Г.Сүхбат: “Оюутан цагдаа” хөтөлбөрт 40 оюутныг шалгаруулж авсан

2020-07-01
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

А.МАРАЛМАА

 

Монголын оюутны холбоо 1942 онд байгуулагдсан ууган байгууллагуудын нэг. 148 мянган оюутан, залуусын төлөөлөл болсон Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Г.Сүхбаттай ярилцлаа.

 

-Оюутны байгууллагыг оюутан өөрөө удирдаж байгаад баяртай байна. Өмнө нь оюутны ширээнээс холдсон ах эгч нар л удирдаж байлаа шүү дээ?

-Баярлалаа. Монголын оюутны холбооны чуулган өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд болж танхимаасаа 11 дэх ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Үүнээс хойш Монголын оюутны холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нь зөвхөн оюутан байхаар дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулсан. 30 жилийн дараа дахин оюутан ерөнхийлөгч сонгогдсон нь оюутны асуудалд илүү ойрхон хүрч ажиллах болно.

-Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан оюутанд чиглэсэн ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна вэ?

-Коронавирус гарснаас болж оюутан, залууст чиглэсэн хөгжлийн олон талт хөтөлбөрүүд цуцлагдсан. Гэвч бид цахимаар үйл ажиллагаагаа таслахгүй явуулж байгаа. Оюутны сурч боловсрох эрхийг хангах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, холбогдох газруудад нь шаардлага хүргүүлсэн. Тухайлбал, БСШУСЯ руу хоёр удаа албан бичиг явуулсан. Үүнд оюутан, залуусын сурч боловсрох эрхийг хангаж ажиллах, дотуур байранд амьдраагүй үеийн төлбөрийг буцаан олгох гэсэн шаардлага байгаа. Бидний тавьсан шаардлагын дагуу БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаал гарсан.

-Монголын оюутны холбоо цахим сургалттай холбоотой судалгаа авч байсан. Үүний үр дүнг танилцуулаач?

-Судалгааг өнгөрсөн гуравдугаар сарын 21-нээс авч эхэлсэн. Үүнд 4850 оюутан хамрагдсан. Мөн тандалт судалгаа авсан. Тандалт судалгаа нь их, дээд сургуулийн багш нарын хичээл заалтын нарийвчилсан мэдээллийг авах зорилготой байсан юм. Судалгааны үр дүнд огт хичээл ороогүй багш байгаагүй. Энэ судалгаануудын үр дүнг нэгтгэн боловсруулж, холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлсэн. Үүний дараа БСШУСЯ-ны Дээд боловсролын газраас их, дээд сургуулиудын захирлуудтай тодорхой арга хэмжээ авах зөвлөмж өгч уулзсан гэж мэдэгдсэн. Сургууль бүр өөрийн онцлогт тулгуурлан холбогдох дүрэм журмыг барьж ажиллах зөвлөмж боловсруулсан. Тухайлбал, сургалт, үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж лекц, семинарын цагт нэмэлт зохицуулалт хийсэн. Цахимд байршуулсан хичээлүүдийг дахин татаж үзэх, даалгавруудыг илгээх хугацаанд уян хатан хандаж, хичээл зааж буй багшийн агуулгын хүрээнд оюутныг 100 хувь үнэлэх нөхцлийг нь бүрдүүлсэн. МУИС, СУИС гэсэн төрийн өмчийн их сургууль хичээлийн үнэлгээг уян хатан болгох боломжтой гэдгээ БСШУСЯ-нд илэрхийлсэн байсан. Мөн дотуур байранд амьдраагүй үеийн хугацааг оюутанд дахин олгох эсвэл дараагийн улирлын дотуур байрны төлбөрт шилжүүлэх сонголттой шийдвэрийг гаргасан.

 -Монголын оюутны холбоо, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар “Оюутан цагдаа” хөтөлбөрийг долоо дахь жилдээ хэрэгжүүлж байгаа. Энэ жилийн хувьд ямар онцлогтой зохион байгуулах гэж байна вэ? 

-“Оюутан цагдаа” хөтөлбөрт 150 оюутан хүсэлт гаргаснаас 40 оюутныг шалгаруулж авсан. Энэ жилийн хувьд бүртгүүлж байгаа хүмүүсээс хэлний мэдлэг шаардаагүй. Харин хувь хүний хариуцлага, нийгмийн идэвх, ёс зүйг нь харж сонгосон. Одоогоор хөтөлбөр хэзээ эхлэх тов гараагүй. Энэ сараас эхэлнэ гэж бодож байна.

-Түрүүн оюутанд чиглэсэн хөтөлбөрүүд цар тахал гарсантай холбоотой цуцлагдсан гэлээ. Энэ талаар тодруулбал?

-Монголын оюутны холбоо дараагийн таван жилийнхээ үйл ажиллагааг төлөвлөхөөр гуравдугаар сарын 4-нд “Манлайлал, хөгжил, оролцоо” 1000 оюутны чуулга уулзалт хийхээр төлөвлөж байсан. Мөн БХЯ, БСШУСЯ-тай хамтран зохион байгуулдаг “Оюутан цэрэг” хөтөлбөр, Монголын оюутны холбооны салбар байгууллагуудын дунд зохион байгуулдаг спортын арга хэмжээ цуцлагдсан. Гурван жилд нэг удаа болдог “Оюутны универсал их наадам” тавдугаар сард болохоор төлөвлөсөн ч аравдугаар сард болохоор хойшлогдлоо. Мөн оюутан, залууст сайн дурын ажлыг сурталчлах өдөрлөг гэсэн үйл ажиллагаанууд цуцлагдсан.

-Анх Монголын оюутны холбоо “Оюутан цэрэг” хөтөлбөрийг санаачилж байсан. Хөтөлбөрт хамрагдахаар олон оюутан хүлээж байсан нь лавтай?

-Тийм ээ. Бидний зүгээс дараа жилийн оюутан цэргийн тоог хоёр дахин нэмэх саналыг холбогдох байгууллагад хүргүүлсэн. Саналыг маань ч хүлээн авч, дараа жилийн хөтөлбөрт тусгана гэж бидэнд мэдэгдсэн.

-Энэ зун оюутанд чиглэсэн ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэж байна вэ?

-Монголын оюутны холбооны дэргэдэх “Poli Edu” клуб “Англи хэлээр цэвэр яръя” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Долоо хоног бүр гадаад багш нартай хамтран зохиодог хэлэлцүүлэгт сонирхсон залуус оролцох боломжтой. Мөн жил бүрийн долдугаар сард БОАЖЯ-тай хамтарч “Цэвэрхэн наадацгаая” арга хэмжээг зохион байгуулдаг. Хүмүүсийг байгальдаа ээлтэй амьдрахыг уриалдаг энэ үйл ажиллагааг цаг үеийн нөхцөл байдлыг харж байж хийнэ.

-Танайх Монголын 148 мянган оюутны эрх ашгийг хамгаалах, хөгжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулдаг оюутны эрхийн төв байгууллага. Энэ байгууллагад орох хүсэлтэй оюутнуудад хандаж хэлэх үг? 

-Монголын оюутны холбоонд орох сонирхолтой залуучууд ханддаг. Бидний зүгээс тавих хамгийн гол шаардлага бол өмнөө тавьсан зорилготой байх. Тэр тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тууштай хичээж, үр дүнг нь харж чаддаг байх хэрэгтэй . Жилд 100-200 оюутан Монголын оюутны холбоонд бүртгүүлж орж ирдэг ч үлдэж байгаа нь гарын арван хуруунд багтдаг. Энэ нь залуус тууштай биш байгааг харуулж байна. Харин зорилгодоо үнэнч үлдсэн залуус ажил дээр гараад гологддоггүй. Хаана ч очсон өөрт ногдсон ажлыг сайн хийдэг давуу талтай болдог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.1  ЛХАГВА № 127 (6352)

 

 

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Уржигдар 17 цаг 11 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

Уржигдар 17 цаг 09 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

Уржигдар 13 цаг 53 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

Уржигдар 11 цаг 09 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

Уржигдар 11 цаг 00 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Уржигдар 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Уржигдар 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Уржигдар 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Уржигдар 06 цаг 00 мин