Дамдины ЭНХЭЭ
Булчин задрах өвчин, бусад төрлийн тахлын халдварын дэгдэлт Кавказад үе үе гарч байх үеэр “Ухаантны зовлон” (“Горе от ума”) зохиолоо Грибоедов бичиж эхэлжээ. Чехов төрөлх Мелихово тосгондоо булчин задрах өвчний эсрэг эмчилгээний цэг байгуулан ажиллаж, өвчтөн хүлээж авч үзлэг хийх завсар хооронд өгүүллэгүүдээ бичиж байлаа. Михаил Булгаков Иргэний дайн болон гэдэсний хижиг өвчин газар авсан он жлүүдэд уран бүтээлээ туурвиж байв. Хамгийн тохь тухгүй орчин нөхцөлд бичигдсэн Оросын уран зохиолын заримын талаар Оросын культура.pф-ын толилуулсныг орчуулан хүргэж байна.
Александр Грибоедов: “Ухаантны зовлон”
1818 оны дөрөвдүгээр сард Персэд суух Оросын элчингээр Александр Грибоедовыг томилжээ. Тэр цагаас эхлэн тэрээр Дорнын улс орноор нүүдэл хийж, Тифлис, Тегеран, Тебриз зэрэг хотод амьдарч, ажиллаж байв. Түүнийг ажиллаж байх үест Кавказын дайны фронтод олзны цэрэг, шархдагсдын дунд гэдэсний хижиг, хумхаа, бусад төрлийн тахлын халдварт өвчин байн байн гарч байжээ. 1819 онд Грибоедов Ананури цайзад хөл хорионд (карантин) орсон байна.
Грибоедов 1822 онд генерал Алексей Ермоловын харьяанд дипломат албаны түшмэлийн алба хаших болсон цаг мөчөөс алдарт инээдмийн жүжгээ бичиж эхлэв. Орой үдшийн цагаар жүжгийнхээ дүр болгоны зан авирыг тунгаан бодсоор эхний хоёр үзэгдлийг бичиж дуусгав. Гэтэл оны төгсгөлөөр халдварт өвчин дахин дэгдэж, зохиолчийн үнэнч туслагч Амлих өөд болжээ.
1823 оны хоёрдугаар сард Грибоедов амралтын чөлөө авч Тифлисээс Москва руу явав. Анд нөхөр Степан Бегичевын Тула губерн дэх эдлэнд зургадугаар сараас есдүгээр сарын хооронд “Горе уму” инээдмийн жүжгийнхээ эхний хувилбарыг бичив. 1824 онд харин зохиолоо “Ухаантны зовлон” (“Горе от ума”) нэртэйгээр нэг мөр дуусгажээ.
Уг жүжгийг Москва, Петербургийн театруудад тавьж тоглуулахыг хориглож байсан хэдий ч зохиолч амьд сэрүүн байхдаа жүжгээ тайзнаа тавихыг үзэж амжсан билээ. 1827 оны аравдугаар сард Эриваны цайзыг байлдан эзэлсэн үйл явдалд зориулан “Ухаантны зовлон” жүжгийг Кавказын корпусын офицерүүдэд үзүүлсэн юм.
1828 оны нэгдүгээр сарын аймшигт үхлээс таван сарын өмнө Грибоедов хумхаа өвчнөөр хүнд өвчилж, Нина Чавчавадзетай гэрлэх ёслолоо золтой л цуцлах шахсан байна.
А.С.Пушкин: “Евгений Онегин”
Александр Пушкин шүлэглэсэн романаа бичих гэж долоон жил хөдөлмөрлөсөн. 1823 онд Кишиневт цөллөгөнд байхдаа эхэлж, “алаг цоохор бүлгийн эмхэтгэлээ” булчин задрах тахлын үеэр дуусгасан.
1830 оны наймдугаар сарын 31-нд эхнэр болох зөвшөөрлийг Наталья Гончаровагаас авмагцаа Пушкин удам дамжсан эдлэн газар болох Болдино руу явжээ. Тэрээр тэнд эцгийнхээ өгсөн хуримын бэлэг болох Кистенево тосгоныг эзэмших эрхийг өөрийн нэр дээр болгож бүртгүүлэх гурван долоо хоног хэрийн хугацаа шаардсан ажлыг амжуулах ёстой байв. Гэтэл ойр хавьд нь булчин задрах өвчин гарч, Пушкин Болдинод есдүгээр сарын 3-наас эхлэн гурван сар хөл хоригджээ.
Есдүгээр сарын 18-нд Александр Пушкин “Евгений Онегин”-ы наймдугаар бүлгийг, есдүгээр сарын 25-нд есдүгээр бүлгийг бичиж дуусгав. Пушкиныг Вангийн хатан Голицынад хоргодож эдлэн газарт үлдсэн байх хэмээн хардсан Наталья Гончарова түүний захианд цөөхөн үгээр хааяа нэг бүдэгхэн хариу бичнэ. Аргаа барж, мухардсан Пушкин аравдугаар сарын 19-нд “Онегин”-ы есдүгээр бүлгийг галдан шатааж орхив. Энэхүү шүлэглэсэн роман өнөөгийн бидэнд дахин боловсруулсан найман бүлэгтэй өвлөгдөж ирсэн байна.
Пушкин Болдинд өнгөрүүлсэн намрын үр шим болж, оросын уран зохиолын түүхэнд үлдсэн, бичиж эрээчсэн тэвэр дүүрэн цаастай арванхоёрдугаар сарын 5-нд Москвад буцаж ирэв.
Николай Гоголь:“Амьгүй албат”
“Амьгүй албатыг бичиж эхэллээ. Зохиолын санаа томоохон романы хэмжээнд хүрэхээр сунжирсан ч үнэхээр инээдтэй болох юм шиг байна” хэмээн 1835 оны аравдугаар сарын 7-нд Пушкинд илгээсэн захидалдаа Николай Гоголь бичжээ. Найраглал хэмээн зохиолч өөрөө төрлийг нь тодорхойлсон энэ бүтээлийг туурвих ажил 1842 оны тавдугаар сард анх нийтлэгдэх хүртлээ үнэхээр сунжирсан ажээ.
Завсарлагатайгаар 12 орчим жил гадаадад байхдаа Гоголь энэ бүтээлээ бичиж туурвисан. 1836 оны зургадугаар сард зохиолч усан онгоцоор Германы Любекад хүрсэн. Тэндээсээ Гамбург, Ахен, Майнц, Франкфурт, Баден-Баденаар дамжин Швейцарьт очиж, намаржин тэнд өнгөрүүлсэн.
Өвөл нь Гоголь Итали руу шилжиж нүүхээр төлөвлөж байсан ч тэнд булчин задрах тахал “царцааны нүүдэл” мэт тархаж, айдаст автсан италичууд амны хаалт зүүж, нутаг орноороо явцгааж байв. Ийнхүү тэрээр төлөвлөсөн чиглэлээ өөрчлөхөөс аргагүй болж, дараа жилийн хоёрдугаар сард Италид очих бодол тээн 1836 оны арваннэгдүгээр сард Парис руу нүүжээ.
Ямар ч байсан Гоголь 1837 оны гуравдугаар сараас зургадугаар сар хүртэл Ромд амьдарсан. Зун нь бас дахиад Баден-Баден руу сар жилийн хугацаагаар эмчилгээнд явав. Дараа нь буцаж Итали явахыг хүссэн боловч тэнд мөн булчин задрах тахал бас дахин дэгджээ.
Аравдугаар сарын дундуур Ром руу нэвтрүүлэв. Энэ цаг мөчөөс Гоголь ойрхон зуур нааш цааш явсныг эс тооцвол 1842 оныг хүртэл Виа Систина гудамжны 125 дугаар байшинд зөвхөн “Амьгүй албат”-аа үргэлжлүүлэн бичиж, эхний ботийг дуусган “бүрэн цэвэрлэгээ” хийжээ.
А.П.Чехов “Сахалин арал” (“Остров Сахалин”)
Антон Павлович Чехов 1890 оны дөрөвдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл Москвагаас гараагаа эхэлж, Ярославль, Екатеринбург, Тюмень, Томск, Красноярск, Иркутск, Благовещенскээр дамжин Сахалин хүрч, буцахдаа Хонконг, Сингапур, Коломбо, Порт-Саид, Одесс хүрсэн гайхалтай урт аяллын зам туулав. Замын дунд тэр халдварт өвчинтэй таарсан байна.
Нутагтаа буцаж ирээд Чехов аян замын тэмдэглэл, цуглуулсан статистикийн материалаа эмхэлж цэгцлэх ажилд оров. Харин булчин задрах тахал түүнийг нэхэн хөөсөөр Орост тархаж эхэлжээ. 1892 оны эхээр Чехов Москвагаас холгүй Серпуховын гацаанд Мелиховогийн эдлэн газар худалдаж авав. Мөн тэр ондоо практик дээр ажиллаж байгаа эмчийн хувьд тэрээр өөрийн амьдарч буй тойрогтоо халдвараас сэргийлж, булчин задрах тахлын эсрэг цэг байгуулж ажиллах шаардлагатай болов.
Зам харгуй мэдэхгүй, уналга дуудлагад хэрэглэдэг унаа морь нь хашин, эцэнхий туранхай, хөрөнгө мөнгөгүй болохоор Чехов өөрийгөө серпуховын эмч нарын дотроос “хамгийн өрөвдөлтэй” гэж нэрлэсэн бөгөөд энэ бүгдээс шалтгаалж тэрээр амархан туйлдаж ядардаг байлаа. Гэхдээ тариачид түүнийг маш ихээр хүндэлж, аливаа асуудлаар эмнэлгийн тусламж хүсч ханддаг байв. Булчин задрах тахал Орос оронд 1893 оныг дуустал сандаргасан билээ.
Чехов хэдийгээр булчин задрах тахлын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлж, эцэс төгсгөлгүй нааш цааш явсаар байсан боловч уран бүтээлдээ хүч цаг зарцуулж амждаг байв. 1892 онд нийтлүүлсэн “Палата №6”, “Попрыгунья” өгүүллэгийн араас 1893 оны аравдугаар сараас “Сахалин арал” хэмээх найрууллын зарим бүлгийг “Русская мысль” сэтгүүлд нийтлүүлжээ. Уг найруулал бүрэн эхээрээ 1895 оны зургадугаар сард хэвлэгдэж гарсан байна.
Михаил Булгаков: “Залуу эмчийн тэмдэглэл”
Дэлхийн нэгдүгээр дайны он жилүүдэд Михаил Булгаков Саратовын цэргийн эмнэлгийн харьяа Каменец-Подольск, Черновцы дахь фронтын хээрийн эмнэлэгт сайн дурын ажилтнаар ажиллаж эхэлжээ. 1916 оны есдүгээр сараас 1917 оны есдүгээр сар хүртэл Смоленскийн губернийн Никольское тосгонд тэр аль хэдийн онц хамгаалсан диплом бүхий хөдөөгийн эмчээр ажиллав. Энэ хугацаанд тэрээр 15 613 хүнд үзлэг хийхдээ өөрийн биеэр үнэхээр их зүйл үзэж мэдэрсэн ажээ.
Нэгдүгээр дайны дараа Иргэний дайн залгав. Гартаа зэвсэг барьсан эх орон нэгтнүүдээс гадна булчин задрах, хумхаа, чийг бам, улаан эсэргэнэ, салхин цэцэг, цусан суулга зэрэг олон янзын халдварт өвчнөөр хүмүүс үхэж үрэгдэж байлаа. Хамгийн аюултай нь гэдэсний хижиг өвчин байсан бөгөөд Владивостокт байхдаа Булгаков ч өөрөө энэ өвчнөөр өвджээ.
“Хавар нь би гэдэсний хижгээр өвдөж, хэвтэрт орсон юм. ...үхэх шахсан, зун нь бас дахиад өвдсөн” хэмээн 1921 оны хоёрдугаар сард зохиолч өөрөө үеэл дүү Константин Булгаковт дурсан ярьжээ. 1921 оны арваннэгдүгээр сард ээждээ бичсэн захидалдаа хоёр жилийн өмнө Киевт байхдаа бичиж эхэлсэн “Хөдөөгийн эмчийн тэмдэглэл”-ээ Москвад шөнийн цагаар бичиж байгаагаа хуваалцсан ажээ.
“Залуу эмчийн тэмдэглэл” хэмээх цувралд багтсан “Полотенце с петухом”, “Крещение поворотом”, “Стальное горло”, “Вьюга”, “Тьма египетская”, “Пропавший глаз”, “Звездная пыль” зэрэг өөрийн намтраас үндэслэн бичсэн богино өгүүллэгүүд нь 1925-1926 онд Москвагийн “Медицинский работник” сэтгүүлд анх нийтлэгджээ.
Эх сурвалж: www.polit.mn