Б.Мөнхдорж: Аль аль нь сургуулиасаа хамаарна. Киевийнхэн тайзны шийдэл, зохиомж сайтай

2020-05-13
Нийтэлсэн: Админ
 26 мин унших

Д.ОТГОНБАЯР 

Монголын театрын нэртэй найруулагч, ардын жүжигчин Б.Мөнхдоржийнд  орчуулагч Норовын Пүрэвдагватай хамт нэгэн амралтын өдөр саатаж, театр, үзэл суртал, жүжиг, урлаг, найруулагчийн хөдөлмөрийн тухай яриа өрнүүллээ. Ширээн дээр нь тэртээ 1940-өөд онд ЗХУ-д хэвлэгдсэн Станиславскийн хоёр ном, бас сүүлд монгол хэлээр орчуулагдсан Мейерхольдын ном байна. Буурал найруулагч уншиж судлахаа хойш тавиагүй бололтой.

Ирээдүйн ардын жүжигчин найруулагчийн бага нас хөгжим эгшиглэсэн гэр оронд өнгөрсөн. Монголын орчин үеийн хөгжмийн зохиолын тулгыг тавилцагчдын нэг Г.Бирваа гуай том хүүгээ хөгжимчин болгох гэж үзсэн гэхэд эргэлзэх юу байх билээ. Харин Мөнхдорж хүүд хэдэн ноот цээжлэхээс нэг шүлэг тогтоогоод бусдад сонсгон унших таашаалтай байсан гэнэ. Тэгээд “од” жүжигчин болох хүсэлд хөтлөгдөн тухайн үеийн Пионерийн ордны дугуйланд  явж эхэлжээ.

 

-Нэрт хөгжмийн зохиолчийн хүүгээс яагаад хөгжмийн сургуульд явсангүй вэ? Яагаад ноот сурсангүй вэ гэж байнга асуудаг байх даа?

-Бага зэрэг нот заалгасан ч сураагүй юм. Хүний сонирхол гэдэг шал өөр зүйл шүү дээ. Овоо сурмаар ч юм шиг байснаа хэд, хэд хувираад л дуусч байгаа юм. Тэр тусмаа сонирхолгүй хүн чинь бүр сурахгүй, цээжлэхгүй. Олон ноот хараад толгой эргэнэ. Түүний оронд шүлэг цээжлэх хамаагүй “хямдхан”. Дүү нар минь хөгжмөөр явж, би ганцаараа ардын урансайханч болсон хэрэг.

-Жүжгийн дугуйлангийн хүүхдийг шалгаруулж авдаг байсан уу?

-Их сүртэй, сургууль бүрээр орж “Пионерийн ордноос явж байна. Авъяаслаг хүүхэд шалгаруулж авна” гэдэг зарлалтай. Ангийн багш нар хүүхдүүдээ зааж өгөөд л. Хэрдээ л хөөрхөн арга хэмжээ болж байгаа юм. Тэр дунд бужигнаж байгаад Пионерийн ордны жүжгийн дугуйланд явж эхэлсэн. 1959 онд. Пионерийн ордон их гоё байлаа. Олон гоё дугуйлантай. Бүжиг, дуу, найрал дуу, үндэсний хөгжим гээд.  Нөгөө гоё ордон дээр ирээд анхандаа төөрч будлиад бөхийн секцийн танхим руу ч орж л явлаа. Ордны жүжгийн дугуйлангийн хүүхдүүд хүүхдийн дуурь тавьж, Л.Лхаасүрэн эд нар чинь Хүүхдийн театрт  дуурьд тоглочихсон “их амьтан” орж ирсэн юм шүү дээ.

-Пионерийн ордны дугуйлангийн хүүхдүүд хүүхдийн театрын жүжигт оролцож тоглодог байсан гэдэг. Яаж яваад хүүхдийн театрт орсон юм бэ?

-Хүүхдийн театр 1960-аад оны үед жүжигчин шалгаруулж авсан. Тэр үед Магсар бид хэд очиж шалгуулаад туслах жүжигчин болж байлаа. Биднээс өмнө Лхаасүрэн оччихсон байсан юм. Бид түрүүчийн 13 биш. Сүүлийн үеийнх нь. Өөрөөр хэлбэл, хүүхдийн театр бие даасан байртай болох гэж байх үед очсон улс.

-Л.Лхаасүрэн найруулагч танаас өмнө театрт орсон, харин та түрүүлж хойшоо сургуульд явсан байдаг билүү?

-И.Нямгаваа явснаас хойш хоёр жилийн дараа явсан. Нямгаваа аравдугаар анги төгссөн “данхгар” байхгүй юу. Лха бид чинь арав ч төгсөөгүй байсан юм чинь сүүлд явалгүй яахав.

-Хүүхдийн театрын залуу жүжигчид юу хийхэв?

-Бид хүүхдийн театрт  нэг хэсэг гүйсээн. Дуурийн театртай хамт байх үед л дээ. Тэгэхэд дуурийнхан найрал дууныхантайгаа оруулчихна. “Шарай голын гурван хаан”, “Учиртай гурав” тоглож байхад мань мэт нь “хоор” дотор “давхиж” явдаг сан. Бидний дуулна ч гэж юу байхав “сайхан үймүүлээд” л...

Намын хорооны үзэл суртлынхан ирсэн гэхэд “Юу хэлэх нь вэ” гэж хөшигний цаанаас чих тавина. Тэгээд дарга нар хуралдаж байна гээд хөөгдөнө. Нэг л тийм улс байсан.

-Та нар нэг дор гүйж явсан банди нар яагаад Багшийн дээдэд оролгүй хойшоо явна гэдэг байсан юм бэ?

-Дотоодын сургуульд нэг удаагийн элсэлтээс хоцорвол дөрвөн жил хүлээнэ. Ингэж хүлээхээр чинь нөгөө алдартай жүжигчин болох гэж мөрөөдсөн улсад чинь хэтэрхий урт, бас цаг хугацаа алдана. Дээрээс нь тэр үед  хойшоо, Зөвлөлтөд сургуульд явна гэдэг “моод” дэлгэрсэн байлаа шүү дээ.

-Мэргэжлийн хувьд хойно суралцвал илүү болно гэсэн ойлголт байсан уу?

-Хүүхэд байхад кино од болох юм л бодно уу болохоос өөр зүйл байхгүй шүү дээ. Ер нь жүжигчин гэдгийг кино од гээд ойлгочихсон улс. Тэгтэл намайг “Чи намхан биетэй, шүд муутай байж юуны чинь кино од вэ” гэдэг байлаа. Аав шал дэмий юм руу зүтгэж байна, хөгжимчин бол гэдэг байсан юм. Мэргэжлийн байх гэдэг юм явцын дунд бий болно.

-Монголын найруулагчдыг хараад байхаар партитур уншдаг, ноот мэддэг найруулагч тун цөөн  юм шиг санагдаад байна?

-Тэгэлгүй яахав, хөгжмийнхөн л нот уншина уу болохоос тэр бүр уншихгүй. Аав намайг хөгжмөөр хичээллүүлэх гэж их оролдсон. Би тэс хөндлөн “амьтан” байсан.  Гэхдээ хөгжмийн талаар аавын зааж сургаж байсан юм, сонсож өссөн юм театрын найруулагч болоход хэрэг болсон.

-Талийгаач Чимэддоржийн Ганхуяг  ноот уншдаг  найруулагч байсан байх аа?

-Тэгэлгүй яахав Ганхуяг багаасаа л хөгжмийн дугуйланд явсан хүүхэд шүү дээ. Ноот уншихаас гадна сонсоно гэдэг агуу. Бага байхаасаа л аавыгаа дагаж Соёлын ордноор явсаар хөгжчихсөн хүн байхгүй юу.

-Та хэдийг “Шарай голын гурван хаан”-д “гүйж” байх үед театр салах гэж байсан үе байх нь ээ?

-Дуурь, хүүхдийн театр хоёр тусдаа байгууллагууд байсан юм.

-Гэхдээ захиргаа нь нэг байсан уу?

-Тусдаа, тусдаа. Хөгжимт драмын театр, Улсын хүүхдийн төв театр гэдэг байлаа.

-Хөгжимт дарматик гэдэг ямар учиртай нэршил байсан юм бэ?

-Оросыг дууриасан хэрэг. Хойно суралцсан манай мэргэжилтнүүд хэлээд заншсан байсантай холбоотой байх.

-Драм, драматик гэдэг хоёр үгийн хооронд ямар ялгаа байна?

-Драм нь цэвэр жүжгийн зохиол.  Дуурийн театрын хөрсийг бэлдэх гэж анх хөгжимт дарматик гэсэн болов уу. Тэр ч бүү хэл Оросыг дууриасан юм их байсан. Хойноос ирж байгаа мэргэжилтнүүд энэ чиглэлийн уран бүтээлчид ирдэг байсан юм билээ.

-Никитин  гэж сургагч багшийн талаар их ярьдаг. Аль театраас ирсэн хүн юм бэ?

-Никитиныг Ванган багш авчирсан. Сатир театрын жүжигчин байсан болов уу. Ванган гуай Никитин хоёр хамт сурч байсан ч гэдэг юм билээ.

Анхны дээд боловсролтой найруулагчийг 1957 оноос УБДС-д бэлтгэж эхэлсэн байдаг. Түүнээс өмнө Гэндэн, Ванган, Туваанжав гуай гээд хойшоо Зөвлөлтөд төгсөж ирсэн. Харин Монголхаан найруулагч  1963 онд ирж байсан.

-Энэ найруулагчдийн дараагийн үе гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-Лхасүрэн бид хэдээс гадна Нямгаваа орно.

-Арслан  гэж дүрээрээ мөнхөрсөн Доржсамбуу найруулагч?

-Киевийн театр урлагийн дээд  сургууль төгссөн юм.

-Украинд төгссөн найруулагч гэхээр?...

-Н.Болд, Г.Доржсамбуу, Б.Баатар. Телевизээс гэвэл Энхжаргал, Нарангэрэл нар гээд нэлээд хэдэн хүн бий шүү.

-Найруулагч гэж дэлхийд ч харьцангуй залуу мэргэжил гээд л та нар ч их огшдог улс. Монгол улсын найруулагчид гээд нэрлэж байгаагаас тань гурван үе ялгарч байх шиг. Эхнийх нь, Ванган, Гэндэн Монголхаан найруулагч юм байна. Харин та нар бол 1970-аад оныхон нэг бүлэг болох нь ээ. Түүнээс хойш 1980-аад оныхон гэвэл Баатар найруулагчаас эхлээд Болд орно. Ёстой өнөө сонгодог урлагийн ахуй орчинд чанагдаж ирсэн та нарыг эргээд харахад ялгарах онцлог, сонин содон зүйл бий л байх даа?

-Аль аль нь сургуулиасаа хамаарна. Киевийнхэн тайзны шийдэл, зохиомж сайтай. Тэдний хувьд сургалтад тайзны макет хийдэг юм билээ. Тэр дундаа найруулагчийн анги энэ талын сургалтыг түлхүү авдаг. Бид бол хальт үздэг байлаа. Учир нь тайзны зураач бусад хэрэглэлийг тусдаа хүн хийдэг байсан юм.

-Гадаадад, Зөвлөлтөд сургууль төгссөн залуухан найруулагч хүрээд ирлээ. Тухайн нийгэм цаг үеийн нөлөөлөл гэж айхавтар юмтай нүүр тулна аа даа?

-Сургуульд хэзээ ч цаг үеийн нөлөөллийн талаар заахгүй ээ. Учир нь цаг үе гэдэг үзэл суртлын өөрчлөлт. Тэгэхээр заах боломжгүй, цэвэр мэргэжлийн сургалт ордог. Харин ажил дээр “нам”  гэдэг бүхнийг мэдэгч нэг байгууллага гарч ирээд чиглүүлээд эхэлсэн. Сонгогдсон жүжгийг солихыг шаардахаас эхлээд олон юмтай нүүр тулсан. 

-Үзэл сурталд тохируулж уран бүтээлээ сонгох нь ээ дээ?

-Тэгнэ. Нэгдлийн даргын тухай  хүртэл жүжиг  тавих шаардлагатай болж байсан. Эсвэл сайн малчны тухай ч юм уу. Энэ бүгдийг амжуулахын сацуу өөрсдийн сонгосон жүжиг тавих гэж тун чиг хэцүү даваа байлаа. Харин сонгодог бариад авбал  яаж ч чадахгүй. Тийм учраас тэр талыг барьж ажиллах нь онодог байлаа. Монгол зохиолчдын жүжгийг тавих гэвэл заавал хойшлуулна. Гэхдээ Д.Намдаг, Ч.Чимид гээд мундагуудын бүтээл бол гайгүй ээ.

-Тухайн үеийн үзэл суртал жүжгийн зохиолын  хөгжилд нөлөөлсөн гэж болох уу?

-Хамгийн гол нь жүжгийн зохиолыг хэрхэн судлах вэ гэдэг анхаарлаа хандуулсан. Жүжгийн зохиолыг бүх талаас нь судалж үйл хөдлөлийн, зохиолын задаргаа, шинжилгээ хийж сургана. Үйл хөдлөлийн гэхээр зохиолын хэлэх санаанаас эхлээд бүхий л зүйлийн холбоо хамаарлыг олж мөшгөх ёстой болдог. Бүхэлдээ 1950-аад он их сонин цаг үе. Нэг талаас нь харвал С.Гэндэн гуай нарын үеийнхэн тун азтай байсан юм болов уу гэж боддог. Миний бодлоор тэр үеийг зурвас үе гэж хэлж болох юм шиг санагддаг. Хэлэх гэсэн юмаа зоригтой хэлж болж байсан цаг.  Хуучин цагийн айхавтар хатуу байсан зүйл задарч зөөлөрсөн үе. Энэ үед манайд орж ирсэн уран зохиол, уран бүтээл арай өөр байсан хэдий ч сэхээтний төөрөгдөл гэдэг зүйлээр Оросоос илүүтэй базсан юм шүү. Гэхдээ л эхэн үеийн найруулагчид зүрхээ зүсүүлж байсан үе бий. Харьцангүй гайгүй өөрийнхөөрөө байсан хүн бол Гэндэн гуай. Дан мэргэжлээрээ, өөрөөрөө ажиллаж чадсан хүн гэж  хэлж болох байх.

-Уран бүтээл, уран зохиол талаас нь харвал тухайн үед дэлхийн сонгодог зохиолууд маш сайн орчуулагдаж байсан цаг яах аргагүй мөн байх. Ийм хөрсөн дээр сонголт өөр болно, тийм үү. Бас найруулагч гэдэг ийм байдаг бөгөөд ингэж ажилладаг юм байна гэдгийг гаднаас орж ирсэн киноноос харж болох боломжтой болсон учраас нэлээд чөлөөтэй болж, уран бүтээлээ шийдмэг туурвих боломж бүрдсэн гэж нээрээ хэлж болох байх. Нээрээ энэ үед амаа хамхиж байсан ч мэр сэр бүтээл, тухайлбал, “Түмний нэг” киноноос гээд олныг бодогдуулах бүтээл гарч байж. Яг энэ үеийг залгаад та хэд гарч ирсэн учраас илүү урам зоригтой ажиллах нөхцөл бүрдсэн гэж болох уу?

-Зориг орно гэхээс илүүтэй суралцаж байгаа хэрэг. Зохиол сонгох, хэлбэрийг нь хэрхэн хийх вэ гэдэг дээр намын үзэл сурталчлагдыг хэрхэн аргалах ухаанд суралцаж эхэлсэн. Яагаад гэвэл, сонссон номын дуунаас тэс өөр орчин угтаж байгаа учраас өнгөө өөрчилж, аргалах ухаанд сурахаас өөр арга байхгүй. Хамгийн муухай нь жүжиг тавих боллоо гэхэд заавал намын үүрээс зөвшөөрөл авна. Тэнд үзэл суртал гэдэг зүйл л ярина. Намын үүрээс зөвшөөрөгдсөн байна. Соёлын яамны намын хороо чиг өгсөн гэх нэрээр элдэв юм орж ирнэ. Их зовлонтой, өөрсдийн сонголтоор биш. Тухайн жилд  томоохон ой тохиовол холбоотой жүжиг тавих ёстой болно. Сонгосон жүжгээ хийхийн тулд тэр болгоныг хавсаргаж, эвтэйхэн зохицуулалт хийхгүй бол болохгүй болж байгаа юм. Энэ бүхнийг маш ухаалаг шийдэж, нарийн мэдрэмжтэйгээр ханддаг нь Ванган гуай байлаа. Аль ч талд ноён нуруу алдаагүй, хэзээний л эвийг нь олоод гараад явчихдаг хүн. “Эхийн талд” жүжиг эвтэйхэн явж байсан ч батлагдахгүй байсан гэдэг. Энэ үед Л.Ванган гуай ирээд “Наана чинь сүйдтэй юм алга, Монголхаан. Чи Цэрэндарьзавыг нэгдүгээрт хүчиндүүлж байгаа сцена хийчих, яаж ч болохгүйгээр. Наана чинь хатаж хагссан харчууд байна шүү дээ. Дээр нь ил алдаг хэсгийг бүр тодруулчих. Ингэвэл бүдүүлэг, зэрлэг энэ тэр гэдэг шүүмжлэл гарна. Ийм зүйл урлагт байх ёсгүй гэнэ. Тэгэхээр тэр болгоныг хүлээж аваад зөөллөчих” гэсэн байдаг. Үнэхээр түүний хэлснээр намын үзэл суртлынхан “Урлагийн гоо сайхны хэмжүүр, намын үзэл суртал” гээд ярьж эхлэхэд нь Монголхаан гуай дотроо инээгээд сууж байсан гэдэг юм билээ. Тэгтэл дарга нар үзсэнээ тэр хоёр хэсгийг л аваад хаячихвал их сайн, орчин үеийн жүжиг болжээ. Дайны тухай бол хүний зүрх сэтгэлд хүрсэн жүжиг байна. Тэр хоёр муухай юмыг хас гэсэн байгаа юм. Тухайн үеийн түшмэд найруулагч, уран бүтээлчдийг оюун санааны  хувьд тамлаж байсан гэхэд хилсдэхгүй байгаа биз. Харин 1980-аад он гэдэг харьцангүй зөөлөрсөн үе. Үзэл суртал гэдгээ болиод ёс суртахуун гэж ярьдаг болсон арай хөнгөн болсон үе гэх үү дээ. Тэр дундаа намын даргад ёс суртахууны алдаа гээд ярихад амар байлаа. Зохиол хүртэл тэр чиглэлийг барьж орчуулагдаж байсан. Бас нийгмийн амьдралыг дагаж манай зохиолчид ч хариуцлага үүрч явсан үе бий. Ер нь аливаад их ухаан зарах ёстой юм билээ. Ч.Лодойдамба, Л.Ванган гуай нар их өөр  хүмүүс.

Манай хянадаг, хардаг үзэл суртлынхан уран сайхны мэдлэггүй, номноос шүүмжлэл харж түүгээрээ ярьдаг учраас наалдацгүй. Гегель хэлэхдээ гэж ирээд ярина. Гегелийн хэлсэн үг Горькийд ямар холбогдолтой байх вэ дээ. Бас болоогүй түүний философи энэ жүжигт алга гэх мэтчилэн хачин, хачин зүйл их ярьдаг байсан.

-Та нарыг найруулагч болоод ирж байхад хөгийн, хөгийн явдал байсан л байх нь дээ?

-Байсаан, байсан. Янз бүрийн инээд хүрэм элэглэл бий. Гарцаагүй юмнууд хийгддэг байсан. Ер нь эхэн үедээ ардын тал руу хэлбийсэн тавилтын хэв маяг өөрчлөгдөхгүй хэцүү байсан. Театр урлагийн орчин цагийн элемент орж ирэхэд манайхантай зөрчилдөж байсан нь их. 1930, 1940-өөд оны үед хэлбэрдэж тоглоод сурсан хэвшлийг эвдэнэ гэдэг их том зөрчил. Ялангуяа Ванган, Гэндэн багшийн үед театрт хамгийн том зөрчил болж байсан юм билээ. Яагаад бид урагшлахгүй байгаа шалтгаан нь намын түүх, бодлого, уриа лоозон гэж хэлдэг. Хэдийгээр намын гишүүн байж болох ч бодлого, чиглэлд нь ямар хэлбэрээр оролцох вэ гэдгээ мэдэхгүй байна гээд “чанга” дуугарч байсан хүн бол Ванган гуай.

-Л.Ванган найруулагч тухайн үеийн үзэл сурталд “Зүрхээ зүсүүлсэн” гэгддэг хүн шүү дээ, ийм хүн  “чанга” дуугарч байсан гэхэд сонин байна л даа?...

-Тэгсэн ч энэ хүн намын “номчирхогчид”-ыг хэрхэн аргалахаа мэддэг байж. Ингээд ямар сайндаа театр, соёлын удирдлага “Ванганыг оруул, орсон юм уу? гэдэг байсан гэнэ лээ. “Маргаашнаас Ванган гуай орж ирнэ” гэхээр нь “За за. Ванганд сайн захиж үлдээ. Хараад мэдэх байлгүй” гээд орхидог байж. Гэндэн гуай хамаагүй, хэнэггүй хүн байсан гэлцдэг. Намын төлөөлөгчдийн хийлгэж байгаа хурал дээр “Вангантай захидлаар харилцсан, энэ байна” гээд сарвайж байсан гэдэг юм.

-Гэндэн гуай ер нь билиг танхай хүн байсан юм биш үү?

- Жинхэнэ уран бүтээлч...

-Нам, улстөрд оролцохгүй, дарга энэ тэр хийж яваагүй учраас хүлээсэнд орж байгаагүй юм байна, тийм үү?

-Чөлөөтэй, жинхэнэ уран бүтээлч. Зохиолын нурууг “нүгэлтэй” олно. Шолоховын  “Сэтгэлээ шинэтгэсэн нь”  гэдэг бол үнэн донжтой шүү дээ. Тэгээд бодохоор аваргууд сургуулийнхаа юмыг бариад үлдсэн л байдаг. Ванган гуай, Гэндэн гуай хоёр 1950-аад оноос театрыг ихээхэн өөрчилсөн найруулагч нар.

-Гэндэн гуай хойшоо сургуульд явахаасаа өмнө хаана байсан юм бэ?

-Театрт жүжигчин байсан.

-Орос хэл хаана сурсан юм бэ?

-Ямар ч хэлгүй хүн очоод сурсан гэдэг юм. Ер нь орос хэлийг дугуйлан энэ тэрд яваад сурахгүй дээ. Харин очсон хойноо сурч байгаа юм шүү дээ.

-Та орос хэлний ямар бэлтгэлтэй сургуульд явж байв?

-Би шалгалт өгөх хэмжээний бэлтгэлтэй л очсон. Ер нь хичээл дээр сурсан хэмжээ нь л тэр.

-Хэлний бэлтгэлгүй явуулдаг байсан юм уу?

-Жил алдана гэж айхтар юм бий. Тэгээд эцэг эхчүүд жил алдуулахгүй гээд дээгүүр, доогуургүй хөөцөлдсөөр байгаад явуулчихна. Бид чинь очсон хойноо хоёр сар “майлна”. Оросууд ч сайн л даа. Нэг зууралдсан хүнээ юманд хүргэнэ. Багш нараас ч илүү оюутнуудтай найзалж, нөхөрлөж хэлээ илүү сурна.

-Танай ангийнхан зөвхөн найруулагч уу?

-Манай анги жүжигчний групптэй хамт. Намайг Москвад очиход найруулагч, жүжигчин хоёрыг хамтад нь сургаж байгаа анхны туршилтын анги гэж байсан юм. “Энэ түүхэнд байхгүй юм хийлээ” гээд сургуулийн профессорууд тийм ч таатай хүлээж аваагүй гэдэг. Харин манай ангийнхан хамтарч сурч болох юм байна гэдгийг нотолсон. Манай А.А.Гончаров багшийн заах арга гэдэг “аюултай”. Ямар ч мулгуу амьтан сурна. Номлоод байхгүй, зохиолоос санаа олж харах, урлах аргад оюутныг хөтөлнө гэдэг тун ховор эрдэм.

-Энд театрын аваргуудаас сонсч байсан зүйл тэнд очоод ном сонсох хоёрт хэр зөрүү гардаг бол?

-Бид 1970-аад оны үед очсон учраас сургалтын явц, заах арга өөрчлөгдсөн үе байсан. Тиймээс оюутан өөрийгаа хэрхэн нээх вэ гэдэг чухал. Оюутан тухайн зохиолыг хэрхэн харж байгаа вэ гэдгээ дүрслэхдээ ямар арга ухаан сийлэх, бүдүүлэг байх эсэх ч хамаагүй байснаас гадна заавал үзүүлэх ёстой. Харин тэр өгүүлэмжийг багш нар тэвчээртэй дуустал нь үзэх ёстой гэдэг байсан. Дундуур нь орж самрахгүй, төгс төгөлдөр боллоо гэсэн үед нь дууссан эсэхийг нь асууж байгаад зөвлө гэдэг шаардлага тавьдаг байсан. Тэгснээр хүн өөрөө алдаагаа олж харах боломж бүрдэнэ. Дипломоо бичихийн тулд гарцаа байхгүй бүтэн сууна. Агуу их тэвчээр гаргаж суулаа. Тэвчээрийг минь шалгасанд маш их баярлалаа гэж байгаад авна даа.

Төгсөөд ирсний дараа хоёр зөрчил гарна. Нэгдүгээр “будаг нь ханхалсан” найруулагч шал өөр арга зүйгээр ажиллахыг хүснэ. Тэр үеийн бэрхшээл бий дээ. Нэг талаар үзэл суртал тулгамдсан асуудал байсан ч нөгөөтэйгүүр жүжигчдэд их учир бий. Тэдний хувьд намын бодлогын тухай нэн тэргүүнд бодож ярихаас өөрийнхөө дүрийг хэрхэн амилуулах вэ гэдэгт санаа тавихгүй. За тэгээд “Үнэн” сонин дээр намын дарга тэгж хэлсэн байна лээ гэх мэтээр дэмий зүйл ярих нь ч бий. Мань мэтэд шинэ соргог байгаа учраас содон сонсогдоно. Тэр ч бүү хэл ангийн нөхөд ирвэл ч “элэг авах” юм болох нь гээд олон зүйл өрнөнө өө. Жишээлбэл, хурлаар оруулаад түүнийг батлана. Намын гишүүн тэрний хэлсэн шүүмжлэлийг тусгаагүй байна гээд эхлэхэд санаагаар унаад л “Ингэж ч найруулагч хийнэ гэж юу байхав” гэж бодох өдөр олон гарч байсан.

-Уран бүтээлд оролцох жүжигчдийн бодож байгаа нь найруулагчийн хүсэн хүлээж байгаагаас өөр байсан гэсэн үг үү?

-Жүжигчид уран сайхны зөвлөлийн ярьж байгааг хаалганы гаднаас чагнана өө. Тэгээд намайг ярихаас өмнө тэмдэглэл хөтөлчихсөн. “Тэгнээ тэр. Би яг мэдэж байсан юм” гэх ч энүүхэнд. Ингээд маргалдах юмаа бэлдэж байгаад ганцаардуулдаг байсан ч үе бий. Энэ байдлаас гарах гэж үзсэн хүн бол Монголхаан гуай юм билээ.

-Хоёр зөрчил гэж харагдаж байх шиг. Нэгдүгээрт найруулагч, жүжигчдийнх, хоёрдугаарт намынх гэж хэлж болох нь ээ дээ?

-Намын зөрчил хамгийн аймаар. Нам урлагийг барина гэдэг тун хэцүү. Дагах хэцүү, дагахгүй байх хэцүү. Тэгэхээр хэрхэн нюансыг нь олох вэ гэдгээ бодож болно. Намын даргын хэлсэн санааг ерөнхий жүжгийн атмосфер гэж ойлгоод энд ингэж тусгалаа гээд нэг газарт нь албаны маягтай болгосноор жүжигт тус болж байна гэж хардаг байхгүй юу. Тэгсний дараа том дарга хурган дарга нараа ийм л юманд явна даа гээд шоолно. Эцсийн эцэст тэдний шоолж байгаа хүмүүс нь өөрсдийнх нь бэлтгэсэн л дарга нар. Чимиддорж гуай Хөгжимт драмын дарга байхдаа зоригтой хэлчихдэг байсан юм шүү дээ. “Та нар ийм юм ярьж байх. Намын хурлынхаа юмыг мэдээд байна. Урлагийн хэл болоод улсуудын бодож сэтгэж байгааг хар. Дандаа лоозон шиг амьдрал гэж байхгүй” гэдэг байсан. Тэрээр ардач чанар гэж ярьдаг ч, уран сайхны чанарыг сайшааж дэмжин шинэ залууг дандаа л шалгадаг. Ийм дарга нар бас байсныг хэлэх нь зүйтэй. Харамсалтай нь цаг үеэ мэдэрч ойлгодог дарга нар төдийлөн урт насалдаггүй байсан юм болов уу даа л гэж боддог. Урлаг ойлгодог дарга нарын хэлсэн үг театрын намын хороонд том цохилт болно, бас.

-Та нарын үед гурав дахь зөрчил байсан гэж хэлэх гээд байна. Та бүхэн дор бүрдээ энэ л агуу жүжгийн зохиол. Энэ л агуу зохиолч. Үүнийг тавихсан гэдэг бодолтой орж ирсэн байж таарна.

-Тэр ч яахын аргагүй үнэн.

-Гэхдээ та нарын үед хориглогдож байсан зарим зүйл задарч байсан. Тэгээд ойлгомжгүй үед өөрийн дураар явах бололцоо байсан уу?

-Тун ховор. Намын үзэл, Төв хорооныхоор чиглэл өгч явна. Тиймийн тулд жүжгийн сонголтыг хүртэл тэд л шийднэ. Ялангуяа нэгдэлчдийн асуудал, ойд зориулсан зохиол бичүүлэх санал намын хорооноос гарна. Ингэхдээ сайн нэгдэлчний тухай биш даргын тухай бичүүлэхийг яана. Тэр даргын хүчинд л сайн байгаа мэтээр ярина. Хүний хөдөлмөр огт яригдахгүй байсан ч, түүнийг олж харж гаргаж ирсэн түүх бий. Ингэж гаргахдаа намын бодлогын хүчээр, нам харж хандсаны үндсэн дээр гэж шигтгэх ёстой болдог байлаа шүү дээ. Үзэл суртал ийм л хүчтэй нөлөөтэй байсан юм.

-Дотоодын уран бүтээлчдийн урын сан энэ маягаар гардаг байж. Тэгвэл сонгодог бүтээл дээр ямар байх вэ?

-Сонгодог бүтээлийг оруулахын тулд томоохон уран бүтээлчдийг сонгохгүй бол танихгүй хүн байна гэж хэлнэ. Гоголийг бол “манай нутгийн хүн” гэдэг шиг л юм болно. Островский гээд мундаг зохиолчийн бүтээлийг хийж болно. Харин шинэ залуу байвал төдийлөн танихгүй хэрнээ Оросын их зохиолч гэчихвэл ам дагуулаад явах нь ч бас бий. “Нээрээ тийм ш дээ” гээд хээвнэг хэлнэ. Энэ нь хурган дарга нарын сэтгэхүйд байдаг зүйл. Дарга болж орж ирээд цэрэг болж гарлаа гэдэг шиг л зүйл болноо, заримдаа. Учир нь театрын номлолыг дагахаас аргагүй гэдгийг ойлгохоороо дарга нь цэрэг болчихож байгаа юм.

-Би зүтгэж байж тавьсан жүжиг гээд нэрлэвэл?

-Тэгж хэлэх хэцүү. Мэдээж зохиолоо зөвшөөрүүлэхийн тулд янз бүрийн л заль мэх уралдуулна. Зөвшөөрөгдөхгүй тал нь л давамгайлна. Ийм замбараагүй зохиолчийн бүтээл гаргах гэлээ гэнэ. Ер нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх хэдхэн зохиолчийн бүтээлд эргэлдэх энүүхэнд. Тийм баригдмал. Шинэ залуу зохиолч санал гаргавал бүр гайхна. Шекспир, Шолохов, Чехов гээд мундаг зохиолчдыг ойлгодоггүй дарга олон байсан. Эдний зохиолыг тавьчихвал уйтгартай жүжиг болж гэж зарим дарга хэлж л байлаа даа.

-Уншаагүй байж гэсэн үг үү?

-Ийм уйтгартай жүжиг гэж юу байхав гэж хэлнэ. Чеховын зохиол хүмүүс хоорондын маргаанаас өөрийгөө олж авдаг юм шүү дээ. Ойлгохгүй байх нь элбэг учраас тэр.

-Үнэн хэрэгтээ үлгэр жишээ намын гишүүний дүр л хэрэгтэй юм байж ээ дээ?

-Тухайлбал, “Интоорын цэцэрлэг” жүжигт гол дүрийг муулчихвал баярлана. Харин энэ жүжгийн санаа ийм байна гэчихвэл буруудна. Учир нь гадна, дотны элдэв зүйлийг сонирхож, салбаганасан бүсгүй өөрийн гэсэн үзэл бодолгүй  эмэгтэйн дүр бий. Гэтэл энэ дүр маань манай нийгэмд ч бий. Гэтэл үзэл суртлын түшмэд дарга нараасаа ч долоон дор. Яагаад гэвэл дарга нартаа буруу зөрүүгээр ойлгуулна. Ялангуяа өөрсдөө дотоод сэтгэлдээ айдастай үзэхээр юугаа ч ойлгохгүй болно шүү дээ. Тэгчихээд “Тийм л юм шиг байна. Их осолтой юм байна” гэх мэтээр  тайлбарлана. Даалгавар биелүүлэх гэж яваа хурган дарга нарт жүжиг болоод урлагийн бүтээл ойлгох сэтгэхүй байхгүй л дээ. Ер нь ийм айхтар үзэл суртлыг тархинд нь шингээсэн үзвэр үйлчилгээ гэдэг бол хүнийг гэгээрүүлэхээс илүү хор уршигтай. Тэр ч бүү хэл уран бүтээлчид хөгжиж дэвжихгүй, хэвшмэл зогсонги байдалд орчихдог. Уран бүтээлчийн оюун санааг боомилж, сэтгэхүйг эвдэж, хорьж, хэрчих явдал ямар олигтой байв гэж дээ. Хамгийн аюултай нь тэр. Зохиолчдыг хүртэл нэр заасан, хамаагүй зохиолчийн бүтээл тавихгүй. Зөвлөлт болоод дэлхийд үнэлэгдсэн зохиолчийн бүтээлийг л тавих болохоос өөр бусдыг бол үгүй. За яахав Мольер, Шекспирийг нэг тавих боломж бий.

-Мольерийг ч нэг их тавьсан юм болов уу даа?

-Нэг их тавиулаагүй байх дөө. Бас бүтээлийг нь барьж аваад найруулаад тавих хүн ч ховор байсан. Том уран бүтээлчид мөрөөдсөн ч зохиолыг нь уншаад л намын төв хорооноос батлахгүй. Учир нь намын бодлого, төв хорооны асуудлыг сонгодог жүжгээр хэлчих гээд байна гэж ойлгож байгаа хэрэг. Тиймэрхүү үзэл суртлын жижиг түшмэд, намын үзэл суртал эрхэлсэн ажилтнууд урлагийн бүтээл туурвих, урлаг соёлын хөгжилд ихээхэн саад учруулж байсан юм. Хүний бүтээлч сэтгэлгээ, авангард хүсэл тэмүүлэлд хориг саад болсон ч үе бий. Энэ үед Гэндэн, Ванган нар их ухаалгаар зохицуулж уран бүтээлээ туурвиж байсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Нөгөө талаас нь харвал дэлхийн сонгодог жүжгүүдийг яах ч аргагүй хүлээн зөвшөөрөх зам руу орно. Хүн хүлээн зөвшөөрдөг эсвэл монголчууд мэдэхгүй зохиолч гараад ирвэл цочирдох зэргээр үзэл суртлын ажил эрхэлж байсан хүмүүсийн дунд байсан л үзэгдэл. Энэ нь дээрээс өгсөн чиглэл, даалгаврын дагуу нэг хайрцагт баригдаж байсны илрэл. Гэхдээ зөв сэтгэж, уран бүтээл, урлаг ойлгодог дарга нар ч байсан. Үнэхээр нүнжигтэй, нуруутай хэлэх үгээ хэлээд гардаг дарга нар байсан.

-1980-аад онд танай үеийнхэн тухайлбал, Лхасүрэн, Нямгаваа, Доржсамбуу, Мөнхдорж нар түрэн орж ирсэн гэж хэлэхэд сөрж маргах хүн үгүй биз. Энэ үед үзэл суртал өөрчлөгдөх хандлага ажиглагдаж байсан уу. Магадгүй энэ эргэлт уран бүтээлд эерэгээр нөлөөлсөн байх талтай юу. Энэ цагийн өндөрлөгөөс та дөрвийн уран бүтээлийг харьцуулж харахад онцлог нь юу байна?

-Хийх арга барилын хувьд өөр өөр. Нямгаваа ерөнхийдөө XIX зууны сүүлчээр Орост нэвтэрсэн, Станиславскийтай сөргөлдүүлж тавьдаг хэв маяг ашигладаг. Орчин цагийн хэлээр физикал элемент. Энэ хоёр сөргөлдөх учиргүй юм. Станиславскийн аргачлалын үнэт заавар бол жүжигчин оюун санааны ертөнцийг биеийн үйлдэлтэй хэрхэн холбох. Дүрийн биеийн үйлдэл гэдэг сэтгэхүйн үйлдэлтэй нягт холбоотой зүйл. Станиславский дүрийн бие хөдлөлийн уян налархай шинж чанар, дүр төрхийн хэв шинжийг суулгаж өгье гэсэн үндсэн санаанаас аргачлалаа ургуулан гаргасан хүн. Түүнийг цирк болон спорттой хослуулж байна гэж байтал одоо бидний хийж байгаа физикал гэдгийн эх суурь байгаа юм. Энэ маань баруун европ төдийгүй дорно дахинд нэлээд газар авч театрын бүтээл, сургалт явж байгаа учраас бид үүнийг нарийн мэдэрч, харах ёстой. Тэгэхээр биеийн хөдлөлийг оюун санааны ертөнцтэй яаж холбох вэ гэдэг аргачлалыг манай сургалт болоод театрын үйл ажиллагаанд тусгалаа олж байна гэж бодож байгаа. Лхаа бол илүү сатир тал руугаа найруулагч. Тавьсан жүжгүүдийг нь хар л даа Мольер, Шекспирийн инээдмийн жүжиг. Доржсамбуу бол жинхэнэ монгол жүжиг тавих талдаа хэд хэдэн жүжиг тавьсан сайн найруулагч төдийгүй, 1990-ээд оны хүнд цаг үед театрыг авч гарахад их хувь нэмэр оруулсан хүн. Миний тухайд үе үеийн үзэгчид үнэлгээгээ өгөөд л явсан байх.

 

Найруулагч  Бирваагийн Мөнхдорж 1949 онд Улаанбаатар хотод төрсөн. 1974 онд Москва хотноо А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн. 1976-1990, 1996-200? онд УДЭТ-т найруулагч, ерөнхий найруулагчаар ажилласан хүн.

 

УДЭТ-ын тайзнаа:

 “Цаг өөр болжээ” 1974, “Маш нууц” 1975, “Үхэвч үнэн ялна” 1977, “Отелло” 1978, “Хөдөөгийн хөгтэй явдал” 1979, “Буурай аав” 1979, “Шовгор малгайн дууль” 1980, “Хүний мөс” 1980, “Их ид шидтэн” 1981, “Намрын уянга” 1981, “Муурын байшин” 1982, “Унаган хайр” 1982, “Эрдэмтний яриа” 1982, “Алтан түлхүүр” 1983, “Талын баатар” 1983, “Мартагдсан аялгуу” 1983, “Буэнос Айресаас хийсэн сурвалжлага” 1984, “Шинэ зам” 1984, “Чи хэн бэ” 1985, “Гургалдайн дуут шөнө” 1985, “Сувдан сондор” 1986, “Интоорын цэцэрлэг” 1986, “Сандрал” 1987, “Эрин цагийн эхэнд” 1987, “Бардам туулай” 1988, “Галилейн амьдрал” 1988, “Ээдрээ” 1989, “Зэрэглээ” 1989, “Сэрүүлэг” 1990, “Ричард ван III” 1994, “Хаан түүх I” 1995, Буудлын авхай” 1995, “Оршуулаагүй үрэгдэгсэд” 1995, “Хаан түүх II” 1996, “Бие хамгаалагч” 1997, “Хүслийн трамвай” 1997, “Сарны инээд” 1999, “Бооцоо” 2000, “Хаан түүх III” 2001, “Эрлэгийн данс” 2003, “Саран хөхөө” 2004, “Суудал” 2006, “Сүүлчийн бүжгийг чамд үлдээе” 2007, “Харц хатан” 2008,  Шар тэнгисийн тарчлаан 2009, “Хунгийн дуу 2010 зэрэг жүжиг тус тус найруулан тавьжээ.

Эх сурвалж: www.polit.mn 

 

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

1 цаг 30 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

1 цаг 58 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

2 цаг 0 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

2 цаг 4 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

2 цаг 8 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

2 цаг 24 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

8 цаг 33 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

8 цаг 38 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

8 цаг 44 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

8 цаг 53 мин