Омог бардам найрагч

2024-05-06
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

Хүний сэтгэлийг уярааж, тайтгаруулж, аз жаргал, энерги өгдөг “амттан” гэвэл яахын аргагүй яруу найраг билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийнхаа ээлжит зочноор МЗЭ-ийн шагналт М.Цэдэндоржийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт “Болор цом” уралдааны зургаан удаагийн шагналт, яруу найрагч М.Билэгсайханыг урилаа. Тэрээр олонд “Гэгээн Монгол”, “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”, “Олон булгийн намар”,  “Ижий уул”, “Хар азаргын нуруу” зэрэг яруу шүлгээрээ танигдсан авьяасын ундаргатай найрагч билээ.

 

Номонд дуртай хүүгийн замнал

Яруу найрагч М.Билэгсайхан гэр бүлийн хамт.

М.Билэгсайхан Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд хүмүүн заяаг олж мэндэлсэн байна. Тэрээр Хантайширт төрөөд Хар азаргын нуруунд өссөн түүхтэй. Түүний аав  Ө.Мөнхөө, ээж Ө.Сэрээжав нар найман хүүхэд төрүүлж өсгөжээ. Өнөр олуулаа сайхан дурсамжийг бүтээсэн түүх тэднийх. М.Билэгсайхан айлын дөрөв дэх хүүхэд. Түүний удамд нь бичгийн хүн ховор.

Харин дуулдаг, урлагийн авьяастан, бөхчүүд бий. Бага насандаа хөдөө нутагт малын бэлчээрт ишиг хурга хариулж өсжээ. Радиогоор үлгэр сонсдог, ном уншдаг оюунлаг хүү байсан гэнэ. Ном уншдаг байсан нь түүний өнөөдрийн замналыг бүтээсэн гэлтэй. Аливаа зохиолыг эхлүүлэхдээ өөрөө гол дүрд нь амьдарч уншсаар төгсгөдөг арга барилтай. Түүнд цэргийн амьдрал  аливааг өөрөөр харах үзэл бодол, ухаарал өгсөн байна. Хөдөө нутагт өсөж, суурин газарт торнисон хүү өдгөө утга зохиолын салбарт авьяас, уран бүтээлээрээ мандаж явна.

 

Авьяасаа сорьсон “Болор цом”

“Болор цом” яруу найргийн наадамд анх 1989 онд шүлгээ дуудaж байна.

М.Билэгсайханы  ухаарал хайрласан, яруу шүлгүүд “Болор цом”-ын алтан тайзнаас олонд хүрсэн түүхтэй. Тэрээр монгол дээлээрээ гоёж нэгэн үе “Болор цом”-ыг шуугиулж явсан. Хамгийн олон айрагдсан найрагч хэмээн утга зохиолын хүрээнд хүндлэгдэж явдаг. Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулдаг “Болор цом” яруу найргийн наадмыг анх 1989 онд зорьжээ. Тухайн үед аймаг бүрээс нэг яруу найрагч оролцдог байсан гэнэ. Эхлээд аймагтаа “Болор цом” наадамд оролцох найрагчаа тодруулахад Г.Чардаг найрагч түрүүлжээ. Гэтэл Г.Чардаг найрагч өөрийнхөө өмнөөс улсын найргийн наадамд М.Билэгсайханыг явуулсан байна. Итгэлийг нь алдалгүй хоёрдугаар байр эзэлсэн гэнэ. Үүнээс хойш тасралтгүй тус наадамд шүлгээ сойсон гэдэг. Сүүлд 2017 онд Говь-Алтай аймагт болсон “Болор цом” наадамд оролцсон байна. “Болор цом”-ын тухай өвгөн найрагч “Би цомыг уралдаан гэхээсээ илүүтэй баяр гэж бодож оролцдог. Яруу найрагч, уран бүтээлчид тэр бүр уулзах нь ховор. Тиймээс уран бүтээлч найзууд, дүү нартайгаа жилдээ нэг сайхан уулзуулж, шинэ ном гардаж, шүлэг сонсож нэгэн оройг хамт өнгөрөөх боломж олгодог  сайхан баяр. Мөн ард түмэнтэй минь, уншигч олонтой хамгийн ойр байлгадаг нь “Болор цом” юм. Тус тэмцээнийг хүмүүс өөр өөрийн дүгнэлттэй байдаг. Одоо үеийн “Болор цомыг хүмүүс шүүмжлэх нь үнэний ортой шүү” гэсэн юм.

 

Яруу найргийн дөрвөн түүвэртэй

Уран бүтээлч найзуудын хамт.

Өдгөө М.Билэгсайхан найрагч яруу найргийн дөрвөн түүвэр гаргажээ. Анх 1999 онд “Хар Азаргын нуруу” номоо хэвлүүлжээ. Төд удалгүй гурван жилийн дараа буюу 2002 онд “Сүүний үнэртэй хорвоо”, 2008 онд “Сэтгэлийн эгшиглэн”, 2012  онд “Амьдралын хүрд” номоо уншигч олондоо хүргэсэн байна. Бүтээл бүр нь дахин давтагдашгүй өнгө дизайн, агуулгатай гэдгээ онцолсон юм. Тухайлбал, сүүлд хэвлүүлсэн “Амьдралын хүрд” номын шүлгүүдээ крилл болон уйгуржин бичгээр хослуулсан байх жишээтэй. Энэ нь үндэсний бичгийн унших, бичих чадвар нэмэгдүүлэхэд тустай. Тэрээр “Миний бүтээл хүмүүст сэтгэлийн гижиг, итгэл, ухаарал өгч байгаа цагт би бичсээр байх болно” гэсэн итгэл үнэмшилтэй. Одоогоор ээлжит номоо өлгийдөн авахаар завгүй яваа гэдгээ дуулгасан юм. Уран бүтээлч хүн хөдөлмөрч байхыг М.Билэгсайхан найрагчаас олж харсан юм. Тэрээр Монголд анх шүлгээрээ  клип хийсэн, V CD, DVD, хуурцаг санаачлан гаргасан байна. 

 Түмэндээ зориулж шүлэг бичдэг найрагч

 Олон түмэн олон хайрлаж хүлээн авсан шүлэг нь яахын аргагүй “Гэгээн монгол”. “Сүрэг цагаан зээр сүүдэр гишгэн цахилж

Сүрлэг өндөр оргилоос тэхийн эвэр сэрвийж

Монголын гэрийн гаднаас малын үнэр ханхалж

Моринд хайртай эр уртын дуу аялахад

Үүрийн гэгээтэй уралдаж өрхний хошуу даялаж”

хэмээн бичсэн түүний шүлгийг мэдэхгүй хүн ховор. Яруу найрагч М.Билэгсайхан ч энэ бүтээлдээ хайртай. Их хугацаа ороогүй түргэн бичжээ. Тэрээр бичихдээ хурдан ч шүлгийн утга санаагаа удаан  боддог. Шүлэг бүрээ хүүхэд шигээ бодож нандигнан хайрладаг их сэтгэл түүнд бий. Тайзнаа уран бүтээлээ уншихдаа цаас харж уншдаггүй уран бүтээлчийн нэг. Хамгийн жаргалтай үеийг нь асуухад “Шинэ бүтээл төрөх агшин хамгийн сайхан. Шүлэг минь мэндлэх тэр агшинд миний хажууд байсан хүн анхны уншигч болдог. Ихэнх шүлгээ би өргөө гэртээ бичдэг. Тиймээс гэр бүлийн хүн минь олон шүлгийн анхны уншигч, сонсогч болсон шүү” гэж хэлж байлаа. Түүний уран бүтээлдээ баримталдаг зарчим нь өөртөө шүлэг бичих бус түмэн олондоо зориулж бичдэг их сэтгэл. Тиймээс шүлэг нь хүнд хүрэх ёстой, бусдын сэтгэлийг уяраах найрагчийн чин хүслээс өдгөө бидний дуртай шүлгүүд мэндэлжээ. Түүний шүлэг бүрд нь гэгээн хэмээх үг орсон нь бүхнийг өөдрөг сайхнаар хардаг бодол сэтгэхүйтэй нь холбоотой аж. Эр хүн айл гэрийн ноён нуруу, улс орны нүүр царай. Тиймээс эр хүнийг хайрлаж хүндэлсэн цагт айл гэр аз жаргалтай оршин тогтнодог гэдгийг эрчүүдээ өмөөрч бичсэн найрагч хэлж байв.

Түүний шүлгийн гарчиг нь анхаарал татсан содон. Гарчгаа шүлгээ бичсэний дараа оноодог байна. Бид хүүхэд төрөөгүй байхад нэрийг нь өгдөггүй шиг  уран бүтээл  адилхан. Яруу найрагч хүн цаг ямагт шинэ соргог мэдрэмжээр хөглөгдөж сайн уран бүтээл төрдөг ажээ. Мөн сайн уншигч байх хэрэгтэй гэж байлаа. Үүнийг яруу найрагч М.Билэгсайхан чанд мөрддөг. Түүний хамгийн дуртай баяр жилд хоёр удаа зохион байгуулагддаг номын баяр. Эх нутаг, ээж, аав, хайрыг яруу найрагчид мөнхийн сэдэв гэж нэрлэдэг. Эдгээр сэдвээр шүлэг бичээгүй яруу найрагч гэж үгүй. Нийтлэлийн баатрын шүлгүүд монгол ахуйг шингээсэн нь чамин. Өөрийн замналаа “Утга зохиолын их сургууль гэж байдаг болохоос биш яруу найргийн их сургууль гэж байхгүй. Онгод нь бичигчийн сэтгэлийн дуулал. Шүлэг надаас төрдөг, буулгаж бичдэг” гэж тодорхойлов.

 

Урын сандаа 30 гаруй дуутай 

Өнгөрсөн сард ”Гэгээн хаврын дуутай найраг” хэмээх уран бүтээлийн ээлжит цэнгүүнээ зохион байгуулсан билээ.

 “Би эрх өссөн хүн”, “Эр хүний жаргал эзгүй хээр”, “Гэнэмаа” олон шүлгүүд нь дуу болж эгшиглэсэн. Өнгөрсөн сард ”Гэгээн хаврын дуутай найраг” хэмээх уран бүтээлийн ээлжит цэнгүүнээ зохион байгуулсан билээ. Энэ удаагийн цэнгүүн нь хүмүүсийг догдлуулж уяраасан дуу, найраг хосолсон үдэш болжээ. Түүний хувьд урын санд шүлгээр нь”амилсан” 30 гаруй уран бүтээлтэй. Үүнээс 10 гаруй бүтээлээ ээлжит бүтээлдээ шигтгэж өгсөн аж. Мөн Ардын уран зохиолч Т.Галсан, яруу найрагч Д.Төрбат нарыг тоглолтдоо урьж хүндэтгэл үзүүлсэн нь мартахын аргагүй сайхан дурсамж. Өмнө нь дөрвөн удаагийн тоглолтоор үзэгч олондоо бэлэг барьсан. Түүний шүлгээс анх дуу болж мэндэлсэн нь “Гэнэмаа”. Үүний аяыг нь Батсайхан хэмээх хөгжмийн зохиолч, дуучин бичжээ. Тус уран бүтээлийг Ардын жүжигчин С.Батсүх дуулж олонд хүргэсэн гэдэг. Хөгжмийн зохиолчид түүний уран бүтээлийн номоос шүлэг сонгож аваад ая хийгээд уран бүтээл мэндэлсэн удаа цөөнгүй.

 

МҮОНРТ-ээр овоглосон он жилүүд

 

Хамгийн далд байгаа зүйлийг  олохыг хичээдэг хүмүүсийг сэтгүүлч гэдэг. Яруу найрагч М.Билэгсайхан МҮОНРТ-д зургаан жил сэтгүүлч, редактораар ажилласан байна. Энэ хугацаанд уран зохиол, хөгжмийн олон бүтээлээр үзэгчдийг соён гэгээрүүлжээ. Тус байгууллагат ажиллахдаа олон ч уран бүтээлчидтэй танилцсан нь өдгөө амьдралын найз болж үлдсэн. Нийтлэлийн баатар энэ он жилүүдээ сэтгэл зүрхэндээ хайрлан хүндэлж явдаг ажээ. Тиймээс амьдралын мартахын аргагүй түүх, аз жаргалтай дурсамжийн нэг болж үлдсэн нь энэ. Монголын радио телевизийг үндэсний хэмээх статустай болсон тэр л цаг хугацаанд ажилласан бахархам гавьяа М.Билэгсайханых. Тэр цаг үеийг нь тодруулахад “Би МҮОНРТ-ын хажуугаар гарах бүрдээ залбирдаг. Гэгээн мөртэй оюуны сүм” гэлээ. Мөн ажиллах хугацаандаа их сургуульд сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэн түүхтэй. Телевизэд ажилласан ч яруу найраг, бичих хүслээ орхилгүй уншигч, сонсогчдодоо “дэгжин” утгатай шүлгүүдээр ухаарал хайрлажээ.

 

Амьдралын хань, уран бүтээлийн түшиг

 

Билэг танхай яруу найрагчийн онгодыг хөглөж, цайг нь чанаж, үрсийг нь төрүүлсэн халамжит бүсгүйг Р.Отгон гэдэг. Соёлын менежер мэргэжилтэй. Найрагч ханьдаа ихэд талархаж явдаг тухайгаа аз жаргалтайгаар инээмсэглэн ярих нь тэр. Аав ээжээс хойш өмөг түшиг болдог нь гэр бүлийн хүн гэж хэлэх сайхан санагдаж байлаа. Тэд  айл гэр болоод 36 жилтэйгээ золгож байна. Нартын амьдралд өнгө нэмсэн нэг хүү, охиныг төрүүлж, өсгөсөн байна. Хүү нь 1990 онд төрөхөд нь “Амьд гал” хэмээх шүлэг бичиж яруу найргийн наадамд түрүүлсэн удаатай. Тэднийхээ ирээдүйн боловсрол нь анхаарахдаа хүүдээ уул уурхайн мэргэжил эзэмшүүлсэн бол охин нь олон улсын сэтгүүлч. Б.Лхамгүнд нь аавынхаа бичих авьяасыг өвлөсөн гэдэг. Гэхдээ яруу найргийн замналыг сонгоогүй нь анхаарал татна. Үүнийг аав нь тайлбарлахдаа “Охин минь дунд сургуульд байхдаа “Хүрэл тулга” наадамд түрүүлж байсан. Мөн Монгол хэлний хичээлийн хураангуй тольд охины минь бичсэн материал хэвлэгдсэн. Ер нь бичих авьяастай сэргэлэн охин. Би том алдаа хийсэн гэж бодож явдаг. Бичих их хүслийг нь би хорьчихсон юм. Утга зохиолын салбар чамд ахадна, хичээлээ хий гэж хэлдэг байлаа” гэв

М.Билэгсайханыг харахад сүрдмээр шулуун үг, ширүүн харцтай боловч зөөлөн сэтгэлтэй, холч ухаантай болохыг ойр тойрныхон нь хэлдэг. Бусдад зөвлөхдөө цөөн үгээр оновчтой үгээр хариулт өгдөг ажээ. Найрагч нэгэн үе цалинтай уран бүтээлч явжээ. Учир нь түүний уран бүтээл, бичиж туурвих үйлсийг нь “Говь Түшээ” компаниас дэмжиж сар бүр цалин өгдөг байсан гэнэ. Амьдрал баялаг. М.Билэгсайхан найрагчийнх олон жилийн өмнө МҮОНРТ-ийн замын эсрэг талын нүүрэн эгнээнд ах дүүстэйгээ нэг хашаанд амьдардаг байжээ. Энэ үед Д.Амарсайхан захиралтай “Говь Түшээ” компани онгодыг мялааж өгсөн таван ханатай ширмэл хивстэй тансаг өргөө цагаан гэр бэлэглэсэн гэдэг. Энэ л сайхан өргөөндөө жаргалтай амьдарч байхад нь зуны сүүл сарын нэгэн өдөр хүчтэй бороо хувин хувингаар цутгах мэт асгасан байна. Удалгүй ширмэл дэвсгэр нь өөдөө хөөрч пөмбийгөөд хамаг тавилга дайвалзаж эхэлсэн аж. Зүүн хойморт байдаг номын сангийн номууд нь усанд автжээ. Тэнд дэлхийн сонгодог зохиолууд боть ботиороо цуглуулчихсан байсан гэнэ. Арын хэсэг нь онгорхой номын тавиуруудынх нь хамгийн доод хоёр тавцангийн бүх ном усанд урсаад шороо шавартай хутгалдан унших боломжгүй болж хаягдсан байна. Энэ л хурын усаар угаагдсан энэ үйл явдлаа билэгшээж явдаг тухайгаа хуучилж байлаа.

 

ЭРЧҮҮДЭЭ ӨМӨӨРЧ БИЧСЭН ШҮЛЭГ

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж

Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж

Хааяа нэг халамцуухан ирэхэд нь

Хараалын үг урсгаж халаасыг нь битгтй хоосол оо

Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь

Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Халуун залуу насыг нь хамт элээснээ бод оо

Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод оо

Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ

Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ

Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлонд

Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ

Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм

Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм

Уул шиг юм гэж дандаа битгий давар

Үүл шиг нүүгээд явчихдаг юм

Ус шиг уян гэж дандаа битгий самар

Уур болоод дэгдчихдэг юм

Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал

Төрсөн шигээ уруугуу хараад уначихдаг юм

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Дээл бүсэн гоёлтой

Дээрээ малгайн хиймортой

Андынхаа дэргэд цовоожиж

Аавынхаа харцанд томоождог

Янагын сэтгэлд нялхарсан эрчүүдийг

Янжинлхамууд минь өршөө

Олон олон авааль гэргий та нараасаа

Олон олон аавын хөвгүүдийг

Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо

Өөрийн минь биеийг битгий болгоо

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 89 (7333)

 

МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

Уржигдар 17 цаг 50 мин
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

Уржигдар 17 цаг 48 мин
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

Уржигдар 17 цаг 48 мин
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

Уржигдар 17 цаг 46 мин
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

Уржигдар 16 цаг 21 мин
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Уржигдар 15 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Уржигдар 12 цаг 55 мин
Эверестийн оргилд авирахаар явсан хоёр уулчны нэгнийх нь цогцос олджээ

Эверестийн оргилд авирахаар явсан хоёр уулчны нэгнийх нь цогцос олджээ

Уржигдар 12 цаг 51 мин
С.Одонтуяа: Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг байдал чинь хэрээс хэтэрлээ

С.Одонтуяа: Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг байдал чинь хэрээс хэтэрлээ

Уржигдар 12 цаг 44 мин
Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон

Монгол Улсад орчин цагийн онцгой байдлын байгууллага үүссэний 20 жилийн ой тохи

Уржигдар 07 цаг 20 мин