Cергей Лавров-7:0. Орос улсын ерөнхий дипломат ойгоо тэмдэглэж байна

2020-03-23
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

-Гадаад хэргийн сайд 70 нас хүрлээ-

 

© Виталий Белоусов/POOL/ТАСС

 Д.ЭНХЭЭ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров гуравдугаар сарын 21-нд 70 насны ойгоо тэмдэглэж байна. Энэ албан тушаалд ажиллах хугацаандаа түүний хүрсэн ололт амжилт, дэлхийн улс төрчдийн дунд олж авсан нэр хүндийг гадаад улс төрийн тавцанд болж байгаа бүхнийг ямар нэг хэмжээгээр ажигладаг бүх хүн мэдэх билээ. Энэ салбарт гайгүй сайн ажиллая гэвэл байнга шинийг сурах, эх орон, эрхэлсэн ажилдаа үнэнч байх хэрэгтэй хэмээн шинэ залуу дипломатчдад сайд өөрөө нэг бус удаа захиж сургадаг. Үүнтэй маргах аргагүй. Гэхдээ оросын дипломат албыг 16 жил тэргүүлж байгаа хүнийг хосгүй болгосон өөр бас хэд хэдэн шинж чанар бий. Саяхан хэвлэгдсэн “Лавров. Эмоции” нэртэй гэрэл зургийн цомгоос XXI зууны олон улсын гол үйл явдлуудтай нягт сүлэлдсэн сайдын өсөн дэвжсэн зам мөрийг нүдээр үзэж болохоос гадна түүний хувийн онцлогийн талаар мэр сэр зүйлийг анзаарч мэдэж болно. Сайдын төрсөн өдрөөр дипломат ур ухааныг нь үнэлж цэгнэдэг хүмүүсийн сэтгэлд арай илүү тод хоногшсон Лавровын долоон шинж чанарын талаар ТАСС агентлаг өгүүлж байна.  

Дипломатч ур ухааны шинж

Энэ мэргэжлийг сонгосон хэн боловч байгалиас заяасан, төрөлхийн унаган дипломат чанараараа тэр бүрий гайхуулаад байх нь юу л бол. Лавров бол өнөө цагийн гарамгай дипломатчдын нэг яахын аргагүй мөн. 2004 оноос хойш оросын гадаад улс төрийн байгууллагыг тэргүүлэх албан тушаалд ээлж халаагүй ажиллаж байгаа баримт өөрөө Орос улсын байр суурийг хамгаалах, түншүүдтэй хэлэлцэн тохиролцож чаддаг түүний ур чадварыг улс орны удирдлага хэр зэрэг үнэлдэгийг гэрчилнэ. Крымын дайнд Орос улс ялагдсаныг дахин авч үзэхээр болгож чадсан Александр Горчаков, зарчимч чиг хандлага баримталдагийнх нь төлөө гадаадын хэвлэлд “Мистер Нет” хэмээн нэр хоч өгсөн Андрей Громыко нарын зэрэг нэр цуутай өмнөх сайдуудтай ОХУ – ын Гадаад хэргийн яамны тэргүүнийг харьцуулдаг. Зорьсондоо хүрэх арга ухаан Лавровын нөөцөд хэдэн арав бий. Оросын эсрэг дайралтад өгөх хариулт ч түүнд ямагт бэлэн байдаг. АНУ – ын төрийн нарийн бичгийн дарга асан нарын нэг болох Рекс Тиллерсон нэгэнтээ АНУ, ОХУ – ын хооронд харилцан хамтын ажиллагаа шаардлагатай байгааг илэрхийлж, “танго бүжиг хийхэд хос хэрэгтэй”, гэхдээ Лавровтой “бүжиглэхэд” бэлэн бус байна хэмээн мэдэгджээ. Оросын сайд хошигнож: - “Ээж минь намайг эрэгтэй хүүхэдтэй бүжиглэхийг бас хориглодог байсан” хэмээн хатуухан хариу барьсан. Өөр нэг удаа Барууны улс орнуудын зүгээс Орос улсыг ганцаардалд оруулах аюул заналыг тайлбарлангаа тэрээр төмөр хөшиг буулгахгүй байхыг барууны түншүүдэд зөвлөж, эс тэгвээс “өөрийнхөө юуг ч юм санаандгүй хавчуулчихаж магадгүй шүү” – гэжээ. Лавров хатуу чанга байж чаддаг хүн. Орос улс байр сууриа илэрхийлсэн л бол сайд тэрхүү байр сууриас нэг ч алхам ухардаггүй. Крым, эсвэл Курилийн арлуудын өмнөд хэсэг хаана харьяалагдах талаар ямар ч хэлэлцүүлэг байхгүй, энэ бол Орос улсын нэг хэсэг; хууль эрх зүйн үүрэг амлалт авахаас нааш Зүүн Европт “энхийг эрхэмлэх” тухай НАТО – гийн аман мэдэгдэлд огт итгэхгүй; нотолгоогүй юм бол ОХУ – ыг хий хоосон буруутгах хэрэггүй гэх мэт. Москвагаар далимдуулан өөртөө давуу тал олж авах гэж Орос улсын зарим түнш оролдох бүрийд тэдний замд хатуу чанга Лавров хөндөлсдөг байсан. Шаардлага гарвал сайд дипломат ов мэх ч гаргаж чадна. АНУ – ын өөр нэгэн төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй 2013 онд сирийн химийн зэвсгийн асуудлаар Женевт хийсэн хэлэлцээрээр америкчууд тохиролцсон зүйлийнхээ талаар мэдээлэл хийхээс цааргалж байв. Тэгэхэд нь Лавров зүгээр л хэвлэлийн бага хурлын танхимд орж ирээд өөрийнхөө сэтгүүлчдийн дэргэд сууж, тэдэнтэй ярилцсан. Оросын агентлагууд шуурхай мэдээ дамжуулж эхэлсэн байна. Керри хэвлэлийн бага хуралд оролцохоос өөр аргагүй болжээ.  

Зүрх зоригтой байх чанар

Орос улсын байр суурийг Лавров дэлхий дахинд хатуу чанд хамгаалж чаддаг хүн. Тэрээр хамгийн нарийн төвөгтэй, геополитикийн халуун цэгээр айлчилдаг. Сири, Ирак, Афганистан, Венесуэлд Лавров тус тус очиж байсан. 2008 онд сайд зэвсэгт мөргөлдөөн болсны дөнгөж дараахан Абхаз болон Өмнөд Осетэд зочилсон. Дипломат эв дүйгээ алдалгүйгээр, анхаарлыг асуудалд шууд хандуулан, яриа хэлцлийг хэвийн явуулахад барууны улс орнуудын зүгээс, ялангуяа АНУ – ын зүгээс явуулж байгаа оросыг үзэн ядах явуулга саад тотгор учруулж байгааг нэг бус удаа тэрээр онцолж байв. Орос улс “пуужин болон хөөргөх төхөөргөө бүрэн дүүрэн устгаж байгаа эсэхэд” хяналт тавих хүсэл сонирхлоо илэрхийлсэн АНУ – ын байр суурийг Лавров ичгүүр сонжуургүй хэмээн нэрлэсэн. Европын холбоо “бидэнтэй хамт уу, аль эсвэл бидний эсрэг үү” хэмээсэн геополитикийн тоглоомоор тоглосоор байгаа нь Брюсселийг “найдваргүй түнш” болохыг харуулж байна хэмээн ОХУ – ын Гадаад хэргийн сайд онцолсон. Үүний хамт маш хүнд хэцүү, төвөгтэй нөхцөл байдалд ч хэлэлцэж тохиролцох хэрэгтэй гэдгийг Лавров эцэж цуцалгүй дахин давтаж хэлдэг билээ. Сүүлийн 30 жилд олон улсын харилцаа ихээхэн өөрчлөгдөж, янз бүрийн хүчин зүйлийн улмаас олон дүрэм журам, хэм хэмжээ хүчин төгөлдөр үйлчлэхээ нэгэнт больсон. Ийм нөхцөлд ч бусад улс орны ажил мэргэжил нэгт нөхөдтэй харьцуулан авч үзвэл юмыг байгаагаар нь хэлэх зүрх зориг, үйлдлийг цаг алдалгүй хийх чадвар зэрэг нь оросын сайдын онцгой шинж чанар болсон ажээ.  

Эцэж цуцахгүй байх чадвар

Түүнчлэн ажиллах чадвар, тэсвэр хатуужлаараа Лавров онцгой. Олон цагаар үргэлжилсэн хэлэлцээр нэг бус удаа болж байсан. Ялангуяа Керритэй хийх хэлэлцээр тун удаан болдог байв. Гадаад улс төрийн байгууллагын тэргүүнүүдийн өглөө эрт эхэлсэн уулзалт маргааш нь үүрээр өндөрлөхөд сэтгүүлчид хүлээж цөхөрсөн байдаг. Ийм тохиолдолд ч уулзалтын үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэхдээ сайд огт түүртэж байгаагүй. Латин Америк, Ази, эсвэл Африк тив рүү гурав, дөрөвхөн хоногийн дотор алс холын тав, зургаан улс орноор Лавровын хийх айлчлал гадаад хэргийн сайд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын аль алины хувьд жинхэнэ шалгуур сорилт болдог байсан. Онгоцонд унтах, тэр тусмаа хэдэн шөнө дараалан нойр авах тохиолдол зөндөө гарна, гэхдээ энэ бүхэн сайдын ажил албанд хэзээ ч нөлөөлж байгаагүй.  

Хүмүүст санаа тавьдаг, эелдэг зөөлөн байх чанар

Ийнхүү зай завгүй ажилтай ч гэсэн улс орны ерөнхий дипломатч зөвхөн өөрийнхөө төдийгүй бас ойр орчмынхоо хүмүүст санаа тавихаа умартдаггүй нэгэн. Хаа ч явсан, тэр бүү хэл, хэлэлцээрийн ширээний ард сууж байхдаа ч өөрсдийг нь мартахгүй гэдгийг гадаад яамтай хамтарч ажилладаг сэтгүүлчид андахгүй. Чухам тийм учраас Лавров явцын дунд хөтөлбөрөө өөрчилж, төгсгөлийн хэвлэлийн бага хурлын товлосон цагийг наашлуулж эртхэн хийх тохиолдол бий. Заримдаа тэрээр бас дахиад шөнөжин нисэхээр аль хэдийн онгоцондоо суугаад олон цагаар хүлээж байгаа сэтгүүлчдээ бодож, форумыг дуусгалгүйгээр орхих ч үе бий. Яагаад ч удаан хүлээлгэхээс өөр аргагүй болсон тохиолдолд олон нийтийн мэдээллийн хэрэгслийнхэн түүнээс гарцаагүй нөхөн олговор авна. Энэ бол магадгүй, олон цаг үргэлжилсэн хэлэлцээрийг тэвчээртэй хүлээснийх нь төлөө сэтгүүлчдээс “уучлалт” хүсч байгаагаа илэрхийлж нэгэнтээ Лавровын өгсөн пицца, водка бүхий иж бүрдэл ч байж болох юм. Сайд бас тун эелдэг зантай нэгэн. Хэдэн жилийн өмнө бичлэгэнд дүр төрх нь харагдаагүй хэн нэгэн рүү тэрээр маш дотно гар даллаж, агаарын үнсэлт хийж байгаа дохио зангаа бүхий товчхон бичлэг интернетэд тарсан. Хожим нь энэхүү эелдэг дохио зангаа ӨАБНУ – ын гадаад хэргийн яамны тэргүүн Маита Нкоана – Машабане рүү хандсан болох нь тодорхой болсон билээ. Нууц задарсан ч гэсэн энэхүү ролик нэг хэсэгтээ л олны сонирхол татсан хэвээр байсан. Дашрамд хэлэхэд, оросын сайдын эелдэг зангийн тухай сургаар биш өөрийн биеэр сайн мэддэг хүмүүс бол Лавровыг айлчлалынх нь үеэр дагалддаг бүх эмэгтэй сэтгүүлч юм. Ээлжит гадаад томилолт гуравдугаар сарын 8-нд таарахад тэдний сэтгэл санаа огтхон ч дундуур байдаггүй. Яагад гэвэл гадаад хэргийн сайд энэ өдөр хүн бүхэнд өөрийн гараар баглаа цэцэг барьж бэлэглэдэг.  

Хүч тамиртай байх чадвар

Олон хүний хувьд амралт гэдэг бол ханатлаа унтах, дараа нь юу ч хийхгүй зүв зүгээр суух тухай ойлголт байдаг бол улс орны гол дипломатчийн хувьд чөлөөт цагаараа спортоор хичээллэж, идэвхтэй амардаг. Сайд долоо хоногт наад зах нь нэг удаа хөлбөмбөг тоглож, амралтынхаа үнэт долоо хоногуудыг өвлийн Сибирьт, эсвэл уулын Алтайд багаараа экстремал рафтингаар хичээллэж өнгөрүүлнэ. Хамт суралцаж байсан нөхдийнх нь ярьснаар сайд оюутны он жилүүдээс л амралтаа ингэж өнгөрүүлэхийг илүүд үздэг байжээ. Одоо ч мөн өөртөө үнэнч хэвээр үлджээ. Лавров дадал хэвшлээ, түүний дотор тамхи татах зуршлаа ч орхиогүй нэгэн. Олон гэрэл зураг, видео бичлэг, мессенжерийн стикерүүдэд улс орны гол хэлэлцээрч маань амандаа янжуур зуусан харагдана. Лавровыг бүхий л карьерынхаа туршид юунд ч захирагддаггүй улаан тамхичин байсан гэж ярилцах хүмүүс бий. Сүүлийн үед харин тамхилах нь сайдын хувьд яриа хөөрөөг хөгжөөх арга хэрэгсэл болсноос биш тамхи түүний байнгын хэрэглээ биш болсон ажээ.  

Цэцэн ухааны шинж

Лавров хурц цэцэн ухаантайгаас гадна шог наргианы мэдрэмж сайтай нэгэн. Нарийн төвөгтэй яриа хэлэлцээрийн үед “хөлдүү цэвдэг мөс” - ийг гэсгээх, эсвэл нүүр тулж илэн далангүй ярилцах уур амьсгал бүрдүүлэх боломж олгодог болохоор ийм шинж чанар дипломатч хүнд ач холбогдолтой. Хэрвээ чи өөрөө наргиж чаддаг, бас хүн наргиж байгааг ойлгохгүй бол ямар ч сурах бичиг чамайг үүнд сургахгүй. Сайдын хувьд ийм асуудал харин холуур өнгөрчээ. Олны танил болсон түүний хэлц үгийг энд дурсаж болох юм. Жишээлбэл, дипломат ёс гэдэг бол анхны хэмээх зиндаанд өрсөлддөг мэргэжлээс ч илүү урт настай, яагаад гэвэл эхлээд тохиролцох хэрэгтэй шүү дээ гэх мэт. Аль эсвэл, АНУ – ын ерөнхийлөгчийн сүүлчийн сонгуулийн кампанит ажлын үеэр "too many pussies" байсан гэх одоо хүртэл хэвлэлүүдээр эш татсаар байгаа наргиа. Орос хэлийг ойлгодоггүй хүмүүсийн дунд олон удаа хатуу хөтүү үг хэрэглэж байснаа сайд өөрөө хүлээн зөвшөөрсөн, бас өөрийг нь ойлгодог хүмүүсийн дунд өнөөх эвгүй үгээ санамсаргүй хэлчихсэн тохиолдол зэрэг нь мартагдаагүй. Түүгээр ч үл барам микрофон хаагаагүй байхад түүний хэлсэн хэдэн үг олны дунд афоризм болж үлдсэн явдал ч бас бий. Сүүлийн үеийн наргиа шог харин илүү егөөдлийн шинжтэй болсон ажээ. Сайдын өөрийнх нь онцолсноор олон улсын харилцаа “ёроол руу унаж, ёроолоос тогшдог” болсонтой холбоотой байж болох гэнэ. Орос улс руу дайрч давшлах явдал тасрахгүй үргэлжилсээр, зарим буруутгал нь дэндүү утгагүй болсон болохоор наргиа хийж, сэтгэлээр унахгүй байхаас өөр аргагүй болсон. Тухайлбал, Парист энх тайвны асуудлаар болсон форум дээр 2020 онд болох АНУ – ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хэрхэн бэлтгэж байгаа талаар ОХУ – ын гадаад хэргийн сайдаас асуужээ. Тэгэхэд нь сайд шоглож, тэхдээ арга барагдсан харцаар: - “Энэ асуудлыг бид шийднэ” – гэж хариулсан. Лавров зөвхөн нийтийн өмнө гэлтгүй, бас зав чөлөөтэй үедээ ч наргиж шоглодог нь мэдээж. Асуултад хариулахдаа яв цав онож сонгосон түүний онигоог сэтгүүлчид өөр хоорондоо дамжуулж ярилцах дуртай. Магадгүй, иймэрхүү сонин хачин үүх түүх аль хэдийн ном болгож хэвлүүлэх хэмжээнд хүрсэн ч байж болох юм.  

Түмэн олонд танигдах чанар

Нэгдүгээр сарын 15 – нд Орос улсын засгийн газар огцорч байгаа тухай мэдээ гарсны дараа улс орон даяар: - “Шинэ танхимын бүрэлдэхүүнд хэн хэн ордог бол?” хэмээн чимээ чагнан хүлээсэн. “Лавров л үлдээсэй!” – гэж хүссэн нэг хэсэг хүн ч байсан байх. Олон хүн, тэр байтугай улс төрөөс хол хөндий явдаг хүмүүс ч сайдыг хүндэлж, бахархаж, хайрлаж явдгаа илэрхийлдэг. Залуучуудын “Территория смыслов” хэмээх форумд оролцогч нэгэн залуу: - “ганц ч удаа алдаа гаргаагүйнх нь төлөө” түүнд талархал илэрхийлсэн. Улс орны хүн амын ихээхэн хэсэг чухам ингэж л Лавровыг хүлээж авдаг. Эх орныхоо байр суурийг дэлхийн тавцан дээр ухаалгаар хамгаалж яваа сайд ард түмнийхээ дунд рок одын нэг адил танигдсан нэгэн. Бэлэг дурсгалын зүйл урлан бүтээдэг хүмүүс ч үүнийг овжин ашиглаж, сайдын зурагтай цамц (футболка), юүдэнтэй цамц, гар утасны гэр, түлхүүрийн оосор, сэнжтэй аяга зэргийг лангуун дээр өрж тавьсан харагддаг.

Орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ

Эх сурвалж: www.polit.mn  

Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

12 цаг 29 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

12 цаг 54 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

13 цаг 11 мин
Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

13 цаг 17 мин
Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

13 цаг 29 мин
Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

17 цаг 20 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

18 цаг 22 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

18 цаг 42 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

23 цаг 18 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

23 цаг 28 мин