Зураач “генерал”

2014-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Зураач Ц.Монгол ма­най улсын бүх генералын хөргийг зурсан хүн. Түү­ний урын санд 120 гаруй генералын харандаан хө­рөг бий. Мөн  “Наху гүний тулалдаан” нэртэй есөн метр урт  баримал уран бүтээлийнх нь ор­гил гэлтэй харагдана. Энэ зураачийн урланд ам­ралтын өдөр саатлаа. Тэрээр “Сүүлийн өдрүүдэд сүрхий хүйтэрлээ. Би ч нэг зургийн ард гараад сэтгэл амгалан сууж байна” гэсээр Цэргийн музейд байх уран бүтээлийн өргөөндөө биднийг угтав. Түүний хамгийн сүүлд зурсан бүтээл нь Ш.Дондогдулам хатныг өргөмөл хүү, нэрт хөгжмийн зохиолч  Л.Мөрдоржийн зураг.  Будаг нь хатаагүй уран зураг хүнд оньсого мэт мэдрэмж, хайрлан бишрэх сэтгэгдлийг төрүүлэх аж.  Тэгээд ч хөрөг зураг гэдэг  нэг л хүмүүний дотоод сэтгэл, хийгээд амьдралыг өгүүлдэгээрээ гайхам юм. Ц.Монголыг Монголын хөрөг зургийн мастер гэхэд нэг их хол зөрөхгүй.  Дээр дурьдсан 120 гаруй генералын хөрөг, Сайн ноён хан Т.Намнансүрэн, Хатанбаатар Магсаржав, алдар уртын дуучин Н.Норовбанзад агсны хөрөг гээд түүний бүтээл чамгүй олон. Ийн бодонгоо эрхэм зураачийн урлангийн байр байдлыг ажиглалаа. Түүний суух ширээ будаг, бийр, багс гээд зургийн хэрэгслээр дүүрэн. Будгийн “анхилуун” үнэр сэнгэнэж, ханаар түүний “хүүхдүүд” өлгөөтэй. “Хоёр буур”, “Хатанбаатар Магсаржав”, “Туулын эрэг” гээд өөрийнхөө харж хайрлаж явдаг бүтээлээ ханандаа өлгөж хажуудаа авч үлдсэн нь лавтай. Энэ л өрөөнд  зураач өдрийн ихэнхийг өнгөрүүлнэ.  Тэрээр Дорноговь аймгийн  Алтанширээ сумын уугуул. Түүний аав болон өвөөг нь нутаг усныхан нь андахгүй. Элэнц өвөө Бизъяа нь бурхны ном үсгийг хадан дээр  сийлдэг хүн байж. Харин аав С.Цэнд нь уран дархан. Нутгийнхан нь энэ хоёр хүнийг эрхэмлэн дээдэлдэг байсан учраас түүний төрсөн нутагт Цэндийн овоо гэдэг  газар хүртэл байдаг гэсэн. Тиймдээ ч Ц.Монгол өвөг дээдсийнхээ нэр төрийг өндөрт өргөж яваа нэгэн. Хананд өлгөсөн зургуудынх нь талаар асуулаа. Тэрээр энэ онд үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.  Үзэсгэлэндээ Монголын түүх, Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан хүмүүсийн тухай түүхэн зургууд оруулахаар зэхжээ. Үүнээс гадна байгаль, аж байдлын сэдвийг тусгасан бүтээлүүдээ ч дэлгэх гэнэ.

Уран бүтээлч байна гэдэг уйгагүй ажиллахын нэр гэлтэй. Тэрээр уран бүтээлийн сэдэв санаагаа маш олон зүйлээс авдаг болохоо хэлж байлаа. Байгаль дээр судалбар судалгаа хийх, хүмүүстэй ярилцах, түүх ном зохиолоос, амьдралаас ажиглалт хийх зэргийг хэлж байсан.

Мөн “Би саяхан “Алаг морьтой Дандарбаатар”-ийн хөргийг нь зурсан.  Тэгээд урландаа өлгөөд байтал  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Элбэг арт” галерей худалдаж аваад явсан. Одоо тэнд байдаг юм. Ерөнхийлөгч олон хүний зургийг цуглуулсан. Манай ардын зураач О.Цэвэгжав, Г.Одон гээд олон сайхан уран бүтээлчийн зураг түүнд бий” хэмээлээ. Мөн Ц.Монгол зураачийн алдартай бүтээлийн нэг нь “Монголын анхны наадам”. Тэрээр 1921 онд болсон Монголын анхны наадмыг цааснаа буулгасан цөөн зураачийн нэг.  Тэрхүү зурагтаа  зураач өөрийнхөө дүрийг ч оруулсан байдгаараа онцлог. Энэхүү бүтээл нь түүний хамгийн хайртай “хүүхэд” гэдэг нь яриа бүрээс нь анзаарагдаж байв.  Түүний анхны бүтээлийг дурдвал 1989 онд “Түүхийн хуудаснаас” гэдэг Чингисийн хөрөг байв. Мөн л хөрөг.  Түүнээс  хөрөг зургийн онцлогийг асуухад “Хөрөг зураг зурна гэдэг товчоор хэлбэл хүний дотоод сэтгэлийг зурна л гэсэн үг. Хатанбаатар Магсаржавын хөрөг зургийг хуучин Батлан хамгаалах яамны сайд байсан үеийнхээр нь зурж байсан. Н.Норовбанзад гуайн хөргийг бүтээхдээ “Уяхан замба тивийн наран” дууны үгийг олж уншиж байж бүтээсэн юм. Н.Норовбанзад гуай бол үнэхээр гайхамшигтай дуучин байсан төдийгүй би ярилцаж байсан учраас зурахад арай дөхөмтэй байлаа. Энэ бол миний хайртай хөрөг зургуудын нэг” хэмээж байв. Амралтын өдөр биднийг ярилцаж байхад түүний урлан нам гүм байх аж. Бидний яриа мөн л зураачийн тухай түүхээр өрнөв. Тэрээр ардын зураач Г.Одон гуайг хайрлаж хүндэлж явдгаа дурсана. Түүнийг Г.Одон гуайн гарын шавь нь гэж хэлж болох аж. Мөн залуу уран бүтээлчид бүтээлдээ нягт нямбай хандаж яарахгүй, сууж сурах хэрэгтэй санагддаг гэж байв. Тэр тусмаа түүхэн сэдвээр бүтээл хийж буй залуус судалгаа хийж, эрдэмтэд, түүхчидтэй уулзаж, зөвлөгөө авч зурвал бүтээл нь даацтай болно гэдгийг ч хэлж байлаа.  Зураачийн өрөөнд уран зургийн тухай орос ном сэтгүүл олон. Зургаа зурангаа тэднийгээ эргүүлэн сонин содон мэдээлэл авдаг гэлээ. Түүнээс гэнэт огт өөр асуулт асуумаар санагдаа. Бидний яриа ийн үргэлжилсэн юм.

-Амьдралыг нэг өнгөөр төлөөлүүлж хэлвэл ямар өнгийг сонгох вэ?

-Хүний амьдралд хар цагаан олон өнгө сүлэлдэнэ. Энэ асуултад хүн өөрийн дуртай өнгийг хэлэх болов уу. Би цэнхэр өнгөнд дуртай болохоор уудам тэнгэрийн өнгө цэнхэрийг хэлье.

-Зураач хүний нүдээр толь ямар өнгөтэй вэ?

-Толийг хар өнгөтэй, зарим нь цагаан өнгөтэй гэдэг. Тодорхой тогтсон өнгө байхгүй, амьдралын олон өнгийг тусгасан зүйл гэж хэлэх байна.

-Реалист уран бүтээлч олон байна. Та юугаараа ялгардаг вэ?

-Хүн бүрийн бичгийн хэв өөр байдаг шиг зураач бүрийн бийрний бичилт, ширвэлт, тавилт нь өөр. Нэг зүйлийг зураач бүр өөрийн өнгө аясаар гаргана. Хүн бүрийн арга барил өөр болохоор нэг зүйлийг зурсан ч гарцаагүй нэгнээсээ ялгарч чадна гэв. Мөн тэр үргэлжлүүлэн “Би нэг хөгтэй юм ярих уу. Нэг удаа би Орос Баяраа, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цэрэндондог нартай Өмнөговь аймагт судалбар хийхээр явж байлаа. Бид жаахан ууцгаагаад нэг өглөө Г.Цэрэндондог гуай шартчихсан байв. Тэр үед манай тогооч зээр агнахаар яваад өгсөн байлаа. Бантан хийх хүн олддоггүй, би бантан хийж өглөө. Гэтэл Г.Цэрэндондог гуай “Баярлалаа хүү минь” гээд уйлж билээ. Энэ түүх хааяа санаанд орж ирээд ганцаараа инээх нь бий. Зураачид гэж уяхан сэтгэлтэй амьтад юм шиг ээ” хэмээлээ. Мөн түүний ихэнх бүтээл нь тэмээ, заг, элсэн нурууд гээд говийг санагдуулна.  1993 онд анхны үзэсгэлэнгээ ”Говийн уянга” нэртэй гаргаж байсан гэдэг. Тэрээр “Өсөж, төрсөн болохоор сэтгэлд ойрхон сэдэв.  Анхны үзэсгэлэнгийн зургийн дийлэнх нь говийн сэдэвтэй байлаа.  Мөн усан будгийн зургаар дагнасан үзэсгэлэнг Монголд анх удаа гаргаж байснаараа бахархдаг. Юм мэддэггүй хүн зоригтой байдаг гэгчээр тэр үед зоригтой байж. Одоо өмнөхөөсөө дутахгүй үзэсгэлэн гаргах хэрэгтэй” хэмээлээ.  Ийн бидний яриа нар хэвийхтэй зэрэгцэн өндөрлөж,  Ц.Монгол урландаа зургаа зураад үлдлээ.

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

10 цаг 40 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

11 цаг 7 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

11 цаг 10 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

11 цаг 13 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

11 цаг 17 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

11 цаг 34 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

17 цаг 43 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

17 цаг 48 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

17 цаг 54 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

18 цаг 3 мин