Монгол Улсад бүх талаар өгөөжөө өгч буй Солонгос орон

2020-03-26
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Д.УЛАМБАЯР

Докторь, профессор  

1989 онд Солонгос гаралтай Японы судлаач Т.В.Канын бичсэн “Is Korea the next Japan?: Understanding the Structure, Strategy, and Tactics of America’s Next  Competitor” нэртэй бүтээл Нью-Йорк хотноо хэвлэгдэн гарсан нь нилээд дуулиан тарьсан юм.  Зүүн Ази, Номхон далайн хэсэг орон үйлдвэрлэлийн бүтцийг шинжлэх ухаан, технологийн үндсэн дээр шинэчилж, хөгжлийн Японы загвараар экспортын чиглэлтэй бодлого явуулснаар эдийн засгийн өсөлтийг эрс хурдасгаж байгааг бүр 1975 онд Америкийн стратегийн судалгаа, санхүүгийн үнэлгээний хийдэг “Goldman Sachs” группын  дүн шинжилгээг үндэслэн ТIМЕ сэтгүүл анхааруулан бичиж байжээ.  Өмнөд Солонгосыг эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн урьд үзэгдээгүй ахицыг шинэ мянганд гаргах материаллаг болон оюун санааны үлэмж чадавхитай гэж Өрнөдийн судлаачид 1990-ээд оны эхээр  тэмдэглэж байв. Үнэндээ тэдний зарим бүтээлд Өмнөд Солонгосыг «Алс Дорнодын хоёр дахь Япон» буюу “Little Japan” гэж нэрлэж байсан юм. 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр социалист систем нуран унаж, хүйтэн дайн төгсгөл болсноор олон улсын харилцаа, түүний дотор Монгол Улсын гадаад, дотоод  бодлогод  эргэлтийн  цоо шинэ үе эхэлсэн билээ. Эл үйл явц хүйтэн дайны голомт болсон Европт төдийгүй Ази-Номхон далайн бүс нутагт ч биеллээ олж эхлэв.  Энэ   бүс нутагт   хүчний тэнцвэрт байдал эдийн засгийн талаар эрс өөрчлөгдөн шинэ орон зай үүсч, үүн дээр олон улсын харилцааны хүчтэй, шинэ оролцогчид  гарч ирэх болсон юм. Эдгээр нь Зүүн Азийн шинээр аж үйлдвэржсэн “бар” хэмээх орнууд болох Өмнөд Солонгос буюу БНСУ, Сингапур, Хонгконг, мөн Хятадын Тайвань байлаа. Монгол Улс өөрийн санаачилгаар Азийн социалист орнууд дундаас анх удаа 1990 оны гуравдугаар сарын 26-нд Зүүн Азийн шинээр аж үйлдвэржиж, бар хэмээн нэрлэгдэх болсон БНСУ-тай дипломат харилцаа тогтоов.    Мөн оны намар  БНМАУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч П. Очирбат  “Монгол Улс ойрын 5-6 жилийн дараа “Азийн бар” орон болно” хэмээн сүр дуулиантай мэдэгдсэн юм. БНСУ-ын тал Улаанбаатар хотноо ЭСЯ-аа мөн оны зургадугаар сарын 18-нд  “Улаанбаатар” зочид буудлын гуравдугаар давхарт албан ёсоор нээв.      Дипломат харилцаа тогтоосны нэг жилийн ойн босгон дээр 1991 оны хоёрдугаар сарын 1-нд Монгол Улсын ЭСЯ Сөүлийн төвд орших үзэсгэлэнт Өмнөд уулын урд хормойд байрлах “Namsang village” хэмээх гадаадынхны амьдардаг 35 давхар орон сууцны 17 давхарт албан ёсоор нээгдэж байв. Монгол Улс, БНСУ-ын харилцан нөхсөн хамтын ажиллагааны үзэл баримтлал анх бүрэлдэн тогтоход 1990 оны 10 дугаар сарын сүүлээр Юү Ги-Жөн тэргүүтэй БНСУ-ын Засгийн газрын албан ёсны эдийн засгийн шинжээчдийн Монгол Улсад хийсэн айлчлалын ажлын нарийвчилсан ажиллагааныхаа тайланг Засгийн газартаа өргөн барьсан нь чухал үүрэг гүйцэтгэжээ. Тайланд дурдахдаа: “Монголд туслах ажил нь зөвхөн тэдний төлөө ч биш юм. Умардынхантай эдийн засгийн бодлогоо яаравчлан явуулж буй манай эдийн засагт ч гүн тусламж болно гэж найдаж байна. Монгол нь газар нутгийн талаар Зөвлөлт ба Хятадтай хамгийн ойр бөгөөд газрын ба түүхий эдийн (жишээлбэл, арьс, хонины ноос, нүүрс, эрдэс) харьцангуй их нөөц баялагтай орон болохын хувьд, энэхүү баялгийг идэвхтэй ашиглан, манай техник, технологи нэвтэрсэн цагт умардын эдийн засагтай холбогдох гүүрийн үүрэг гүйцэтгэх сайхан боломж гарч ирнэ. Хэдийгээр хүн ам (хоёр сая) цөөн боловч бидэнтэй арьсны өнгө адилхан бөгөөд хямд ажиллах хүчээр бат хангагдаж болно. Энэхүү ажиллах хүчийг цаашдаа Зөвлөлтийн Сибирьт ашиглахад ч бүрэн боломжтой. Түүнээс ч илүү эдийн засгийн шинэчлэлтийн стратегийн элемент ч бий. Бидний хүч, тусламжаар Монголын эдийн засаг чөлөөт зах зээл рүү ороход бид Манжуур, Хятад, Зөвлөлтийг хамарсан шинэ эдийн засгийн талбар руу хөл сунгаж болно гэж бодож байна. Нутаг дэвсгэр бага, хүн ам олон, нөөц баялаг үгүй манай эдийн засгийн эн тэргүүний сул талаас авч үзэхэд Монголыг хамарсан шинэ зах зээлийг нээх нь манай эдийн засаг XXI зууныг чиглэн алхах амин сүнс болсон зам байж ч магадгүй”  хэмээн 1990 оны аравдугаар сард онцолж байжээ. Шинжээчдийн айлчлалын дараа жил буюу 1991 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат анх удаа БНСУ-д албан ёсны айлчлал хийж, энэ үеэр гаргасан хоёр улсын Хамтарсан Мэдэгдэлд “БНСУ, БНМАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоогоод удаагүй хэдий ч улс төр, эдийн засаг, соёл зэрэг гол салбаруудын хамтын ажиллагаа өргөжиж, худалдааны хэмжээ нэмэгдэж байгаад Ерөнхийлөгч нар сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд ирэх жилүүд болон XXI зуунд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг НҮБ-ын Дүрмийн үндсэн зарчмуудад тулгуурлан төрөл бүрийн салбарт бололцоотой бүхий л хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй” байгаагаа нотолсон юм. БНСУ-ын Ерөнхий­лөгчийн хувиар Ким Дэ Жүн 1999 оны тавдугаар сард Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн нь хоёр орны харилцааг чанарын шинэ шатанд хөгжүүлэх эрхзүйн үндэс суурийг тавьсан нэн чухал үйл явдал болжээ. Айлчлалын үр дүнд гаргасан Хамтарсан Мэдэгдэлд хоёр орны “...харилцааг XXI зуунд шинэ шатанд дэвшүүлэн гаргах, харилцан бие биеэ нөхсөн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргахаар тохиролцов”. Ерөнхийлөгч Ким Дэ Жүн НҮБ-ын 53 дугаар чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоол батлагдсан явдалд баяр хүргээд энэхүү тогтоол бодитойгоор хэрэгжээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлсэн юм. БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жүн  төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Их Хуралд үг хэлэхдээ “Чингис хааны үед 1219 онд “Хоёр улс үүрдийн ахан дүүс болж үеийн үед энэ өдрийг бүү умартья” гэсэн нөхөрсөг тангараг тавьж, холбоотны харилцаа тогтоож байсныг иш татан тэмдэглэж байв. Монгол Улс Ерөнхийлөгч Ким Дэ-Жүний БНАСАУ-тай харилцах “Нарны илч”-ийн бодлого, мөн Дөрвөн талт хэлэлцээг үр дүнтэй болгох, түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгийн яриа хэлэлцээнүүдэд БНАСАУ-ыг татан оролцуулах бодлогыг  бүрэн дэмжсэн юм. 2003 оны наймдугаар сараас Дөрвөн талын хэлэлцээ ОХУ, Японыг оролцуулан 6 талын болж өргөжсөн бөгөөд Ерөнхийлөгч Ким Дэ-Жүнь хоёр Солонгостой тэгш сайн харилцаатай дэлхийн цөөхөн орон нэг мөний хувьд Монгол Улсыг олон талт хэлэлцээрт татан оролцуулж Долоон талын болгох боломжтойг тэмдэглэж, энэ үеэс Монгол Улсын зуучлалын асуудал хөндөгдөж эхэлсэн гэж үзэж болохоор байдаг. Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 30 гаруй  жил нь урт хугацаа биш боловч даяаршлын эрин үед бие биенээ сайн нөхөр гэдгийг таньж мэдэхэд хангалттай хугацаа байв. Сайн хөршийн түншлэлийн тулгуур үндэс нь хоёр улсын эдийн засгийн бүтэц нь харилцан бие биеэ нөхөх боломжтойд оршино. Энэхүү боломж нь Монголын байгалийн баялаг, БНСУ-ын эдийн засгийн хөгжлийн туршлага, өндөр технологи, санхүү, хөрөнгийн давуу талыг зүй зохистой хослуулж, харилцан нөхсөн хамтын ажиллагааны зарчимд тулгуурласан худалдаа, эдийн засгийн харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх явдлаар тодорхойлогдож байна. 2006 оны тавдугаар сард Монгол Улс, БНСУ-ын дээд түвшний уулзалтаар гаргасан Улаанбаатарын Хамтарсан Мэдэгдэлд: “...хоёр орон  Зүүн хойд Азид орших хөрш орнуудын хувьд цаашид улс төр, эдийн засаг, соёлын бүхий л салбарт хамтын ажиллагаагаа “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”, 2009 оны долдугаар сард “Иж бүрэн түншлэл”-ийн  зарчмын үндсэн дээр хөгжүүлэхээр тохиролцсон нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын тодорхой илрэл болов. Монгол Улс 2012 оноос Сөүлд, БНСУ 2015 оноос Улаанбаатар дахь ЭСЯ-нд тус тус цэргийн атташе томилон ажиллуулж эхэлсэн нь улс төр аюулгүй байдал, цэргийн дипломатын салбарт итгэлцэл бэхжиж буйн чухал хэмжүүр болно. 1988 оны Сөүлийн олимпийн жилээс Монгол Улс-Өмнөд Солонгосын хооронд худалдааны харилцааны эх суурь тавигджээ. Монгол Улсын  Гадаад худалдааны яамны дэргэдэх “Монгол импэкс” нэгдэл Өмнөд Солонгосын Засгийн газрын  гадаад худалдааг дэмжих КОТРА агентлагийн Хонгконг дахь салбараар дамжуулж, нууцхан гэмээр байдалд (Хойд Солонгосоос нууж) хийсэн анхны худалдаагаар Монголын тал угаасан ноос, зэсийн баяжмал, төмрийн хаягдал зэрэг түүхий эд нийлүүлж, “Samsung electronics” компанийн хос хуурцагны стерео хөгжим, өнгөт телевизор, борооны хаалт, “Daewoo electronics” пүүсийн хөргөгч болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг 140 мянган ам. долларт багтааж хямд үнээр импортлож, Улсын их дэлгүүрийн  “өндөр” үнийн тасгаар худалдаалсан нь тэр даруйдаа борлогдсон юм. Харин монголчууд тэдгээрийг Хойд Солонгост үйлдвэрлэгдсэн  бараа бүтээгдэхүүн гэж ойлгосон нь үнэн юм. Сүүлд 1991 онд “Hyundai motors” компаний  “Еxcel” загварын  жижиг оврын суудлын  автомашин 100 ширхэг болон  амтархан идэх болсон “chocо pie” анх удаа импортоор орж ирсэн нь монголчуудын дунд алдаршсан билээ. 1990 онд    хоёр орны худалдааны эргэлт дөнгөж 2.7  сая ам. долларт эргэлдэж байсан бол 2019 онд худалдааны нийт эргэлт 294.780.2  ам доллар, үүнээс Монголын экспорт  27.815 ам.доллар импорт 266.965.2 ам.доллар үүгээр БНСУ Монгол Улсын дөрөвдэх худалдааны түнш улс болж байна. 1990-2015 оны эцсийн дүнгээр Өмнөд Солонгосын 2309 мянга гаруй хамтарсан болон дагнасан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгэгдэн Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж, нийт  оруулсан хөрөнгийн нийт хэмжээ 755,3 сая ам. доллараар хэмжигдэж, 6.3 хувь буюу Монгол Улсын дөрөв дэх хөрөнгө оруулагч улс хэвээр байна. Гол чиглэл нь худалдаа, нийтийн хоол, геологи, уул уурхай, мэдээлэл холбоо, эрүүл мэнд, боловсролын салбар болно. БНСУ Монгол Улсад 1991 оноос буцалтгүй тусламж, 1993 оноос хөнгөлөлттэй зээл олгож иржээ. 1991-2015 онд нийт 50 гаруй төсөлд 114,9 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон ба энэ нь Монгол Улсад үзүүлсэн гадаад тусламжийн долоон хувь болж  бусад орнуудтай харьцуулбал тавдугаарт орох болсон байна. БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2015-2018 онд олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох тухай  Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 55.5 сая ам. долларын Орчин үеийн “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв” байгуулах төсөл амжилттай хэрэгжиж  2019 оны долдугаар сард ашиглалтад оржээ. БНСУ-ын Засгийн газар 1991 онд Монгол Улсад 14 сая ам. долларын урт хугацааны хөнгөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн байдаг. Зээлийн 5 сая ам. долларыг нэг удаагийн тариур, зүүний үйлдвэр байгуулахад зориулж уг үйлдвэрийг 1995 онд ашиглалтад оруулжээ. Зээлийн үлдсэн хэсэг 8 сая ам. долларыг Даланзадгад суманд ДЦС барихад ашиглахаар хоёр тал тохиролцож зээлийн хэлэлцээр байгуулж,  Даланзадгадын ДЦС-ыг барьж байгуулах шийдвэр гаргаж шавыг 1998 оны зургадугаар сарын 1-нд тавьж эхэлсэн бөгөөд БНСУ-ын “Hyundai-Engineering” компани төслийг хэрэгжүүлж, 2000 оны аравдугаар сарын 26-нд Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өгчээ. 1993 онд КАL компанийг эзэмшдэг БНСУ-ын Hanjin групп Монгол Улсад ашиглагдаж байсан Boeing-727 онгоц нэгийг бэлэглэсэн юм. Монгол Улс мөн дээрх загварын ашиглагдаж байгаад засварлагдсан хоёр онгоцыг БНСУ-ын КАL компаниас зарим сэлбэг, нисэх бүрэлдэхүүн болон инженер техникчдийг давтан сургах зардал зэргийг оролцуулан таван сая ам. доллараар 1994 онд худалдан авч Монголын агаарын тээвэрт ашиглаж эхэлсэн билээ. 1997 оноос эхлэн жил бүр монголын 4-5 оюутанд тэтгэлэг олгох болсноо “Hanjin” группын тэргүүн Жо Жүн Хүн мэдэгдэж эхний ээлжийн 10 оюутан суралцаж эхэлжээ. 1997 оны Зүүн Азийн санхүүгийн хямралаас шалтгаалан Солонгосын эдийн засаг  хүндрэлтэй байхад ч Монголд үзүүлэх тусламжийн хэмжээг нэмэгдүүлсэн нь Монголын ардчилал, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж буйн бодит илрэл болсон бөгөөд үүнийг XXI зуунд харилцан нөхсөн хамтын ажиллагаа, хөгжлийн төлөө түншлэлээ хөгжүүлэх гэсэн БНСУ-ын Засгийн газрын тууштай байр суурь байсан гэж үзэж болно. Хоёр улсын харилцан нөхсөн хамтын ажиллагааны нэг чухал чиглэл нь Монголоос БНСУ-д ажиллагсад гэрээгээр гаргах явдал билээ. Монгол Улсаас 1993 оны 6 дугаар сард анхны үйлдвэрийн дадлагажигсад Солонгосын цэргийн оёдлын үйлдвэрт ажиллаж эхэлсэн байдаг. 1996 оны 4 дүгээр сард БНСУ-ын Засгийн газар тогтоол гаргаж, гадаадаас ажиллах хүч авах улсуудын жагсаалтанд Монгол, Казахстан улсуудыг оруулж 10 жилийн хугацаанд үе шаттайгаар 20 мянган ажилчид авахаар болж байсан юм. Учир нь БНСУ-ын жижиг, дунд үйлдвэрүүдэд ажиллах хүчин нэлээдгүй хэмжээгээр дутагдалтай байсан ажээ. 1996 онд БНСУ-ын ЕБС-ийн ахлах ангийн төгсөх ангийн сурагчдаас социологийн судалгаа авахад зөвхөн нэг хүрэхгүй хувь нь үйлдвэрт ажиллах сонирхолтой гэсэн дүн гарч байжээ. Тийнхүү 1996 онд Монгол Улсаас БНСУ-д ажиллах хүчин гаргах асуудлаар хоёр тал тохиролцож эхний ээлжийн 250 хүнийг явуулж эхэлсэн байдаг.  БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэдээс Монгол руу гуйвуулж байсан валют  мөнгөн дүнгээрээ жилд ойролцоогоор 170 сая  ам. доллараар хэмжигдэж  байсан нь хандивлагчдын бүлгээс жилд Монголд амлаж байсан зээл, тусламжийн бараг 80 хувьтай тэнцэж байв. Энэ бол статистикийн бүртгэлд ордоггүй, эргэж төлөгдөхгүй, онцгой хөрөнгө оруулалт байсан бөгөөд эдүгээ амжилттай үргэлжилж байгааг тэмдэглэх хэрэгтэй . 2017 оны есдүгээр сард Владивосток хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ-интэй уулзаж, цаашид нягт хамтран ажиллаж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг илүү амжилттай хөгжүүлж чадна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэх, БНСУ-ын  Ерөнхий сайд Ий Наг-ён нарын 2018, 2019 оны харилцан айлчлалаар  “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн үеэр Стратегийн түншлэлийн түвшинд хүргэхээр тохиролцсон билээ. Эдүгээ Монгол Улсын 3.3 сая хүн амд хүртээмжтэй үр өгөөжөө өгч буй “гуравдагч хөрш” бол БНСУ болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.26  ПҮРЭВ  № 58 (6283)

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

10 цаг 9 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

10 цаг 16 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

10 цаг 22 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

10 цаг 25 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

10 цаг 33 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

15 цаг 43 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

16 цаг 30 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

18 цаг 39 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

19 цаг 9 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

19 цаг 14 мин