• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Ц.Оюунтунгалаг: Бодлогоо таслахгүй, шийдвэрээ цагт нь гаргадаг салбар хөгждөг

2020-07-09 07:15

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн  хүний нөөц, хөгжлийн албаны зөвлөх мэргэжилтэн Ц.Оюунтунгалагтай  ярилцлаа.

 

-Эрүүл мэндийн салбарын сэхээтний  гэр бүлд өссөн болохоор эмчийн  мэргэжлийг хүүхэд байхаасаа сонгочихсон байсан болов уу?

-Манайх Төв аймгийн Лүн сумын айл. Миний аав Р.Цэндпүрэв мэс заслын их эмчээр улсад 40 гаруй жил, ээж Д.Наранцэцэг эмзүйчээр  улсад 50 гаруй жил ажилласан. Миний хувьд удам дагасан эмч. Хүүхэд байхын эмч болно гэж боддог байсан. Нийслэлийн  36 дугаар  бага сургуульд элсэн орсноор  “Таван онцын эзэн”, ”Нацагдорж тэмдэгтэн”,  ангийн ариун цэврийн комисс, ангийн дарга, бүлгэмийн зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай байлаа.

Жаргалантын 10  жилийн дунд сургуулийг 1983 онд онцсайн дүнтэй төгсч Төв аймгийн Зуунмод хотод элсэлтийн шалгалтаа өгч  Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангид  элсэн орж, 1989 онд хүүхдийн их эмч мэргэжлээр төгссөн. Биднийг III курст сурч байхад МАХН-ын XIX  их хурал хуралдаж “Хүүхдийн эмч дутагдалтай” гэсэн тулгамдсан асуудлыг хэлэлцсэнээр  бид ангиараа Хүүхдийн эмчийн ангид захирлын  тушаалаар орсон юм. Ангиараа хүүхдийн эмчийн ангид орох дургүй байсан учраас долоо хоног захирлын  үүдэнд өргөдөл барин ээлжээр орж буцсаар байлаа. Анхны хичээл дээр бид задгай мөнгө цуглуулж хөлдсөн  алим худалдан авч  хувааж идсэн юм. Хүүхдийн хөлийн тавхайн тухай сэдэвтэй  хичээл орж байлаа. Хичээлийн танхим  халууныг хэлэх үү, би хөлдүү алимаа идэж байтал халадны хормой дээр алимны шүүс дуссан нь хүүхдийн тавхайн хэлбэртэй байлаа, тэгсхийгээд  хичээл завсарласан. Ангийнхандаа тэр дүрсийг харуулахад  манайхан  “Бид хүүхдийн эмч” болох ёстой юм байна гэж билэгшээн  тэр мөчөөс нэг ч хичээл таслалгүй амжилттай суралцаж хүүхдийн эмч болцгоосон доо.

-Эмчийн ажлын гарааг хаанаас хэрхэн эхлүүлэв?

-Сургуулиа төгсөөд  Төв аймгийн Баянцогт суманд хуваарилагдсан. Баянцогт суманд очсон анхны өдөр салбарын эрхлэгч маань ээлжийн амралтаа авч би бага эмчтэйгээ хоёул үлдэж байлаа. Эмнэлэг маань  25 ортой. Нэг орон дээр 2-3 хүүхэдтэй,  ачаалал ихтэй. Суулгалт, мэдрэлийн хордлого хавсарсан маш хүнд гурван хүүхэдтэй тулсан. Ном, лекц хоёроос өөр зүйлгүй туршлагагүй залуу эмч цурам хийх завгүй ажлаа эхэлсэн. Хэн хэний нь заяа түшсэн юм байлгүй хүүхдүүд ч наашаа  эргэлээ. Миний анхны эмчилсэн хүүхдийн нэрийг Арвайбаатар гэдэг гурван настай хүү байсан. Ингэж гурван сар болсны дараа сумын Засаг дарга Дамдинсүрэн гуай өрөөндөө дуудаж товчоо захиргааны гишүүдийн хамт хүлээн авч байрны түлхүүр гардуулж байлаа. Үүний дараа Аргалант суманд томилогдон  1991-2000 он хүртэл салбарын эрхлэгч, хүүхдийн эмчээр ажилласан. Энэ он жилүүдэд эхийн эндэгдэл гаргаагүй, хүүхдийн эндэгдлийг бууруулсан. Төв аймгийн сумдаас  хамгийн анхны “Хүүхдэд ээлтэй эмнэлэг”-ээр шалгарч, ажил үйлсээрээ долоон  жил дараалан аймагтаа I байр, гурван  жил дараалан 2-3 байранд шалгарч байлаа. Зах зээлийн хүнд хэцүү үед эмнэлгийн барилгын  засварын ажлууд, тоног төхөөрөмж, түргэн тусламжийн машинтай болох, сэлбэг хэрэгслийг олж авах, эмийн эргэлтийн сан байгуулах,  сумын хүн амыг эмээр хангах ажлыг хийхийн тулд төсөл бичиж хөрөнгө мөнгө олж амжилттай шийдвэрлэж байсан. Энэ цаг үед НҮБ-аас санхүүждэг төсөл хөтөлбөрүүд суманд бодит байдал дээр яаж хэрэгждэгийг үзэх үзүүлэх сургалтад манай сум сонгогдож НҮБ-ын Хүүхдийн сангийн тэргүүн Карл Белами хадагтай болон ЭМЯ-ны удирдлагууд ирж танилцан баримтат кино хийж байсан юм. Мөн МУЗН-тэй хамтран буяны үйлсийг түгээх үйлсэд сумаараа оролцож иргэддээ  тусламж, сэтгэлийн дэм өгч байлаа. .МУЗН-ийн IX их хурлын төлөөлөгчөөр ажиллаж, Төв хорооны 51 дэх  гишүүнээр сонгогдож байлаа.

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хийсэн  таны судалгаа тухайн үед анхаарал татсаныг санаж байна?

 -Статистикийн тасагт ажиллахдаа  хамт олноороо нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын статистикийн үйл ажиллагаагаар зургаан  жил дараалан амжилттай шалгарч жил бүр сарын цалингаар шагнуулж байсан сайхан үе бий. Тэр үед дүүргүүдийн дунд статстикаар үзүүлэх сургалт  зохион байгуулж, онол практикийн бага хуралд дүүргийн нас баралтаар судалгаа хийж  илтгэл тавьсан нь  “Анагаах ухаан” сэтгүүлд хэвлэгдсэн юм. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд Поликлиникийн тасгийн эрхлэгч хийх хугацаандаа зохион байгуулалтын дорвитой ажлын нэг бол эмч нартай “Үр дүнгийн гэрээ” байгуулж хүн нэг бүрт хүрч ажилласан нь амжилт үзүүлсэн. Дүүргийн хэмжээний бүх албан байгууллага, сургууль, цэцэрлэг, компани, хувийн хэвшлийн байгууллагуудын урьдчилан сэргийлэх үзлгийг багаар хуваарийн дагуу хийж хэвшсэн ажлын нэг болгож чадсан. Орчны шинэчлэлийн ажлын эхлэлийг тавьсан. Ингэснээр санаа нэгтэй нэг зорилготой хамт олон болгож чадсан гэж боддог.

-Салбарынхны гарын авлага болсон олон бүтээл туурвижээ. Одоо ч оюутнуудын дунд  эрэлттэй байдаг юм байна?

-Хүний нөөцийн чиглэлээр  хоёр  академи дүүргэхдээ судалгааны ажилдаа тулгуурлан “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүний нөөц хөгжлийн стратеги, төлөвлөлт /2018-2022/”-ийн гарын авлагыг 2018 онд, судалгааны гурван  бүтээл, “Хүний нөөцийн удирдлагын схемчилсэн тайлбар” номоо энэ онд хэвлүүллээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллах хугацаанд Удирдлагын зөвлөлд орж  тулгамдсан асуудлыг амжилттай шийдвэрлэхэд  баг болж хамтран  ажиллаж байна. Байгууллагын дүрэм, дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, бодлогын бичиг баримт, журам  боловсруулах ажлыг хийж гүйцэтгэхэд хувь нэмрээ оруулж ирлээ.  Албаныхаа бичиг баримтыг үлгэр дууриал болохуйц цэгцэлж, “ГССҮТ-ийн хүний нөөц хөгжлийн стратеги, төлөвлөлт 2012-2022 он” гарын авлагыг гаргасан маань удирдлага, тасаг албадын дарга, эрхлэгч нарын ширээний ном болсон. Зөвлөх мэргэжилтэн хийх хугацаанд “Хүний нөөцийн удирдлагын схемчилсэн тайлбар” номоо  бичлээ. Энэ бүтээл маань  байгууллагын удирдлага, хүний нөөцийн менежер, хүний нөөцийн чиглэлээр сурч байгаа оюутнуудад зориулагдсан. Мэдлэгийг оновчтой, цэгцтэй ажил хэрэг болгох, цаг хэмнэх зорилгоор схемчилсэн тайлбартай  салбартаа анхдагч  бүтээл боллоо.

 -Цар тахлын онцгой үе эрүүл мэндийн салбарын боловсон хүчний мэдлэг чадвараас гадна нөөц, чадавхи, хөгжлийг илүүтэй шалгаж байна уу даа. Монголын эрүүл мэндийн салбарт энэ асуудал ямар түвшинд байна вэ?

-Хүний нөөцийн удирдлагын өнөөгийн тогтолцоог эрүүл мэндийн салбарын үндэсний хэмжээний шинэ загварыг боловсруулах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагын чадавхийг сайжруулах, хуучин зөвлөлтийн  маягийн удирдлагын загварт суурилсаар байгаа. Орчин үеийн компьютерт суурилсан дэвшилтэт технологийг ашиглахгүй байна. Макро, микро түвшний аль алинд хүний нөөцийн төлөвлөлтийг түр зуурын шинж чанартай, богино хугацаагаар хийж, жил бүрийн нотолгоонд суурилсан статистик судалгаа шинжилгээнд тулгуурлан салбар хоорондын уялдааг сайжруулах нь чухал байна. Энэ нь хүн амын өсөлт, бүтэц, өвчлөлийн тархвар зүйн өнөөгийн байдал, хэтийн тооцоо, салбарын бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, өөрчлөлт, хувьчлал зэрэг хүчин зүйлийг тооцож үзэх нь зүйтэй мэт санагдана.

-Цаашид дэлхий нийтийг хамарсан болзошгүй аюулын байдалд бэлэн байхын тулд манай эрүүл мэндийн салбар яах ёстой бол?

-Нийтийг хамарсан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бүх нийтээр эрүүл, цэвэр, аюулгүй орчинд аж төрөх нөхцлийг бүрдүүлж, нийгмийн эрүүл мэндийн боловсролын тогтолцоог бий болгох нь зүйтэй. Нөгөө талаас одоо хүчин төгөлдөр хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүдэд заасан зорилтуудыг   улсын хэмжээнд нэгдсэн уялдаа, зохицуулалтад оруулах шаардлагатай. Зохион байгуулалтын ажлыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог нийтлэг жишиг нь ЭМЯ болон ДЭМБ-аас гаргаж байгаа мэдээлэл, зөвлөмжүүдийг цаг тухайд нь албан ёсны цахим хуудаснаас хүлээн авч эмч, эмнэлгийн ажилтнуудад хүргэх, зөв мэдээллээр хангах, заавар зөвлөмжийг мөрдөж ажиллах,

Халдварын шинж тэмдэг бүхий үйлчлүүлэгчийг олон хүнтэй хавьтал болгохоос сэргийлж тусламж үйлчилгээ үзүүлэх бүх хэсэгт тусгаарлалт хийх нөхцлийг бүрдүүлэх, нэмэлтээр угтах ажилтан болон “ Хөтөч” ажиллуулж, үйлчлүүлэгчийн урсгал, хөдөлгөөнийг зохицуулах,

-Тусгаарлах өрөө, яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, тасаг, нэгж хооронд зөөхгүй байх арга хэмжээ авах,

-Хүний нөөцийг бэлтгэх, сургалтад хамруулах, мэдээллээр тогтмол хангах,

-Эрүүл мэндийн ажилтнуудад гарын эрүүл ахуй сахих, хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөж тайлах, халдвараас сэргийлэх талаар ажлын байран дээр сургалт хийж, зөв дадал хэвшүүлэх

-Гамшиг ослын үед ажиллах төлөвлөгөөний дагуу нэмэлт ор дэлгэх асуудлыг шийдвэрлэх

Дэлхий нийтийг хамарсан болзошгүй аюулын байдалд бэлэн байхын тулд дотоодын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авах гэсэн асуудлыг мөрдөх нь чухал гэдгийг бүгд мэднэ.

-Гэмтэл согог судлалын үндэсний төв ачаалал ихтэй  хүнд байна гэж ярьсаар,  ажилласаар өнөөг хүрлээ. Өнөөдөр байдал ямар байна?

-ГССҮТ  бол  Монгол Улсын хэмжээнд гэмтэл, согогийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24  цагийн хугацаанд, харьяалал харгалзахгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлдэг гуравдугаар  шатлалын эмнэлэг юм.

Осол гэмтлийн яаралтай тусламж оношилгоо, мэс заслын болон мэс заслын бус эмчилгээ, сэргээн засах эмчилгээнээс гадна гэмтэл согог судлалын чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ инновацийг нэвтрүүлсэн, дэлхийн жишигт хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний тэргүүлэх эмнэлэг болохоор зорьж, 2018- 2023 он хүртэлх хөгжлийн стратегийн бодлогын бичиг баримтаа боловсруулан,  15 алба, 17 тасаг нэгжтэй, 169 их эмч, эмнэлгийн мэргэжилтэн, 319 сувилагч, тусгай мэргэжилтэн, 214 эмнэлгийн болон  техникийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилчид нийт 701 хүний бүрэлдэхүүнтэйгээр эмнэлгийн тусламж үйчилгээ үзүүлэн ажиллаж байна. Бүх шатлалын эмнэлэгт анхны тусламж үзүүлэх Гэмтлийн тасгийг зохион байгуулснаар ачаалал буурна. Гурав дахь шатлалын эмнэлэг төрөлжсөн, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байхад л энэ асуудал шийдвэрлэгдэнэ гэж ойлгодог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.9  ПҮРЭВ № 133 (6358)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ