• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Тайлагдашгүй амьдралын нууц

2020-05-22 07:15

Шүүмж

До.ЦЭНДЖАВ

Хүүрнэл зохиолын туурвилзүйд  алсдаа  найдвар төрүүлж болох  өгүүлэгчийн дотор  хаанаасаа, хэзээ гараад ирснийг тэр бүр анзаараагүй ч гэмээр , гэнэтхэн Соёрхын Пүрэвсүрэн гэж ойшоогдон яригдах болсон нь  түүний “Өвгөдийн жудаг”, “Өвгөдийн цадиг” хоёр номыг уншаад  нүүдэлчин монгол ахуй амьдралыг ултай  мэддэг, түүнийгээ хөдөөх ахуйд ууссан эгэл  ардын үг хэллэг, тэдний гүдэс ховорхон хандлага  харилцаа зэргийг үндэсний мэдрэмжээр   илэрхийлдэг авьяаслаг ажигч зохиолч төрсөнөө харуулав. Бэлчээрийн мал ахуй, байгаль, зан заншил, уламжлал, од гарагийн солбицолд суурилсан  нүүдэлчний гүн ухаан, сэтгэлгээг содон  өвөрмөөр нээсэн зохиол бүтээлээрээ манайх  даяанд онцгойрч   ялгарч чадна.   Эдүгээ монгол ахуйгаасаа тасарч, өвөг  дээдсийн уламжлалт жудаг ёс  бүдгэрч, оюун санааны дархлаа болсон эх хэлний баялаг доройтож  байгаа өнөө цагт үед С.Пүрэвсүрэнгийн сүүлийн үеийн номууд үнэ цэнтэй болох нь мэдээж.

Зохиолчийн гол зэвсэг нь хэл, ийм хурц зэвсгийг эзэмшихгүйгээр  доривтой  зохиол туурвих  тухайд  төсөөлөөд ч нэмэргүй. Монгол хэлний үгийн сангийн баялаг, дүр дүрслэл, оновчтой адилтгал зүйрлэлээр С.Пүрэвсүрэнгийн зохиол  ялгарч байгаараа содон аятай санагдлаа.  Ганц нэгийг цухасхан дурдваас  “...Сэтгэл санаа нь шавхагдсан худаг шиг хоосорчихлоо, сэтгэлийн гал нь буурч говийн торгон элс адил нуран алдаж байв” “...Бусдын хүү өршөөгдөн аврагдаад ирж байхад миний хүү яагаад ирэхгүй байна хэмээн эхэр татан уйлж сууснаа энгэрийнхээ хэдэн товчийг салгалсан гараараа тэмтчин мулталж сарьсалж унжсан хоёр мээмээрээ хүүгээ хурайлан дуудав”. “ ...Ухаангүй шахуу өвгөнийг дамнуулан орж ирээд, үүдний нунтаг шороо пурхийлгэн шидчихээд гарчээ” “...Цалгиа ихтэй төрийн  цанхтай адуу шиг цамнасан хатуу хүтүү он жилүүд цагийн аясаар хулжирч, номтой эрдэмтэй дээдсээ нодгоотой төрийн буулганд нидрүүлж, үнэнд итгэх сэтгэлд нь цав суусан ардууд хаяа хатгах айлаасаа халгаж, санаа нэгдэх саахалтаасаа жийрхэн үгээ цэгнэж, бодлоо нуун, гөлөн гөлөн дальдчисан хар дарсан зүүд шиг, хагацал дагуулсан их хэлмэгдүүлэлт шувтарч байгаа үе санж” гэхчилэн оновчтой дүр дүрслэл бүхий  эвсэг эвлэгхэн уран  хэллэг, үгийн сангийн баялаг нь   зохиол бүрт нь шигтгээ болж оржээ. 

Ойр, ойрхон гаргасан  “Өвгөдийн жудаг”, “Өвгөдийн цадиг” “Нэг л нандин” “Он цагийн сүлжээс”   зэрэг номуудаас   хөрст байгалиа яс махаараа таньж мэдсэн үндэсний сэтгэлгээ, нутаг усны  бахархал, нүүдэлчин ахуй, монгол хүн зоныг өрөвдөж хайрласан  хир буртаг суугаагүй  цайлган цагаан сэтгэл,  дотно дулаан зөөлнийг уншигчдад мэдрүүлж байна.  Энэ бүхнээс үзвэл, монгол хөрснөөс урган гарсан нүнжиг бүхий  хэл найруулгатай, уян зөөлөн өнгө аястай, монгол ахуй амьдралыг харуулсан үгийн  зэгсэн уран зураглаач  гарч иржээ  гэсэн найдвар  итгэл төрсөн юм.

 С.Пүрэвсүрэн монгол өвгөдийн байдал төрх, хэл яриа, хар бор ухаан, наргиан хөгжөөн, гүдэс гүндүүгүй уужим сэтгэл, хуурмаггүй ааш араншинг  тэдний  дотор нь орсон шиг тодоос тод илэрхийлж, нүүдэлчин монгол ухааныг  авдарласан судрыг  зохиолчийнхоо зүрх сэтгэлээр  уншиж чаджээ.  “Зохиолч, найрагчийг чадваржуулж  өсгөж өөдлүүлэхийн тулд сайны үрийг нь эхэлж олж хараад урам хайрлах хэрэгтэй” гэсэн нэгэн ухаалаг багшийнхаа  үгийг аль тэртээ оюутан ахуй цагийнхаа лекцийн дэвтэр үлдээжээ, басчиг энэ талыг барьж ч ирсэн гэхэд болно  Үнэндээ ч сайшаал  бол зохиолч найрагчдад шүүмжлэлээс илүү ташуур, ухаант хүмүүнд шүүмжлэл ч болдог удаа бий.  Монгол өвгөдийн ухаан бол тэр чигээрээ эртний болоод өнгөрсөн зуунуудыг монголоор нь  авч ирсэн ухаан гэдэг том санаа эл  номуудын амин сүнс гэж болох юм.

С.Пүрэвсүрэнгийн дээрх бүтээлүүд  нь бодит амьдралаас сэдэвчилсэн урансайхны эсээ байсан бол харин түүний сүүлд гаргасан “Хөх чулууны шид” туужийн номоороо зохиолчийн урансайхны сэтгэлгээний  хөгжил  өсөлтийг харуулсан урлал урансайхны жам ёсоор бүтсэн  бүтээлүүд  байна.  “Нутгийн салхи”, “Хувь заяаны эргэлт” “Он цагийн сүлжээс” зэрэг дөрвөн туужаас бүтсэн энэхүү ном нь  өмнөхөөс туршлагажиж, нийгэм хүмүүсийн амьдралыг өргөн цар хүрээтэй харж чаддаг  буурь суусан зохиолчийн эрэмбийг харуулсан нь  эрхтгүй мэдрэгдэнэ. Цаг хугацаа орон зай, нийгмийн өөр өөр дэвсгэр дээр баатруудын өөр өөр араншинг суулган  илэрхийлснээрээ өвөрмөц онцлогтой  гэхэд болно. Тууж хэмээх дунд хэмжээний томхон төрлөөр бичигсэд сүүлийн үед бараг үгүй болж, өгүүллэг туужийн төрлийг алгасан шүлтгүй сулхан роман цувуулдаг болсон нь манай өнөөдрийн уран зохиолын нэгэн гаж төрх, бүтээлийг үнэгүйдүүлж байгаа хэрэг. Энэ дөрвөн туужийн зохиомж, дүр дүрслэл, утга санаа, агуулга бүхнийг  нь бүрэн задалж өгүүлэх боломж тусгайлсан шүүмж судлалын  ном биш болохоор энэхүү өгүүлэлд  хязгаарагдмал юм.  Ерөөсөө томхон хүүрнэл зохиолыг задалж, гүйцэд тултал  хэлэх нь шүлгээс илүү төвөгтэй байдаг.

Уран зохиолын эхлэл, төгсгөл ерөөс бүх зүйлс нь таагдашгүй байдагт л  утга зохиол,  урлагийн мөн чанар оршдог.  Эл дөрвөн  туужууд нь дор бүрнээ өвөрмөц шинжтэй агаад амьдралын хар цагааныг ялгаруулан, зохиолын өрнөлийн таагдашгүй, уншигчдаас нэхэгдэх үйл явдал, агуулгыг  дуусан дуустал барьж, зангилаа тайллыг төгсгөлд харуулж чаддаг ур чадвар нь сонин  содон  буюу бусад нэрт зохиолчдоос суралцсан арга барил ч гэж болохоор аж. Туужуудад  хүний амьдралын санаанд оршгүй ээдрээ, нарийн учиг учрыг сонирхолтойгоор гаргасан “Хөх чулууны шид” туужийн гол баатар үйлдвэрийн шилдэг найдвартай  ажилчин  Оргодолын хувь заяа гэнэт доошоо хөмрөх адил өөрчлөгдөж байна. Угийн гэнэн цайлган, өгөөмөр сэтгэлтэй тэрбээр  өөрийн сайн найз гэх шуналын хүүдий, хар муу санаат Энхбатын үгэнд орж, даргынхаа нууц шүүгээнд хадгалсан эрдэнийн чулуу хулгайлсан хэрэгт сэрдэгдэнэ.  Найзынхаа хүнд өвчтэй  аавыгаа  эмчлүүлэхэд их мөнгө хэрэгтэй боллоо  гэсэн үгэнд итгэснээсээ болж,   түүний өмнөөс хэрэг хүлээж  дөрвөн жилийн  ял авч байна. Үүний нөгөө талд  бас “сахил” хэмээх  Найдан гэх бурхан урлаач харийн хүнд бурхан хийж өгсөн хэргээр багш лам Умбаагийн өмнөөс хэргийг хүлээж шоронд орж байгаа цаагуураа холбогдол бүхий  ээдрээтэй  хувь заяаг харуулна.  Эмзэг хайр сэтгэл, эр эмийн хоорондох хорвоогийн амьдралын нууц  зэргийг хослуулж туужийнхаа санааг улам тод тодруун болгож байна. Зохиолын төгсгөлийг өвөрмөцөөр илэрхийлсэн нь зохиолчийн уран бүтээлийн олз гэхэд болно.  Геологич Равдандорж гэх хүн энэ чулууг алмаазын хольцтой, түүнийг хулгайлж авч өгсөн тохиолдолд  их хэмжээний мөнгө өгнө гэснээр Энхбат гэгчийн шуналыг хөдөлгөж, хүний гараар могой бариулжээ. Хүнд өвчтэй аавдаа туслах ч биш, хувьдаа мотоцикльтой болох шуналд автагдсаныг Оргодол мэдсэнгүй. Өөрийн хэргээс бултахын тулд Оргодолын халаасанд эхнэрийнх нь үнэт бөгжийг сэмхэн хийж зувчуулснаар  хулгайн хар мөр  баримт болж,  түүний толгой дээр унаж байгаа  зохиомжийг зохиолч сийрэгхэн  бодож олжээ. Адал явдалт сэтгэлгээ үгүй бол хүүрнэлт зохиол ч тэр,   зохиолч ч хол амьдрахгүй.   Энэхүү  нутгийн чулууг хулгайлсан хүмүүсийн амьдрал орвонгоор эргэж,  үхэл сүйрэлд хүрч байгаа нь чулуу хүмүүсийн мөс чанарыг ялгаруулах амьтай гэдгээр хүн байгалийн ер бусын холбоо, далд шид, амьгүйн амьдчилал зэргийг итгүүлж болох хэмжээнд  илэрхийлсэн байна.

“Нутгийн салхи” туужид гучаад оны хэлмэгдүүлийн үеийн үйл явдлыг харуулахдаа дүрүүдийнхээ  сэтгэлзүйн далд нууц, зөрчил, тайлагдашгүй  ертөнцөд нэвтрэн орсноороо өвөрмөц содон болсон юм. Нэг нутаг усны овойргон сагсуу, дотоодыг хамгаалахын төлөөлөгч  Жанлав гэгч нутгийн эрдэмт өвгөн лам  нарыг найр найргүй зодож, баривчилж сүржигнэж, ард олны  үзэн ядалтыг төрүүлнэ. Гэвч Жанлав гадна талаасаа зэрлэг балмад ч гэлээ, цаад талаараа басчиг эрийн хуйх юм гэсэн сэтгэлзүйн хувьсал өөрчлөлтийг өвөрмөц сониноор харуулж чаджээ. Чиглээд ирсэн үйлийн үр, хэрвээ ийм хэрцгий дүрд орж чадахгүй бол өөрөө ч сүйрэх жамтай байж.  Баривчилгаа эхлэхийн  өмнөхөн  өвгөн лам хувраг Жанлавыг дуудуулж уулзжээ.  Бидний  нас дээр гарч өвчин эмгэгт баригдсан өвгөчүүлийг барих нь   хамаагүй, харин лам хувраг бидний эрдэм ном, ховорхон чадал  залуу шавь нарт минь  үлдсэн... Тэднийг маань л  авар гэжээ. Жанлав өвгөчүүлийн гэрээслэлд  хэлсэндээ хүрчээ. Гэвч нутгийхандаа адлагдсан Жанлав  олны үзэн ядалтаас дайжихдаа, таван  жил харийн нутагт тагнуул хийж, эх орны нууц даалгаврыг нэр төртэйгээр биелүүлж байгаагаар гарна. Энэ нь зохиолын шинэлэг тал гэхэд болно, нөгөө талаар  нүглээ намичилсан хэрэг байлаа. Дүрийн илэрхийллийн нэгэн хэв маягийг эвдэж, үзэшгүй муухай хүний цаана ч гэгээн сэтгэл, буян ач оршиж болно гэдэг өмнөх  үеийн зохиолчдын эсрэг дүрээ авах юмгүй тас хараар, эерэг дүрээ цас шиг цагаанаар илэрхийлдэг  аргыг эвдсэн ухаарал юм.  

“Хувь заяаны эргэлт” “Он цагийн сүлжээс” туужууд нь  өвөрмөц өгүүлэмжтэй, өрнүүн   үйл явдалтай, амьдралын гүн ухааралтай, хүмүүст нэгийг бодогдуулах,хоёрыг сануулах  чадалтай   туурвил болж чадсаныг тэмдэглэх хэрэгтэй.  Тэр бүр зохиолчид байдаггүй нэгэн чанар С.Пүрэвсүрэнд ажиглагддаг нь ерөөс өр нимгэн зохиолч бололтой. Тэрбээр өөрийн зохиолын муу өөдгүй гэж болох баатартаа ч , ерөөс  хар бор амьдралд ч их өрөвч зөөлөн ханддаг нинжин сэтгэлт  сэтгэлзүй тодоос тод ажиглагдах юм. Гэхдээ ингэж ханддагаараа өмнөх нийгмийн үеийн зохиол туурвилын   “зөрчилгүйн онолыг” санагдуулахаар  бус харин ч түүнийг  дүрийн сэтгэлзүйн зөрчлийг зөрчилдүүлэн хурц ааш араншинг тод томруун дүрсэлдэг   нөхцөлт үйлийн учир шалтгааныг үндэслэлтэй, ул мөртэй  тавьдагаараа өвөрмөц онцлогтой  санагдав. Энэ туужийн үйл явдлыг илэрхийлэх нь нэн төвөгтэй. Шөөнөө буюу Батмөнх балчир наснаасаа өнчирч үзээгүй амьдрал, туулаагүй замналгүй ч сайн санаа, зөв зам, ариун үйлсийг бурхан үргэлж ивээдэг гэдгийг ултай харуулж, ёстой хүмүүний хувь заяаны гайхам эргэлт гэж ийм байдаг гэдгийг өмнөх туужуудаасаа ч тод томруун гаргаж чаджээ. Үзэн ядалт, хорсол зэвүүцэл, аллага дээрэм, цус нөжгүйгээр өнөөгийн борог хатуу ядуу цөлмүү амьдралын дундаас босон чармайн зүтгэж сайн сайхан амьдралаа олж байгаа амьдралын дотоод гоо сайхан, яруусал энэ туужид шингэснээрээ заавал санаанд оршгүй хар барааныг нээн үзүүлэхгүйгээр хүний сэтгэлд хүрч болдог гэдгийг зохиолч харууллаа.  Туужуудын үйл явдлын эхлэл, тайлалын утга санааны огцом эргэлт, хувиралт өөрчлөлт тааварлахын аргагүй болдогоороо онолын хувьд орчин цагийн туульсын шинжийг хадгалсан  урлаг мөн гэдэг нь  “Он цагийн сүлжээс” туужид ч мэдрэгдэнэ. Энэ туужид цэргээс халагдаж ирсэн Энхбатын хоёрхон хоногт ч тааралдсан хачирхалтай учрал үйл явдал, хайр эмгэнэл, тулгар биетэй Сүндэрьяа хүүхнийг уулын тагтад хаяж хар амиа авч гарсан  бөх  Тогмид,  түүний хүүхдүүдийн амьдрал,   хүний мөс чанар,  хоорондын сэтгэлзүйн харилцааг  эвлэгхэн гаргаж чадсанаараа хүүрнэл зохиолд шинэ төрхийг бий болгожээ.    Ийнхүү зохиолчийн урланд нэвтэрч, ур чадврын онцлогийг шинжиж,  тууж бүрийн онцлогийг дурдаж болох ч өнөө цагийн шүүмж судлал агуулгыг тоочих биш, агуулга дүрийн дотоод нууцад нэвтэрч илэрхийлэх болсон тул цухасхан боловч хүүрнэл зохиолч ховордож байгаа, түүний дотроос туужийн төрөл бүр ховордож байгаа нөхцөлд Соёрхын Пүрэвсүрэнг сонгож илэрхийлэхийг хүссэн маань энэ.

Эцэст нь тэмдэглэхэд, урлах арга барилаа улам сайжруулж, уран сайхны боловсруулалтыг нягт чамбай хийж, уран сайхны дүрийг тодорхойлох биш, харилцаа хамаарал, дүрийн сэтгэлзүйг хурцаар гарган илэрхийлэх ур чадвраа улам чамбайруулахыг   эрч хүч ээ авч  байгаа идэрхэн зохиолчид санууштай үг нэмэх нь буруудахгүй бизээ.  Басхүү туужийн зарим  бүлэгт урансайхны илэрхийлэл сулбайн өнгө аясаа алдах, үйл явдлыг гаднаас нь  тоочих явдал байгааг эрхбиш анхаарах нь зүй. Хүүрнэл зохиолынхоо эгзэгтэй үеэр, үйл явдлын  дундуур гэнэт сэтгэл хөдлөх мэтээр  шүлэглэж хэлэх, шүлэг  оруулах нь олз биш харин ч хөнгөн хуудамгай, итгэл үнэмшилгүй  болгохыг анхаарах хэрэгтэй. Зохиолчийн  ертөнцийг үзэх өөрийн философи, дүрийн сэтгэлзүйн нууцад нэвтэрч, зохиол бол зохиохын нэр биш, нээлт шинэчлэлийг авчрах авьяас билэг, уранзохиолын  боловсрол, мэдлэг чадвараас их шалтгаална. Энэ мэтийг  хичээнгүйлэн бүтээлээс бүтээл рүү улам чангаран чамбайрч чадваас хаанахын  хэнээс ч дутахааргүй монгол хэлнийхээ баялаг хэл найруулгыг уран төгс зохиомж, ховор нандин сэтгэлгээтэй  хослуулж чадваас ховордож цөөрөөд байгаа хүүрнэл зохиолчдын дотор тодорхой байр суурийг эзлэх бололцоотой гэдгийг тэмдэглье.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ