л даа. Гэтэл сэдвээ  булаалгасан юм.
Тэгээд морин хуурыг барьж авсан. Уртын дуу, морин хуур хоёрыг нэг савны юм гэж болно. Гадаадад байгаа болохоор судалгаа явц муутайхан онол голлож байлаа.
Гэтэл “Хан Хэнтий чуулга”-ын Санжаасүрэн гэдэг хүн Москвад тоглолтоор очиж бөөн аз. Тэдний морин хуурчдыг хөгжимдүүлж бүх дуугаралтыг нь дуу авианы давтамж хэмжих багажаар хэмжүүлж авсан.  Тэгснээр морин хуурын дуугаралтын хэлбэлзэл ямар байдгийг тогтоолгож билээ. 
Төгөлдөр хуурынх 440 герц байхад морин хуурынх 1300 герц байх жишээтэй. Морин хуурын доод өнгө маш сайхан. Тэгээд морин хуурын бүтцийг судалсан.  Тун ижилгүй хөгжим юм даа. Уртын дууны шуранхайг морин хуур л гаргаж чадна. Бас адуу янцагаах, тэмээ буйлах гээд ямар ч авиаг морин хуураас  л сонсож болдог. 
Сургуулиа төгсч ирээд хуучны судар бичиг, эх сурвалжууд дунд суусан даа.
Тэгээд 1993 онд цол хамгаалсан. Эрдэмтэд намайг гоц шинэ юм нээсэн гэж үнэлсэн. Дараа нь олон улсад очиж лекц уншсан.


-Эрдмийн ажлын чинь сэдэв морин хуур. Харин нэр нь юу билээ ...?
-Морин хуурын авиаг арга билгийн онолын үүднээс судлах нь гэсэн нэртэй десертац байсан. 
Морин хуурын тухай олон үлгэр домог бий. Би энд нэгийг хэлмээр байна. Буддын шашины домгууд дунд “Магадай Самбын до” гэдэг домогт бурхан багш, уран дархан Жисанжилбраа хоёр морин хуур бүтээсэн байгаа юм.
Бурхан багшийг мянган чавхдаст морин хуураар хуурдаж байхад би яагаад хуур бүтээж болдоггүй юм бэ гэж тэр дархан хуур хийхээр болсон.
Бурхан багш хуурдахдаа мянган чавхдаснаас нь тасдаад байдаг гэнэ. Тастсаар байгаад ганцхан чавхдас үлдсэн. Гэсэн ч мянган чавхдастай юм шиг дуугаргаад байж. Дархан бодож “би яагаад тэгж чаддаггүй юм гэж. Гэтэл бурхан багш ганц ч чавхдасгүй хуураар хуурдаад байж. Дархан дуурайх гэсэн ч чадсангүй. 
Энэ нь бурхан багш болохоор бурхан шашины шидийн номыг үзсэн учраас номын хүчээр тэгж хялгасгүй хуураар хуурдаад байжээ гэж.  Домог ийн өгүүлдэг. 
-Та шинжлэх ухааны докторын зэрэг бас хамгаалсан. Сэдэв нь юу билээ?
-“Гүр дууны эгшгийн утгын зохирол” гэдэг сэдвээр 1999 онд хамгаалж шинжлэх ухааны доктор болсон л доо.
Гол чиглэл нь гүр дууны үг, ая чухам юуг хэлж байгаа юм бэ. Гүр дууны найман гар бичмэлийг олж түүн дээрээ үндэслэсэн нарийн судалгаа хийсэн. Гүр дуу бол буддын гүн ухааны үүднээс зохиогдсон ямар ч ардач чанар байхгүй бөгөөд гурван төрлийн дуу байсан гэдгийг гаргаж тавьсан.
Г.Ринчинсамбуу, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин нарын толгой эрдэмтдийн урьд өмнө нь бичсэн тэмдэглэлүүдийг эшлэл болгож авсан.
Б.Ренчин гуайн нэг бичмэлийг үзэхэд Монголчууд дээр үеэс хөгжмийн ая тэмдэглэх үсэгтэй, тэмдэглэгээтэй байв. Эрдэмтэд энэ бүхнийг судлахдаа XIX зууны үеийн Монгол дууны ганц гэлтгүй аяыг олбоос тэр хуучин дууны ая тэмдэглэгээ, түүний утга учрыг тайлбарлаж болмуу гэсэн бий.
Х.Пэрлээ гуай “Дуучны дуу аялгуу” гэдэг өгүүллэгтээ Гүр дууны II дэвтрийн төгсгөлд байдаг ноот тэмдэглэлийн тухайд ажиглалт хийснээ дурдсан байдаг. Энэ мэт олон хүний бүтээлээс санаа авч өөрийн олсон найман гар бичмэлд суурилан ажилласан даа. Тэгээд гүр дууны судалгааны зургаан боть ном гаргалаа.
Уг найман гар бичмэл ботиудынхаа нэг, хоёр дугаар дэвтэрт зургаар нооттой нь оруулсан. Энэ маань хойч үеийнхэн улам лавшруулан судлахад чухал хэрэглэгдүүн болох байх. Хөгжмийн хүмүүст ч хэрэгтэй. Дууны шүлгүүд ч бүрэн байгаа. 
Зарим гар бичмэл төвдөөр бичигдсэн байдаг учир ноотыг орчин үеийн тэмдэглэгээнд шилжүүлж ятга хөгжмийн нооттой адилтган оруулсан. Тэр нь хэнд ч улам ойлгомжтой байх болов уу.
Гүр дуу гурван төрөлтэй байсан гэж би дээр хэлсэн дээ. Ян-ег гэдэг нь хоолойгоороо дуулах, Дан-ег гэдэг нь уншлагатай аялах, Рол-ег гэдэг нь хөгжмийн зэмсгээр дуурсгах гэсэн төрлүүдтэй юм. Утга нь буддын шашины  авшигийг авсан гүн ухааны дуу юм. Ингээд яриад байвал зургаан боть номоо бүгдийг ярих болно. Товчхондоо ийм байна. 


-Монгол ардын дуу­нуудыг гүн гүнзгийн утга санаатай, ухаарал хайрласан сургаальтай үг, аятай гэдэг. Үүнийг гүр дууны утга санаатай гэж болох уу?
-Үгүй ээ. Ардын дуу бол зүгээр иргэний ардач шинж чанарыг агуулдаг. Тийм нарийн гүр дуу шиг гүн ухааны аяс харагддаггүй. Харин ноён хутагт Данзанравжаагийн зарим дуунд гүр дууны шинжтэй үг ая ажиглагддаг. 
“Асарын өндөр”, “Үлэмжийн чанар” гэх мэт гүр дуу бас ардын дуутай холилдсон мэт байдаг. 
Нөгөө гэвэл гүр дуу буддын гүн ухаан нэвт шингэсэн байдаг гэх боловч зарим талаараа иргэншиж буй аяс тэнд гарч ирдэг юм даа.
Эрдэмтэн бүсгүйтэй хийсэн хөрөг ярилцлага маань цаасан дээр буусан сүүлчийн зураас Л.Эрдэнэчимэгийн олон жил цөхрөлтгүйгээр зүтгэж тэр чанраараа өөрөө гэгээрч эрдэм номын тэртээх оргилд хүрэхээр мацан яваа аяны замд ерөөл болог. Монголын дуу хөгжмийн түүхэнд түүний бүтээл, судар номууд гүн ухааны үндэстэйгээрээ содон байж гэрэлт хөшөө лугаа сүндэрлэн байх болтугай. Номын их буян дор мөргөм үү. 

Эх сурвалж Зууны мэдээ сонин 2020.7.17 № 136 (6361)

 

Zovhin
Hooo hugjmiin surguuli baidgiig medehgvi bailaa yu tiim mundag hvmvvciin ger bvl iim l hudlaa zvil heleh hereg baisiimuudaa
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

7 цаг 52 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

8 цаг 0 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

8 цаг 6 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

8 цаг 9 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

8 цаг 17 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

13 цаг 27 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

14 цаг 14 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

16 цаг 23 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

16 цаг 53 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

16 цаг 58 мин